Монголын Залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүн Д.Доржсүрэн: ЗАЛУУС ЭХ ОРНЫХОО ТҮҮХ, СОЁЛЫГ ХАЙРЛАДАГ БАЙГААСАЙ
-Өнөөдрийн энэ номын баярт танайх ямар оролцоотой байна вэ. Мэдээж хоёр байгууллагын томоохон ой болж байгааг бас дурьдах хэрэгтэй байх. Тийм үү?
-Монгол улсад залуучуудын хөдөлгөөн үүсч, хөгжсөний 90 жил, Залуучуудын байгууллага байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монголын залуучуудын холбооноос олон үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Үүний нэг нь энэхүү номын үзэсгэлэн юм. Уг арга хэмжээнд залуус оролцсоноор залуу зохиолчдын бүтээлүүдтэй танилцан, хямд үнээр худалдан авахаас гадна бүтээл туурвих санаа өгөх, цаашлаад санааг нь дэмжих ач холбогдолтойгоор зохион байгуулагдаж байна. Хамгийн гол нь, улс орны ирээдүй болсон залуус эх орныхоо түүхийг мэддэг, хайрладаг, хадгалан үлддэг байгаасай гэдэг үүднээс түүхийн холбогдолтой ном зохиолуудыг илүү их дэлгэн тавьсан байгаа.
Монголын Үндэсний номын сангийн дэд дарга Д.Бямбасүрэн: МОНГОЛ ЗАЛУУ ХҮНИЙ ШИРЭЭНИЙ НОМУУДЫГ ТАНИЛЦУУЛЛАА
-Энэ арга хэмжээнд танай номын сангаас ямар бүтээлүүдийг залуучуудад зориулж дэлгээд байна вэ?
-Монголын Үндэсний Төв номын сангийн 90 жилийн ой тохиож байгаа энэхүү жил Монголын Залуучуудын Холбоотой хамтран үзэсгэлэн зохион монгол эрдэмтдийн ур ухаанаа шингээж бичсэн хосгүй үнэт гар бичмэлүүд, монгол түмний түүхэндээ хэрэглэж ирсэн, уйгаржин, дөрвөлжин, тод үсгээр зохиосон шинжлэх ухааны ач холбогдолтой олон бүтээлийг нээлттэй танилцуулж байна. Мөн залуучуудын тухай хэвлэгдэж байсан ховор түүхэн номуудаар үзэсгэлэн гаргасан байгаа. Түүнээс гадна энэ зууны монгол залуу хүн ямар номуудтай танилцсан байх ёстой вэ гэдэг үүднээс ширээний ном болон тэдний сонирхон уншиж байгаа номуудыг дэлгэн тавилаа.
Үзэсгэлэнгийн үеэр иргэд олноороо ирж шинэ, хуучин номуудтай танилцаж байлаа. Мөн хичээлийн шинэ жил ойртож байгаа энэ үед номын үзэсгэлэн зохион байгуулж байгаад талархах хүмүүс цөөнгүй байв. Арга хэмжээний үеэр зөвхөн хэдэн ном өрж тавьж, худалдаалах бус залуу зохиолчид шинэ номынхоо нээлтийг хийснээрээ онцлог байлаа. Тухайлбал, “Монгол фермерийн аж ахуй” коллеж өөрсдийн багш нарыхаа гаргасан бүтээлүүдийг анх удаа олон нийтэд дэлгэж, эрчимжсэн мал аж ахуй болон шинэ цагийн монгол малчны ур ухааны талаар танилцууллаа.
Үзэсгэлэнд 1919 онд монгол бичгээр хэвлэсэн “Залуучуудын хуралын товч тогтоол”, 1948 он Х.Чойлбалсан “Залуучуудын зорилгын тухай” , 1931 онд монгол бичгээр ”Хувьсгалт залуучуудын анхдугаар бага Хуралын товч тогтоол” , 1971 он “Нийгэм ба залуучууд”, 1974 он “Мал аж ахуй бол залуучуудын гавшгай үйлс мөн” зэрэг хуучны ном, товхимолыг дэлгэн тавьсан байлаа. Үзэсгэлэнг сонирхож ирсэн нэгнээс сэтгэгдлийг нь сонссон юм.
Иргэн Н.Гэрэлээ: ХУДАЛДААНД ТЭР БҮР БАЙДАГГҮЙ НОМУУД БАЙНА
-Таны харж буйгаар энэ үзэсгэлэн бусад номын баяруудаас юугаараа онцлог байна вэ. Таны хувьд ямар ном сонирхож ирсэн бэ?
-Би аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг. Гадаадын зочид монголын түүхийн тухай ном зохиолыг сонирхдог тул энд байгаа түүхийн холбогдолтой номуудыг үзэж байна. Мөн зөвхөн түүхийн холбогдолтой бус өмнө нь авахыг хүсч байсан ч худалдаанд тэр бүр байдаггүй номууд ч энд харагдлаа. Цаашдаа залуучуудад номыг сурталчилсан ийм үйл ажиллагааг олноор нь зохиож байвал үр дүнтэй байх болов уу.
"Улс төрийн тойм" сонин