Бондын зорилгыг Сангийн яам болон хөрөнгийн захын мэргэжилтнүүд “Арилжаа хийж мөнгө босгохдоо биш үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэхэд энэ мөнгө маш их хэрэгтэй” хэмээн онцолж байв. Юутай ч Засгийн газрын 30 дугаар тогтоолоос улбаалан мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлэх, тэр дундаа үндэсний үйлдвэрлэгчдийг түүхий эдээр хангах асуудал чухалд тооцогдоод байгаа.
Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт болсон арилжаагаар нийт 23.2 тэрбум төгрөгийн бонд арилжсан юм. Харин өчигдөр Засгийн газрын бондын ээлжит арилжаа явагдлаа. Арилжаанд Монголын Хөрөнгийн биржийн ерөнхийлөгч болон Сангийн яамны төлөөллүүд оролцож, хорь гаруй минутын хугацаанд Засгийн газрын бондыг зарж чадлаа. Энэ удаагийн арилжаагаар нийт 25 тэрбум төгрөгийн бондыг санал болгосон. Мөн өнгөрсөн удаагийн арилжааны үлдэгдлийг хэрхэх талаарх мэдээллийг өгсөн юм. Арилжаа Монголын Хөрөнгийн биржэд Улаанбаатарын цагаар 14.30 цагт болсон. Харин үнэт цаасны хүүг 2012 оны тав болон арваннэгдүгээр сарын 15-ны өдрүүдэд төлөх бөгөөд хугацаа 2012 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр дуусах ёстой гэдгийг дахин дуулгая.
Сангийн яамны Төрийн сангийн газрын өрийн хэлтсийн мэргэжилтэн Л.Чинбат, “Өнгөрсөн арилжааг өнөөдрийнхтэй хамт тооцвол цаана нь 250 тэрбум төгрөгийн бонд арилжах шаардлагатай гэсэн үг. Үүнийг дуустал бид нийт 10 арилжаа хийх юм. Өмнөх долоо хоногийн арилжааны үлдэгдлийг ирэх есдүгээр сард багтаан дараагийн арилжаанд шингээнэ” хэмээв.
Арилжаанд цөөн тооны брокерийн пүүс, банкууд оролцлоо. Тухайлбал, өнөөдөр “Нортен сек” брокер, дилерийн компани оролцсон юм. Тус компанийн захирал Б.Өлзийбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Засгийн газрын бонд маш хурдан хугацаанд, эрэлттэйгээр арилжигдаж байна. Энгийн компанийн хувьцаатай харьцуулвал ялгаа ихтэй байх аа?
-Засгийн газрын бонд бол Засгийн газраас гаргаж байгаа гэдгээрээ баталгаатай байдаг. Тиймээс хөрөнгө оруулагчдад итгэл төрүүдэг гэдэг талаасаа худалдан авалт нь сайн байдаг юм.
-Бондын арилжаа эхлээд удаагүй байгаа. Оролцогч талуудын талаар ямар нэгэн мэдээлэл алга. Дотоодын хөрөнгө оруулагчдад боломж байгаа юу?
-Бүгдэд нь боломж байгаа. Хувь хүн, аж ахуйн нэгж, гадаад, дотоод хамаагүй худалдан авах эрхтэй. Гагцхүү өөрсдөө тооцоогоо сайн бодож, бондын өгөөж хэдэн хувь байгаа билээ. Өөрт ямар ашиг байгаа вэ гэдгээ сайн тооцоолж байж ирэх хэрэгтэй байх.
-Тэгвэл өнөөдрийн байдлаар иргэдийн оролцоо хэр байна вэ?
-Ер нь иргэдийн оролцоо маш бага байгаа. Харин гадаадын цөөн тооны иргэн бий. Ерөнхийдөө дотоодын аржилжааны банкуудын оролцоо сайн байна.
-Иргэдийн оролцоо бага байгаа шалтгааныг хэрхэн тайлбарлах вэ. Цаашдаа энэ тал дээр юуг анхаарах хэрэгтэй бол?
-Засгийн газрын бонд бол аль ч улсад хүү багатай байдаг. Тиймээс хувь хүмүүс Засгийн газрын бондыг худалдан авч буйгаа арилжааны банкинд урт хугацаатайгаар мөнгөө хадгалуулж байгаатайгаа адилханаар боддог. Хэрвээ банкны хүү өндөр байвал Засгийн газрын бондыг тэр бүр иргэд худалдан авахгүй л дээ.
-Бондын арилжааг тогтмол хугацаанд хийдэг болно гэж байна. Ингэж хийхийн ач холбогдол нь юу вэ?
-Ер нь бол ингэж арилжих нь зөв л дөө. Үнэт цаасны зах зээл маань өөрөө бондоор дутаж байна. Хэрэгцээ байгаа гэдгийг хэлээд байгаа юм. Одоо арилжаалагдаж байгаа бондыг харж байхад ямар идэвхтэй арилжиж байгаа нь тодорхой байна. Тэгэхээр бондын арилжааг тогтворжуулах хэрэгтэй. Мөн хоёрдогч зах зээлийг нээх хэрэгтэй.
-Өнөөдрийн арилжаанаас харахад зарим сайжруулах шаардлагатай зүйл харагдлаа. Тухайлбал сая арилжаа хийж байсан компьютер гацлаа шүү дээ?
-Тийм л дээ. Бондын арилжааны систем гэдэг хувьцааны арилжааны системээс өөр. Тэгэхээр үүнийг сайжруулах хэрэгтэй. Өнөөдөр энэ танхимд байгаа компьютерүүд хэдэн оных вэ гэдгийг хүртэл бодолцмоор байгаа юм. Систем гацах үзэгдэл бол зөвхөн өнөөдөр болсон юм биш. Нэг бус удаа давтагдаж байна.
"Улс төрийн тойм" сонин