Москва хотын шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх хурлаа цахимаар дамжуулж эхэлсэн байна. Он гарсаар 80 орчим хэргийн шүүх хуралдааныг цахимаар дамжууллаа хэмээн Москва хотын шүүхийн хэвлэл хариуцсан нарийн бичгийн дарга Ульяна Солопова РИА Новости-д ярьжээ.
Өнгөрсөн 2017 оны арваннэгдүгээр сарын 15-наас шүүх хуралдааныг цахимаар дамжуулах туршилтын төслийг Москва хотын шүүх эхлүүлжээ. “Эрүүгийн, иргэний , захиргааны, зөрчлийн хэргүүдийг дамжуулж байгаа. Төсөл эхэлсний дараахан дүүргийн шүүхүүд төсөлд хамрагдан хуралдаанаа нэвтрүүлж байгаа” хэмээн Солопова ярьжээ.
Өмнө өгүүлснээр өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 82 хуралдааныг дамжуулсан бөгөөд дамжуулахаар төлөвлөсөн 26 хуралдааныг хэрэгт холбогдогчид татгалзсан учраас дамжуулаагүй байна.
Хуралдааныг цахимаар дамжуулахын тулд Москва хотын 24 шүүхийн 234 танхимд микрофон, камер гээд шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ