Монгол Улсад ОХУ-ын 1249 иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өглөө

Хуучирсан мэдээ: 2018.03.18-нд нийтлэгдсэн

Монгол Улсад ОХУ-ын 1249 иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өглөө

Монгол Улсад ОХУ-ын 1249 иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өглөө

ОХУ-ыг ирэх зургаан жил удирдах Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт Улаанбаатарт 20.00 цагт дууслаа.​​​​​​Санал хураалтыг Улаанбаатар, Дархан-Уул, Эрдэнэт хотуудад авсан юм.

Улаанбаатар хот дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн санал хураалтыг 22.30 минутад тоолж дууссан байна. Ингээд Улаанбаатарт ОХУ-ын 1300 иргэн санал өгөх ёстой байснаас 956 иргэн саналаа өгчээ. Харин  Дархан хотод ОХУ-ын 89 иргэн, Эрдэнэт хотод ОХУ-ын 204 иргэн саналаа өгчээ. Нийтдээ Монгол Улсад амьдарч буй ОХУ-ын 1700 иргэнээс 1249 нь энэ удаагийн сонгуульд саналаа өглөө. 

Саналыг тоолж дуусмагц шууд Москва руу явуулах юм байна. Ингээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнг Улаанбаатарын цагаар 02.00 цагт зарлана гэж ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлж байна. 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг Монголд гараар тоолно. Харин ОХУ-д саналыг хар машинаар тоолох бөгөөд нийт 13 мянган хар машин орос даяар ажиллаж байна.

Үүнээс гадна, ОХУ нь Ерөнхийлөгчийн засаглалтай улс бөгөөд сонгуулийн үр дүнгээс хамаарч, Ерөнхийлөгч Засгийн газраа бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ерөнхий сайдаа томилно. Харин Ерөнхий сайд нь сайд нараа томилох учиртай юм. 

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Искандер Кубарович Азизов: 

-ОХУ хөгжлийн шинэ шатанд гарч байна.ОХУ Монгол Улсыг бодвол Ерөнхийлөгчийн засаглалтай улс. Иймээс Улсын тэргүүнийг сонгоно гэдэг бол маш чухал ач холбогдолтой үйл явдал юм. Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхөөр 725 хүн бүртгүүлсэн. Үүнээс одоогийн байдлаар 405 хүн саналаа өгсөн байна. Иргэд идэвхтэй санал өгч байгаад би баяртай байна. Үүнээс харахад, Монголд амьдарч буй ОХУ-ын иргэн Ерөнхийлөгчийн сонгуулийн ач холбогдлыг сайн ойлгож байна гэж дүгнэж байна. Владимир Владимирович Путины удирдлага дор ОХУ-Монголын харилцаа энэ хугацаанд маш том замыг тууллаа. Бидний харилцаа дээд түвшинд сэргэсэн. Худалдаа-эдийн засгийн харилцааг сэргээхийн тулд маш олон ажил хийгдэж байна. Ирэх хичээлийн жилд 500 гаруй оюутнуудад Путины тэтгэлэг олгоно. Орос улс Монголын оюутнууд, багш сурган хүмүүжүүлэгч нарыг ОХУ-ын их дээд сургуулиудад сургах чиглэлд хамгийн шилдэг хөрөнгө оруулагчийн байр сууринд дахин эргэн ирж байна.  Батлан хамгаалахын хамтын ажиллагаа сайн хөгжиж байна. Энэ салбарт маш олон ажил хийгдэж байна. Цаашид худалдаа-эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах чиглэлд хичээж ажиллах болно. 

Судлаач Кручкин Юрий Николаевич:

Монголд амьдарч байгаа ОХУ-ын иргэд хэний төлөө саналаа өгөх нь өнөөдөр сонирхол татаж байна. Хэдэн жилийн өмнө Жириновскийгийн төлөө саналаа өгч байсан тохиолдол бий. Иймээс маргааш тодорхой болох сонгуулийн дүн надад маш их сонирхолтой байна. Яагаад гэвэл, Монголд амьдарч байгаа ОХУ-ын иргэдийн тухай ярьвал, бүтцийн хувьд, насны хувьд ОХУ-аас нилээд ялгаатай. Монгол Улсад ОХУ-аас хижээл насны хүмүүс болон эмэгтэйчүүд их амьдарч байна. 

Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн ахлах референт Владимир Сергеевич Земеров

ОРОСЫН ШИНЖЛЭХ УХААН, СОЁЛЫН ТӨВИЙН АХЛАХ РЕФЕРЕНТ ВЛАДИМИР СЕРГЕЕВИЧ ЗЕМЕРОВ 

Миний хувьд Монгол Улсад маш олон удаа саналаа өгч байна. Өмнөх гурван сонгуульд сонгууль зохион байгуулах нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Өмнөх сонгуультай харьцуулахад, олон хүн нэр дэвшиж байна. Нэр дэвшигчид янз бүрийн үзэл бодолтой хүмүүс байна. Монгол Улс сонгуулийг маш сайн зохион байгуулж байна. 

ОХУ-ын иргэн Кравченко Николай Юрьевич 

Би анх удаа Монгол Улсад саналаа өгч байна. Долоо хоногийн өмнө Монгол Улсад ирсэн. Одоо дөрөв хоногийн дараа эх нутаг руугаа буцна. Сонгуулийн санал хураалтыг маш сайхан зохион байгуулсан байна. Би боловсролын салбарт ажилладаг. Монголд ОХУ-ын боловсролын үзэсгэлэнд сургуулиа танилцуулахаар ирсэн. 

Тува дахь "Россия" телевизийн сурвалжлагч Ворона Ольга Викторовна 

Би Тувагаас хувийн ажлаар Монгол Улсад ирсэн. Энэ өдөр би эх орондоо саналаа өгч чадсангүй. Гэхдээ Монгол Улсад ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх 14 дүгээр сургууль дээр санал хураалт болж байгаа гэдгийг сонсоод ирлээ. Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг бол бидний хувьд иргэнийхээ үүргийг биелүүлэх том баяр байдаг. Монгол Улсад санал өгөх сонирхолтой юм. Зохион байгуулалт маш сайн болж байна гэж хэлмээр байна. 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 20 цагт дуусна. Сонгуулийн нийт дүнг ОХУ -руу илгээх бөгөөд Монгол Улсад амьдарч буй ОХУ-ын иргэдийн саналын дүнг Оросын шинжлэх ухаан, соёлын төвд нийтлэх ажээ. 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж