“Нэгэн цагт Брюссельд францаар ярихад хялбар байсан. Гэхдээ зарим зүйлс өөрчлөгдсөн” хэмээн Францын сангийн сайд Бруно Ле Майре хэлсэн нь сэтгүүлчдийн анхаарлыг татжээ. Тэрбээр хэдэн цагийн турш Европын холбооны сангийн сайд нартай (англи хэлээр) хэлэлцсэний дараа ингэж хэлжээ.
Их Британийн иргэдийн олонх нь Европын холбоог орхих шийдвэрийг дэмжсэнээр өдгөө яриа хэлэлцээ үргэлжилж байна. Энэ нөхцөлд сүүлийн 20 жилийн хугацаанд олон улсын албан ёсны хэл болж чадсан англи хэлний дархлаа суларч эхлэх нь. Хэдийгээр англи хэлийг францаар солих талаар албан ёсны яриа хэлцэлцээ явагдаагүй боловч таамаглал өндөр байна.
Өмнө нь Европын холбооны удирдлагууд тэр ч бүү хэл Их Британийн гадаад хэргийн сайд Борис Жонсон сэтгүүлч байхдаа бүгд франц хэлээр харилцдаг байжээ. Харин хуучин Варшавын гэрээний орнууд Европын холбоонд элсэж эхлэх үеэс буюу 2004 оноос франц хэлээр харилцах нь өөрчлөгдсөн аж. Тухайн үед шинэ хүмүүсийн хэн ч францаар ярихгүй байсан тул англи хэлийг Европын холбооны албан ёсны хэл болгосон аж.
Гэхдээ өдгөө нөхцөл байдал дахин өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Тухайлбал, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “олон улсын франц хэлээр харилцагчдын өдөр”-өөр франц хэлийг сурталчлах шинэ төлөвлөгөөг танилцуулахаа мэдэгджээ. Европын холбооны албан ёсны бизнес уулзалт хэлэлцээ англи, герман, францаар явагддаг. Европын холбооны 30 мянга гаруй ажилчдын 80 хувь нь франц хэлийг унаган эсвэл хоёрдогч хэлээр харилцдаг хэмээжээ. Гэхдээ Европын хэл шинжлэлийн газрын зургаар англи хэл 38 хувь, франц хэл 12 хувийг эзэлдэг байна.
Эх сурвалж: Agence France Presse
Б.ТУЯА