Оюутолгой: Экс Ерөнхий сайдууд & эх орончид

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Оюутолгой: Экс Ерөнхий сайдууд & эх орончид

Оюутолгой: Экс Ерөнхий сайдууд & эх орончид

Монголын Засгийн газар 34 хувийг нь эзэмшдэг, 2017 онд 157400 тонн зэсийн баяжмал, 114 мянган унци алт үйлдвэрлэж, 939.8 сая ам.долларын орлого олсон, үүний таван хувь нь Монголд үлддэг гэж хардвал ‘Эрдэнэт’ үйлдвэр хоёр дахин бага баялагтай боловч өнөөдөр 100 мянган хүнтэй бүхэл бүтэн хот байгуулж, тэжээж яваа гэж барьцвал Оюутолгой мөнгө мөн. Энэ өнцгөөс нь харвал монголчуудын ногдол ашиг авах хугацаа хойшлох тусам Оюутолгойн гэрээг үзэглэсэн хүмүүсийг сайн шалгах нь зөв ч байж мэднэ.

Харин том төслүүдийг дагаж хөрөнгө оруулалт орж ирдэг, нэг том төсөл өөрөө хэдэн мянган жижиг төслийг тэжээж амьдардаг гэсэн бизнесийн онол талаас нь харвал, далайд гарцгүй хоёр их гүрний дунд орших онцлогоо бодолцвол, 2010-2017 онуудад татвар, хураамж, бусад төлбөрт 148 тэрбум ам.долларыг зарцуулсан зэрэг эерэг нөлөөллийг нь тооцвол Оюутолгой одоо Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг эдийн засгийн аргаар баталгаажуулж байгаа том төсөл мөнөөсөө мөн. Энэ өнцгөөс нь дүгнэвэл Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүст харин ч баярлаж, талархах нь бас зүйн хэрэг мэт.

Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүн АТГ-т шалгагдаж байна. Нэг нь 2009 оны үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үеийн засгийг тэргүүлж асан С.Баяр. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн гэрээг байгуулсандаа тэрбээр бахархаж, бахдаж явдгаа нуудаггүй.

АТГ-ын үүдийг сахихад  хүрсэн нөгөө  Ерөнхий сайд асан бол  далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтаас болж тодорхой хугацаанд үүссэн  Монголын Засгийн газар, Рио-Тинто нарын дундах үл ойлголцлыг залруулж, Дубайн гэрээг байгуулсан Ч.Сайханбилэг. Тэрбээр Оюутолгойг улстөржүүлэх хэрэггүй, энэ бол цэвэр бизнесийн харилцаа гэсэн тайлбар өгч байв. Дубайн гэрээг байгуулсны төлөө Монголын улстөрчид түүнд “цааз” өгөх нь холгүй байдаг бол эсрэгээрээ эдийн засагчид энэ төслөөс 11 мянган хүн, 1146 компани шууд ба шууд бусаар тэжээгдэж байгаа бодит үр дүнг нь онцолдог.

Мэдээж, энэ бүх үйл явдал өрнөл дундах эрх ашгийн эрэмбийн эхэнд Монгол байх ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ бизнесийн дүрмээр бол Монголд зуун хувь ашигтай хөрөнгө оруулалт гэж нэгээхэн ч байхгүй. Нэг бол хөрөнгө оруулагч талууд харилцан ашигтай ажиллах эсвэл “Эрдэнэт” шиг дампуурч, Тавантолгой шиг таг гацахад хүрэх хоёр хувилбар л байгаа. Хөрөнгө оруулагчаас илүү дээр, төрийн менежментээс илүү муу хувилбарыг монголчууд одоохондоо олоогүй л байна.

“Оюутолгой” дээр хүртэх ашгаа хэрхэн яаж нэмэх вэ гэж улстөрчид нь адгах тусам улс орны хувьд энэ төслийн хувь тавилан үндсэндээ “Эрдэнэт” л болж хувирна гэсэн үг.

Оюутолгойн гэрээний сайн, мууг зөвхөн цаг хугацаа, эдийн засаг л шүүнэ. Түүнээс Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, эсвэл З.Энхболд шүүхгүй.  Тэдэнд баё эрх ашиг, ашиг сонирхлын асуудал байгаа.

 Оюутолгойн гэрээний үнэн, зөвийг өнөөдрийн АТГ шалгаж тогтоохгүй. АТГ-ын хийх ажил бол үндсэндээ Оюутолгойн гэрээг байгуулахдаа авлига авсан эсэхийг тогтоох л явдал. Хэрэв ийм үндэслэлээр АТГ шалгалт явуулаад эхэлсэн юм бол 2009 оноос хойш Оюутолгойг усалж, мөлжсөн хүмүүсийн ард Орос, Хятадын зорилго, захиалга, мөнгө байсан эсэхийг бас нягтлаад үзэхэд гэмгүй. Нэг мөр, нэг дор хэн хэн нь хардлага, сэрдлэгээ хагалаад авах нь харин ч Монголд ашигтай байж мэднэ. Олон хардлага, олон тохиолдол, олон үйл явдлын өрнөл, үргэлжлэл, төгсгөлөөр бол  Оюутолгойг оролдох нь магад, Орос, Хятадуудын захиалга ч байж мэднэ. Оюутолгойн ‘авторууд’-ыг шалгах шаардлага болоод шагнах өдөр ч гарч мэднэ. Гол нь энэ төсөл Монголын эдийн засаг, тусгаар тогтнолын баталгаа болсон гэдгийг л хүлээн зөвшөөрөх ёстой.

Эдийн засгийн хөгжил муутай, дэлхийд эхний аравт ордог их гүрнүүдийн дунд оршдог, төмөр замгүй, мөнгөгүй Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг Хятад, Орос эзэлдэг. Гадаад, дотоодын оролцоотойгоор монголчууд Тавантолгойг гацааж, Ареваг таг зогсоож, Хан ресурсийг хөөж,  Оюутолгойг оролдож байгаа. Эхлээд Тавантолгой, дараа нь Эрдэнэт, тэгээд Оюутолгой. Энэ бүх үйл явдал нэг төгсгөлтэй, нэг сценаритай өрнөж байна.

 Нэг нь коксжих нүүрсний нөөц чанараараа дэлхийд нэгд ордог нүүрсний том орд. Нөгөө хоёр дэлхийд томдоо тооцогддог, Монголын эдийн засгийг тэжээж, тэтгэж яваа зэсийн уурхайнууд. Харамсалтай нь, төсвийн дийлэнхийг бүрдүүлж яваа эдгээр ордууд улстөрчдийн зодоонд чирэгдэж, эдийн засгийн үр өгөөжөө алдаж байна. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ гацсанаас хойш ордынх үнэ цэнэ унаж, өрсөлдөх чадвар нь улам бүр буурсан.  Үүнээс хожсон нь ердөө Хятад, Орос болж үлджээ. Эдийн засгийн энэ уналтаас эргэж харвал шүү дээ. Хамгийн сайн нүүрсээ монголчууд хамгийн хямдаар хятадуудад зарж, эсрэгээрээ оросуудын Хятадад нийлүүлсэн экспортын нүүрсний хэмжээ жил бүр өсч байна. Хоёр их гүрнүүд нарийн царигтай төмөр замаар холбогдож, бид эсрэгээрээ түмэн цэрөг, өргөн цариг түүхийн үлгэрээ ярьсаар л. Гэх мэтчилэн монголчууд томоохон төслүүдээ тойрч хэрэлдэх тусам ард  нь өрнөж байгаа ашиг сонирхлын том зорилгыг нь давж харж чадахаа больдог.

Үндсэндээ Ерөнхий сайд асан С.Баяр муу гэрээ байгуулсан эсэх. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Дубайд хууль зөрчсөн эсэх нь хоёрдугаар асуудал.  Чухал нь Тавантолгой,  Эрдэнэт,  Оюутолгой мөнгө үү, эсвэл үндэсний аюулгүй байдлын баталгаа юу гэдгээ хоёр талаас нь адилхан харах хэрэгтэй болж. Үүний цаад эрх ашиг хэнийх вэ гэсэн эзэнгүй асуулт энэ олон хэрүүлээс, ижилхэн сценаритай үйл явдлаас  тавигдаж байна. Монголынх үү, Оросынх уу эсвэл Хятадынх уу.  Ингээд хэрэлдээд эхлэхээр л эрх ашиг нь хэний төлөө вэ гэсэн эзэнгүй асуулттай л үлддэг! Эцэст нь эдийн засгаа алдаг!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж