Ерөнхийлөгчөө ордонд авчирч чадсан хоккейчид

Хуучирсан мэдээ: 2018.03.19-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Ерөнхийлөгчөө ордонд авчирч чадсан хоккейчид

Ерөнхийлөгчөө ордонд авчирч чадсан хоккейчид

БНСУ-ын Пёнчан хотод өвлийн XII паралимпийн наадам арван хоногийн турш болж, өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд 48 улс, мөн Олон улсын паралимпийн хорооны тугийн дор өрсөлдсөн Оросын баг гээд нийт 567 тамирчин спортын зургаан төрөлд, 80 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Манай улсаас пара гүйлтийн цанын тамирчин Батмөнхийн Ганболд гурван зайд амжилттай уралдсан.

Зохион байгуулагч орны пара хоккейн холимог баг энэ удаагийн наадамд шуугиан тарьж, хүрэл медаль хүрсэн юм. Хэсгийн тоглолтод Япон, Чехийн багийг хожсон ч АНУ-д дийлдсэн солонгос хоккейчид хагас шигшээд үлдсэн нь онцгой амжилт байлаа. Тэд Канадад 8-0-оор хожигдсон ч Италийг 1-0-оор хожин түүхэн ялалтыг байгуулсан юм.

Канванду аймгийн Канни хоккейн ордон наадмын эхний өдрөөс эхлэн солонгос хоккейчдын ялалтаар эхэлж, удалгүй хөгжөөн дэмжигчид ч нэмэгдсэн. Тэднийг БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, гэргий Ким Жон Суний хамт хангалттай дэмжсэн юм. Тэр дундаа тэргүүн хатагтай хэсгийн тоглолтоос эхлэн баг тамирчдаа дэмжиж тусгайлан баяр хүргэсээр байсан. Тэдний энэ хүндлэл ч тамирчдад илт нөлөөлж тоглолт бүр дээр гарч байлаа. Тиймээс энэхүү наадмын билет борлуулалт өсөж, өмнөх наадмуудын амжилтыг эвдэж рекорд тогтоосон нь хоккейн тоглолттой холбоотой юм. Тэр дундаа БНСУ-ын холимог баг гайхалтай тоглолтуудыг үзүүлсэн нь Ерөнхийлөгч Мүн Жэ Инг бямба гаригт хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтыг үзэхэд хүргэсэн. Итали, БНСУ-ын тоглолт өрсөлдөөнтэй болж, эзэн орны ялалтаар өндөрлөх үед Мүн Жэ Инг  гэргийн хамт Канни ордонд байж, баг тамирчдаа уухайлсан дэмжсэн.

47 настай багийн тоглогч Хан хэлэхдээ ‘Хүрэл медаль авсан энэ мөч бол үнэхээр гайхалтай байлаа. Биднийг наадмын эхний өдрөөс эхлэн төр засгийн удирдлагууд ихээхэн дэмжиж байлаа. Тэр дундаа тэргүүн хатагтай Ким Жон Суний эхний ялалтаас минь эхлэн хамт байлаа. Мэдээж медалийн төлөөх тоглолт маш хүнд болсон ч бид ялалт байгуулж чадлаа. Бид их сайхан ялалтыг эхлүүлж чадлаа. Одоо бидний гарт хүрэл медаль байна. Дараагийн мөрөөдөл бол алтан медаль байх болно‘ гэсэн байна.

БНСУ-ын баг тамирчид паралимпийн өвлийн XII наадмаас нэг алт, хоёр хүрэл медаль хүртэж, нийт медаль хүртсэн орноос 16 байрт орсон байна. Энэ удаагийн наадмыг АНУ-ын баг тамирчид 36 медаль хүртэж тэргүүлсэн бол Олон улсын паралимпийн хорооны баг Оросын тамирчид 8 алт, 10 мөнгө, 6 хүрэл медальтайгаар удаалсан. Үүний дараа Канад, Франц, Герман, Украин, Словак, Беларус, Японы баг тамирчид медалийн чанараар удаалсан юм. Нийт 26 орон ямар нэгэн медаль хүртжээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж