Шүлхий бол мөнгөжих том боломж | News.MN

Шүлхий бол мөнгөжих том боломж

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Шүлхий бол мөнгөжих том боломж

Шүлхий бол мөнгөжих том боломж

Шүлхийг дарах ажил шат шатандаа бизнес болжээ

Гоц халдварт шүлхийн вирусийг тараахгүйн тулд мэргэжлийн байгууллагынхан хүний авч явсан 17 сая төгрөгийг дэвсгэрт бүрээр нь, иргэний хувийн бичиг баримтыг нортол нь ариутгаж байгаа тухай мэдээллийг Булган аймгаас эх сурвалж өглөө. Өнгөрсөн оны сүүлчээр тус аймагт шүлхийн анхны тохиолдол илэрсэн ч малчин нь мэдээгүй, малын эмчид яаралтай мэдээлээгүй гэдэг шалтгаанаар хуулийн байгууллага шалгаж буй аж. Аль арванхоёрдугаар сард гарсан шүлхийг цагаан сарын дараа л мэдэгдсэн гэдгийг мэргэжлийн хяналтын болон нутгийн эх сурвалжууд өгч буй юм. Харин энэ тухай Мал эмнэлэг, үржлийн газрын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Б.Цолмонгоос тодруулахад “Нэгдүгээр сарын эхээр Булганы төвд нэг айл малаа шүлхий туссаныг малын эмчид хэлээгүй, өөрөө ч мэдээгүй юм шиг байна лээ.

Тэгсэн мөртлөө аймгийнхаа 6- 7, Архангай аймгийн нэг сумаар явсан. Одоо тагнуулынхан шалгаж байгаа” гэв. “Тус аймгийн хөдөө аж ахуйн газрын даргын аавынд анх гарсан, аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Долоон бар” компанийн борлуулж буй тэжээлийн өвснөөс шүлхийн вирус тарсан. Хүмүүс “Долоон бар”-ыг хараагаад бөөн юм болж байна. Ер нь энэ шүлхийг санаатай тараагаад байгаа юм биш үү” хэмээн нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эх сурвалж ярилаа.

ШҮЛХИЙ БОЛ БИЗНЕС

Шүлхийтэй тэмцэнэ гэдэг шат шатандаа бизнес болсныг илтгэх тоо баримт олон. Хувийн өмчид шилжсэн малын эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг төр дааж байна гэдэг шүлхийг бизнес болгох хамгийн том хөшүүрэг. Мал төрийн хамгаалалтад байна гэх Үндсэн хуулийн заалт, мөн Мал, амьтны эрүүл мэндийн хуулийн дагуу шүлхий, цэцэг зэрэг малын зургаан төрлийн өвчинтэй тэмцэх зардлыг мөн төсвөөс гаргахаар болсон нь өнгөрсөн жилүүдэд татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулах эрх зүйн үндэс болсон байх юм.

ХАРДЛАГА 1:

Шүлхий бол бизнес гэдгийг хамгийн их анхааруулдаг хүн бол “Биокомбинат” ТӨААТҮГ-ын Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Б.Өлзийтогтох. Түүнээс шүлхий дарагдахгүй байгаа шалтгааныг асуухад зориудаар тарааж байна гэдэг хариулт өгсөн юм. Тэрбээр “100 үхэртэй айлд шүлхий гарлаа гэхэд малын эмч хамгийн түрүүнд шүлс нь гоожсоныг түрүүлж үзэж байна. Тэгээд дараа дараагийн үхрийг үздэг. Улмаар голомттой бүсээс дараагийн айл руу явдаг. Хамгийн хүнд хэлбэртэйгээс нь хөнгөн рүү нь үзэх маягаар зориуд тарааж байна” гэлээ.

ХАРДЛАГА 2:

Шүлхийтэй зөв арга тактикаар тэмцэхгүй байгаа нь шүлхийг бизнес болгох бас нэг шалтгаан. Уг нь голомттой бүсээс эргэн тойронд 20-100 км-ийн бүс тогтоож, гаднаас нь буюу өвчний голомт руу хумьж вакцинжуулах ёстой. Гэтэл энэ зарчим алдагдаж, голомтоос нь вакцинжуулж буй аж. Мал эмнэлэг, үржлийн газрын ахлах мэргэжилтэн С.Батхуяг “Өвчний голомтыг цаг алдалгүй дарахын тулд гадна, дотроос нь зэрэг вакцинжуулж байгаа” гэв. Энэ бүх арга барил нь дайны үеийн тактикаар ажиллаж байж шүлхийг дарж чадахгүй, улам газар авхуулж буй бас нэг шалтгаан болж байна.

ХАРДЛАГА 3:

Төрийн мөнгөөр вакцин шахдаг бүлэглэлүүдийн хувьд болж өгвөл 66 сая малыг бүгдийг нь вакцинжуулах сонирхолтой нь ойлгомжтой. Тиймээс ч халдварыг аль болох нутгийн гүн рүү тархуулах сонирхол их. Нэг аймгийн нэг суманд мал шүлхийн вирусээр өвчиллөө гэхэд тухайн сумын малыг тэр чигт нь, цаашилбал хил залгаа сум, аймгийн малыг ч вакцинжуулах гээд үздэг. Саяхан хонины цэцэг өвчин гарахад яг ийм тохиолдол болсон аж. Зүүн захын нэг аймагт гарсан хонины цэцэг өвчнийг устгахын тулд гурван сая хонийг л вакцинжуулахад хангалттай байтал хил залгаа найман аймгийн хонийг тэр чигт нь вакцинжуулах гэж “Биокомбинат”-аас 6.2 сая тун вакцин, мөн ОХУ-аас үүнээс ч их хэмжээний вакцин оруулж ирсэн гэдгийг Б.Өлзийтогтох ярилаа.

ХАРДЛАГА 4:

Орон нутгийн хувийн мал эмнэлгүүд нэг бог малд шүлхийн вакцин хийхэд 150, бод малд хийхэд 200 төгрөгийг улсаас үйлчилгээний хөлс болгож авдаг. Хэдий чинээ олон малд вакцин тарина төдий чинээ их мөнгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс авна гэсэн үг. Гэтэл уг ажлынх нь үр дүнд тавьдаг хяналт туйлын сул. Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабораторийн Фармакопейн хорооны нарийн бичгийн дарга Д.Ууганбаяр “Вакцины чанар сайн байсан ч малыг вакцинд бүрэн хамруулахгүй тохиолдол байгаа нь үнэн. Хүн хүчний хүрэлцээ ч тааруу байдаг. 100 хоньтой хотонд гэхэд 5-10 хонь хашаа даваад үсрээд алга болдог л байхгүй юу. Малчид нь өөрсдөө гүйцээгээд вакциндана гэх боловч үнэхээр тарьсан эсэхэд хяналт тавьдаггүй” гэсэн юм. Өнгөрсөн онд л гэхэд нийслэлийн найман дүүргийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдэд жилд урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулах малын төрөл, тоо нь тодорхойгүй, А данстай малын тоо зөрсөн, сүүлийн гурван жилийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины захиалгын тоо өөрчлөгдөөгүй, дуудлагын журналыг үндэслээгүй, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний вакцины захиалгыг үнэн бодитой хийдэггүй зэрэг зөрчлийг МХЕГ илрүүлсэн байна. Өнгөрсөн онд гэхэд шүлхийн вакцины үйлчилгээнд бараг 1.6 тэрбум төгрөгийг хувийн мал эмнэлгүүдэд олгосон байна.

ХАРДЛАГА 5:

Вакцины чанар тойрсон аливаа эргэлзээ нь яалт ч үгүй шүлхийг бизнес болсон гэдгийг илтгэдэг. Энэ нийтлэлийг бэлтгэх явцад хэдийгээр албаны болон мэргэжлийн хүмүүс вакцины чанарт ямар нэг асуудал байхгүй хэмээн нийлүүлэгчийн баталгааг үзүүлж, дотоодын болон олон улсын лабораториор давхар шинжлүүлдэг хэмээж байсан ч зарим эх сурвалж эсрэг байр суурь илэрхийлсэн юм. Гэхдээ эцсийн дүндээ вакцинд хамрагдсан малд дархлаа тогтсон эсэх нь чухал. Өнгөрсөн оны зургадугаар сарын 10-наас наймдугаар сарын 4-н хүртэл МЭҮГ, УМЭАЦТЛ, 17 аймгийн Мал эмнэлгийн алба, мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори хамтран шүлхий өвчний халдварын болон вакцины дархлааны идэвхийн тандалт судалгаа хийсэн. Тэгэхэд Ховд, Баян-Өлгий аймгаас авсан дээжид вакцины дархлааны идэвх тэг, Хэнтий, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр аймагт 5-45 хувьтай байжээ. Уг нь хавар дөрөвдүгээр сард хийсэн вакцин 21 хоногийн дараа гэхэд дархлаа бүрэн тогтсон байдгийг малын эмч нар хэлж буй юм. Бас тээвэрлэх, найруулах явцадвакцины чанар хэрхэн өөрчлөгдөж байгаад тавьдаг хяналт үнэндээ алга.

ХАРДЛАГА 6:

Монголчуудын хэнэггүй, назгай байдал шүлхийг бизнес болгох бас нэг өгөөш болдог. Монгол орны зүүнээс баруун тийш нүүдэллэж байгаа шүлхийн вирус Өвөрхангай аймагт гарсан. Гэтэл хөл хорио тогтоосон хяналтын постууд нь хангалтгүй ажиллаж буйг тус аймагт зорчигчид хэлж байна. Тухайлбал, Цагаан сарын дараахан Өвөрхангайн Өлзийт сум явах замд хяналтын пост дээр ариутгал хийх нь байтугай нэг ч хүн байхгүй, хардваргүйжүүлэх бодис шүршсэн эсгий дарайтлаа хөлдөж, зам дээр хөндөлссөн байжээ. Үнэхээр ч хяналтын цэг болон ариутгалын ажлыг орон нутгийнхан “гурилдаж” байгааг МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын мал эмнэлгийн улсын ахлах байцаагч К.Зураш батлан хэллээ. Тэрбээр “Постууд дээр халдваргүйжүүлэлттэй холбоотой зөрчил байсан. Хяналтын постоо буруу байрлуулсан, хүн хүчээ зөв хуваарилаагүй гээд олон асуудал байсан. Бид холбогдох заавар зөвлөмжийг өгсөн” гэв.

Гэтэл ариутгал, халдваргүйжүүлэх 4-5 төрлийн бодисыг худалдаж авахад мөн л улсын Онцгой комиссоос зардал хуваарилдаг. Харин түүнийг хэр зэрэг үр дүнтэй зарцуулж буйд тавьдаг хяналт тун хангалтгүй байгаа нь албаны эх сурвалжийн ярианаас тодорхой байгаа юм. Мөн мал вакцинжуулсаар, маш богино хугацаанд байр, автомашины мөнгө “хийсэн” нэр бүхий малын эмч нар байгааг ойрын эх сурвалжууд илэрхийлснийг хэлэх хэрэгтэй. Өнгөрсөн найман жилийн хугацаанд шүлхий өвчнийг бууруулах гэж нийт 41.4 тэрбум төгрөгөөр вакцин худалдаж авсныг ХХААХҮЯ-наас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн мэдээлэлд дурдсан байна. Зөвхөн 2016, 2017 онд гэхэд татвар төлөгчдийн 22 тэрбум төгрөгөөр вакцин худалдаж авсан байх юм. Энэ он гарсаар 324 сая төгрөгийг вакцинд төсөвлөөд буй. Харин вакцинжуулалтын үйлчилгээний хөлс, сэргийлэх болон тэмцэх арга хэмжээний зардал, малын нөхөн олговор гээд тооцвол талийж өгнө. Шүлхий яагаад дарагдахгүй байгаа шалтгааныг албаныхан малчдын хэнэггүй зан, ард иргэд, малын шилжилт хөдөлгөөнтэй холбож тайлбарладаг бол мал эмнэлгийн мэргэжилтнүүд салбар мэдэхгүй удирдлагатайгаа холбон тайлбарладаг. Харин энэ ажилд илүү эрх мэдэлтэй оролцдог хууль хяналтынхан зэрлэг амьтан, малын өвс тэжээл гэх мэтэд буруугаа тохдог. Энэ мэт нэгдсэн бодлогогүй, шуудайнд хийсэн эвэр шиг олон салаа толгойтой түшмэдийн балгаар олон улсын худалдааны хорио цээртэй өвчнийг дарж чадахгүй, татвар төлөгчдийн мөнгийг олон арван тэрбумаар нь шүлхийг бизнес болгосон бүлэглэлүүдэд цацаж байгааг зогсоох цаг болоогүй юу?

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

n 2018-03-19 202.21.116.2

heder ulzii guai zarimaa bas arai l nam nam shaahiimaa. ehneree ih harddag bhdaa lol

Avatar

Зочин 2018-03-19 202.131.233.50

Хулхи юм нийлүүлдэг хүнээ еөркөөр сонгочоо биз дээ. Одоо бүр дархлагдсан гэж мэд

Avatar

Зочин 2018-03-19 43.242.243.118

orosuud oruulj irj bh undestei shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж