Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахад тоо хязгааргүй

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахад тоо хязгааргүй

Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахад тоо хязгааргүй

Бүгд Найрамдах Турк улсын засгийн газрын 2018-2019 оны хичээлийн жилийн бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хүртэл явагдах аж. Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ахмет Язал болон “Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг” ТББ-ын тэргүүн А.Хосхүү нар өчигдөр /2018.03.16/ Туркийн их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах хүсэлтэй оюутнуудад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Элчин сайдын яамны зүгээс тус хөтөлбөрийн бүртгэлтэй холбогдуулан, олон нийтийн сүлжээнд тэтгэлэгт тэнцүүлнэ, бүртгэл хийнэ гэх мэт ашгийн төлөө хувь хүн болон  албан байгууллагууд худал мэдээлэл явуулж байгаа учир оюутан сурагч нарт хандаж хөрөнгө мөнгөний хохирол амсахгүй байхыг анхаарууллаа. Мөн зуучлалын байгууллага болон хувь хүнээр дамжуулан хийсэн бүртгэл хүлээн зөвшөөрөгдөхгүй гэдгийг тэд онцлон хэлж байв. Бүртгүүлэхийг хүсвэл зөвхөн “www.turkiyeburslari.gov.tr”  цахим хаягт  хандах боломжтой юм байна.

Тэтгэлэгт бүртгүүлэх хүүхдийн тоо хязгааргүй

Энэ талаар “Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг” ТББ-ын тэргүүн А.Хосхүүгээс хэдэн зүйлийг тодрууллаа.

Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг” ТББ-ын тэргүүн А.Хосхүү

Монгол оюутнууд Турк улсад ихэвчлэн ямар мэргэжлээр суралцдаг вэ?

-1992 онд Турк болон Монгол улсын  засгийн газрын хооронд   оюутан солилцох гэрээ байгуулснаар Монголоос хамгийн анх 20 оюутан явсан байдаг. Түүнээс хойш жил бүр Турк улсыг зорих сурагчдын тоо нэмэгдсэн ч сүүлийн хэдэн жил энэ тоо буурсан үзүүлэлттэй байна. Сургалтын хувьд бакалаврын сургалт дөрвөн жил, анагаах ухаан, хуулийн чиглэлээр дунджаар таван жил сурдаг. Оюутнууд ихэвчлэн Турк улсад  эдийн засаг, банк санхүү, менежмент гэхчлэн мэргэжлээр суралцаж, төгсдөг. Тухайн оюутны сонгосон сургууль мэргэжлээс хамаараад эхний жил Турк хэлний бэлтгэлд суудаг. Зарим мэргэжлийн анги нь шууд англи хэл дээр хичээлээ заадаг учир  англи хэлний түвшин тогтоох шалгалт өгөөд  тэнцэх юм бол заавал Турк хэлний бэлтгэлд суухгүйгээр  шууд хичээлдээ суух боломжтой.

-Бүртгүүлэхэд насны хязгаар бий юу?

-Тэтгэлэг хөтөлбөрт бакалаврын түвшинд 21-ээс дээш насны иргэд бүртгүүлэх боломжгүй. Харин тэтгэлэг хөтөлбөрт тухайн жилд их сургуулиа төгссөн, эсвэл төгсөх иргэд хамрагдах боломжтой. Мөн тэтгэлэгт бүртгүүлэх хүүхдийн тоо хязгааргүй. Тэтгэлэгт  хөтөлбөрийн бүртгэл үнэ төлбөргүй байгаа.

-Бүртгүүлэхэд заавал шаардлагатай бичиг баримт бий юу?

-Зарим их дээд сургуулийн сургалт  болон  мэргэжлийн онцлогоос  шалтгаалан англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо /SAТ,TOEFL,DELP,YDS/ шаарддаг. Түвшин тогтоох шалгалтын оноогүй иргэдийн бүртгэлийг тухайн ангилалд нь сонгон шалгаруулах боломжгүй юм.

-Тэтгэлгийн шалгаруулалт хэрхэн явагдах вэ?

-Бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулахад тэтгэлэг горилсон Их, дээд сургууль болон мэргэжлийн онцлогийгтус тус үндэслэн тухайн иргэний сурлагын түвшин, нийгмийн идэвх, гаргасан амжилт зэргийг харгалзан үздэг.

-Тэнцсэн тохиолдолд тухайн улсаас ямар хэмжээний  тэтгэлэг олгодог юм бэ?

-Тэнцсэн тохиолдолд бакалаврын оюутнуудад  сар бүр 400 орчим мянган төгрөгийн стипент олгодог. Мөн  жилдээ нэг удаа Монгол руу үнэгүй ирэх тиз өгдөг байгаа.

-Сурагчид бүртгүүлэхдээ хүссэн тэнхимээ сонгох боломжтой юу?

-Тэтгэлэг горилох их дээд сургууль,мэргэжлийн чиглэлийг  сонгохдоо тухайн иргэний суурь  боловсролын чиглэлийг үндэслэн систем өөрөө автоматаар түүнд тохирох сургууль болон мэргэжлийн жагсаалтыг гаргаж ирнэ. Уг жагсаалтаас гадуур өөр сургууль, мэргэжил сонгох боломжгүй.

Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ахмет Язал сурагчдад цахим бүртгэлд хамрагдахдаа дараах зүйлийг анхаарахыг зөвлөлөө.

Тэтгэлэгт хамрагдах оюутнуудын тоо бууРсан  шалтгаан нь… 

Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ахмет Язал

Тэрбээр “Цахим бүртгэл нь зөвхөн тухайн оюутны хувийн мэдээллээс бүрддэг учраас  тэтгэлэгт хүсэлт гаргасан оюутан зөвхөн өөрөө бие дааж цахим бүртгэлийг хийх шаардлагатай. Цахим бүртгэл хийсний дараагаар тодорхой тооны тэтгэлэг горилж байгаа оюутан сурагчдыг ярилцлагын шатанд урьдаг. Ярилцлагын шатанд амжилт гаргасан оюутнуудыг Турк улсын хотуудад өөрсдийнх нь хүсэлт гаргасан мэргэжлийнх нь дагуу их сургуулиудад хуваарилдаг. Хоёр жилийн өмнө Монгол улсаас жил бүр 75-80 орчим оюутнууд тогтмол тэтгэлэгт хамрагдаж  байсан бол өнгөрсөн жил энэхүү тоо буурч 30  оюутан тэтгэлэгт хамрагдсан.

Тэтгэлэгт хамрагдах оюутны тоо яагаад буурсан бэ? гэхээр оюутнуудын дийлэнх хэсэг нь засгийн газрын цахим хүсэлтийг өөрөө бие дааж бөглөөгүй байсан. Өөрөөр хэлбэл засгийн газрын тэтгэлэгт тэнцүүлж өгнө гэсэн хуурамч амлалт өгсөн боловсролын зууч байгууллага гэж нэрийдсэн байгууллагаар сурагчид бүртгэлээ хийгдсэн нь тогтоогдсон учир тэдгээр сурагчдын хүсэлтүүд хүчингүйд тооцогдсон юм. Тийм учраас сурагчид өөрийнхөөрөө  үнэн зөв мэдээллээ бие даан цахим бүртгэлийг хийх ёстой. Бүртгэлийн эхний шатанд цахим хуудсанд тухайн оюутан өөрийн нэрээ оруулж бүртгүүлсний дараа бид хувийн дугаар болон нууц кодыг өгнө.Хэрэв хувийн дугаар, нууц кодоо бусдад тараасан тохиолдолд үүнийг хүчингүйд тооцох тул анхааралтай байхыг зөвлөж байна” гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж