Монголчууд морио харанхуй шөнөөр уралдуулдаг болсон уу?

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Морин уралдаан: "Дүнжингарав-2018"

Монголчууд морио харанхуй шөнөөр уралдуулдаг болсон уу?

Монголчууд морио харанхуй шөнөөр уралдуулдаг болсон уу?

Монголын морин спорт уяачдын холбооноос /ММСУХ/ жил бүр зохион байгуулдаг “Дүнжингарав 2018” төвийн бүсийн хаврын хурдан морины уралдаан өчигдөр /2018.03.18/ Говьсүмбэр  аймгийн Баянтал суманд зохион байгуулагджээ. Гэвч жил бүр олны уур бухимдлыг төрүүлдэг тус уралдааныг  энэ жил ч мөн адил хэл ам тойрсонгүй. Уг уралдааны хөтөлбөрийн дагуу соёолон насны морь 14.30 мордож, 15.30 гараанаас гарч уралдан, 16.30 цагт барианд орох ёстой байжээ. Гэтэл 21.00 цагт уралдаан болж буй бичлэгийг нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа байршуулснаар энэ асуудал олны дунд яригдах сенсаци болов. Харуй бүрий болж үзэгдэх орчин хязгаарлагдмал орчинд хүүхэд, морио хайсан улс дүүрэн байсан бололтой. Уралдааны үеэр есөн хүүхэд унаж, гурван хүүхэд бэртэж, эмнэлэгт хандсан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн.

Харин Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 13 хүүхэд мориноос унасан гэсэн мэдээлэл өгсөн юм. Хаврын уралдаан харанхуй шөнө болтол үргэлжилж, баячуудын зугааг тайлахаар бяцхан хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирсоор байгаа талаар томоохон хэлэлцүүлэг сошиалд өрнөж байна.

Бид энэ талаар лавлахаар ММСУЯХ-ны холбогдох утас руу хэдэнтэй залгаад утсаа авсангүй. Сүүлдээ уралдаан зохион байгуулагдсан Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Г.Батзамаас утсаар лавлатал “Энэ худал мэдээлэл. Уралдаан нар жаргахаас өмнө дууссан. Цахим орчинд тархаад байгаа бичлэгийн талаар мэдэхгүй байна. Зохион байгуулсан газраас нь асуу” гэсэн тайлбарыг ундууцангүй хэллээ.

Гэр бүл, Хүүхэд,Залуучуудын хөгжлийн газраас хурдан морь унадаг хүүхдүүдийн мэдээллийн сан үүсгэсэн бөгөөд үүнд 15000 гаруй хүүхэд бүртгэлтэй байдаг. Зуны уралдаанд орон даяар 5600-7000 хүүхэд уралдаанд оролцдог бол өвлийн уралдаанд 300 орчим хүүхэд оролцдог байна.

Ойрын жишээ дурдахад “Дүнжингарав-2017” уралдааны үеэр нийт 31 хүүхэд мориноос унаж тэдний хоёр нь гэмтэл авсан байдаг. Уг нь уралдааныг зохион байгуулах тухай Засгийн газрын тогтоолыг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс түдгэлзүүлсэн ч тэд уралдаанаа зохион байгуулсан. Мөн 2017 оны гуравдугаар сард Ховд аймгийн Дөргөн суманд болсон “Майдар эргэх ёслол”-ын үйл ажиллагааны үеэр үеэр хурдан морины уралдаанд оролцож байсан 11 настай хүү мориноосоо унаж хүнд бэртэл авч  гэмтлээ даалгүй нас барсан тохиолдол ч гарсан. 

Өвөл, хаврын цагаар хурдан морь уралдуулахгүй гэдэг асуудал өнөөдөр бүр харанхуй шөнийн хэрүүл болж хувирчээ. Хүүхдийн эрүүл мэндээр зугаа хийсэн томчуудын цэнгэлд хэзээ дүрэм журам үйлчлэх вэ?

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж