Хосни Мубаракийн шүүх хурлын эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Хосни Мубаракийн шүүх хурлын эргэн тойронд

Тунис, Египетээс эхэлсэн Исламын ертөнцийн улс төрийн эргэлтүүд жигдэрч эхлээд байна. Египет улсын Ерөнхийлөгч асан Хосни Мубаракт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр эхэллээ. Албаныханы мэдэгдэж буйгаар шүүх хурал гурван хоног үргэлжилж магадгүй аж.

Хосни Мубаракийн шүүх хур­лын үеэр нийт 3000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хүчний байгууллагын цэргүүд хамгаалтанд гарсан бөгөөд хоёр гурван хам­гаалалтын шалган нэвтрүүлэхтэй болсон талаар Египетийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан аж. Шүүх хурал болж буй үйл явцыг орон даяар шууд дамжуулсан бөгөөд олон нийтийн газар том дэлгэцтэй зурагтаар харуулж байжээ. Тухайн үед Кайр хотын Цагдаагийн Ерөнхий газрын гадаа олон зуун хүмүүс дургүйцлээ илэрхийлж хэд хэдэн хүнийг баривчилсан хэрэг гарсан байна. Тэд “Мубаракийг шүүж байгаа шүүгч нарт эрх мэдэл гэж алга, түүнийг хурдан цаазал” хэмээн  бухимдаж байжээ. Энэ үеэр CNN агентлагийн сурвалжлагч болж буй үйл явдлын мэдээг дэлхий дахинаа   цаг алдалгүй дүрстэй нь хүргэж байсан нь олны анхаарлыг ихэд татсан аж. Мөн гудамж талбайд Хосни Мубаракийг А.Гитлертэй зүйрлэсэн зураг, хаа сайгүй байсан нь олон улсын хэвлэлийнхний өчигдрийн онцлох зураг болсон аж. Хүмүүс түүнд зориулж олсоор хийсэн дүүжлүүр бэлдээд “Энэ чинийх Хосни Мубарак аа. Ард түмний бэлгийг ав” хэмээн  эсэргүүцлээ илэрхийлж байв. 

Шүүх хурал эхэлсэн цагаас  Хосни Мубаракийн биеийн байдал тааруу байгааг олон нийт мэдсэн боловч гудамж талбайд түүний дүрсийг үзүүлж буй зурагт руу зарим эсэргүүцэгч нар будагтай гялгар уут шидэж мөнгөн торгуульд орж байсан талаар www.caironews.tv сайт мэдээлжээ. Хосни Мубарак шүүх танхимд орж ирмэгцээ шүүгч нарт хандан “Би ямар ч буруугүй” гэх үгийг хэлсэн байна. Шүүх хурал эхэлж шүүгчид түүнээс хэд хэдэн асуулт асуусан боловч тэрбээр “Би ямар ч буруугүй” гэсэн ганц л хариултыг хэлсээр байж. Ийнхүү шүүх хурлын эхний өдөр түр завсарлаж, Хосни Мубарак Кайр хотын ойролцоохи эмнэлэг рүү эргэн явсан талаар түүний өмгөөлөгч хурлын дараа олон нийтэд мэдэгджээ.

Харин Хосни Мубаракийн эрүүл мэндийн байдлыг хянаж байгаа эмч хэвлэлийнхэнд “Түүний бие өдий 83 насан дээр ийнхүү хүнд нөхцөл байдалтай шүүх хуралд оролцож байгаа нь эрүүл мэндийн зүгээс тохиромжгүй үе гэж дүгнэж байна. Харин биеийн байдал нь хоёр долоо хоногийн дараа гэхэд ерөнхийдөө гайгүй болох байх. Одоогийн байдлаар зүүн өвдөгний зөөлөн эд, даралт, зүрхний байдал тааруу байна. Маргаашын шүүх хурал дээр ямар байдалтай байхыг нь сайн хэлж мэдэхгүй байна” гэжээ. Биеийн байдал нь ийнхүү тааруу байгаа ч шүүх хурал дээр “Би ямар ч буруугүй” гэж байгаа нь олон нийтэд хачирхалтай санагдаж байгаа талаар зарим иргэд “Caironews” телевизэд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Египет улсад болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр нийт 850 гаруй хүний аминд хүрсэн “Гал нээх тушаал”-ыг  хуучин дотоод хэргийн сайд байсан Хабиб аль-Адлий өгсөн хэмээн буруутгасан билээ. Түүнийг мөн шүүхээс дуудаж, уг хэрэгт холбогдох нотлох баримтыг цуглуулж байгаа талаар мэдэгджээ. Египет улсын үндсэн хуулинд “Хэрэв шаардлагатай бол аливаа жагсаал цуглааны нөхцөл байдлаас хамаарч дотоод хэргийн сайд өөрөө дур мэдэн анхааруулах гал нээх, зэвсэгт этгээдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж гал нээх арга хэмжээг авах эрхтэй” гэх утга бүхий заалтын дагуу хэргийг мөрдөж байгаа талаар холбогдох албаны мэргэжилтэн тайлбар өгчээ.   
 
Хосни Мубаракийн шүүх хур­лын хоёр дахь өдрийг хэвлэл мэдээл­лийнхэнтэй хийхгүй байх шийдвэрийг холбогдох байгуулла­гын хүмүүс гаргажээ. Учир нь түүнийг харсан ард түмэн хаа сайгүй дахин үймээн самуун дэг­дээж болзошгүй хэмээн тайлбарлаж байна. Ийнхүү шүүх хуралдааны эхний өдөр өнгөрлөө. Эцийн шийд­вэр гартал наад зах нь гурав хоног хүлээдэг хуулийн заалтай аж.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж