Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Өчгүүд& өчлүүд

Өчгүүд& өчлүүд

Хатагтай Г.Алтан, Элчин сайд С.Баяр…Дурын сэтгүүлч ярилцлага авахад амаргүй энэ эрхмүүд яг л баадууг нь чангалсан мэт гэнэт дуугарч эхэллээ.

С.Баярын өөрийнх нь хэлснээр бол “үүр цайсан учраас тахиа донгодсон” юм даг уу даа. Гэхдээ С.Баярын ярилцлагадаа АТГ-т өгсөн мэдүүлгийнхээ талаар ярих эрхгүй хэмээн тодотгожээ. Тэгсэн мөртлөө ярилцлага өгөхийг зөвшөөрч, тэр тусмаа  Ш.Батхүү гэдэг хүнийг даруухнаар “өмөөрсөн” байв. Өөрийнхөө хувьд тэрбээр “улс төр судлаач” гэдэг нэршлийг сонгож хэрэглэжээ. Ямарваа хариуцлага тооцоход хүрвэл “улс төр судлаач”-ийг хэлмэгдүүлсэн болж таарах нь ээ дээ. Хэдийгээр Элчин сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн нь сонирхолтой асуудал мөн боловч зорилго нь Ш.Батхүүгийн тухай ярихад чиглэсэн нь анзаарагдаж байна.

Мөн энэ өдрийн хэвлэлд Г.Алтан ярилцлага өгчээ. Түүний хүү Э.Сүрэнгийн Төрийн банкнаас нэхэмжилсэн 51.5 тэрбум төгрөгтэй холбоотой асуудалд анхаарал татсан зарим ноцтой “үгсийн” Төрийн банкны ерөнхийлөгч Д.Баярсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан нь түүний эгдүүцлийг төрүүлсэн бололтой. Ямартай ч тэрбээр Төрийн банкны ерөнхийлөгчийг “Ямар аймаар хүн бэ” хэмээн уулгалахын сацуу мөн л Ш.Батхүүг зөвтгөхийг хичээсэн нь “гэнэтийн ярилцлага”-ынх нь “үүрэг” байсан бололтой.

Сүүлийн үед АТГ-т шалгагдаж байгаа хүмүүсээс, тухайлбал

УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа “Хэвлэлээр хариулт өгч болохгүй гэсэн анхааруулга өгөөгүй болохоор Таны асуултад хариулж болох байх гэж бодож байна” гээд бүх асуултад хариулсан. Харин С.Баяр “Хуулийн байгууллагын өмнө би үнэн зөв хариулах үүрэгтэй. Харин тэнд ярьснаа энд дэлгээд суух үүрэг бүү хэл, эрх нь надад байхгүй. Хуулиар хориотой юм” гээд яримаар байгаагаа л ярьсан аж. Тэгэхээр АТГ-т шалгуулж байгаа хүн хэвлэлд ярилцлага өгч болох уу. Тэр тусмаа шалгуулж байгаа асуудлаараа “Би АТГ-т ингэж хариулсан шүү” гэдгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “задлах” нь нэг талаар хамгаалалт болдог уу гэдэг нь эргэлзээтэй сэдэв.

Ямартай ч “Стандарт” банкны өрөнд “Эрдэнэт” үйлдвэрийг тавьж туусан Ш.Батхүүгийн тухай түүнтэй хамгийн их холбогдож бичигддэг С.Баяр, Г.Алтан нар дуугарлаа. Эдүгээ төрийн өндөр алба хашиж байгаа зарим хүн ингэж ярьж болохгүй байгаа ч “Ш.Батхүүг өмөөрөх ажиллагаа”-нд оролцож энэ талаар хэн, хэзээ, ямар хэмжээнд ярьж болох талаар найруулга хийж эхлэв үү гэсэн хардлага төрүүлж эхэллээ. Нөгөөтэйгүүр, “хамгийн том гэмтэн, магадгүй цорын ганц буруутан” гэгдээд байгаа Ш.Батхүү ч өнгөрсөн өдрүүдэд дуугүй байгаагүй болов уу. Ямар нэг цочроо өгөх, анхааруулга, сануулгын хэмжээнд “нэг үг ч атугай” дуугарсан учраас ийм “ажиллагаа” эхэлсэн болов уу. Тэрбээр баривчлагдаад арав хонолоо. Хэн ч өөрийнх нь тарьсан хэрэгт хамааралгүй бол, албан үүргээр хамаараагүй бол, цор ганц өөрийнхөө л төлөө гэмт үйлдэл хийсэн бол түүнд “хуучин” түншүүд нь “шинэ” урам хайрлах байсан гэж үү. “Хазайхад нь түшиж авах” нөхөд нь анх хазайхад нь тус болсон бол тэр зэргийн хэдэн үг унагахад хэцүү нь юу байхав. Харин өчиг, өчил хоёр хэр зөрүүтэй байгаа бол гэдэг л сонин байна…Нээрээ ч “тахиа донгодож” байна уу даа.

У.Ойдов

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж