Улаан асрын зүүд (84-р бүлэг) | News.MN

Улаан асрын зүүд (84-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (84-р бүлэг)

Улаан асрын зүүд (84-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э


Наян дөрөвдүгээр бүлэг

ЭРДЭМ БИЧГИЙГ ШАЛГАН, ЭНХРИЙ ХӨВГҮҮНД АНХ БЭР ДУРСАЖ, ӨВЧИН ТАХЛЫГ БОЛГООЖ, ЁРЫН АЧИР ДАВХАР ӨШӨӨ ЗАНГИДАВ

Шинэ бэр Жинь Гүйн өдөөсөн хэрүүлээс болж уурлаад Шюэ Имагийн элэгний хий гэнэт дээш хөөрснөөс болж зүүн сүвээгээр нь хатгажээ. Энүүний учрыг Бао Чай тодорхой мэдэж байсан тул хүн явуулж хэдэн цэн гардийн хумс авчруулан өтгөхөн чанаад эхдээ уулгав. Бас шивэгчнийхээ хамт эхийнхээ хөл гарыг барьж базалж цээжийг илж дарж өгснөөр жаахан намдав. Шюэ Има шинэ бэрийнхээ залхай зайданд хилэгнэж, охиныхоо хүлцэнгүй тайвныг өрөвдөнө. Бао Чай эхийгээ удтал тайвшруулж, баахан унтуулсны дараа элэгний нь хий намдав. Бао Чай:

-Ээж минь та ийм юмны төлөө битгий уур уцаар болж бай. Хэдэн өдрөөс Лао тайтай нарын тэнд очиж, ярьж хөөрч уйтгараа сэргээхээр бүр сайн болох байхаа. Гэрт бид нар байх юм чинь, тэр нэг их уурлаж авирлаж чадахгүй… гэсэнд ээж нь зөвшөөрч: “Хэд хоногоос босно оо” гэснийг үл өгүүлэн өгүүлэх нь:

Энэ үед Юань Фей хатны бие илааршиж гэр хотлоорыг баярлуулав. Хэд хоногийн дараа өвгөн хиа нар алт мөнгө, эд юмс авчирч, хатны захиаг уламжлан гэр хотлоорыг эргэж болгоосонд цөм баярлан хөөрөв. Энэ явдлын талаар Жя Шө, Жя Жөн нар Жя Мүд мэдүүлээд цөмөөр хишигт мөргөв. Дараа нь тайган нарыг хүндэтгэн цай барив. Тэд Жя Мүгийнд ороод инээд хөөр болж байтал нэг эмгэн орж ирээд:

-Жаруд хөвгүүд ирж, их Лао ег залж чухал хэрэг хэлэлцье гэж айлтгаж байна гэж мэдүүлэв. Жя Мү, Жя Шөг хараад: “Чи очиж уулз” гэж тушаав.

Их ахайтны хэлсэн ёсоор Жя Шө ч гарч одов. Түүнийг гарсны дараа Жя Мү, Жя Жэнг хараад:

-Хатан, Бао Юйг олонтоо дурссан шүү. Уржигдархан асууж л байна лээ гэсэнд хүү нь инээмсэглээд:

-Энэ Бао Юй чинь номд бас л дургүй хэвээр болохоор эгч хатныхаа ариун санааг хөсөрдүүлж л байгаа юм даа гэсэнд Жя Мү:

-Би харин түүнд нааштай хэлсэн шүү. Ойрноос бүр зохиол ч бичиж байгаа гэж хэлсэн… гэтэл Жя Жөн инээж: “Тэр юунд Лао тайтайгийн ярьсан шиг байхав даа” гэв. Жя Мү:

-Та нар дандаа л түүнийг дуудаж аваачаад шүлэг зохиол бичүүлдэг. Бичиж чаддаггүй гэжүү. Аажим аажимд нь зааж сургавал зохино гэж сануулав. Хүү нь: “Лао тайтайгийн хэлж байгаа зөв өө” гэсэнд Жя Мү:

-Бао Юйг ярьсных чамтай нэг юм зөвлөе. Одоо энэ хүү чинь том болж байна шүү дээ. Та нар санаа тавьж байгаад нэг сайн хүүхэд олж түүнд тогтож өгвөл зохих юм. Энэ бол түүний нэг насны явдал шүү. Хол ойрын хамаатан, садан, баян ядууг хэлэлцэх хэрэггүй. Харин тэр охины зан ааш нь сайн, төрсөн нь тэгш бол болно… гэсэнд Жя Жэн:

-Лао тайтайгийн захиж байгаа маш зөв өө. Сайн охиныг сонгох ч хэрэгтэй. Гэвч эн тэргүүнд, тэр өөрөө чармайн суралцах нь бүр сайн. Өөдгүй амьтан болох юм бол тэр хүний охинд саад болно… гэвэл Жя Мү дотроо гонсойж:

-Үнэнийг хэлэхэд, эцэг эх нь энд бэлхнээ байж байхад би түүний төлөө зовох хэрэг юү билээ. Та нарын бодоход би, энэ Бао Юй хөвгүүнийг хар багаас нь дагуулан баахан энхрийлж хайрлаад, сурч хүмүүжүүлэхийг нь саатуулсан байх л даа. Гэхдээ би, түүний төлөв байдал, тэгш бөгөөд сэтгэл нь үнэнч цайлганыг бодвол, хүний охиныг үрчих олиггүй амьтан болно гэж огт санахгүй байна. Би эндүү харсан байж болно. Гэхдээ, юу ч гэсэн Хуань Эрээс баахан илүү мэтээ. Би та нарын юу бодож байгааг мэдэхгүй шүү гэв. Эхийн нь энэ хэдэн үг хүүгийн сэтгэлийг түгшүүлсэнд Жя Жөн царайчлангуй инээмсэглээд:

-Манай Лао тайтай бол их юм үзсэн хүн. Иймдээ ч буянтай сайн хүн гэгдсээр ирсэн. Энд ч буруу хазгай юм байхгүй. Харин би, түүнийг хүн шиг хүн болгоё гэж хэтэрхий яарсан тал бий. Тиймдээ ч эртний үгэнд байдгаар “Хөвгүүний сайныг мэдэхгүйд” хүрчээ гэв. Жя Мү инээд алдсанд цаадуул нь дагаад хөхрөлдөв. Жя Мү:

-Одоо чиний нас ахиж, бас ноёны тушаалд байгаа учир явах тусмаа томоожжээ… гэснээ Ван Фүрэнь, Шин Фүрэнь хоёр руу хараад: – үүний залуу үеийн этгээд занг бодвол, Бао Юйгээс нэг дахин илүү шүү. Гэрлээд л сая ёс учрыг баахан төсөөлөх болсон байтлаа одоо дэмий л Бао Юйг буруутгаад байх юм. Бао Юй бол хүний сэтгэлийг энүүнээс илүү мэднэ шүү гэсэнд Шин Фүрэнь, Ван Фүрэнь хоёр инээд алдаж: “Лао тайтай инээд хүргээд байх юм” гэв. Тэднийг ийн ярилцаж хөхрөлдөж байтал нэг охин ирж Юань Янд: “Оройн хоол болжээ” гэж зөөлхөн хэлсэнд Жя Мү: “За та нар юү шивнэлдээд унав” гэв. Юань Ян охины хэлснийг дамжуулав. Жя Мү:

-Тийм бол та нар явж хоолоо идэцгээ. Харин Фөн Же, Жэнь агийн гэргий хоёр энд надтай цуг хоолло… гэсэнд цаадуул нь гарцгаав. Зөрөөд хоол унд ч оруулж ирэв. Эндээс гараад Жя Жэн, Ван Фүрэнь, Шин Фүрэнь нар гэртээ ороод Жя Мүгийн хэлснийг сэргээн ярилцав. Жя Жэн:

-Лао тайтай, Бао Юйг ингэж хичээн энхрийлж байхад түүнд үнэн эрдэм сургавал хожим алдар гавьяаг ч олж чадна. Тэгвэл Лао тайтайгийн санасан сэтгэл биелж, цаадах нь ч хүний охиныг үгүй хийхэд хүрэхгүй гэж бодсон юм гэсэнд Ван Фүрэнь:

-Чи зөв санаж, зөв ярьж байна гэв. Жя Жөн нэг шивэгчнийг дуудаад: “Чи Ли Гүйд ингэж хэл. Бао Юйгийн хичээл тарсаны дараа хоолыг нь идүүлчихээд энд аваад ир. Би түүнээс юм асууна гэж байна гэж хэл” гэсэнд цаадах нь: “За” гээд ухасхийв. Ли Гүй, Жя Жэнгийн хэлснийг Бао Юйд хэлсэнд, аянганд ниргүүлсэн юм шиг таг дуугүй болсноо, Жя Мүд очиж мэнд мэдээд, хүрээлэнд очиж хоол ундаа санд мэнд идэж уув. Дараа нь яаран эцгийнхээ дуудсан ёсоор хүрч очив.

Энэ үед Жя Жэн, дотоод бичгийн гэртээ сууж байсан тул Бао Юй амрыг нь эрээд тэрээхэнд зогсов. Жя Жэн:

-Би энэ хэдэн өдөр элдвийн юм бодсоор байгаад чамаас нэг юм асуухаа мартжээ. Тэр өдөр багш чинь, чамаар нэг сар бичиг тайлбарлуулсны дараа зохиолгоно гэж над хэлсэн юм. Түүнээс хойш бараг хоёр сар болох гэж байх шив дээ. Чи бичиж эхэлсэн үү? гэсэнд Бао Юй:

-Гуравхан удаа л зохиогоод байна. Багш “Энэ удаа Лао ед хэлэх хэрэггүй. Баахан цэгцэрсэн хойно нь хэлнэ” гэсэн ёсоор би танд хэлээгүй байгаа юмаа гэв. Жя Жэн:

-Ямар сэдэв юм бэ гэж асуув. Бао Юй:

-Нэг нь “Арван таваас сурахад хичээжүхүй”. Нөгөөх нь “Хүн мэдэхгүй ч болов хорсохгүй”. Бас нэг нь “Мюэг дагана” гэсэн юм… гэсэнд Жя Жэн:

-Цөм эх бичигтэй юү гэж асуув. Бао Юй:

-Зохиогоод сийрүүлэн бичээд өгөхөөр багш зассан гэв. Жя Жэн:

-Чиний бичсэн юм гэрт байна уу, сургуульд байна уу… гэсэнд Бао Юу “Сургуульд байгаа” гэв. Жя Жэн,

-Чи хүн явуулаад, түүнийгээ авчруул. Би үзье… гэсэнд Бао Юй яаран Бэй Минд: “Чи сургууль дээр очоод, миний бичгийн ширээний шургуулганд нимгэн дэвтэр дээр “Цонхны хичээл” гээд бичсэн байгаа. Түүнийг аваад ир” гэв. Удсан ч үгүй Бэй Мин мөнөөх дэвтрийг аваад ирэв. Бао Юй дэвтрийг аавдаа өгөв. Жя Жөн аваад харвал, тэргүүн нэг ангийн “Би арван таваас сурахад хичээж байна” гэсэн гарчиг нүдэнд нь тусав. Түүний уг эхэд “Богд хүн, багаас сурахад хичээжээ” гэсэн ажээ. Дай Рү “Бага” гэсэн үгийг дараад “Арван тав” хэмээн тодорхойлжээ. Жя Жөн харж байгаад:

-Чиний үг эх дэх “Бага” гэдэг үг сэдвийг тодорхойлж чадахгүй. Бага гэвэл, багаас эхлэн арван зургаа хүртэл цөм “Бага” болой. Энэ бүлэгт богд хүн өөрийн эрдэм сургаал нь жил дараалан нэмэгдсэнийг өгүүлжээ. Тийнхүү арван тав, гуч, дөч, тавь, жар, дал хүртэл цөмийг тодорхойлон гаргавал сая аль цагт ямар зэрэг болж, бас аль үед хэдий хэмжээнд хүрснийг мэдэж болно. Багш чинь “Бага” гэдэг үгийг “Арван тав” гэж зассанаар их тодорхой болгожээ… гээд залгасан сэдвийг харав. Тэнд дарсан уг эх нь “Иргэд, сурахыг үл хичээх нь ердийн журам болой” гэжээ. Жя Жөн толгой сэгсрээд:

-Хүүхдийн үг хэлснээр барахгүй чиний сурах зориггүй чанар мэдэгдэж байна гээд дараачийн мөрний “Богд хүн, арван таваас сурахад хичээсэн нь мөн бэрх бишүү” гэснийг үзээд, энэ ончтой үг биш болжээ гэв. Дай Рүгийн зассаныг хараад: “Иргэд, яагаад сурдаггүй юм бэ? Сурахад хичээгчид харин цөөн болой. Богд хүнийг яахин арван таваас сая зориг шуудрав гэж хэлж болно вэ” гэжээ. “Зассан санааг нь мэдэв үү” гэж асуусанд Бао Юй: “Мэдлээ” гэв. Хоёрдох зохиолыг үзвэл, гарчиг нь “Хүн мэдэхгүй ч болов хорсохгүй” гэжээ. Тэгээд Дай Рүгийн зассаныг үзвэл, мэдэхгүй ч болов хорсохгүй болбоос үүрд амар жаргалыг эдэлнэ гэжээ. Тэрхүү дарсан эхийг нь ширвэж хараад: “Чи юү гэсэн бэ? “Хүнд хорсох санаагүй бол цөм сурсан нь болой” гэжээ. Түрүүний нэг бадаг нь гагцхүү “Үл хорсохуй” гэх гарчигт нийцэх мэт. Дараах нэг бадаг нь бас доор өгүүлсэн сайд эрдэмтний ялгалд халджээ. Засан бичсэн нь, сая сэдэвтээ нийлсэн байна. Доорх бадагт, дээр өгүүлснийг мөрдөн тодорхойлбол сая бичгийн ёсонд нийцнэ. Тодорхой мэдэж авбал зохино гэсэнд Бао Юй: “За” гэв. Жя Жөн цааш нь үзвэл “Иргэд мэдэхгүйд үл хорсох нь үгүй. Тийн хэмээвч үл болно. Үйлст итгэхийн жаргалыг эс ойлгогчид үүнд хүрэх ёсон бий юү” гэжээ. Уг эхийн эцсийн үг нь, “Цөм сурах зоригтон биш болой” гэжээ. Жя Жэн:

-Үүнд мөн эхлэлттэй адил гэм бий. Үүнийг зассан нь мөн болжээ. Хүчийг шавхан оролдсонд мөн зүгээр гэж болно гэв. Тэгээд гуравдугаар зохиол “Мюэг дагана” гэснийг хараад, дээш харан бодолхийлсэнээ “Чи энд хүртэл тайлсан уу” гэж Бао Юйгээс асуув. Бао Юй:

-Багш, “Мөнз бичиг” ихээхэн хялбар тул урьдаар “Мэнз бичгийг” тайлтугай гэсэн тул уржигдрын цаад өдөр л тайлж барсан. Одоо “Шүүмжлэлт өгүүллийн дээд дэвтрийг” тайлж байгаа гэсэнд Жя Жөн: “Энэ эхлэлт залгамжийг үзвэл харин их зассангүй. Эхлэлтэд өгүүлсэн нь: “Янг тэвчвэл өөр дагах хүн үгүй болой” гэжээ. Харин хоёрдох бадаг нь чамд хүчирдэнэ. Цааш нь үзвэл, иргэд Мог дуртайяа дагахгүй болой. Түүний сургаал хагас ертөнцийг эзэлсний тулд янз тэвчвэл Мюэг дагахгүй яаж болох вэ гэжээ. Үүнийг чи зохиосон уу гэсэнд Бао Юй: “Тэгсэн” гэв. Эцэг нь толгой дохиод:

-Энүүнд онцгой сайн зүйл үгүй боловч анх зохиоход энэ мэт бичсэн нь болж л байна. Уржнан би албатай байхдаа, “Гагцхүү мэргэд сая чадна” гэх сэдвийг гаргасанд тэр бяцхан шавь нар цөмөөр эртний хүний энэ зохиолыг уншсан мөртөө өөрсдөө бодож зохиож чадахгүй байсан. Тэдний олонх нь зүгээр л хуулчихсан байлаа. Чи уншиж үзсэн үү гэсэнд Бао Юй: “Уншсан” гэв. Жя Жэн:

-За чи өөр нэг аргаар зохиож үз. Урьдын хүмүүсийн адил болгож болохгүй. Зөвхөн эхлэлт төдий болговол мөн болно гэв. Бао Юй арга буюу за гээд бөхийн суугаад бодолхийлэв. Жя Жөн нуруугаа үүрэн холхиж бас л бодно. Гэнэт нэг зарц хөвгүүн гүйн гарах зуураа Жя Жэнг хараад гараа унжуулан зогссонд: “Юу болов” гэж асуув. Зарц хүү: “Лао тайтайгийнд И тайтайд ирсэнд Эр найнай “Хоол бэлтгүүл” гэж хэл хүргүүлжээ” гэв. Жя Жөн ч дахиж юм асуусангүй, зарц хүү гарч одов. Бао Юй, Бао Чайг гэртээ харьснаас хойш ихэд мөрөөдөн санах болсон тул Шюэ Има ирлээ гэхийг сонсоод, түүнийг лав ирсэн байх гэж бодоод дотроо ихэд яарч зориг гарган:

-Би нэг эхлэлт зохиосон. Таарах эсэхийг мэдэхгүй гэсэнд Жя Жөн: “Алив уншаатах” гэв. Бао Юй:

-Ертөнцийн хүн, цөм мэргэн биш болой. Ундралгүй нь мөн цөөн бөлгөө гэсэнд эцэг нь толгой дохиж:

-Бас болно. Цаашдаа зохиол бичихэд зааг ялгааг нь тодорхой ялгаж, ёс санааг тодорхой мэдсэн хойно сая бичигтүн. Чамайг энд ирснийг Лао тайтай мэдсэн үү… гэсэнд Бао Юй: “Мэднэ” гэв. Жя Жөн: “За тийм бол чи Лао тайтайдаа оч доо” гэнгүүт цаадах нь: “За” гээд л ухран гарав. Тэрбээр саравчит гудмын үүдний халхавчийг өнгөрмөгц ганц амьсгаагаар Жя Мүгийн хаалга хүртэл гүйчихэв. Түүнийг хараад Бэй Мин сандарч хойноос нь гүйсээр “Бүдэрч унуузай. Лао е ирж явна шүү” гэж хашгиравч цаадах нь юун сонсохтой мантай харайсаар үүдэнд хүрээд Ван Фүрэнь, Фөн Же, Тань Чүнь нарын хөхрөлдөхийг сонсов. Шивэгчингүүд Бао Юйг хараад орхиул сөхөх зуураа “И дайдаа ирсэн” гэж шивнэв. Бао Чай яаран орж ирээд Шюэ Имагийн амрыг эрсний дараа Жя Мүгийн биеийг асуув. Жя Мү: “Сургууль чинь өнөөдөр яагаад орой тарав” гэж асуусанд Бао Юй, эцэг нь дуудаад хичээл номыг нь шалгахын хамт сэдэв гарган зохиол бичүүлсэн зэргийг тоочин ярьсанд Жя Мүгийн царай гэрэлтэн инээмсэглэв. Бао Юй: “Бао эгч хаана сууж байна вэ” гэж асуусанд Шюэ Има “Энэ удаа Бао Чай эгч нь ирээгүй. Гэртээ Шян Линтэй юм оёж байгаа” гэв. Бао Юйгийн урам хугарсан боловч тэр дороо гараад явчихаж чадсангүй. Ширээ дүүрэн хоол тавьсныг идэцгээж байтал Шюэ Има “Бао агь хаана суух юм бэ” гэж асуув. Жя Мү: “Тэр миний хажууд сууна” гэв. Бао Юй сандран “Сая сургууль тарах үед Ли Гүй, Лао егийн захиаг уламжилж, хоолоо идмэгц очтугай гэсэн тул би яарч байна. Нэг пял зууш л будаатай идчихье. Бусдыг Лао тайтай Има болон эгч нар идтүгэй” гэсэнд Жя Мү: “Тийм бол Фэн эгч чинь энд сууж хооллог. Дайдаа чинь өнөөдөр мацаг барина гэсэн” гэв. Фөн Же ч суудалд сууж эхний дугараа барив. Бүгдээр архи ууцгааж байтал Жя Мү:

-Сая И дайдаа Шян Линг дурслаа. Би уржигдар охид Чю Лин гэж ярихыг сонсоод, хэн юм бол гэж гайхан асуувал, Шян Линг тэгж нэрэлдэг болсныг мэдлээ. Тэр охин зүгээр байж байгаад яагаад нэрээ сольчихов гэж асуусанд Шюэ Имагийн царай улсхийгээд шүүрс алдан:

-Лаү дайдаа дахиж битгий түүнийг дурсаарай. Пань Эр, мэдрэлгүй юм шиг эхнэр авснаас хойш өдөр туж хэрүүл яргиан. Одоо манайх айл гэрийн маяггүй болсон. Би түүнд хэдэнтээ хэлсэн боловч тэр илжиг мэт зөрүүдлээд үг авахгүй юм. Надад түүнтэй өдөр болгон хэрэлдэж байх зав алгаа. Сүүлдээ дураар нь орхилоо. Тэрбээр энэ охины нэрийг муухай гээд сольсон юм гэсэнд Жя Мү: “Нэр ямар хамаатай юм бэ” гэсэнд Шюэ Има:

-Би ярихаасаа ичнэ. Үнэнийг хэлбэл, Лао тайтайгийн энд юүг эс мэднэ вэ. Тэр юунь муухай гээд хүүхдийн нэр сольсон бэ гэвэл, уг нэрийг Бао охин өгсөн гэж өширхөн сольж гэнээ… гэв. Жя Мү: “Ямар шалтгаантай юм бэ” гэж асуусанд Шюэ Има алчуураар нулимсаа хэдэнтээ арчаад, хэлэх үгээ олж ядах мэт шүүрс алдаад:

-Та мэдэхгүй байна. Одоо тэр бэр онцгойлж Бао охинтой үзэлцэж байна. Уржигдар Лао тайтайг манай руу хүн очуулахад гэрт бөөн хэрүүл болж байлаа гэв. Жя Мү:

-Уржигдар чинь би, И дайдаагийн сүвээ рүү хатгуулж гэж л сонссон шүү дээ. Тэгээд би хүн явуулж асуулгах гэсэнд “Зүгээр болжээ” гэснийг дуулаад хүн явуулаагүй. Тэд нар чинь их сайхан хурим хийсэн эр эм хоёр шүү дээ. Жаахан байж байгаад аяндаа зүгээр болох биз. Бао охин бол амарлингуй дөлгөөн зантай хүн. Хэдий нас бага боловч том хүнээс хэдэн хувь давна. Тэр өдөр танайд очсон охин ирээд хэлсэнд бид бүгдээр нэгэн зэрэг магтсан. Бао охин шиг ухаантай, сайхан ааш зантай хүнийг зуу дотроос ч олохгүй. Би цүлс үг хэлж байгаа юм биш, энэ охин айлын бэр болбол хадам эцэг эхдээ хайрлагдаж, айл бүхэнд бишрэгдэхгүй яахав гэж ам бардам хэлэв. Бао Юй анх сонсоод дур нь алдраад, шалтаг эрж явъя гэж байтал нэг үг сонсоод явахаа болив. Шюэ Има:

-Тэр минь хэдий сайн боловч охин хүн шүү дээ. Би тэр эргүү хөвгүүн Фөнь Эрийг өсгөөд нэг ч өдөр санаа амар байсангүй. Гадаа гарвал архи дарс ууж хэрэг төвөг удахаас айна. Харин золоор Лао тайтайгийн эндэх да е, Эр Е хоёр үргэлж түүнтэй хамт байдаг болохоор эрхбиш санаа амрах юмаа гэсэнд Бао Юй өлгөж аваад:

-Има цаашдаа сэтгэл зовох хэрэггүй. Шюэ ахын найз нар бол жинхэнэ их гарын наймаачид шүү. Тэд нэр нүүртэй хүмүүс тул яалаа гэж хэрэг зарга үүсэхэд хүргэх вэ дээ гэв. Шюэ Има инээж:

-Чиний хэлдгээр болбол би юундаа зовох вэ гэсэнд Бао Юй: “Орой бас ном үзнэ” гэж хэлээд гарч одов.

Энэ зуур бяцхан охин орж ирээд юм хэлтэл Хуба ирж Жя Мүгийн чихэнд хэдэн үг шивнэв. Жя Мү Фөн Жед: “Чи хурдан явж Жуа Жэг үзтүгэй” гэв. Фөн Же юу болсныг мэдээгүй байхад тэнд байгсад хэрдхийн цочив. Хуба, Фөн Жед дөхөж ирээд: “Сая ПИн Эринжээ ирүүлээд эл найнайд: “Охины бие барагтай байна. Найнайг хурдан ирвэл сайн гэсэн юмаа” гэв. Жя Мү, Фөн Жег: “Чи харь, харь” гэв. Фөн Же, Шюэ Имад салах ёс хэлээд гарах гэтэл Ван Фүрэнь: “Чи харьж л бай. Би мөд араас чинь очно. Энхрий хүүхэд тэгдэг юм” гэв. Тэгснээ хойноос нь, тэр муур нохдоо тэр шивэгчдээрээ сайн харуулж бай. Сүнс нь бүрэлдээгүй нялх хүүхдийг битгий цочоо гэж араас нь хашгирав. Шюэ Има Дай Юйн биеийн байдлыг асуусанд Жя Мү: “Линь охин бас болноо. Тэр хүүхэд их зовомтгой тул бие нь дэмий чийрэг биш. Цэцэн сэргэлэнгийн хувьд Бао охиноос дутахгүй. Уудам талибуугийн хувьд бол Бао охин шиг хүлцэнгүй найрсаг бишээ” гэв. Тэгсгээд Шюэ Има:

-Лао тайтай амар даа. Би ч бас харьж үзье. Гэрт Бао охин, Шян Лин хоёр үлдсэн. Замдаа Фөн Жегийн охиныг эргэчихээд явъя… гэсэнд Жя Мү:

-Тэг тэг, та юм үзсэн настай хүн. Яах ийхийг нь хэлж өгөөрэй. Тэдэнд арга ухаан орог гэв. Шюэ Има ёслон салаад Ван Фүрэний хамт Фөн Жегийнд очихоор гарав.

Жя Жэн, хүүгээ нэг зэрэг шалгаж үзээд дотроо баахан баярлаж, гадаа гарч зочидтой энэ тэрийг ярьж байхдаа хүүгийнхээ тухай дурссан ажээ. Саяхан ирсэн шатрын хорхойтон Диюа буюу Цую Эмэй гэгч:

-Харж байхад Бао Юйн эрдэм ихэд дээшилжээ… гэсэнд Жя Жэн:

-Юуны нь нэг их дээшлэх вэ. Бага сага төсөөлсөн төдий л бизээ. Үнэндээ “Эрдэм” гэх үгнээс маш хол байна гэв. Зань Гуан:

-Энэ бол эрхэм бичгийн хүний хэтэрхий дарсан үг байна. Ван ах ийн өгүүлэх байтугай бид үзвэл Бао Эр Е их зэрэг олно гэсэнд Жя Жэн:

-Энэ бол эрхмүүдийн энхрийлэн хайрлах санааныхдаа гэв. Тэр Ван Эр Дяо гэгч бас:

-Мөхөс над нэг хэлэх юм байна. Цүлс бядуугаа мэдэхгүй эрхэм бичгийн хүнд зөвлөмөөр юм байна гэсэнд Жя Жэн:

-За ямар юмыг… гэсэнд цаадах нь инээмсэглэн:

-Мөхөс миний танил, Нань Шао нутгийн Даоли түшмэл сууж байсан Зин да Лао егийнд нэг авхай байна. Өнгө зүс, ёс суртлыг цөмийг бүрдүүлжээ. Одоохондоо түүнийг хүн гуйгаагүй байгаа. Тэднийх хөвгүүнгүй. Хогшил хөрөнгө нь элбэг баян тул эрхэтгүй баян эрхэм айлын цолгорсон сайн хүргэнд өгнө гэнэлээ. Мөхөс би энд ирээд хоёр сар болж байна. Бао Элийн зан суртал, эрдэм билгийг үзвэл, эрхэтгүй их үйлийг бүтээнэ гэсэнд Жя Жэн:

-Бао Юй гэрлэх насанд хүрсэн. Түүгээр барахгүй Лао тайтай үргэлж сануулж байгаа. Гэхдээ би тэр Зан да Лао ег ерөөсөө танихгүй гэв. Зань Гуан:

-Ван ахын хэлж байгаа тэр Зан овогтныг мөхөс би танина. Түүнчлэн Да Лао егийн гэртэй хуучин ураг болно. Эрхэм та асуувал тэд мэднэ гэсэнд Жя Жөн бодлогошроод:

-Да Лао егийнтай садан болохыг нь сонсоогүй гэв. Цаадах нь:

-Эрхэм ноён мэдэхгүй байжээ. Тэр Зан овогтны ордон Шин нагац да етай садан болно гэв. Жя Жөн сая л Шин Фүрэний садан болохыг мэдэв. Тэгээд дотогш орж Ван Фүрэньд хэлээд Шин Фүрэнээс асуулгая гэж бодсонд цаадуул нь Фөн Жегийнд очсон сураг байв. Дэн асаасан хойно Ван Фүрэнийг гэртээ ирэхээр нь Жя Жэн танилуудынхаа ярьсныг хэлээд Фөн Жегийн охины биеийг асуув. Ван Фүрэнь: “Бараг дайрлага өвчин байх” гэв.

-Тийм хүнд байгаа юм уу?

-Шил нь татаж магадгүй янзтай ч арай татсангүй.

Жя Жэн, хай гэж их санаа алдсан боловч дахиж дуугаралгүй орондоо оров.

Маргааш өглөө нь Шин Фүрэнийг, Жя Мүд мэнд хүргэхээр очиход нь Ван Фүрэнь, Зан овогтынхны тухай дурдаж тэднээс асуув. Шин Фүрэнь:

-Зан овогтон хэдий хуучны садан гэх боловч ойрын үед уулзаж учирсангүй. Тэгэхээр тэр охины нь тухай мэдэхгүй. Харин тэр өдөр Сүн худгай эмгэнийг илгээж, мэнд мэдэхдээ, Зан овогтны тухай ярьжээ. Тэднийд нэг охин бий бөгөөд Сүн худгайд найдаж тохиромжтой хүн таарвал хэлэлцэж өгөгтүн гэсэн гэнэ. Тэр ганц охин нь, гэртээ л байдаг, хал зовлон үзээгүй, эрх. Зан да Лао е бас энэ ганц охиноо, хадам эх эцгийн халыг даахгүй гээд харьд мордуулах дургүй. Эрхбиш хүргэн авч айл гэрээ эзэгнүүлнэ гэдэг юм гэнэлээ гэв. Жя Мү сонсож байснаа:

-Энэ чинь болохгүй. Манай Бао Юйг хүн асраад бас амжихгүй байхад, айлд очиж хүний гэрийг мэдэж яаж чадах вэ гэсэнд Шин Фүрэнь:

-Лао тайтайгийн үг зөв байхаа гэв. Жя Мү Ван Фүрэнийг хараад:

-Чи хараад Лао едаа, миний хэлснийг хэлээрэй. Тэр Жан овогтонтой ураг тогтож болохгүй гэж… гэсэнд Ван Фүрэнь “За” гэж шууд хүлээн авав. Жя Мү:

-Өчигдөр та нар Чяо Жэг эргэсэн гэнэ. Ямар зэрэг байна. Түрүүнд Пин Эр надад: “Нилээд муу байна” гэж хэлсэн. Би нэг очиж эргэх санаа байна гэсэнд Шин, Ван хоёр Фүрэнь: “Лао тайтай түүнд хайртай боловч хэрээс нь ахадна” гэв. Жя Мү:

-Ганцхан түүнийг эргэх ч бишээ. Бас өөрийнхөө яс, шөрмөсний чилээг гаргая даа.Яахав, та нар хоолоо идчихээд надтай цуг очиж болно гэв. Тэд Жя Мүгийн хүсэлтийг хүлээн авч хоол ундаа идэж уугаад эргэж ирүүт их ахайтны хамт Фөн Жегийнд очив. Хоёрдугаар найнай яаран гарч ирээд угтан авав. Жя Мү: “Охин яаж байна вэ” гэж эхлээд асуув. Фөн Же: “Шил нь татах байх л гэж айлгаад байна” гэсэнд Жя Мү: “Яагаад ордноос эмч залж үзүүлэхгүй байгаа юм бэ” гэсэнд Фөн Же: “Эмч залахаар явсан” гэв. Тэд гэрт орж үзвэл, хөхүүл эх нь охиныг улаан торгон хөнжлөөр ороогоод тэврэн сууж байв. Охины царай хөхрөөд, хамрын нь угалз, хөмсөгний нь үзүүр үл мэдэг хөдөлж байв. Жя Мү нар үүдний өрөөнд орж сууцгаав. Энэ үед шивэгчин охин ирээд: “Лао е хүн ирүүлж, Чяо Жэг асуулгажээ” гэж мэдүүлсэнд Фөн Же:

-Эмч залахаар хүн явсан. Тэр ирж үзээд жор бичсэн хойно Лао ед хэлээрэй гэв. Энэ үед Жя Мүгэнэтхэн Зан овогтны тухай санаанд орохоор Ван Фүрэньд: “Чи Лао ед шалавхан очиж хэлнэ шүү. Энэ хооронд хүн очиж хэлээд дараа нь хэлэлцээ буцахад хүрвэл яршиг болно шүү” гэснээ, Шин Фүрэнээс яагаад та нар Зан овогтныхонтой харилцахгүй болсон юм бэ гэж асуув. Шин Фүрэнь:

-Тэр Зан овогтны явдлыг яривал манайхантай ураг болоход бэрхээ. Хэтэрхий харамч нарийн тул Бао Юйг гутаахад хүрнэ гэв. Фөн Же сонсоод найм есөн хувиар бараглаж:

-Дайдаа Бао дүүгийн ургийн хэргийг хэлж байгаа биш байхаа гэсэнд Шин Фүрэнь: “Тийм тийм” гэснийг Жя Мү залгаж Фөн Жед тайлбарлав. Цаадах нь инээж:

-Би буурай эмээ, дайдаагийн дэргэд аймшиггүйгээр их үг хэлэх нь биш, одоо тэнгэрээс ерөөсөн заяаны хүн нь бэлэн байж байхад гаднаас юуг нь эрдэг юм бэ гэсэнд Жя Мү инээж: “Хаана байгаа юм бэ, тэр чинь” гэв. Фөн Же:

-Нэг “Эрдэнийн хаш” нэг “Алтан оньс” байгааг Лао тайтай яагаад мартсан юм бэ гэсэнд Жя Мү инээгээд:

-Өчигдөр авга эгч чинь, энд байхад чи юунд дурдсангүй вэ гэж асуув. Фөн Же:

-Буурай эмээ дээр, дайдаа дэргэд байхад хүүхэд бидэнд дуугарах зай хаана нь байх вэ. Түүнээс гадна Има ахайтныг байхад яаж эдгээр явдлыг дурьдаж болох вэ. Үүнийг дайдаа нар очиж гуйвал сая зохино гэсэнд цаадуул нь хөхрөлдөв. Жя Мү: “Би ч зөнөжээ” гэв. Тэднийг ийн ярилцаж байтал хүн ирж “Эмч ирлээ” гэв. Энэ зуур Жя Мү нар үүдний өрөөнд орцгоов. Эмч, Жя Ляньтай цуг орж ирээд, Жя Мү-гийн амрыг эрээд дотогш оров. Нилээд удсаны дараа эмч гарч ирж Жя Мүд мэхийгээд,

-Жаал охины өвчний хагас нь дотор халуун, хагас нь дайрлагаас болжээ.Урьдаар салхи хөөж цэр ховхлох эм өгөөд бас сувд дөрвийн тан уулгавал сайн. Өвчний байдал хүнд байна. Одоогийн Хиван бол цөм ор төдий болой. Жинхэнэ Хиван олох хэрэгтэй гэв. Жя Мү: “Таныг ядраачихлаа даа” гэж эмчид хэлээд, хүүхдийг үзэж өгсөнд нь талархав. Эмч жор бичээд Жя Ляний хамт явав. Фөн Же: “Манайд орхоодой бол бий. Харин Хиван байхгүй байх. Гаднаас жинхэнэ сайныг олбол зүгээрсэн” гэв. Ван Фүрэнь:

-Би хүн явуулж И дайдаагаас асуулгая. Тэдний Пань Эл бол эмийн худалдаачидтай үргэлж наймаа арилжаа хийдэг юм чинь жинхэнэ Хиван олж мэднэ. Би асуулгая гэв. Тэгтэл олон эгч дүүс охиныг эргэж ирцгээв.

Энэ зуур эмчийн бичсэн эмийг чанаад охинд цутган өгсөнд бөөлжөөд цэрнийхээ хамт гаргачихав. Ван Фүрэний гэрийн зарц нэг бяцхан цаастай юм барьж ирээд: “Эл найнай, Хиван олжээ. Дайдаа эл найнайг өөрөө хэмжээг нь тааруулаарай гэжээ” гэсэнд баярлан тосож аваад Пин Эрээр сувд силгабур, зуглам зэргийг найруулан хийлгэж, чануулаад өөрөө жорын ёсоор хэмжиж, хольж охиныг сэрсэн хойно нь уулгахаар зэхэв. Гэнэт Жя Хуань орхиулыг сөхөн орж ирээд:

-Эгчээ охин чинь яасан юм бэ. Ээж асуулгаж байна гэв. Фөн Же тэр эх, хөвүүнийг үзмэгц сэжиг төрдөг зангаараа дотор нь эвгүй болж: “Засарч байна. Чи хариад бага эхнэрийн сэтгэлийг зовоочихлоо гэж байна гэж хэлээрэй” гэв. Жя Хуань “За” гэчихээд ийш тийш харж дэмий л ажиглан зогсоно. Тэгснээ: “Танайд Хиван гэж юм бий гэнэ. Ямар юм байдаг юм, үзье” гэсэнд Фөн Же:

-Чи битгий яршиглаад байгаач. Охин жаал гайгүй болж байна. Хиван байснаа цөмийг чаначихсаан гэв. Жя Хуань эмийн савыг шүүрэн авахдаа, хальт барьж алдаад хамаг эмийг нь асгачихав. Хэрэг тарьсандаа зовоод Жя Хуань шурдхийн гарав. Фөн Жегийн нүднээс гал бутарч “Энэ чинь, аль төрлийн өшөөтөн бэ. Чи над хар санаа гаргаж яана даа. Эх чинь урьд намайг хорлох гээд… одоо бяцхан охиныг минь бас хорлох нуу. Чамд ямар өшөөтэйгээ би л мэдэхгүй” гэж хашгирснаа, Пин Эрийг анхаарамжгүй байна гэж уурлав.

 

Ийн харааж хашгирч байтал нэг шивэгчин, Жя Хуанийг сураглаж ирсэнд Фөн Же:

-Чи хариад тэр бага эхнэрт ингэж хэлээрэй. Тэр хар сэтгэлээрээ их ядрааж байна. Миний охин үхэхэд хүрсэн тул зовох хэрэггүй гэж байна гээрэй… гэж хэлээд эмээ дахин найруулж эхлэв. Шивэгчин, ухааныг нь олохгүй, Пин Эрээс: “Найнай юунд хилэгнэсэн юм бэ” гэж сэмхэн асуусанд Жя Хуань найруулсан эмийг нь асгасныг хэлж өгөв. Шивэгчин: “Тэр харьж чадахгүй, нэг газар нуугдаад байгаа нь ийм учиртай байж. Энэ Хуань агь хожим ямар болохыг мэдэхгүй. Пин эгч чамд би хамжиж тусалъя” гэв. Цаадах нь: “Хэрэггүй. Бид жаахан хиван олсоноо одоо найруулж байна. Чи зүгээр л харь” гэв. Шивэгчин “Би очоод, найнайд хэлнээ. Тэр өдөр бүр биеэ магтах хэрэггүй л юм даа” гэв.

Шивэгчин хариад бүхнийг бага эхнэрт хэлсэнд ихэд уурлан Жя Хуанийг олж ир гэв. Шивэгчин, гадаа нуугдаж байсан Жя Хуанийг авчирсанд эх нь элдвээр зүхэж: “Адтай муу ачинцар, юунд хүний эмийг асгаж хараал идэж байгаа юм бэ чи. Би чамайг зүгээр л асуугаад ир. Гэрт нь битгий ор гэсэн биз дээ. Чи тэнд орох мөртөө түргэн гарахгүй яасан юм бэ. “Үхлээ эрсэн хулгана, муурын бөгс долооно” гэж энэ дээ. Би чамайг Лао ед хэлж сайн занчуулъя” гэж занав. Бага эхнэрийг ингэж харааж хашгичиж батал Жя Хуань үүдний өрөөнд ороод амандаа багтахгүй аймшигт үг хэлэх сонсогдов. Тэрбээр юү гэж хэлснийг мэдсүгэй хэмээвээс дараах бүлэгт үзтүгэй!

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж