Түүхий нүүрсийг орлох түлшээ бэлтгэе

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

ХАРАХ ӨНЦӨГ

Түүхий нүүрсийг орлох түлшээ бэлтгэе

Түүхий нүүрсийг орлох түлшээ бэлтгэе

Жилийн дараагаас нийслэлчүүд түүхий нүүрс хэрэглэх боломжгүй болно. Зөрчвөл хариуцлага тооц гэх үгийг хууль тогтоогч нар чулуудах болсон нь торгох зэрэг шийтгэл оноохын сануулга болов уу:

Утаан дунд амьдрахыг хэн хүсэх билээ. Гэвч нүүрсийг орлох шахмал түлш хэрэгцээг нь хангах боломжгүй үед хуулиа зөрчихөөс аргагүйд хүрэхийг гэр хорооллын иргэд сануулж байна.

Улаанбаатар хотын гэр хороололд 220 мянган өрх бий. Нүүрсний жилийн хэрэглээ нь 600 мянган тонноор хэмжигддэг. Гэвч хэрэглээнд шахахыг оролдож буй шахмал түлш нь нүүрснээс хэд дахин илчлэг багатай хэрнээ үнэ өртгийн хувьд өндөр тусах болсон нь хамгийн том бэрхшээл болж хувираад байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар одооноос эхэлж үнэ, илчлэгийн хувьд нүүрсийг давахуйц биш юм аа гэхэд орлохуйц шахмал түлш  үйлдвэрлэхэд анхаарлаа хандуулахгүй бол торгож шийтгээд асуудлыг шийдэхгүй нь ойлгомжтой болж буй.

Засгийн газрын түүхий нүүрсний хэрэглээг хорих шийдвэр 2019 оны тавдугаар сарын 1-ээс хэрэгжих учиртай. Нийслэлийн гэр хорооллын нэг өрх гурван ам бүлээс бүрддэг гэж тооцвол хамгийн багадаа 660 мянга гаруй иргэний түлшний хэрэглээг шийдэх шаардлагатай болсон гэсэн үг. Энэ бол бага тоо биш. Нийслэлийн хүн амын 50 хувь гэж тооцож болно.

Харин өнөөдөр нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн 10 хувь нь ч  шахмал түлш хэрэглэхгүй байна. Албадлагын арга хэмжээ авлаа ч ганцхан жилийн дотор 220 мянган өрх шахмал түлш хэрэглэдэг болно гэдэг итгэл үнэмшил төрүүлэхгүй байгаа. Яагаад гэвэл амьдралын чадавхи нь өнөөдөр өндөр өртөгтэй түлшийг дийлж авах боломжгүй.

Нэг үгээр хэлбэл, түүхий нүүрсийг орлохуйц, хямд үнэтэй шахмал түлшийг санал болгоогүй цагт тогтоолоор түүхий нүүрсийг хэрэглээнээс гаргана гэвэл түүн шиг үлгэр үгүй. Харин ч түүхий нүүрсний бизнес хулгайгаар цэцэглэх, түүгээр зогсохгүй нүүрсний үнийг өсгөж иргэдийн амьжиргааг дордуулах юм руу орох вий гэдэг болгоомжлол байгааг анхаарах ёстой болов уу.

Нийслэлийн гэр хорооллыг өнөөдөр түүхий нүүрсний бизнес аалзны тор шиг хэрсэн гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Хотын төвөөс бусад хэсэгт авто зам дагуулаад шуудайтай, нүүрс, мод зардаг цэг хэдэн мянгаараа бий. Тэдгээрийг хориглолоо гэхэд амбаар савандаа зарах нүүрсээ нууж таарна. Харин энэ тохиолдолд тэр олон мянган айл өрхийн хэд нь түүхий нүүрс хэрэглээд хэд нь шахмал түлш хэрэглэж байна вэ гэдгийг тогтоож, торгууль тавих вэ гэдэг асуудалтай тулна. Хорооны хэсгийн дарга нарыг үүрэгжүүлж, түүхий нүүрс хэрэглэж байгаа айлд торгууль тавь гэдэг үүрэг өгч болох ч энэ шийдэл биш шүү дээ.

Нөгөө талаас орлогогүй өрх хэдэн мянгаараа бий. Тэдний хувьд түүхий нүүрсийг хориглоогүй байхад дугуй, хуучирч муудсан гутал хувцаснаас эхлээд түлш болж болох бүхнийг зуухандаа шатаах болсон. Энэ хэсгийн хүмүүсээ яах вэ.

Бүх зүйлийг төрөөс зохицуулах албатай биш ч ядаж л иргэдээ орлоготой, ажилтай болгож, шуудай нүүрс, сайжруулсан түлш худалдан авах чадавхитай болгохгүй бол Засгийн газар хуралдаад л тогтоол гаргаад бүх юмыг хорих шиг амархан зүйл байхгүй.

Эцсийн эцэст  боломжийг олгож байж л ажил урагшилж, асуудлаа шийддэгийг дэлхийн олон орны туршлага харуулах болсныг  санах биз ээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж