Австралид ой хээрийн түймэр дэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Австралид ой хээрийн түймэр дэгджээ

Австралид ой хээрийн түймэр дэгджээ

Австралийн өмнөд нутагт ой хээрийн түймэр дэгдэж, олон айл, мал хуй шатсаны улмаас орон нутгийн эрх баригчид онц байдал зарлаж, оршин суугчдыг хүчээр нүүлгэн шилжүүлж байна.

Ой хээрийн түймрийн улмаас өнөөдрийн байдлаар (2018.03.19) хүний амь нас хохирсон тохиолдол бүртгэгдээгүй боловч Австралийн Виктория, Шинэ өмнөд Уэльс зэрэг мужуудад ой хээрийн түймэр дэгдэж,  их хэмжээний нутаг дэвсгэрийг хамарчээ.

Өнгөрсөн бямба гаригт дэгдсэн ой хээрийн түймрийг тамхины галаас болж үүссэн гэж таамаглаж байгаа бөгөөд хуурай, халуун салхи,  41 C температурын нөлөөгөөр гал түймэр улам газар авч байгаа ажээ.

Онцгой байдлын ажилтнуудын мэдээлснээр гал түймэр таван газарт асч байгаа гэнэ. Гал сөнөөгчид Мельбурн хотын баруун өмнөд хэсэгт орших Кобден хэмээх жижиг хотын захад асч байсан түймрийг нисдэг тэргээр ус асган цурманд оруулсан байна.

Шинэ өмнөд Уэльс мужийн Татра хотод гал түймрийн улмаас 35 айл, сургууль шатаж, иргэд түймрээс зугтан, далайн эрэг рүү очицгоосон байна. Одоогийн байдлаар гал түймэрт өртсөн мужуудаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, түр хоргодох байранд байрлуулж байгаа бөгөөд сургууль, үйлчилгээний газруудыг хаасан байна.

Австралийн Онцгой байдлын газрын мэдээлснээр гал түймрийн улмаас 22,000 оршин суугч гэрэл цахилгаангүй болсон байна. Гал түймрийг унтраахаар 280 гал сөнөөгч ажиллаж байгаа ажээ.

2009 онд Австралийн Виктория мужид ой хээрийн түймэр дэгдсэний улмаас 173 хүн амиа алдаж, 400 гаруй хүн түлэгдэж байсан гэнэ.

Эх сурвалж: Reuters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж