Үнэ төлбөргүй Шинэ дээд Үндсэн хууль

Хуучирсан мэдээ: 2018.03.18-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Үнэ төлбөргүй Шинэ дээд Үндсэн хууль

Эрх баригчдын зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт ажлыг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Парламентын түвшинд болоод эрдэмтэн судлаачдын гэсэн хоёр ажлын хэсэг санал боловсруулан одоо эдгээр санал нэгтгэгдэн парламентын хэлэлцүүлэгт орох шатандаа байна. Ирэх сард эхлэх УИХ-ын хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад энэ асуудал ороод байгаа. Харин парламентад нэг суудалтай ч намыг нь төлөөлж байгаа ганц гишүүнтэйгээ түнжин хагараад байгаа МАХН Шинэ дээд Үндсэн хуулийн төсөл боловсруулснаа зарласан. Энэхүү Шинэ дээд үндсэн хуулийн төслийг дэмжин ажиллах тунхаг бичигт Иргэний зориг ногоон нам, Монгол үндэсний ардчилсан нам, Монголын ногоон нам өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурлаа.

Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 20 гаруй намаас харьцангуй идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг эдгээр нам ийнхүү 2020 оны сонгуулийн марафоноо эхлүүллээ. Эрх баригч МАН болон сөрөг хүчин Ардчилсан намын нэг нэгнээ үгүйсгэн эцэс төгсгөлгүй хэрэлдэж суух зуур Монгол улсын Ерөнхийлөгчөөр 2005-2009 оны хооронд ажиллаж байсан Н.Энхбаярын толгойлсон МАХН-ын рейтинг огцом дээшлэхгүй ч тасралтгүй өсөж яваа. Шинэ дээд Үндсэн хуулийг дэмжиж буй эдгээр дөрвөн намын тэмцэх бай нь тодорхой. Энэ МАН-АН. Монголын төрийг ээлжлэн барьж буй МАН болон Ардчилсан намын толгой улстөрчид мөнгө, санхүүгийн хувьд нэг халаастай болж эрх ашиг нь нэгдсэнийг МАНАН-гийн дарангуйлал хэмээн нэрийдэх болсон.

Улс төрийн түүхийг нь харвал бие даасан тоглолт хийж, хүчирхэгжихээс илүүтэй сонгууль дөхөнгүүт аль нэг улс төрийн намыг дэмжиж хавсарга байдлаар явж ирсэн Иргэний зориг-ногоон нам, Монгол үндэсний ардчилсан нам, Монголын Ногоон нам ийнхүү ирэх сонгуульд МАХН-ын хашаанд хаяагаа хатгах нь тодорхой боллоо.

МАХН-ын Шинэ дээд Үндсэн хууль гэж юу вэ? Намын дарга Н.Энхбаярын хэлснээр энэхүү шинэ Үндсэн хуулийн төслийн гол өөрчлөлт нь “Монгол хүн бүр байгалийн баялгийн эзэн болж, хүүхдээ сургуульд үнэгүй суралцуулан, ахмадаа үнэгүй эмчлүүлж, залуу гэр бүл орон сууцтай, шүүхийг хараат бус байлгах” явдал юм. Хөдөлбөл хөлс, зогсвол зоос нэхэх болсон зах зээлийн энэ нийгэмд социализмын үеийг санагдуулсан “үнэ төлбөргүй” гэдэг үг олон сонгогчдод таалагдах нь лавтай. Үнэ төлбөргүй гэж байгаа ч үнэ төлбөргүй үйлчилгээг санхүүжүүлэх эх үүсвэр байж л энэ бүх зүйл хэрэгжих нь ойлгомжтой. Үлгэрийн шидтэн ирээд шидэт дохиураар энэ бүхнийг шийдэх боломжгүй нь ойлгомжтой. Тэгвэл үнэ төлбөргүй зүйлсийн үнэ хаанаас гарах юм бол. МАХН-ынхны үзэж байгаагаар байгалийн баялгийг ард түмэнд өгч байж л энэ бүх зүйл бүтэх юм. Өөрөөр хэлбэл, нийгэмчилнэ гэсэн үг. “Байгалийн баялаг ард түмний гарт очвол үнэгүй орон сууц, боловсролыг авч болно. Хамгийн бүдүүлгээр хэлэхэд Тавантолгойн орд таван тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Нүүрсний үнийг хамгийн багаар буюу 20 ам.доллар гэж бодоход 100 тэрбум ам.долларын хөрөнгө Тавантолгойд байна. Тэгвэл Монголын бүх айлыг буюу 450 мянган өрхийг нэг мкв нь 1000 ам.доллар бүхий 50 мкв орон сууцтай болгоход 24 тэрбум ам.доллар шаардлагатай. Ийм боломж бололцоо байна. Гэтэл МАН, АН-ынхан хамтарч ажиллаж байгаад өнөөдөр 24 тэрбум ам.долларын өр тавьчихаад байна. 450 мянган айл өрхийг орон сууцтай болгох хөрөнгөөр юу ч хийгээгүй байна. 200 мянган оюутны төлбөрийг төлөхөд жилд 200 сая ам.доллар болно. “Оюутолгой”, “Эрдэнэт”-д үүнээс ч илүү нөөц бий. Тиймээс Үндсэн хуульд суулгавал энэ бүхэн хэрэгжих бүрэн боломжтой гэсэн үг” хэмээн намын дарга Н.Энхбаяр тайлбарлажээ.

1992 оны “ардчилсан” тодотголтой Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажил шуударч одоо парламентын даваа үлдээд байгааг дээр хэлсэн. Парламентаас гадуурх намуудын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах аливаа оролдлого, санаачилга хаданд хашгирах цуурай мэт замхран одох нь ойлгомжтой. Тэгэхээр Шинэ дээд Үндсэн хууль бол сонгуулийн сурталчилгаа. 2020 он хүртэл энэ дөрвөн нам ийм л зүйлс ярих нь. Харамсалтай нь миний монголчууд үнэгүй юманд нугасгүй нь үнэн дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж