Ж.Бат-Эрдэнэ: МИАТ-ийн 49 хувийг хувьчлах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Ж.Бат-Эрдэнэ: МИАТ-ийн 49 хувийг хувьчлах хэрэгтэй

Ж.Бат-Эрдэнэ: МИАТ-ийн 49 хувийг хувьчлах хэрэгтэй

Агаарын тээврийн удирдлагуудын зөвлөгөөн өнөөдөр /2018.3.19/ болж байна. Зөвлөгөөний үеэр  Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.


-Агаарын тээврийн либералчлалын тухай яригдаж байна. Та илтгэлдээ хориг, шаардлагыг багасгана гэж байсан. Агаарын тээврийг хэрхэн шинэчлэх гэж байна вэ?

-Агаарын тээвэрт либералчлал хийх тухай нэлээд удаан ярилцлаа. Энэ асуудал сүүлийн үед мэргэжилтнүүдээс гадна ард иргэдээс ирдэг санал болсон. Либералчлалыг бид шинэчлэл гэж ойлгодог. Нөгөө талаас Иргэний нисэхийн салбарын хууль эрх зүйг задлах, аливаа хоригийг цуцлах, шинэчлэл хийх асуудал яригдаж байгаа. Энэ хүрээнд нэгдүгээрт, эрх зүйн шинэчлэл хийх хэрэгтэй байна. 1989 онд бид олон улсын нисэхийн байгууллагад элссэн. Түүнээс хойш 1999 онд Иргэний нисэхийн хуулийг баталсан. Хуульд өнөөдрийг хүртэл өөрчлөлт ороогүй байгаа. Түүнчлэн агаарын харилцааг өргөжүүлэх хэрэгтэй байгаа. Агаарын харилцаанд олон улсын нислэгийг нэмэгдүүлэх, тэнд байгаа хоригуудыг цуцлах, зарим нэгэн нислэгийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Мөн иргэний нисэхийн салбарт аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлж, төрийн оролцоог багасгах хэрэгтэй байна.

-Онгоцны түлш өндөр үнэтэй учраас тийзийн үнэ өсдөг гэдэг. Энэ асуудалд салбарын яам яаж шийдэх бодолтой байгаа вэ?

Иргэний нисэхийн хөгжилд хамгийн том саад болж буй зүйл нь шатахуунтай холбоотой асуудал. Үүнээс болж иргэд өндөр үнээр зорчиж байгаа. Бид либералчлалын үр дүнд өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. Тиймээс шатахууны импорт дээр өрсөлдөх орчин бий болгож байгаа. Одоогоор хоёр компани шатахуун нийлүүлж байгаа. Өрсөлдөөн бий болгож, арай хямд үнэтэй шатахуун нийлүүлэх боломж бий болгоно.

-Нислэгийн үнийг бууруулах боломжтой юу?

-2011 онд судалгаа явуулсан. Судалгаагаар өрсөлдөөн бий болгосноор тийзийн үнийг 20 орчим хувиар бууруулах боломжтой. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаална.

-Шинэ нисэх онгоцны буудал хэзээ ашиглалтад орох гэж байна вэ?

-Шинэ нисэх онгоцны буудалтай болох нь бидний нэгэн томоохон ажлын нэг. Шинэ нисэх онгоцны буудалд сайжруулах тодорхой хэмжээний ажил байгаа. Арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна.

-Хуучин нисэх онгоцны буудлыг юун ашиглах вэ?

-Сургалтад ашиглах санал ирж байгаа. Одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй байгаа ч Улаанбаатарын эдийн засагт ашигтай байдлаар шийднэ.

-Орон нутгийн нисэх буудлуудыг шинэчлэх үү?

-Либералчлалын хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцэд өөрчлөлт оруулж байгаа. ИНЕГ-ын үүрэг аж ахуйн ажилтай давхцаад байгаа. Тиймээс буудлуудыг тусад нь гаргах хэрэгтэй. Үүнд “Чингис хаан” болон бусад аймгуудын нисэх буудлуудыг корпораци болгох санал орж ирсэн.

-Агаарын тээвэрт “МИАТ” хэт давуу эрхтэй байдаг. Энэ байдлыг яаж зохицуулах вэ?

“МИАТ”-ийн засаглалыг сайжруулахаар урт хугацаанд ажиллалаа. Үүнд, төрийн оролцоог багасгах зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Магадгүй 49 хувийг нь хувьчилбал, төрийн оролцоо багасаж, менежмент нь сайжрах байх.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж