Баривчилгаатай долоо хоног

Хуучирсан мэдээ: 2018.03.18-нд нийтлэгдсэн

Баривчилгаатай долоо хоног

Баривчилгаатай долоо хоног

Өнгөрч буй долоо хоногийн даваа гаригт /2018.03.12/ АТГ-аас Ш.Батхүүг баривчлан, цагдан хорих 461 дүгээр ангид хорилоо. Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан түүний зээлийн асуудал "Эрдэнэт"-ийг 51 сая ам.долларын өрөнд оруулсан. Стандарт банкнаас зээл авахдаа тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ нийгэмлэгийн дарга Т.Очирхүү нарын гарын үсгийг дуурайлгасан эсэх, авсан зээлээ юунд зарцуулсан талаар АТГ-аас шалгаж байсан бөгөөд цагдан хорих шаардлагатай гэж үзжээ.

Мөн дээрх хэрэгт холбогдуулан мягмар гаригт буюу гуравдугаар сарын 13-нд ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаярыг  ЭЦГ-аас баривчлан хорьсон юм. АТГ-ын  хэлтсийн дарга Э.Идэрцог өнгөрсөн 2017 оны арваннэгдүгээр сард мэдээлэл хийх үеэрээ “ТЭЦ-4-ийн захирлаар ажиллаж буй С.Анхбаяртай холбоотой асуудлыг бол шалгасан. С.Анхбаяр гэдэг нэртэй хүн “Эрдэнэт үйлдвэр”-т ямар нэг буруу аргаар бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн асуудал байхгүй.

Энэ тухайд бид шалгаад хаах саналтайгаар нийслэлийн Прокурорын газар шилжүүлсэн” хэмээн мэдээлж байв. Мөн ТЕГ-ын дарга асан Б.Хурц  42 сая ам.долларын шахааг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт хийсэн гэх мэдээллийг өнгөрсөн оны аравдугаар сард өгсөн бөгөөд энэ үеэр “Ц.Нямдоржийн хуурай дүү Анхбаяр нь офшорын асуудалтай холбогдоод байгаа шүү” хэмээн хариуцлагатайгаар хэлсэн байдаг. С.Анхбаярын хувийн компани гэх “Хан хув”, “Хаан хув” гэх нэрс дуулддаг бөгөөд “Хан хув”-ын тухайд  Үндэсний аудитын газрын тайланд “Улаанбаатар хотын “Өмнөд” дэд станцад гарсан ослын мөрөөр уг дэд станцыг шинэчлэх ажлын нэг багцыг гүйцэтгэхээр шууд гэрээ байгуулсан. 

Үүнд “Хан хув” ХХК 2008 оны тавдугаар сарын 26-наас долдугаар сарын 8-ны хооронд ажлыг гүйцэтгэх гэрээтэй байсан боловч тухайн төсөл, арга хэмжээний хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүй, захиалагч урьдчилгаа төлбөрийг олгоогүй, нийлүүлэгч санхүүгийн чадваргүй зэргээс шалтгаалан хугацаанд нь хийгээгүй байна” хэмээн дурдсан байдаг.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн хяналтын хэлтсийн 2014 оны арваннэгдүгээр сарын тайланд “Хан хув” ХХК нь ОХУ-аас 67 тонн аммонийн нитрат оруулж ирсэн тухай мэдээлсэн нь бий. Түүнчлэн зочид буудал болон бусад өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Г.АЛТАН ХИЛ ДАВАХЫГ ОРОЛДСОН УУ?

“Алтжин групп”-ийн захирал Г.Алтан гуравдугаар сарын 13-нд бусдын бичиг баримтыг ашиглан Алтанбулагийн хилээр нэвтрэх гэж байхад нь саатуулсан талаар бид мэдээлсэн.  

Одоогоос нэг жил гаруйн өмнөөс “Хадгаламж” банкийг Төрийн банкинд нэгтгэж байгуулахад Г.Алтангийн хөрөнгө хамт очсон учраас  удахгүй хувьчлал явагдахад Г.Алтан давуу эрхтэй оролцоно гэсэн үг. Мөн дээрээс нь МАН түүнд зээлж авсан сая ам.доллар, хүү нь болох 1.392 мянган ам.доллар, нийлээд 2.392 мянган ам.долларын өртэй. Хаагуур нь ч бодсон Г.Алтан захирал Төрийн банкинд эзэн суух нь тодорхой гэдгийг эх сурвалж хэлж байна” хэмээн “Зууны мэдээ” сонинд нийтэлж байсан юм.

Тэгвэл Төрийн банкны ерөнхийлөгч Д.Баярсайхан саяхан хэвлэлд өгсөн дэлгэрэнгүй ярилцлагадаа “Иргэн Э.Сүрэн болон “Жаст групп” ХХК үгсэн хуйвалдаж дээр дурдсан байдлаар хуурамч баталгаа, батлан даалт үйлдэж Төрийн банкнаас их хэмжээний мөнгө гаргуулах шүүхийн шийдвэрийг гаргуулж шийдвэрийг биелүүлэх замаар хийгдсэн луйврын ажиллагаа гэж хэлж болно. Энэ хэргийн ард Жастын Ш.Батхүү, Алтжингийн Готовын Алтан нар байгаа нь тодорхой. Эдгээр нөхдийн хууль бус үйлдлийн хамтрагч нь шүүх битгий байгаасай гэж бодож сууна…Ш.Батхүү, Г.Алтан нар “Төрийн банк” ХХК-иас уг төлбөрийг гаргуулах гэж тус банкны эсрэг нэгдмэл сонирхолтойгоор улайран нь зүтгэж байгаа гэж би харж байна л даа. Жишээ нь, саяхан банкны зүгээс дээрх шүүхийн шийдвэрийг Шинээр илрэх нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасан гэж хэлсэн дээ. Тэр хүсэлтийг хэлэлцэх явцад хариуцагч “Жаст групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа этгээдийн итгэмжлэлийн хугацаа дууссан тул шүүх хуралдаанд оролцож болохгүй нөхцөл байдал хуралдааны явцад илэрмэгц нэхэмжлэгч Э.Сүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр тухайн хурал дээр шууд хүсэлт гаргаж шүүх хүлээж авч байх жишээтэй. Ер нь нэхэмжлэгч хариуцагч талууд шүүх дээр эсрэг талууд байдаг шүү дээ” хэмээн ярьсан байдаг.

Хэрэв Г.Алтан уг хэргээс үүдэн шалгагдаж байгаа бол  түүнд хилийн хориг тавьсан байх учиртай. 

Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайханыг АТГ шалгаж эхэлжээ

Тавантолгой руу чулуу шидэх нь өрсөлдөгчдөд өгөөш болно

Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайханыг АТГ шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа. Элчин сайд М.Энхсайхан нь 2014-2016 онд Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын  төсөл дээр ажиллаж байсан. Уг төслийг боловсруулахдаа Монгол Улсын холбогдох хэд хэдэн хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж АТГ шалгаж байгаа гэнэ.

Тавантолгойн төслийн тендерийг Н.Алтанхуягийн Засгийн газар зарлаж, Ч.Сайханбилэгийн засаг ялагчийг тодруулсан байдаг. Ялагчаар Монголын “Энержи ресурс”, Хятадын “Шинхуа”, Японы Сүмитома нар шалгарсан бөгөөд гэрээг үзэглэхийн даваа дээр буцсан билээ. Гэрээг үзэглэхээр хөрөнгө оруулагчид ирсэн өдөр нь тухайн Үеийн УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн төслийг УИХ-д оруулж ирвэл Засгийн газрыг нь огцруулна гэж Ч.Сайханбилэгийг “шантаачилж” байснаас хойш энэ төсөл хэзээ хэрэгжих нь тодорхойгүй хугацаагаар гацсан.

УИХ-ын асан Л.Эрдэнэчимэг гэрээг гацаасандаа баяртай байгаагаа зарлаж, хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Оросын эрх ашигт нийцэхгүй” байгаа гэх үгийг хэлсэн нь тухайн үед багагүй шүүмжлэл дагуулж байсан билээ.  УИХ-ын дарга З.Энхболд хүлээж авахаас татгалзсан Тавантолгойн төслийн гэрээг Засгийн газар эргүүлэн татсан. УИХ-аар хэлэлцэгдээгүй, зөвхөн хэлэлцээ төдийгөөр өнгөрсөн Тавантолгойн гэрээний асуудлаар М.Энхсайханыг шалгаж эхэлсэн нь АТГ-т өгсөн даалгавар байсан уу, аль эсвэл үнэхээр асуудалтай байв уу гэдгийг цаг хугацаа харуулах биз.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж