Монголын бүсгүйчүүд АНУ-ын багийг хожиж, хүрэл медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2018.03.18-нд нийтлэгдсэн

Монголын бүсгүйчүүд АНУ-ын багийг хожиж, хүрэл медаль хүртэв

Монголын бүсгүйчүүд АНУ-ын багийг хожиж, хүрэл медаль хүртэв

Японы Такасаки хотод болж буй чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнээс Монголын баг хүрэл медаль хүртлээ. “Takasaki Arena”-д болж буй 17 дахь удаагийн Дэлхийн цомд найман орон оролцож байгаагаас Япон, БНХАУ-ын баг алтан медалийн төлөө шалгаран үлдсэн бөгөөд барилдаан энэ цагт болж байна.

Дэлхийн цомын “В” хэсэгт багтсан Монголын баг БНХАУ-ын хүчирхэг багт 9:1-ээр ялагдсан ч Беларусыг 6:4, Румынийг 8:2-оор хожин хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан. Манай бөхчүүд өнөөдөр хүрэл медалийн төлөө АНУ-ын багтай барилдаж, 6:4 онооны харьцаагаар ялалт байгууллаа.

Өнөөдрийн медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон нарын шилдэг тамирчид өрсөлдөгчдөө ялагдсан ч бусад тамирчид багийн ялалтын оноог авлаа.

53 кг-д Э.Сумъяа, 55 кг-д Э.Даваачимэг (9-6), 57 кг-д А.Батцэцэг (10-0), 59 кг-д О.Шоовдор (5-4),  68 кг-д Ш.Түмэнцэцэг, 72 кг-д О.Насанбурмаа (11-3) нар ялалт байгуулснаар Монголын баг медальд хүрлээ.

Монголын баг АНУ-ын бүсгүйчүүдийг Дэлхийн цомд гурван удаа дараалан хүрэл медалийн төлөөх барилдаанд яллаа.  2015 онд Санкт-Петербургт, 2017 онд Чебоксарт болсон Дэлхийн цомд тус бүр 5:3-аар ялж байсан бол энэ жил Такасакигйин дэвжээнд 6-4-өөр хожиж, медалийн тавцанд дахин зогслоо.

ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:

Монгол – АНУ 6:4

50 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл – Виктория Энтони 2:8
53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа – Сара Хильдебрант 10:6
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг – Жакарра Винчестер 9:6
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг – Аллисон Рэган 10:0
59 кг: Баатаржавын Шоовдор – Кайла Миракле 5:4
62 кг: Пүрэвдоржийн Орхон – Мэллори Велт 9:11
65 кг: Соронзонболдын Батцэцэг – Форрест Молинари цэвэр ялагдсан
68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг – Тамыра Менса цэвэр ялсан
72 кг: Очирбатын Насанбурмаа – Виктория Фрэнсис 11:3
76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа – Аделине Грэй 0:10

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж