Улаан асрын зүүд (83-р бүлэг) | News.MN

Улаан асрын зүүд (83-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.03.18-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (83-р бүлэг)

Улаан асрын зүүд (83-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э


Наян гуравдугаар бүлэг

ХААНЫ ОРДОНД БАРААЛХАН, ХАТНЫ ӨВЧНИЙГ БОЛГООЖ, ГҮНГИЙН ГЭРТ ЦУУГИЛДАЖ, АВХАЙ ҮГЭЭ ТАТАВ

Өгүүлэх нь: тэднийхээс Тань Чүнь, Шян Юнь хоёрыг гаран завдтал гадаа нэг хүн “Чи муу өлөгчин, ямар юм хийх гэж энэ хүрээлэнд ирж золбинширно вэ” гэж бархирахыг Дай Юй сонсоод: “Энд байж болохгүй болжээ” гэж чангаар хэлээд, нэг гараараа гадагш заамагц нүд нь цагаанаар эргэлдэв. Энэ Дай Юй бол Жя Мүгийн энхрийллийн ачаар Да Гуань Юаньд ирж суусан хүн юм. Тэрбээр юм бүхэнд хичээнгүй болгоомжтой байдаг. Цонхны гадаа тэр эмгэний хараахыг сонсоод зөвхөн өөрт нь зориулсан юм шиг санасан ажээ. Тэгэхдээ хэн нэг эрхэмсэг авхай л энэ эмгэнийг нааш нь явуулж, хамгаалах хүнгүй түүнийг хараалгасан байх гэж бодтол энэ доромжлолыг хүлцэхийн аргагүй болж таван цул нь дэлбэрэх шахаад ухаан санаа нь балартав. Зы Жюань: “Авхай яаваа. Сэргээрэй” гэв. Тань Чүнь бас сандарч дуудаад нилээн удсан хойно Дай Юй амьсгаа авсан боловч үг хэлж чадсангүй. Гар нь мөн гадагш заасан чигтээ байв. Түүний санааг мэдээд Тань Чүнь гарч харвал, нэг эмгэн таягаа далайн нэг нусгай сэгсгэр охиныг чичиж “Би бол энэ хүрээлэнгийн өвс мод, цэцэг жимсийг харж хамгаалахаар энд ирсэн хүн. Чи бол юү гэж ирсэн бэ. Хариад би чамайг мэдье” гэсэнд, мөнөөх охин, хуруугаа амандаа хийгээд эмгэнийг ширтэн инээнэ. Тань Чүнь:

-Та нар хаашаа ёс номгүй амьтад вэ. Энд хүн хараал тавьж байх газар мөн үү… гэсэнд эмгэн, хуурмаг дүр гарган:

-Сая миний зээ ач охин, намайг нааш явахаар дагаад энд иржээ. Би түүнийг энд юм түйвээгүүзэй гэж бодоод гэрт нь хариулах гэсэн юм.

Түүнээс биш энд яалаа гэж хүн харааж болох вэ дээ… гэсэнд Тань Чүнь:

-Олон юм битгий яриад байгаарай. Эндээс хурдан явцгаа. Энд Линь авхайн бие тааруухан байгаа учир шалавхан холд… гэсэнд эмгэн: “За” гээд эргэн явтал охин араас нь даган гүйв. Тань Чүнийг буцан орж ирэхэд Шян Юнь, Дай Юйгийн гарыг атган уйлж, Зы Жюань цээжин дээр нь даралхийлж байв. Төдөлгүй Дай Юйгийн нүдний өнгө засарсанд Тань Чүнь: “Чи тэр эмгэний үгнээс сэжиглэсэн байхаа” гэсэнд цаадах нь толгой сэгсэрнэ. Тань Чүнь: “Тэр хүн зээ охиноо л аашилсан юм байна. Ийм амьтад ямар юмны ёс ус мэдэх вэ. Цээр хориог ч мэдэхгүй” гэв. Энэ үгийг сонсоод Дай Юй шүүрс алдсанаа, Тань Чүний гараас барьж “Дүү минь ээ…” гээд чимээгүй болов. Тэгэхэд нь Тань Чүнь: “Чи битгий бухимд. Би чамайг эргэж ирэх нь, эгч дүүгийн ёс шүү. Чиний энд асрах хүн цөөн байна. Чи сэтгэл тайван эм тангаа уугаад, баяртай сайхан юм бодоод байвал өдрөөс өдөрт сайжирна. Чамайг тэнхээжин тамиржаад ирэхээр цөмөөрөө цуглаад, урьдын адил шүлэг бичиж суувал сайхан бишүү” гэсэнд Шян Юнь: “Гутгаар эгчийн хэлснээр болбол сайхан хэргээ” гэв. Дай Юй эхэр татаж:

-Та нар намайг л баярлуулах гээд байх юм. Гэтэл хөөрхий би тэр цагийг нь үзэхгүй бизээ… гэсэнд Тань Чүнь:

-Чи дэмий юм санаж байна. Бид хоёр Лао тайтайгийн тэнд оччихоод эргээд ирнэ. Чамд юү хэрэгтэй байна вэ. Зы Жюанигаар хэлүүлээрэй гэсэнд Дай Юй нулимс гаргаж:

-Лао тайтайгийнд очоод намайг мэнд мэдсээн гээрэй. Миний бие тааруу байгаа боловч хүнд өвчтэй биш шүү дээ. Лао тайтайг битгий зов гэж хэлээрэй гэсэнд Тань Чүнь:

-За за, чи тайван байж байл даа гээд гарав. Зы Жюань Дай Юйг түшиж хэвтүүлээд, уйлж ч чадахгүй дэмий л элэг эмтрэн харж сууна. Шюэ Янь гэрийнхээ юмыг янзална. Дай Юй нүдээ аниад байгаа мөртөө унтаж чадахгүй болов. Жирийн үед хүрээлэнгийн дотор нам сэлүүн байдаг мөртөө өнөөдөр орон дээр хэвтэхэд салхи шуугин, элдэв хорхой шавьж гүйлдэн, болжмор жиргээд, хүний хөлийн чимээ ч сонсогдон бас хүүхэд уйлах дуун холоос сонсогдох мэт болж үе үе дотрыг нь бачимдуулах тул Шюэ Яниар бүрхүүлийг тавиулав. Шюэ Янь, нэг аяга цагаан үүрийн шөл авчирсаныг аваад Зы Жюань: “Авхай шөл оочих уу” гэж асуусанд толгой дохив. Тэгээд Дай Юйг өндийлгөн түшиж шөлийг уруулд нь хүргэвэл хоёр гурав оочоод толгой сэгсрэв. Дай Юйг хэвтүүлээд нам гүм байтал цонхны цаанаас: “Зы Жюань дүү байна уу” гэж асуусанд харвал Ши Рэнь ирчихсэн байв. Зы Жюань орохыг урив. Ши Рэнь:

-Авхайн бие ямар шуу байна вэ? гэсэнд Шюэ Янь, өчигдрөөс өнөө хүртэлх байдлыг шивнэн шивнэн ярив. Ши Рэнь ихэд зовонгуйрсан янзтай:

-Даанч тийм байхаа тэр! Сая Цүй Люй манай тэнд очоод, танай авхайг өвджээ гэж хэлсэнд Бао Эр Е ихэд цочиж, намайг яаруулан явуулж үзээд ир гэлээ… гэсэнд Зы Жюань дотор өрөөний орхиулыг сөхөж Ши Рэнийг хараад далласанд гэтэн очоод: “Авхай унтав уу” гэж шивнэн асуувал цаадах нь толгой дохив. Зы Жюань: “Эгч сая сонсоо юу” гэсэнд цаадах нь бас толгой дохиод хөмсөгөө зангидан “Яавал дээр вэ. Урьд шөнө тэр бас намайг үхтэл айлгалаа” гэж шивнэсэнд Зы Жюань: “Яасан бэ” гэж асуув. Ши Рэнь:
-Унтахдаа зүв зүгээр байсан юм. Шөнө дундын үед гэнэтхэн зүрх өвдлөө гэж бархираад, дэмийрч, хутгаар огтолж байгаа юм шиг өвдөж байна гэлээ. Хичнээн сандрав. Үүрийн дохио дуугарсан хойно сая жаахан гайгүй боллоо. Би үнэхээр үхэтлээ айлаа. Өнөөдөр сургуульдаа очиж чадаагүй. Эмч залж эм авчирч ууж байгаа гэв.

Тэднийг ийн ярилцаж байтал Дай Юй ханиаж, Зы Жюань нулимуурын сав бариад ухасхийв. Дай Юй алгуурхан нүдээ нээж: “Чи хэнтэй яриад байна” гэхэд нь: “Ши Рэнь эгч авхайг эргэж ирлээ” гэв. Ши Рэнь ч орны нь дэргэд очвол цаадах нь түшүүлэн өндийгээд, суудал заав. Ши Рэнь орны өнцөгт жишүүлдэн суугаад инээмсэглэж: “Авхай битгий өндий. Хэвт хэвт” гэсэнд Дай Юй:

-Хамаагүй ээ. Та нар битгий их юм болгоод бай. Сая хэний зүрх шөнө дөлөөр өвдсөн гээтэх вэ… гэсэнд цаадах нь:

-Аа тийм, шөнө Бао Эр Е хар дараад… үнэндээ өвдөөгүй л дээ гэв. Сэтгэлийг нь зовно гэж ийн хэлж байгааг нь Дай Юй мэдээд дотроо талархавч бас л зүрх нь шимширч, үгийн далимд:

-Зүүдэлж хар дарсан бол юү гэж байх юм бэ гэсэнд цаадах нь: “Юм хэлээгүй ээ” гэв. Дай Юй толгой дохиод жаахан байснаа шүүрс алдаж:

-Та нар намайг муу байна гэж Бао Эр Ед битгий хэлээрэй. Тэгвэл өнөөх чинь хичээлдээ явахгүй Лао егаа уурлуулна шүү гэв. Ши Рэнь толгой дохиж:

-Авхай минь, хэвтэж амардаа… гэсэнд Дай Юй, Зи Жюаниар түшүүлэн хэвтэв. Ши Рэнь дэргэд нь сууж энэ тэрийг ярьж зөвлөж, ятгаж нилээн суугаад, хүрээлэндээ буцаж хариад: “Дай Юй жаахан эвгүйрхсэн ч хүнд өвчин туссан юм биш байна” гэж хэлсэнд Бао Юйн сэтгэл амрав.

Харин Тань Чүнь, Шян Юнь хоёр шууд л Жя Мүгийнд очив. Замдаа Тань Чүнь: “За чи саяынх шиг болгоомжгүй аашилж, Лао тайтайг зовоочихов” гэж Шян Юньд захисанд цаадах нь: “Мэдлээ мэдлээ. Би бол түрүүнд түүнийг хараад цочихдоо ухаан алджээ” гэв. Тэд Жя Мүгийнд ороод Дай Юйгийн байдлыг хэлсэнд түүний сэтгэл түгшиж: “Энэ хоёр Юйгээс өвчин салахгүйнээ. Линь охин уг нь овоо болж байгаа юмсан. Бодлого ч мөн нарийндаа” гэсэнд бүгд айгаад дуугарсангүй. Жя Мү Юань Янд: “Маргааш эмч ирж Бао Юйг үзвэл, эмчийг Линь охины тэнд очуул гэж тэдэнд хэл” гэв. Юань Ян ч тэр дор нь эмгэдэд хэлж явуулав. Тань Чүнь, Шян Юнь хоёр ч эмээтэйгээ цуг оройн хоол идээд хүрээлэндээ буцав.

Маргааш нь эмч ирж Бао Юйг үзээд, хоол унд харшиж баахан салхи авсанаас болжээ. Халууныг нь гаргачихаар зүгээр болноо гэв. Ван Фүрэнь, Фөн Же хоёр эмчийн бичгийг Жя Мүд хүргүүлээд Шю Шян Гуаньд хүн явуулж “Эмч удахгүй очно” гэж хэлүүлсэнд Зы Жюань сандарч Дай Юйг хөнжлөөр хучаад бүрхүүлийг буулгаж, Шюэ Янь гэрээ янзлав. Төдөлгүй Жя Лянь эмчийг дагуулан орж ирээд: “Энэ настан бол үргэлж ирдэг хүн учир охид эрээлэх хэрэггүй” гэтэл эмгэд орхиулыг сөхөж, эмчийг оруулж суулгав. Жя Лянь:

-Зы Жюань эгч урьдаар, авхайн биеийн байдлыг Ван эмчид хэлж өг… гэсэнд эмч:

-Байз. Би судсыг нь бария. Тэгээд өвчнийг хэлсэн хойно таарах, таарахгүйг нь үзье. Харин таарахгүй юм байвал надад хэлээрэй гэсэнд Зы Жюань бүрхүүлийн цаанаас Дай Юйгийн өрөөсөн гарыг гаргаж бугуйвчийг авч ханцуйг шууж дэр дээр тавив. Ван эмч хоёр гарын судсыг ээлжлэн барьж үзээд Жя Лянийг даган гаднах өрөөнд очив. Тэгээд эмч:

-Зургаан судас цөм чанга. Энгийн үед бухимдал хурсанаас болжээ… гэтэл Зи Жаюнь гарч ирээд, үүдэнд зогсоно. Ван эмч, түүнийг хараад:

-Энэ өвчнөөс болж үргэлж толгой эргэж, идээ ундаа хасагдаж, олонтаа зүүдэлдэг юм. Үүрийн таван жин болох бүрд эрхэтгүй хэдэн удаа сэрнэ. Өөрийн биед хамаагүй юм сонссон ч уур хилэн нь хөдөлж, сэжиг, эмээл ихдэнэ. Мэдэхгүй хүн бол этгээд зантай гэнэ. Үнэнийг хэлбэл, элэгний гал буурч, зүрхний чадал сул болсон нь цөм энэ өвчнөөс болжээ. Та нарын хэлэхтэй таарах эсэхийг үл мэднэ… гэсэнд Зы Жюань толгой дохиж, Жя Ляньд “Бүгд таарлаа” гэв. Ван эмч:

-Тийм бол боллоо… гээд Жя Лянийг дагуулан явж албаны гэрт орж жор бичье гэв. Зарц хөвгүүд аль хэдийн жор бичих цаас бэлтгэн тавьсан байжээ.

Ван эмч цай зооглосны дараа жор бичсэнийг үзвэл:

Удаан хугацаанд гуниглал хурсаар, зургаан судас чанга удаан болжээ. Зүрхний тамир буурснаар зүүн гарын цүний судал хүчгүй болжээ. Элэгний гэм ихэдсэнээр ганы судас дэлгэрчээ. Элэгний хий хаагдсан тул эрхэтгүй дэлүү гэмтэж, хоол ундад дургүй болно. Үүгээр үл барам биеийн тамир залгахгүй болж уушиг эрхэтгүй муужирна. Хий тамир нэвтэрсэнгүйгээс цэр бий болжээ. Хий, цус хөөрсөн тул аяндаа огшиж бөөлжинө. Тийнхүү элгийг амаржуулж, уушгийг ариутган, зүрх дэлүүг тэжээвэл зохино. Хэдийгээр нөхвөрлөх ерөндөг байвч хэрэглэж завдсангүй оройтжээ. Тийнхүү амарлиулах эмээр удирдуулж, уушиг сайжруулах эмийг залган уувал сайн болно. Миний эрдэм мөхөс тул мэргэн гэгээнээр үзүүлэх болов уу… гээд долоон хөл эм ба хөлгийг бичжээ.

Энэхүү жорыг Жя Лянь авч үзээд “Цус дээш харавсан бол шар сайр хэрэглэж болох уу” гэж асуусанд эмч инээж: 

-Элеэ, ганц шар сайр бол өргөх эм болох тул цус хөөрсөн үед цээртэй гэгчийг мэдэх боловч лаг мэлхийн цусаар хуурч номхотгосон шар сайраас өөр эм сөсний тамирыг бадруулж чадахгүй гэгчийг яаж мэднэ. Лаг мэлхийн цусаар номхотговол өргөхгүйгээр барахгүй элэгний билгийг тэжээж шарын халууныг дарж чадна. Тиймийн тул “Дотоод номд” нэвтрүүлэхийг нь нэвтрүүлж, хаахыг нь хаана гэжээ. Шар сайрыг лаг мэлхийн цусаар номхотгох нь яг “Жөү Богийн хүчээр Лю овогтын төрийг тогтоосон” арга болой гэжээ. Жя Лянь толгой дохиж: “Ийм байсан хэрэг үү” гэсэнд Ван эмч:

-Урьдаар хоёр чанах эм ууж байгаад дараагаар нь нэмж хасах буюу өөрөөр сольсугай. Би бас нэг жаахан ажилтай. Удаан сууж чадахгүй. Дараагаар дахин ирье гээд бостол Жя Лянь үдэж гаргаад:

-Дүүд мөн тэр эмийг уулгавал болно уу гэж асуув. Ван эмч:

-Бао Элеэ харин дэмий өвчин байхгүй. Дахиад нэг чанах эм уувал зүгээр болноо гэсээр тэргэнд суугаад явж одов. Жя Лянь эмэнд хүн явуулаад гэртээ ирж эмчийн бичсэн жорын тухай нэгэд нэгэнгүй ярив. Энэ үед Жөү Руй эхнэр ирж:

-Линь авхайн бие их муу байна. Нүүр царайгаар нь бол цус байх янз алга. Бие нь арьс яс болжээ. Юм асуухад дуугарахгүй уйлаад л байх юм. Зы Жюань, авхайгаас яах вэ, юу уух вэ гэхээр дуугарахгүй юм. Би Эл найнайгаас нэг хоёр сарын зоос урьдчилан авъя гэж бодож байна. Эмийн мөнгө хэдий гэрийн хөрөнгөнөөс гарах боловч аар саар юм авахад зоос хэрэгтэй гэж байна. Би найнайд хэл гэлээ гэв. Фөн Же бодолхийлээд:

-Ингэе. Би түүнд мөнгө өгч хэрэглүүлье. Харин Линь авхайд мэдэгдэх хэрэггүй. Сарын зоосыг урьдчилан гаргах хэцүү байдаг юм. Нэг л хүн зам гаргавал бусад нь урьдчилан авна гээд байвал яана. Зао бага эхнэр, гутгаар авхай хоёрын ам мурийсныг чи мартаагүй биз дээ. Тэд чинь сарын мөнгөнөөс л болсон юм. За тэгээд ойрноос гарах нь ихдээд, орох нь багадаад байгааг чи мэдэж л байгаа. Ер нь аргацаахад хэцүү байна. Учрыг мэдэхгүй нь, намайг төлөвлөж чадахгүй байна гэдэг. Бас зарим нэг нь, төрхөмдөө аваачаад өгчихсөн гэж хэл амаа билүүддэг юм. Жөү бэргэн чи бол энэ юмсыг гардан өнгөрүүлж байгаа болохоор мэдэхийн дээдээр мэдэж байх ёстой гэв. Жоу эхнэр:

-Хүнийг үнэхээр хилсдүүлэх юмаа. Ийм их айлыгнайнай шиг нарийн ухаантай хүн л сая авч явж чадна. Эм хүн байтугай эрдэм чадал төгс эр хүн ч ийм сайхан авч явж чадахгүйг мэдсээр байж ийм золбин чалчаа үгсээр яана даа… гээд инээснээ, найнай бас сонсоогүй байна. Гадуур эргүү амьтан олон байна. Эртийд Жөү Рүй гадуур явж ирээд, гадны хүмүүс манай ордныг их мөнгөтэй гэж ярьж байна гэнээ гэв. Бас нэг нь: “Охин нь эзний татвар эм болсон учир хаан сангийн хагасыг төрхөмдөө өгсөн. Тэр жил татвар хатан төрхөмчлөхөөр гэртээ ирэхдээ хэдэн тэрэг алт мөнгө авчирсныг нүдээрээ үзлээ. Тэд гэрийн доторх хэрэгслийг шил болор ордон мэт засчээ. Анхны өдөр сүмд мөргөж буян үйлдэхдээ, хэдэн түмэн лан мөнгө зарсан нь өөрийнхөө биеэс нэгээхэн ширхэг үс сугалсан төдий юм” гэж ярьдаг гэнэ. Бүр нэг хүн: “Тэдний үүдний арсланг хүртэл хашаар хийжээ. Хүрээн дотор нь алтан хилэн гөрөөс байна. Хоёр байсны нэгийг хулгайд алдсан ч нэг нь үлдсэн. Гэрийн найнай, авхай байтугай зарц охид нь юу ч хийхгүй, архи уугаад л, шатар, тоглоом тоглоод л, ятга чавхдаж, зураг зураад л, өөрөө хүнээр асруулаад л, тэдний ууж идэх, өмсөх зүүх нь бусдад байдаггүй юм байна. Тэдгээр агь, авхай нарыг нэн хэлэх үг алга. Нар сарыг авнаа л гэвэл явж авчраад л наадуулна” гэж байх юм гэнэ. Тэд ам өрсөлдөн ярихыг сонсвол, тэдэнд ховлодог хүн байх мэт гэнэ. Яриаг сонсвол, аварга том, баян, эрхэм Нин, Рүн хоёр ордон, алт мөнгө, эд эрдэнэсийг аргал хомоол мэт зарна. Амандаа идэж, биедээ өмсөөд барахгүй. Ажиглан үзвэл…” гээд үгээ гэнэт татжээ. Гэвч дууны нь өнгөнд: “Ажиглан үзвэл, энэ бүхэн цөм хоосон бөлгөө” гэжээ. Жөү Рүйн эхнэр ам нь халж ярьсаар энд хүрээд, гэнэтхэн энэ үг бүтэхгүйг мэдээд үгээ татав.

Фөн Же, энэ лав муу үг болохыг мэдээд, лавлаж асуусангүй. Зөвхөн “За тэд нар яахав. Харин тэр “Алтан хилэн” гэдэг үг яаж гарсан байх вэ” гэж асуув. Жөү Рүйн эхнэр инээж: 

-Сүмийн хөгшин бумба, Бао Эр Ед өгсөн тэр бяцхан алтан хилэн гөрөөсийг хэлсэн үг байхаадаа, тэр ч. Дараа нь гээчихээд хэд хоносны дараа золоор Ши авхай олж аваад түүнд өгсөнд гадуур ийм яриа гарчээ. Энэ хүмүүсийн ярьж байгаа чинь үнэхээр инээдтэй юм бишүү найнай минь гэсэнд Фөн Же:

-Ийм яриа чинь, инээдтэй биш, харин аюултай. Манайх өдрөөс өдөрт ядуурч байхад, гадуур ингэж ямбалдаг гэж ярьдаг байх нь. Эртний үгэнд “Хүн алдаршвал аюултай, гахай таргалбал ашигтай” гэж байдаг. Бас цөм хоосон нэр төдий болохыг нэн юун өгүүлнэ. Эцэстээ юу болохыг мэдэхгүй ээ гэсэнд Жөү Рүйн эхнэр: 

-Найнайгийн зовох зөв өө. Гэвч дэлгүүр пүүс, зээл гудамж, цай хоолны газар, архи дарсны мухлагт хүртэл хотоор дүүрэн ингэж хэлэлцэх нь, ганцхан жилийн хэрэг биш. Олны амыг яаж хаах вэ… гэсэнд цаадах нь толгой дохиод, Пин Эрийг дуудаж, хэдэн лан мөнгө авчруулж Жоу эхнэрт өгөөд: “Чи урьдаар Зы Жюаньд аваачиж өгөөд, юм хум авахдаа хэрэглэ. Бас сангийн мөнгөнөөс хэрэглэвэл аваачаад хэрэглэ. Сарын мөнгийг битгий дурд гэж намайг хэллээ гэж хэл. Тэр чинь хурц ухаантай хүн ойлгоно. Би завчилаад авхайг эргэж очно гэв. Жөү Рүйн эхнэр ч яаран гарч одов.

Энэ үед Жя Лянийг гадаа гартал нэг зарц хөвгүүн “Да Лао е, өөртэй чинь юм яръя гэж дуудаж байна” гэв. Яаран очвол Жя Шө: “Сая ордны дотроос, эмчийг захирагч яамны нэг дотоод эмч, хоёр дагалт түшмэлийг дуудаж өвчин үзүүлэв гэж сонслоо. Лав ордны зарц доод ард биш байх. Энэ хэдэн өдөр хатны ордноос мэдээ чимээ байна уу” гэж асуув. Жя Лянь: “Үгүй” гэв. Жя Шө: “Чи Эл Лао е болон Жэнь ахаасаа асуу. Эсвэл, эмчийг сураглан уулзаж болно” гэв. Жя Лянь, эмчийг захирагч яаманд хүн явуулаад Жя Жэн, Жя Жэнь хоёртой очиж уулзав. Жя Жөн: “Наадах чинь хаанаас гарсан мэдээ вэ” гэсэнд Жя Лянь “Да Лао е л сая хэлсэн” гэв. Жя Жөн: “Чи Жэнь ахтайгаа хамт яваад дотор орж сурагла” гэсэнд, би түрүүхэнд, яамнаас асуулгахаар хүн явуулсан” гээд Жя Лянь, ахтайгаа уулзахаар яаран явав. Жя Жэньтэй уулзаад учрыг хэлбэл, Жя Жэнтэй уулзахаар болов. Жя Жөн: “Юань Фэй хатны тухай аваас лав хэл ирнэ” гэж байтал Жя Шө ч хүрч ирэв.

Үдийн хэр болоход чимээ олохоор явсан хүн ирээгүй байтал үүдний хүн орж ирээд: “Дотоод ордны хоёр түшмэл ирээд хоёр Лао етай уулзахаар гадаа хүлээж байна” гэсэнд Жя Шө “Залж оруулагтун” гэв. Үүдний хүн, өвгөн хиаг дагуулан орж ирсэнд, Жя Жөн нар хоёрдугаар хаалган дээр угтан аваад дотогш оруулж суулгав. Өвгөн хиа,

-Уржигдар хатан авхайн лагшин баахан амаргүй болсонд, өчигдөр эзэн зарлиг буулгаж, төрөл саднаас нь дөрвөн хүнийг дуудан оруулж уулзуулагтун гэлээ. Тус бүр нэг шивэгчин дагуулж болно. Өөр зүйл хэрэггүй. Бүстэй төрлийн хүн бол ордны үүдний гадаа нэр, зэргийн хуудсаа өргөж амар айлтгаад зарлигийг хүлээгтүн. дураар орж болохгүй. Маргааш луу, могой цагт орж, бич тахиа цагт гарч ирнэ гэв. Жя Жэн, Жя Шө нар зогсоогоор түүний үгийг сонсож дуусахаар нь өвгөн хиад цай уулгаад үдэж гаргав. Жя Жэн, Жя Шө хоёр түүнийг гадаах хаалга хүртэл үдээд, буцаж ирүүт эхлээд Жя Мүд мэдүүлэв. Тэрбээр:

-Төрлийн нь дөрвөн хүн очих юм бол танай хоёр дайдаа бид гурав орж болно биз дээ. Харин нэг нь хэн байх юм бэ” гэсэнд хэн нэг нь тэр гэж хэлж чадахгүй байтал Жя Мүжаахан бодоод: “Фөн Же эрхэтгүй байна биз. Тэр чинь, алив юманд их дадамгай шүү дээ. Та нар зөвлөлдөцгөө” гэв. Тэд, тэндээс гарч ирээд, Жя Лянь, Жя Рүн хоёроор гэр сахиулаад, бусад нь Жя Жангийн нэг үеэс, Жя Ланий нэг үе хүртэл цөм очихоор тогтов. Тэгээд гэрийн хүмүүст занаа захиагаа өгөөд сүйх тэрэгнүүдээ бэлтгүүлээд маргааш нь үүрээр хөдлөхөөр зэхэв. Жя Шө, Жя Жөн хоёр Жя Мүгийнд буцаж ороод:

-Луу могой цагт орж, бич тахиа цагт гарах юм. Өнөөдөр эртхэн унтаад өглөө эрт босоод ордонд орцгооно гэсэнд Жя Мү: “Би мэдэлгүй яахав даа. Та нар явцгаа” гэсэнд нөгөө хоёр нь ухран гарав. Энэ үед Ван Фүрэнь, Шин Фүрэнь, Фөн Же нар Юань Фэй хатан яаж өвдсөн, яасан ийсэн тухай баахан ярилцаж байгаад харьцгаав.

Маргааш нь тэнгэр гэгээрмэгц, охид дэн зул асаав. Тайтай нар угааж самнаж, Лао е нар бэлтгээд туулай цаг болмогц Линь Жышяо, Лай да хоёр хоёрдугаар хаалган дээр ирээд: “Тэрэг сүйх цөм бэлэн баруун үүдний гадаа хүлээж байна” гэж мэдүүлэв. Төдөлгүй Жя Шө, Шин Фүрэнь хоёр хүрч ирэв. Бүгдээр өглөөний хоол идчихээд Фөн Же их ахайтныг түшсээр хамгийн түрүүнд гарч ирсэнд бүгд хүрээлэн дагав. Тэднийг гадаад ордны үүдэнд тосож авах Ли Гүй нарын хэдэн хүн бас мордов. Жя Жөн ч хүмүүсээ дагуулаад тэргэнд суув. Жя овогтны сүйх тэрэг, морьтонгуудыг Ши Юань хаалганд хүрээд зогстол дотоод ордны хоёр тайган гарч ирээд: “Болгоон үзэхээр ирсэн Жя овогтны дайдаа, найнай нар зарлигийн ёсоор ордонд орж болгоон үзнэ. Лао е нар цөм зарлигийн ёсоор дотоод ордны үүдний гаднаас амар айлтгана. Орж уулзаж болохгүй” гэтэл үүдний хүмүүс: “Хурдан орцгоо” гэж хашгирав. Жя овогтын дөрвөн сүйх дотоод ордны тайганыг даган урагшилж, Лао е нарын сүйх араас нь даган явна. Гэрийн хүмүүсийг гадаа хүлээлгэв. Ордны үүдэнд ойрттол, тэнд сууж байсан хэдэн өвгөн хиа тэднийг үзээд босож: “Жя овогтны Лао е нар эндээс урагш явж болохгүй” гэсэнд Жя Шө нар зогсов. Сүйх ордны үүдэнд хүрэхэд бүгд бууцгаатал хэдэн тайган замчилж, Жя Мү нарыг нэжгээд охин сугадсаар дотогш оров. Хатан авхайн нойрсох ордонд хүртэл хэрмийн хананаас шүр оюуны гэрэл цацарч, шил, шижрийн ваар тоосгоноос өнгө туяарна. Тэдний өөдөөс хоёр охин ирж: “Ганцхан амрыг айлтгана. Бусад алив ёслолыг хийхгүй” гэж уламжлав. Жя Мү нар хишигт мөргөөд, хатны орны өмнө очиж амрыг айлтгасны дараа авхай бүгдэд суухыг заасанд тэд сууцгаав. Хатан авхай Жя Мүгаас: “Бие тань сайн байна уу” гэж асуусанд, ахайтан шивэгчнээ түшин босож “Хатны дэлгэр их буянд тэнхлүүн байна” гэв. Хатан, Шин Фүрэнь, Ван Фүрэнь нарын мэндийг асуусанд тэд босож хариу хэлэв. Хатан, Фөн Жегээс: “Гэрийн орлого хэр зэрэг байна вэ” гэж асуусанд цаадах нь босоод: “Аргацаан эвлүүлж байна” гэв. Хатан: “Энэ хэдэн жил чи л сэтгэлээ их зовоолоо доо” гэсэнд Фөн Же босон хариулахыг завдтал, ордны охин баахан нэр зэргийн хуудас авчирч хатанд барив. Хатан үзвэл, Жя Шө, Жя Жөн нарын хэдэн хүний нэр байсан тул тэсгэлгүй нулимс унагав. Охин алчуур барьсанд хатан нулимсаа арчаад: “Өнөөдөр овоо амар байна. Тэднийг гадаа түр амсхийгтүн гэж хэлтүгэй” гэсэнд Жя Мү нар босож хишигт мөргөв. Хатан нулимс унагаж: “Эцэг эх, ах дүү нартайгаа энгийн айл мэт ойр байж чадахгүй юмаа” гэсэнд Жя Мү нар: “Хатан уяран гуних хэрэггүй. Гэр хотлоороо хатны хишгийг хүртэж байгаа шүү дээ” гэж зоригжуулах үг хэлцгээв. Хатан:

-Ойрдоо, Бао Юй хэр зэрэг байна вэ гэж асуусанд Жя Мү:

-Саянаас ном бичиг уншихдаа, нилээд дуртай болсон. Эцэг нь ном бичигт шахаж шаардах тул одоо шүлэг зохиол бичиж амжихгүй байна… гэсэнд хатан:

-Тийм бол сайн болно… гээд гадаад ордонд найрт оруул гэж зарлиг буулгав. Ордны хоёр охин, хэдэн тайган тэднийг өөр нэг ордонд дагуулан очив. Тэгээд тэнд дайлуулсны дараа Жя Мү бэрээ дагуулж найрын хишигт мөргөв. Тэгээд тэндээ тахиа цаг болтол суусны дараа ёслон мөргөөд гарцгаав. Хатны хэлсэн ёсоор ордны охид дотоод ордны үүдэнд хүргэсэнд, дөрвөн тайган угтан аваад үдэж мордуулав. Жя Мү нар сүйхэндээ суугаад лүүд рүү очсонд Жя Шө нар тосож аваад хамтдаа буцав. Тэд хариад маргааш нөгөөдөр ордонд дахин орох тухай ярьж бүртгэн бэлтгүүлснийг үл өгүүлэн өгүүлэх нь: 

Шюэ овогтны бэр Жинь Гүй, Шюэ Панийг үлдэн хөөснөөс хойш өдөржин хэрүүл хийх хүнгүй болж, Чю Лин бас Бао Чайн дэргэд очиж суусан тул ганц Бао Цаньтай хамт суух болжээ. Тэр Бао Цань, Шюэ Паний татвар болсноос хойш ааш зан нь хувирч, Жинь Гүйн өстөн болсон тул өөрөө гэмшивч оройтжээ. Нэг өдөр бухимдахдаа архи ууж, ор дээрээ хэвтээд, Бао Цаниар архины даруулга, амны алчуур болгоно хэмээн занаад: “Да е тэр өдөр яваад хаана очсон бэ? Чи л лав мэднэ” гэсэнд цаадах нь: “Би яаж мэдэх юм. Найнайд хүртэл хэлээгүй юмны учрыг хэн мэдэх юм” гэв. Жинь Гүй хүйтнээр инээж:

-Одоо бас юуны найнай, дайдаа байна вэ? Цөм та нарын ертөнц болжээ. Өөр хүн бол өмгөөлөх хүнтэй тул халдаж чадахгүй. Би ч бас аймшиггүйгээр барсын толгойноос бөөс эрэхгүй шүү. Чи бол миний шивэгчин байсаар байтлаа ганц үг асуухад, царай хувилган хатуу үгээр ам таглана. Чи ийм их омогтой болсон тул намайг боомилж алаад Чиү Лин та хоёрын хэн нэг нь найнай болбол амархан юм бишүү. Би даанч үхэхгүй болохоор та нарын дээр байгаад л байна даа гэв. Бао Чань ийм үг сонсоод яаж тэсэж чадах вэ. Түүний өөдөөс цоо ширтээд:

-Найнай энэ дэмий үгээ өөр хүнд очиж хэл. Би чамтай юм ярихгүй. Чи өөр хүнд халдаж чадахгүй бол чадалгүй биднийг номгочилж, уураа барж юугаа хийнэ. Үнэндээ, мэдсэн ч мэдээгүй царай гаргаж мэлийж суух хэрэггүй дээ… гээд нулимс гаргав. Жинь Гүй улам уурлаж, ханзнаас буугаад Бао Цанийг зодох гэтэл цаадах нь Хиа овогтны хүмүүжилтэй тул найр тавьсангүй. Тэгтэл Жинь Гүй ширээ сандал түлхэж, хундага савх шидэж түйвээсэнд Бао Чань ч орилж чарлан дайрав. Шюэ Има Бао Чайн өрөөнд байтал ийн бархиралдсанд: “Шиян Лин чи очиж хоригло” гэсэнд охин нь: “Болохгүй. Ээж түүнийг тэнд битгий очуул. Энэ очоод тэднийг хориглож чадахгүй мөртөө гал дээр тос цутгахад хүрнэ” гэсэнд ээж нь: “Тэгвэл би очъё доо” гэв. Бао Чай: “Та ч болохгүй. Дураараа аашилж л байг” гэтэл ээж нь: “Тэгж болохгүй шүү” гээд гарав. Тэгэхээр нь Бао Чай арга буюу даган очив. Харин Шян Линг битгий тийш оч гэв. Ээж, охин хоёр Жинь Гүйн үүдэнд очвол хэрэлдэж бархиралдах сонсогдоно. Шюэ Има:

-Та нар чинь яагаад хамаг юмаа сүйтгэж байна. Ийм айл гэж байхуу. Амьтан хүн шоолох юм бишүү гэсэнд Жинь Гүй өлгөн авч:

-Би хүний элэг доог болохоос эмээхгүй. Тэгтэл энд чинь, харин толгой сүүл нь тонгороод эх зах нь эргэж эзэн боол, авааль татвар нь ялгарахгүй самуурсан ертөнц болжээ. Манай Хиа овогтны үүдэнд ийм ёс суртлыг ер үзсэнгүй. Танай гэрт би ингэж дарлагдаж байж үнэхээр чадахгүй шүү гэсэнд Бао Чай:

-Бэргэн минь, би ээж та нарын хэрүүлийг сонсоод ирлээ. Асуусан нь баахан огцом болж “Найнай”, “Бао Цань” гэж ялган хэлсэнгүй боловч мөн хамаагүй болой. Одоо урьдаар хэрэг учрыг тодорхойлон хэлэлцээд, бүгдээр эв эетэй амьдарвал, ээж өдөр болгон бидний төлөө сэтгэл зовохгүй бишүү гэсэнд Шюэ Има:

-Тиймээ тийм. Урьдаар хэргийн учрыг тодорхойлоод миний бурууг ярилцсан ч оройтохгүй гэв. Жинь Гүй:

-Авхай минь, авхай минь. Чи бол элбэрэл журам, эрдэм сурталт хүн. Хожим чи лав нэг сайн айлын хүүд очно. Над мэт шиг санаж сарвайх садангүй, амьдын хагацлыг эдэлж, хүнийг хүзүүн дээрээ зайдлуулж болохгүй шүү. Би бол ухаан, бодлогогүй хүн. Би авхайгаас гуйя. Миний үгийг битгий муу зүгт явуулаарай. Би балчир нялхаасаа одоо болтол эцэг эхийн сургаалыг хүртээгүй хүн шүү. Тэгэхдээ, бидний эр эмийн явдал, авааль татварын хэргийг авхай мэдэхэд хүрэхгүй ээ гэв.

Бао Чай түүний ярихыг сонсоод, ичихийн хамт уур нь хүрчээ. Тэгснээ, эхийнхээ байдлыг хараад өрөвдөж уураа дараад: “Бэргэн минь ээ, чи амаа алгадаач. Хэн чиний хүзүүн дээр суугаад дарлаад байна. Чамайг байтугай, Чю Линг ч би эвгүй харж үзээгүй шүү” гэв. Жинь Гүй уйлж, ханзны ирмэг алгадаад:

-Намайг яагаад Чиү Линтэй адилтгаж байгаа юм бэ. Би чинь түүний хөлийн шивэрээс ч дор болж байна уу. Тэр ирээд удаагүй мөртөө авхайн санааг мэдээд, царайчилж чадаж байна. Би бол шинэ ирсний дээр бас хүн царайчилж чаддаггүй хүн. Тэгэхэд яагаад түүнтэй намайг зэрэгцүүлж байна вэ. Эзний татвар болох заяатай эм энэ ертөнцөд хэд байдаг юм бэ. Тийм байхад надаар оролдож яана вэ. Бага сага буян санаж болмоор доо. Битгий над шиг эргүү эртэй учирч амьдын бэлбэсрэл эдлээрэй. Хэрэв тэгэхэд хүрвэл үйлийн үрийг энэ биеэрээ эдлэхэд хүрнэ гэж хэлэв. Шюэ Има түүний яриаг сонсоод багтран уурлаж:

-Бид чамайг өдий зэрэгтэй хайрлаж байхад чи биднийг хавирч хадардаг чинь яаж байгаа юм бэ. Би охиноо өмөөрөөгүй шүү. Чамд ямар ч гомдол гутрал байлаа гэсэн охинд гаргах ёсгүй. Харин намайг бол багалзуурдаж алсан ч хамаагүй гэсэнд Бао Чай сандран:

-Ээж минь битгий уурла, ингэж болохгүй. Бид үүнийг ятгаж тайвшруулах гээд өөрсдөө уурлан иймд хүрвэл илүү хэрэг болно шүү. Одоо эндээс гарцгаая. Бэргэнийг тайвширсны дараа эргэж уулзъя гээд Бао Цаньд хандан “Чи ч бас аядуу бай” гээд ээжийнхээ хамт гарав. Тэднийг хашаанаас гарч явтал Жя Мүгийн дэргэдийн охин, Чю Лингийн хамт хүрч ирэв. Шюэ Има “Чи хаанаас ирэв. Лао тайтайгийн лагшин тунгалаг уу” гэж асуусанд охин:

-Лао тайтай сайн байгаа. Намайг нааш явуулан И тайтайгийн амрыг эрүүлж, бас уржигдрын барзгар лууны нүд илгээсэнд талархтугай гэв. Бас Чинь авхайд мэнд хүргүүлсээн гэв. Бао Чай:

-Чи тэнд хэдийд ирсэн юм бэ гэж асуусанд охин:

-Би ирээд нилээд удаж байна гэв. Шюэ Има, өөрийн нь гэрийн явдлыг эд нар мэдэж гэж багцаалдаад, царайгаа улайлган:

-Одоо манай гэрт хэрүүл шуугиан болоод айл гэрийн маяггүй байна. Танай тэндхийнхэн сонсвол элэг доог хийнэ дээ гэсэнд шивэгчин охин:

-Яалаа гэж тэгэх вэ. Энээхэн, тэрээхнээс болж үг зөрөлдөх явдал хаа сайгүй л болдог шүү дээ. И дайдаа битгий сэжиглээрэй гээд тэдэнтэй хамт гэрт нь оров. Бао Чай, Шян Линд хэдэн үг захиж байтал Шюэ Има гэнэт: “Зүүн сүвээ рүү хатгуулах чинь юү вэ” гээд ханзан дээр хэвтсэнд бүгд сандралдав. Хэрхэн юу болсныг мэдсүгэй хэмээвээс удаах бүлэгт үзтүгэй!
 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж