Залуу Ким өвгөн Трампт буулт хийх үү?

Хуучирсан мэдээ: 2018.03.18-нд нийтлэгдсэн

Залуу Ким өвгөн Трампт буулт хийх үү?

Залуу Ким өвгөн Трампт буулт хийх үү?

Өвлийн олимпийн наадамд хоёр Солонгосын тамирчид нэг далбаан дор оролцсоноос хойш олон улсын улстөр, тэр дундаа хойгийн нөхцөл байдал өөрчлөгдөөд байна. Спортын наадмын үеэр БНАСАУ-ын удирдагчийн дүү Ким Ёо Жон Сөүлд айлчилж, ерөнхийлөгч Мун Жэ Интэй уулзсан нь 1950-1953 оны дайнаас хойш БНСУ-д айлчилсан анхны хүн болсон юм. Тэрбээр ерөнхийлөгч Мун Жэ Инийг хэлэлцээрт урьсан ахынхаа урилгыг дамжуулжээ.

Ким Ёо Жон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Интэй уулзав

Үүний дараа Хөх ордны тэргүүн тусгай төлөөлөгчдөө Хойд Солонгос руу илгээснийг удирдагч Ким Жон Ун хүлээн авч уулзсан юм. Энэ уулзалтын үеэр Ким Жон Ун Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах саналаа уламжилжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп урилгыг хүлээн авч, уулзалтад бэлтгэж эхэлснээр олон сонирхолтой асуулт анхаарал татаж байна. Уулзалт хэзээ, хаана болох, АНУ-аас ямар болзол тавьсан болон юуг хэлэлцэхээр төлөвлөж буй нь таамаг төдий байна. Одоогийн байдлаар АНУ-ын ерөнхийлөгч, Хойд Солонгосын удирдагч нарын уулзалт тавдугаар сарын эхээр болно гэх шум тараад буй. Гэхдээ үүнээс өмнө ирэх дөрөвдүгээр сард Дональд Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Интэй уулзахаар төлөвлөжээ.

Уулзалт хаана болох вэ?

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагчтай уулзахаа зарласнаас хойш түүхэн уулзалт хаана болох нь олон улсын анхаарлыг татаж байна. Уулзалтыг хоёр Солонгосын хилийн цэргийн өндөр харуул хамгаалалттай бүс Панмунжомд болж магадгүй гэсэн ч АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд эрсдэлтэй. Тэгвэл хаана болох боломжтой вэ?

Ким  Жон Ун Өмнөд Солонгосын тусгай төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Олон улсын жишгээр төвийг сахисан статустай улс буюу зөрчилдөгч талуудын аль алины талд орохгүй байх орон зуучлал үзүүлж, уулзалтыг эх орондоо зохиодог. Энэ жишгээр Швейцарь, Монгол зэрэг хэд хэдэн улс уулзалтыг эх орондоо зохион байгуулах саналыг тавьсан билээ. Тэгвэл Хойд Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо уулзалтыг зохион байгуулах боломжтой орнуудтай хэлэлцээгээ эхлүүлжээ. Хамгийн түрүүнд Ри Ри Ён Хо Швед улсад айлчилжээ. Тэрбээр хоёр өдрийн айлчлалын төлөвлөгөөтэй өнгөрсөн пүрэв гаригт Стокгольмд очсон боловч хугацаагаа дахин нэг өдрөөр сунгасан аж. Уулзалтын үеэр хоёр тал Солонгосын хойгийн аюулгүй байдлын нөхцөл байдлыг хэлэлцэж, Дональд Трамп болон Ким Жон Уны уулзалтыг зохион байгуулах асуудлыг ярилцжээ. Ри Ён Хотой уулзах үеэрээ Шведийн гадаад хэргийн сайд Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзаж, пуужингийн хөтөлбөрөө зогсоохыг ятгажээ. Харин Шведийн гадаад хэргийн сайд даваа гаригт Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Кан Гён Ватай Брюссельд уулзах аж. Энэ үеэр Хойд Солонгос болон худалдааны асуудлыг хэлэлцэх гэнэ. Швед улс 1814 онд дэлхийд анх удаа төвийг сахисан улсын статусыг зарласнаараа Хойд Солонгосын асуудлаар олон удаа зуучлалын үүрэг гүйцэтгэсэн аж. Швед нь барууны орнуудаас хамгийн анх 1975 онд Пхеньянд Элчин сайдын яамаа нээсэн бөгөөд АНУ, Канад, Австралийн дипломат ашиг сонирхлыг төлөөлөх үүргийг давхар хүлээдэг байна.  

Хойд Солонгосын гадаад хэргийн яамны дипломат Чой Кан Ил ням гаригт Финлянд улсад айлчилжээ. Тэрбээр Бээжингийн нисэх буудлаас Финлянд руу ниссэн талаар Сөүлийн албаныхан мэдээлэв. Чой Кан Ил өнгөрсөн хоёрдугаар сард Пёнчанд болсон өвлийн Олимпийн наадамд оролцсон Хойд Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд байсан юм.

АНУ-ын болзол

Дональд Трампын Хойд Солонгосын удирдагчтай хийх уулзалтыг зохион байгуулах ажлыг АНУ-ын Тагнуулын төв агентлаг хариуцаж байгаа аж. Түүнчлэн тагнуулын агентлагийн дарга Майк Помпео АНУ-ын төрийн нарийн бичгийн даргаар нэрлэгдээд байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нь Ким Жон Уны биечлэн уулзах саналыг ямар нөхцөл, болзлоор хүлээн авсан нь сонирхол татаж байна.  Хойд Солонгосын зүгээс НҮБ болон олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлахыг хүсч буй. Тэгвэл АНУ-ын талаас Пхеньяныг цөмийн зэвсгээсээ татгалзахыг шаардаж байгаа аж. АНУ-ын төрийн департментын төлөөлөгчид уулзалтаас өмнө Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсоох ёстой гэж мэдэгдсэн. Гэвч өнгөрсөн олон жилийн хугацаанд Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөө зогсооход чиглэсэн аливаа уулзалт хэлэлцээ амжилтад хүрээгүй. Олон улсын шинжээчдийн зүгээс Хойд Солонгосын цөмийн хүчин чадал баттай биш боловч сайжирсаар байгааг хүлээн зөвшөөрдөг юм. Пхеньян нь баллистик пуужингийн хүчин чадал нь  АНУ-ын Гуам болон Хавайд хүрнэ гэж бардамнадаг. Хэдийгээр уулзалтаар Пхеньяныг тэр даруй цөмийн зэвсгээс нь татгалзуулж чадахгүй байсан ч Хойд Солонгосын хөдөлмөрийн лагерьт хоригдож буй АНУ-ын иргэд суллагдах боломжтой.

‘ASEAN”-ын байр суурь

Зүүн Өмнөд Азийн орнуудын нийгэмлэг буюу “ASEAN”-ын гишүүн орны удирдагчид өнгөрсөн амралтын өдрөөр Австралид уулзжээ. 10 орныг эгнээндээ нэгтгэсэн тус нийгэмлэг Сидней хотноо болсон хоёр өдрийн уулзалтаараа үеэр эдийн засаг, аюулгүй байдлыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч гол анхаарал Хойд Солонгосын цөмийн заналхийлэлд чиглэжээ. Хэдийгээр АНУ-ын ерөнхийлөгч Пхеньяны удирдагчтай уулзахаар болсон Азийн орнууд бүс нутгийн зөрчлөөс болгоомжилсон хэвээр байна. Тус бүс нутагт Хойд Солонгосоос гадна Мьянмарын рохинжа дүрвэгсдийн хямрал, газар нутгийн маргаан зэрэг олон асуудал бий. Тэгвэл “ASEAN”-ын гишүүд уулзалтынхаа үеэр бүс нутагт терроризмын эсрэг хүчин чадлаа нэмэгдүүлэхэд чиглэсэн бүс нутгийн хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зуржээ. Одоогоор Япон улсын зүгээс Дональд Трамп, Ким Жон Уны уулзалтын талаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж