Улаан асрын зүүд (82-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (82-р бүлэг)

Улаан асрын зүүд (82-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э


Наян хоёрдугаар бүлэг

ӨВГӨН БАГШ НОМ ТАЙЛБАРЛАН, АЛИА ХӨВГҮҮНИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ, ӨВЧИТ ШЯО ШЯН ЭРГҮҮТЭН ШУНАЖ, ЗҮҮДНЭЭСЭЭ ЦОЧИВ

Өгүүлэх нь: сургуулиасаа ирээд Бао Юй, Жя Мүгийнд очсонд: “Тун сайн боллоо. Эмнэг морийг ногтолж авчээ. Лао етайгаа уулзаж ирээд зугаалтугай” гэж эмээ нь хэлсэнд гараад аавтайгаа уулзав. Жя Жэн:

-Чи яагаад ийм эрт ирэв. Багш чинь чамд сурах арга зааж өгөв үү гэсэнд Бао Юй:

-Өглөө, өглөө. Эрт босоод бичгээ давтаад, хоолны дараа үсэг бичиж, үдэд зохиол уншиж тайлж бай гэлээ гэсэнд эцэг нь толгой дохиод:

-За яв. Лао тайтайд хань болж бай. Чи ер нь хүнийг хүндлэх, элбэрэх ёсыг баахан сурвал зохих хүн. Зүгээр тоглоомд шунаад байж болохгүй. Үдэш эртхэн унтаж, өглөө эрт босоод, өдөр бүр сургуульдаа очиж бай. Сонсов уу гэв. Бао Юй хэдэнтээ: “За” гэж хүлээн авав. Тэгээд ээжтэйгээ уулзаад, Жя Мүд үзэгдээд, Шяо Шян Гуаний зүг гүйв. Хаалгаар оруут алга ташин: “Би гэртээ ирлээ” гээд гэнэгүй суусан Дай Юйг их цочоов. Тэгээд Дай Юй:

-Чамайг чинь ном үзэхээр явсан гэж сонсоогүй билүү. Ийм эрт ирдэг юм уу гэсэнд цаадах нь:

-Ёох ёх. Өнөөдөр намайг Лао е дуудаад, ном үзүүлэхээр аваад явсанд, та нартайгаа дахин уулзаж чадахгүй мэт санагдлаа шүү. Арайхийж нэг өдөр тэсээд одоо та нарыгаа олж үзэхэд, үхээд боссон мэт санагдаж байна. “Нэг өдөр нь гурван жил мэт” гэсэн эртний үг санагдах үе байдаг юм байна… гэсэнд Дай Юй: “Дээд гэрүүдээр очив уу” гэсэнд цаадах нь: “Үгүй” гэв. Дай Юй: “Хөөе, чи тэдэнтэйгээ уулз” гэж шаардсанд “Би хөдлөх дургүй байна. Харин дүү охинтойгоо жаал ярьж сууя. Лао е намайг эрт унтаж, эрт босож бай гэсэн тул маргааш л тэдэнтэй очиж уулзъя” гэсэнд цаадах нь: “Чи жаахан суугаад харьж унт” гэв. Бао Юй: “Би юундаа ядрах юм. Харин уйтгарлаж байна. Энд баахан сууж, уйтгараа сэргээе гэхээр чи бас намайг шаардаж байна” гэв. Дай Юй инээснээ Зы Жуанийг дуудаж: “Миний Лун Жин цайнаас Эр Ед нэг аяга өг. Энэ чинь хуучинтайгаа адилгүй болсон. Ном үзэж байгаа” гэсэнд шивэгчин яваад цай авчруулав. Бао Юй:

-Чи миний ном үзэх болсныг хэлж яана. Эдгээр ёс суртлын номлолыг би маш их жигшинэ. Тун инээдтэй нь тэр багүй зохиол гэгч юм. Түүгээр алдар гавьяаг сольж, аяга будаа аргацаавал бас яамай. Нэгэнт бас “Богд мэргэдийн сургаалыг сэнхрүүлэн бадруулна” гэнэ. Олонх нь судар бичгээс эвлүүлж авсан төдий юм. Тун инээдтэй нь, угаас нүд нь сохор, цээж нь битүү байтал энд тэндээс үхрийн бөөр мэт юмыг цөлбөн цуглуулсаар үзэшгүй муухай, үхэр морин толгойтон болгож хаяснаа, гайхамшигт эрдэм болгоно. Үүнийг яаж, богдын сургаалыг сэнхрүүлэн бадрууллаа гэх юм бэ. Одоо Лао е ам ангайх бүр намайг үүнийг сурагтун гээд би аймшиггүй зөрчиж чадахгүй байхад, чи бас бичиг унш гэнээ гэв. Дай Юй:

-Бидний охидод энэ хэдий хэрэггүй боловч багадаа танай Юй Цүнь багшаар бичиг заалгахдаа үзээд өнгөрсөн юмаа. Дотор нь мөн зүй ёсонд хавьтах зүйл байвч хуудам хөнгөн юм ч бий. Тэр үед хэдий мэдэхгүй боловч сайхан л санагдаж байсан. Бүгдийг муу гэж болохгүй. Чи бас алдар гавьяаг олох гэж боддог тул энэ нь мөн л эрхэм зүйл болно гэв. Бао Юй үүнийг сонсоод таашаахаа больж дотроо: “Дай Юй угаасаа ийм хүн биш. Яаж бас энэ мэт эрх сүрд шунасан юм бол доо” гэж санасан боловч ил хэлээд няцааж чадсангүй. Тэрхэндээ хамартаа нэг хөхрөөд л өнгөрөв.

Энэ үед гэнэт гадаа хүн дуугарсан нь, Чю Вэнь Зы Жюань хоёр байв. Чю Вэнь “Ши Рэнь эгч намайг Жя Мүгийн тэнд очиж чамайг тосоод ир гэсэн чинь, харин энд байна” гэв. Зы Жюань: “Би түрүүнд цай өгсөөн, ууж дуусахаар нь яв” гэсээр хоёул орж ирэв. Бао Юй Чиү Вэнийг хараад:

-Чамаар эрүүлээд би зовоочихов уу. Одоо очлоо гэв. Чиү Вэнийг хариу хэлэхээс урьтаад Зы Жюань: “Чи шалавхан цайгаа уугаад явж үз. Хүн чамайг зөндөө их саначихсан байна гэнэ” гэв. Чю Вэнь хий нулимаад “Юун ч золбин үгтэй юм бэ дээ” гэсэнд хөхрөлдөв.

Бао Юйг явахад Дай Юй үүд хүртэл үдээд, хойноос нь харж баахан зогсов. И Хун Юань хүрээлэнд Бао Юйг очиход Ши Рэнь угтан гарч ирээд: “За сайн явав уу” гэхэд цаадах нь: “Ажил гарсан уу” гэв. Ши Рэнь: “Сая дайдаа Юань Ян эгчийг ирүүлж, Лао е хүүдээ ном үзүүлэхээр шийдсэн учир чамтай тоглож наадах юм бол биднийг Чин Вэнь, Сы Чи нарын адил шийтгэнэ гэж хэлүүлжээ. Би чамайг аятай асран сувилъя гэж бодсоор яваад ийм үг сонсоход хүрсэн нь үнэхээр гутамшигтай байна” гэсээр санаа алдав. Бао Юй тэвдэж, “За эгч минь тайван бай. Би номоо сайн үзвэл, дайдаа та нарыг тэгж хэлэхгүй байхаа. Өнөөдөр би даалгавар авсан. Маргааш багш бичиг тайлбарлуулна гэсэн. Чи явж амар. Надад хэрэг болбол би Шө Юэ, Чю Вэнь хоёрыг дуудъя гэсэнд Ши Рэнь: “Чамайг бичиг үзэх дуртай байгаа бол бид хичнээн зарагдсан ч дуртай” гэв. Тэгсгээд Бао Юй оройн хоолоо идчихээд гэрэл асаалган “Дөрвөн бичгийг” гаргаад, хаанаас нь эхэлье дээ гэж гайхаж байснаа, нэг дэвтрийг нь сөхөж үзвэл, бүлэг бүрийг мэдмээр юм шиг мөртөө нарийвчлан бодохоор мэдэх юмгүй мэт санагдахаар нь тайлбар, зүүлтийг нь үзэж эхлэв. Нилээд үзэж сууснаа: “Надад шүлэг дуулал л хялбар юм шиг санагдахаас энэ бол горьгүй юм байна” гэж бодоод баахан бодлогоширч суув. Ши Рэнь:

-Амрах юм бишүү. Дараа нь шамдан үзэж болно биз дээ гэсэнд цаадах нь: “За” гэнгүүт ор руугаа явав. Ши Рэнь, Шө Юэ хоёр ор дэрийг нь засаж хэвтүүлээд бас унтацгаав. Жаахан унтаж байгаад сэрээд харвал, Бао Юй ханзан дээрээ хөрвөж харагдана. Ши Рэнь:

-Нойр чинь хүрэхгүй байна уу. Өөр юм битгий бод. Сайн унтаж авбал маргааш ном үзэхэд чинь тустай бишүү гэсэнд цаадах нь:

-Би тэгж бодовч нойр хүрэхгүй юмаа. Чи миний гадуурх хөнжлийг авчихаач гэсэнд Ши Рэнь:

-Гадаа сэрүүн байна. Авах хэрэггүй гэсэнд Бао Юй:

-Дотор бачимдаад байна шүү дээ гээд хөнжлөө тийрчихэв. Ши Рэнь яаран босож, хөнжлийг нь янзлаад толгойг нь илж үзвэл, халуурч байх шиг байв. Ши Рэнь:

-Битгий тийчил. Халуурах янзтай… гэсэнд цаадах нь:

-Тийм байхаа тэр… гэсэнд Ши Рэнь “Одоо яах вэ” гэсэнд Бао Юй:

-Тэр яадаг юм. Дотор бачимдсанаас л тэгж байгаа юм. Түүнээс биш даараад өвдөөгүй. Ингээд зүгээр болно. Маргааш сургуульдаа очвол барав гэв. Ши Рэнь өрөвдөж “Би чиний хажууд унтах уу…” гээд Бао Юйгийн нурууг илтэл тэгсгээд унтав. Нэг мэдсэн, нар гарчихсан байв. Өндийгөөд Бао Юй: “Оройтчихжээ” гэснээ санд мэнд босож, угааж самнаад, өглөөний мэнд мэдсэний дараа сургуульдаа яаран явав. Дай Рү царай барайлган,

-Лао е чамайг бүтэлгүй гэж уурладаг нь зөв. Хоёрдох өдрөөсөө л чи хойргошиж байна. Одоо л ирж байна шүү дээ гэсэнд Бао Юй, шөнө халуурснаас болоод гэсээр номоо уншив.

Хичээл тарах үед Дай Рү: “Бао Юй чи, энэ бүлгийг уншаад тайлаатах” гэсэнд очоод үзвэл: “Залуучуудыг болгоолжтой болой” гэсэн байв. Бао Юй дотроо, энэ ч бас гайгүй. Ямар золоор “Их суртахуй”, “Дунд суртахуй” биш байваа гэж бодоод: “Яаж тайлах вэ” гэж асуувал багш нь, чи энэ бүлгийн товчлолыг нарийвчлан тайлаатах” гэв. Бао Юй эхлээд, уран тод уншсанаа:

-Энэ бүлэг бол богд хүн, залуучуудыг цаг ашиглаж чармайн суртугай гэж хөхиүлэн зоригжуулсан бөгөөд битгий… гэтэл Дай Рүй хяламхийснээ учир мэдсэн бололтой инээгээд:

-Чи хэлэхээ хэлээ. Бичиг тайлахад цээрлэх, зайлах газаргүй. “Ёслолт номд”, бичигт хичээхэд, цээрийг тэвчинэ гэжээ. Хэлэх юмаа хэлээ. Битгий… гээд яав, залгаад хэл гэв. Бао Юй:

-Битгий гавъяагүй өтлөхөд хүрэгтүн. Урьдаар “Болгоололтой болой” гэх хоёр үгээр залуучуудын зоригийг хөгжөөгөөд дараа нь “Болгоололтой биш” гэх хоёр үгээр залуучуудын ирээдүйг сэрэмжлүүлжээ гээд багшийнхаа өөдөөс харсанд, Бас болно. Харин үсэгчлэн тайлбал… гэв. Бао Юй,

-Богд хүний хэлсэн нь, хүн бага насандаа бодож сэтгэх нь хурц, ажил хэрэгт мэргэн, чадвартай нь үнэнхүү болгоололтой болой. Түүний ирээдүй нь, миний энэ өдөртэй адилгүйг хэрхэн урьдчилан мэдэж чадах вэ? Хааш яаш өдөр хоногийг нөгцөөн явсаар дөчин нас хэтэрч тавин нас хүртэл бас өөдлөхгүй бол ийм хүн залуудаа чадвартай мэт боловч тэр цагт хүрвэл энэ насанд түүнээс болгоогчид үгүй болно гэв. Дай Рү инээж:

-Чи бүлгийн товчлолыг тодорхой тайллаа. Үсэгчлэн тайлсны дотор баахан нялхшир байдалтай. “Нэр үгүй” хэмээх хоёр үг бол өөдлөн дэвших гэсэн үг биш. “Нэр” гэгч өөрийн бие ёсыг ухаж, зүйг мэдвэл, ноён эс суувч мөн нэртэй болно. Тийм биш бол эртний богдууд ертөнцийг тойрон хэргэмийг эс эдэлсэн нь, ноён суусангүй бишүү. Түүнийг мөн нэргүй гэж болох уу? “Болгоолтой биш” гэсэн нь, бараглан тоймлож болно гэх санаа болой. “Хэрхэн мэднэ” хэмээхийн “Мэднэ” гэхтэй адилавтар бөгөөд харин “Аюултай” гэх үг биш болой. Үүнээс мөрдөн үзвэл, сая нарийвчлан мэдэж чадна. Чи мэдэв үү. Үгүй юү… гэсэнд Бай Юй “Мэдлээ” гэв. Дай Рү “Бас нэг бүлэг байна. Түүнийг тайлж хэл” гэж хэлэв. Бао Юй түүнийг уншвал “Өнгөнд тачааддаг шиг, эрдэмд шунагчдыг би үзсэнгүй” гэсэн үгс байв. Энэ бол түүний эмзэг газрыг оносон өгүүлбэр байсан тул инээмсэглэж:

-Энэ өгүүлбэрт тайлаад байх юм алга гэсэнд Дай Рү:

-Битгий дэмий яриад байгаарай. Шалгалтанд ийм сэдэв таарвал чи бичих юмгүй ээ гэх үү гэв. Бао Юй аргагүйдэн:

-Богд хүний үзэхээр, хүмүүс эрдэмд шунахгүй мөртөө өнгөнд тэсгэлгүй тачаах бөгөөд эрдэм хэмээгч төрөлх чанар байтал хүн түүнд шунахгүй байна. Тэрхүү өнгө гэгч нь хэдий авч төрсөн авьяас боловч түүнийг бахдахгүй хүн алга. Гэтэл эрдэм гэгч тэнгэрийн ёс, өнгө гэгч хүний хүсэл тул хүн яахаараа тэнгэрийн ёсонд өөрийн хүсэл мэт шунана вэ? Күнз хэдий санаа алдан хэлсэн үг боловч бас хүмүүсийн сэтгэл эргэхийг хүссэн санааг илрүүлжээ. Түүнчлэн бас эрдэмд шунагчид бий боловч төдий гүнзгий биш бөгөөд өнгөнд тачаах мэт шунавал сая үнэнхүү дуршил болохыг үзэн мэджээ гэв. Дай Рү

-Ингэж тайлж болно. Би нэг юм асууя. Чи богдын сургаалыг мэдэх байтлаа яагаад энэ хоёр алдааг гаргаж байна вэ? Би чиний гэрт очиж үзээгүй, бас танай Лао е надад хэлээгүй боловч би чиний алдааг мэднэ. Хүн болъё гэж байгаа бол яагаад эрдэм сурч дээшлэхийг хүсэхгүй байна вэ. Одоо чи яг “Залуучуудыг болгоололтой” цагт байх бөгөөд “Нэртэй” нь болно уу “Нэргүй” нь болно уу, цөм өөрийн чармайхад л байна. Одоо би чамд цаг хугацаж өгсүгэй. Нэг сарын дотор сурсан хуучин бичгээ боловсруулан тогтоож, дахиад нэг сар зохиол уншсан хойно даруй сэдэв гаргаж чамаар зохиол бичүүлнэ. Алжууран хойргошвол би хүлээж авахгүй. Эртний үгэнд “Хүн болоход дуршлыг тэвчинэ. Дуршлыг хөөцөлдвөл хүн болохгүй” гэж байдаг юм. Чи миний үгийг сайтар санаж яв гэсэнд Бао Юй үг дуугүй хүлээж, арга буюу хичээлийн ёсоор гүйцэтгэснийг үл өгүүлэн өгүүлэх нь:

Бао Юй сургуульд сууснаас хойш И Хун Юань ихэд нам сэлүүн болж Ши Рэнь ч үйл утас оролдох бага сага чөлөөтэй болов. Нэг өдөр гоёлын хавтага хатгаж суухдаа, Бао Юй номд шамдаж эхэлснээс хойш шивэгчдэд зовлонгүй боллоо. Тэр эртхэн энэ мэт шамдсан бол Чин Вэнь яалаа гэж тиймд хүрэх вэ гэж бодоод, хулгайч баригдахад хуялч зовнино гэх мэт санамсаргүй шүүрс алдав. Гэнэт өөрийгөө бодож үзвэл, Бао Юйгийн авааль эхнэр болохгүй, татвар эхнэр болно. Түүнийг тогтоож чадах боловч нэг хэцүү эхнэр авбал өөрөө даруй: “Ёу Эр Жэ, Шиян Лингийн араас явна. Жя Мү, Ван Фүрэний байдал Фөн Жегийн хааяа цухуйлгах үгнээс үзвэл, Дай Юй түүний эхнэр болох нь гарцаагүй ажээ. Дай Юй бол сэжиг ихтэй хүн гэж бодох зуур санаандгүй дотор нь эвгүйрхэж, гар нь чичрэн зүүгээ хаа ч хамаагүй хатгаж мэдэхээр болов. Тэгээд үйл утсаа хураагаад Дай Юйн санааг туршихаар очив. Түүнийг орж очиход ном үзэж байсан Дай Юй харуутаа суухыг урив. Ши Рэнь: “Ойрд авхайн бие овоо сайн байна уу” гэсэнд цаадах нь: “Юун нь сайн байхав. Жаахан тамир орсон төдий л байна. Чи юу хийж байна даа” гэж асуув. Ши Рэнь,

-Одоо Бао Юй сургуульд яваад гэрт байхгүй болсон тул авхайтай ийн тийн ярьж жаахан суухаар ирлээ гэтэл Зы Жюань цай аваад орж ирэв. Ши Рэнь түүнийг хараад босож, суухыг уриад: “Дүү охин уржигдар биднийг юү гэсэн юм бэ. Би Чю Вэнигээс хагас дутуу сонссон” гэтэл Зы Жюань инээж:

-Эгч, түүний үгийг итгэчихээ юү. Бао Юй сургуульд яваад, Бао Чай хариад, Шиян Лин бас ирэхгүй болохоор уйдаад байна гэсэн юмаа… гэсэнд Ши Рэнь,

-Чи Шиян Линг дурслаа. Тэр чинь хөөрхий зовж байна. Нэг тийм “Чойжин найнайтай” таарчихаад… яаж амьдрахаа мэдэхгүй гээд хоёр хуруугаа гозойлгон, яривал бүр хэцүү. Гадны хүний өмнө нүүрээ барахыг ч тоохгүй… гэсэнд Дай Юй залгаж:

-Тэр ч зовлонг ханатал эдэлжээ. Юй Эр авхай яаж үхлээ дээ, харахгүй юү гэв. Ши Рэнь:

-Үнэхээр тийм боллоо. Нэр төрийн хувьд зөрөөтэй ч, адилхан хүн мөртөө юу нь тийм муухай хортой ааш гаргадаг юм бэ дээ. Нэр нүүрт ч муухай шүү дээ гэв.

Түүний далдуур хүн муу хэлэхийг сонсоогүй тул Дай Юй, энүүний дотор юм байна гэж бодоод сэрдхийж:

-Үүнийг хэлэхэд хэцүү. Айлын явдалд дорнын салхи, өрнийн салхийг дарахгүй бол даруй өрнийн салхи дорнын салхийг дарна гэв. Ши Рэнь:

-Татвар сул эхнэр бологчид угаас аймтгай байтлаа яагаад аймшиггүйгээр хүнийг дарлаж чадна вэ гэв.

Тэднийг ийн ярилцаж суутал нэг эмгэн: “Энэ Линь авхайн гэр мөн үү. Аль эгч нь энд байна вэ” гэж асуусанд Шюэ Янь гарч очвол, Шюэ Имагийн тэндэх хүн байсанд “Ямар учиртай вэ” гэж асуув. Эмгэн:

-Манай авхай, эндэх Линь авхайд юм хүргүүлсэн юмаа гэсэнд Шюэ Янь: “Та түр хүлээж бай” гээд Дай Юйд ирж хэлбэл: “Оруул” гэв. Эмгэн орж ирээд мэндэлснээ, нүдээ сүүмийлгэн Дай Юйг ширтсэнд цаадах нь илэрхий эвгүйцэж: “Хэн юү өгсөн юм бэ. Бао авхай юү” гэсэнд тэрбээр сая инээж: “Манай авхай, балд дарсан баржгар лууны нүд нэг лонхыг авхайд өгчилгөсөн юмаа” гээд Ши Рэнь рүү харж: “Энэ охин Бао Эр Егийн гэрийн Хуа охин бишүү” гэв. Ши Рэнь инээж: “Мөөмөө намайг яаж таниав” гэж асуув. Эмгэн инээж:

-Бид дайдаагийнд гэр сахиад, дэмий гадагш гарахгүй болохоор охидууд намайг танихгүй нь хэрээ. Харин охидыг манай тэнд очиход би харсан учир арай мартаагүй байжээ гэсээр Шюэ Яньд нэг лонхтой юм өгөөд, эргэхдээ Дай Юйг харснаа Ши Рэнь рүү инээмсэглэн:

-Энэ Линь авхайг танай Бао Эр Етэй нэгэн хос гэж манай дайдаагийн хэлдэг нь үнэн ажээ. Харахад үнэхээр тэнгэрийн дагина мэт юмаа гэсэнд Ши Рэнь түүний үг түс тас болсныг үзээд: “Мөөмөө та ядарсан биз. Жаахан амсхийж суухгүй юм уу” гэж яриаг нь хазайлгав. Эмгэн инээж:

-Манай тэнд бол одоо Чинь авхайн хуримд бэлтгээд тун завгүй байна. Манай авхай бас хоёр лонх баржгар лууны нүдийг Бао Эр Ед хүргэ гэсэн юмаа гээд салах ёс хийнгүүт салганан сажилсаар гарч одов. Дай Юй энэ эмгэний эрээгүй аашилсанд уур нь хүрсэн боловч Бао Чайн ирүүлсэн хүн болохоор нь юм хэлж чадсангүй. Түүнийг үүд рүү эргэхэд нь “Бао авхайн сайхан сэтгэлд баярлалаа гэж хэлээрэй” гэсэнд эмгэн: “Бао Юйгээс өөр хэнд ийм сайхан охин тэнцэх вэ” гэж амандаа дүдэгнэсээр гарч билээ. Дай Юй түүний яриаг сонсоогүй царай гарган өнгөрөөв. Ши Рэнь:

-Хүн насжихаараа санааны зоргоор чалчиж болно гэж боддог юм байх даа. Уур ч хүрмээр, инээд ч хүрмээр байгаа биз… гэтэл Шюэ Янь, нөгөө лонхтойг нь авчирч Дай Юйд үзүүлсэнд, наадахыг чинь иднэ гэхээс дургүй хүрч байна. Цааш нь аваачиж хая гэв. Тэгсгээд Ши Рэнь ч гэр рүүгээ явав.

Үдэш болмогц Дай Юй засал чимэглэлээ аваад дотор өрөөндөө ортол нөгөөх лонхтой баржгар лууны нүд харагдмагц өдрийн эмгэний ярьсан үг санаанд нь орж ирээд зүрхийг нь өвтгөв. Бүрий болж хөл хоригдсон тул гадуур гарах ч аргагүй, түмэн гаслан цээжээр нь дүүрч “Өвчинд баригдсан энэ нас бие ч ингээд гүйцэж байгаа байхаа даа. Бао Юйн байдлыг харвал, дотор нь өөр хүнгүй юм шиг боловч Лао тайтай, нагац бэргэний царайнд ажиг сэжиг мэдэгддэггүй учир, эх эцэг амьд мэнд байхдаа энэ ургийн учрыг эртхэн хэлэлцэн тогтохгүй яав даа гэж бодоход гомдмоор юм” гэж бодоод, цаашлан, эцэг эх минь өөр газар ураг тогтоосон бол энэ Бао Юй мэтийн ухаантай сэргэлэн хүнтэй учирч яаж чадах вэ. Тэд тогтоогоогүй нь бас горьдол төрүүлэх юм гэхчилэн энэ тэрийг бодож эргүүлж тойруулсаар эх зах нь олдохыг болив.

Санаа алдаж, хэдэн дусал нулимс унагаад урам нь хугарч хэвтэв. Тэгтэл нэг бяцхан охин ирж, “Гадаа Юй Цүнь Лао е ирээд авхайг залж байна” гэсэнд Дай Юй, “Би хэдий түүгээр ном заалгасан боловч, хөвгүүн шавьтай адилгүй тул уулзсаны хэрэг алга” гэж бодоод охинд “Бие нь өвчтэй учир гадаа гарч чадахгүй нь ээ. Миний мэнд хүргэж тал засчихаа” гэв. Охин “Байдал нь, авхай танд баяр хүргэх байхаа. Нанжингаас бас авхайг аваачихаар хүн ирнэ” гэв.

Төдөлгүй Фөн Же, Шин Фүрэнь, Ван Фүрэнь болон Бао Чай нар инээсээр орж ирэв. Тэд “Чамд баяр хүргэе. Бас үдэш мордуулъя гэж ирлээ” гэсэнд Дай Юй ихэд сандран “Та нар юү ярьж байна” гэж асуув. Фөн Же: “Чи битгий үл мэдэгч царай гарга. Чи л мэдэхгүй байж гэнэ. Манай Линь хүргэн, Хүхү Хубэй нутагт, амуу тарианы түшмэлээр дэвшээд чамтай санаа таарах сайн хойт эх буулгаж авчээ. Одоо чамайг энд байлгах эвгүй гэж бодоод Жя Юй Цүнигээр зуучлуулж, хойт эхийн чинь хамаатан саданд сүй тавьжээ. Тийнхүү хүн илгээж, чамайг аваачих гэж байна. Чи хариутаа нөхөрт гарах бизээ. Энэ бүхнийг чиний хойт эх мэдэж зохицуулж байгаа гэнээ. Чамайг замд харж хандаж явах хүнгүй тул Лянь ахаар чинь хүргүүлэх боллоо…” гэсэнд Дай Юйгийн хамаг биеэс хүйтэн хөлс асгарчээ.

Энэ зуур Дай Юйд эцэг нь үнэхээр тэнд ноён суусан мэт санагдаж дотроо бачимдсан боловч: “Тийм байх ёсгүй. Фэн эгч дэмий чалчиж байна” гэж сөргөж хэлэв. Шин Фүрэнь, Ван Фүрэнь рүү нүд ирмэж: “Энэ итгэхгүй байна. Бид явъя” гэтэл Дай Юй нулимс мэлтэгнүүлэн “Нагац бэргэд минь суугаач дээ” гэсэнд цаадуул нь хүйтнээр инээмсэрээд гарч одов. Дай Юйгийн дотор улам бачимдаж, юм хэлье гэвч чадахгүй, бухимдаж байтал Жя Мү сууж байгаа харагдав. Тэгээд “Энэ явдлыг Лао тайтайд хэлж гуйвал туслах байх” гэж бодоод, өвдөг сөхрөн Жя Мүгийн өвдгийг тэвэрч: “Дайдаа минь, намайгаа аварч хайрла. Би тийшээ амьддаа л лав очихгүй. Тэр хойт эх чинь яаж миний төрсөн эхтэй адил байхав. Би Лао тайтайтайгаа л хамт байна” гэж гуйв. Жя Мүдоогтой инээж: “Энэ хэрэг надад хамаагүй ээ” гэв. Дай Юй уйлж: “Энэ чинь ямар явдал болж байгаа нь энэ вэ” гэсэнд Жя Мү: “Айл нэмэгдэх сайн. Илүү нэг хувь заслын эд олно” гэв. Дай Юй уйлсаар л “Би Лао тайтайгийнхаа дэргэд байхад би хэрхэвч илүү зоос хэрэглэхгүй. Лао тайтай намайгаа авраач дээ” гэсэнд эмээ нь, “Одоо үүнийг яриад нэмэргүй ээ. Охин эрт орой хэзээ ч айлд очно. Чи хүүхэд болоод мэдэхгүй байна. Хөгширч, үхэтлээ энд байж яаж болох вэ” гэв. Дай Юй: “Би энд боол шивэгчин болж амиа тэжээсэн ч яахав. Харин Лао тайтайг л өршөөлдөө багтаахыг гуйна” гэсэнд Жя Мү дуугарсангүй. Дай Юй эмээгээ тэврэн уйлсаар “Та надад угаас их хайртай. Та бол нигүүлсэх сэтгэлтэн мөн. Ийм хэцүү үед та намайгаа хайхрахгүй хаях гэж үү? Би таны зээ ач болох учраас та намайг холын хүн гэж үзэж болохгүй. Миний эх чинь, таны төрсөн охин шүү дээ. Та ээжийн минь нэр нүүрийг бодоод намайг өмгөөлөөч дээ” гээд өвөр дээр нь хэвтэв. Жя Мү: “Юань Ян чи ирээд энэ авхайг аваачиж амруул. Би үүний ноолохыг тэсэхгүй нь” гэж чанга хэлэв. Дай Юй, хичнээн гуйгаад хэрэг бүтэхгүй болсныг мэдээд, амиа хорлохоор гадагш гарав. Төрсөн эхээс өнчирсөндөө гутарч, нагац эмээ болон нагац бэргэн эгч дүү нар энгийн үед хэдий сайхан аашилдаг ч цөм худлаа юм байна гэж бодоод: “Харин Бао Юй яагаад үзэгдэхгүй байна вэ. Түүнтэй уулзвал арга олох юм биш байгаа” гэж бодтол Бао Юй өмнө нь малилзан инээмсэглээд “За охин дүү минь баяртай сайхан юм болжээ” гээд зогсож байв. Дай Юугийн уур нь хүрсэн боловч зуурч аваад “Чиний үгийг сонслоо. Чамайг ийм мөс шиг хүйтэн зүрхтэй амьтан болохыг өнөөдөр л мэдлээ” гэсэнд цаадах нь: “Би яагаад мөсөн зүрхтэй болчихов? Чи нэгэнт азтай болсон тул бид одоо чиг чигээ харсугай” гэж хэлэв. Дай Юйгийн уур улам хүрсэн ч яах аргагүйг мэдээд Бао Юйг л зуурч “Ах минь чи, намайг хэнийг дагаад яв гэж байгаа юм бэ” гэсэнд цаадах нь: “Чи явахгүй гэж байгаа юм бол эндээ л байхгүй юү. Чамайг анх надад ам алдсан учраас чи энд ирээ биз дээ. Би чамд хэр зэрэг байсныг чи бодож үзээч” гэв. Дай Юй жаахан тайвшираад бодож үзвэл, нээрэн Бао Юйд ам алдсан мэт тул гэнэтхэн гомдол нь баяраар солигдов. Тэгээд Бао Юйгээс “Би нэгэнт шийдлээ. Чи үнэхээр явуулах гэж байна уу” гэж асуув. Цаадах нь: “Би чамайг энд байлгана гээ биз дээ. Чи миний үгийг итгэхгүй байгаа бол зүрхийг минь үзэхгүй юү” гээд нэг жаахан хутга гаргаж өвчүүгээ хадаад харуулсанд улаан цус нь олгодов. Дай Юй сүнсээ зайлтал айж, түүний өвчүүг гараараа даран уйлж: “Чи яагаад ийм зан гаргаж байгаа юм бэ. Урьдаар намайг алчих” гэсэнд цаадах нь: “Хамаагүй ээ, би зүрхээ авч үзүүлье” гээд огтолсон газраар нь гараа явуулан зүрхээ базална. Дай Юй улам их айж дагжин чичирч, шархыг нь гараараа дарж уйлсанд Бао Юй: “Би одоо зүрхгүй болсон, яаж амьд явах вэ” гээд хоёр нүд нь цагаанаар эргэлдэн пидхийтэл газар ойчив. Дай Юй дуу алдан цурхиртал уйлсанд Зы Жюань: “Авхай, авхай яав, хар дарсан уу. Сэр, сэр!” гэж дуудан сэрээгээд, одоо хувцсаа тайлаад унтаа гэж хэлэв.

Дай Юй хар дарж зүүдэлснээ сая л мэдэв. Энэ хэр амьсгал нь давхцан эхэр татаж, зүрх нь түгшиж, дэр нь нулимсанд дэвтээд, энгэр цээж нь мөс мэт хүйтэн болжээ. Зүүдээ санах гэж оролдов. Эцэг эх нь эрт өнгөрөөд, Бао Юйтэй сүй тогтоогүй тул ийм явдал гэж яаж байж болох вэ гэж бодохын зуур өнчин өрөөсөн мөртөө, бас Бао Юйг үхүүлчихвэл яанаа гэхээс зүрх нь шархирна. Зүүднээсээ болж санаа бодол нь нэг мөсөн самуурчээ. Жаахан уйлтал бүх биеийн нь хөлс чийхрав. Хамаг хувцсаа тайлаад хэвтсэн боловч унтаж чаддаггүй. Гадаа салхи хөдөлж бороо шиврэх чимээг чагнан, урваж хөрвөж байтал холоос нэг юм орилон хашгирах мэт санагдсанд гайхан ажвал Зи Жюаний амьсгалын чимээ байв. Аргаа бараад хөнжлөөр биеэ ороож баахан суув. Цонхны цаана жихүүн салхи сэнгэнэж, хулсны мөчир тоо тоомгүй олон болжмор шулганалдан жиргэх сонсогдоно. Төдөлгүй үүр цайж цонхны цаасанд гэгээ тусав. Дай Юй юүн унтах вэ, нойр нь бүрэн сэргэхийн хамт хоолой нь сэрвэгнэн ханиагаад Зы Жюанийг сэрээчихэв. Цаадах нь өндийгээд:

-Авхай унтаж чадсангүй юү. Ханиаж байх чинь салхи авчихаагүй биз. Цонхонд бүгээн гэгээ тусаж байна. Үүр сайн цайхаар боссон дээр. Амсхийн хэвт хэвт. Энэ тэрийг битгий бод… гэсэнд Дай Юй:

-Би унтах дургүй биш. Харин унтаж чадахгүй байна. Чи жаахан унт унт… гээд бүгшин ханиав. Зы Жюань, эзнийхээ ийм байдалтайг хараад яаж унтах вэ. Тэгээд босож, нулимуурын сав авчрах мэтээр энэ тэрхнийг хийж байтал үүр цайв. Зы Жюань үүд нээж, цацмал хуарт зөөлөн орхиулыг тавьж, Шюэ Янийг дуудаж сэрээв. Тэгээд нулимуурын савыг харвал цустай цэр гарсаныг хараад: “Еэ, одоо яах билээ” гэж дуу алдсаныг Дай Юй сонсчихоод: “Яасан бэ” гэв. Зы Жюань дэмий аягласнаа мэдээд, үгээ булзааруулсанд цаадах нь: “Миний цэр дотор юм байна уу” гэж асуув. Зы Жюань: “Юм алгаа” гээд дуу нь ээдрэв. Дай Юйгийн аманд цус амтагдах шиг болсны дээр Зы Жюань дуу алдсанд сэжиг төрөвч түүнийг: “Гадаа хүйтэн байгаа юм бишүү. Даарна. Орж ир” гэв. Зи Жюаний “За” гэх дуу нь их л уяралтай санагдсанд Дай Юй толгой руугаа хүйтэн ус цацуулах мэт болов. Зы Жюань орж ирээд нүдээ арчсанд Дай Юй: “Хар өглөөгүүр уйлах юу болов” гэсэнд цаадах нь:

-Уйлаагүй ээ. Салхинд нүдний нулимс гарсан юм. Урьд шөнө авхай жаахан сэрүүн хэвтэв ээ дээ. Шөнө дундын үед ханиах шиг болсон гэсэнд Дай Юй

-Харин нь гэм. Унтъя гэхээр л нойр хулжчих юм гэв. Зы Жюань,

-Авхайн бие төдий л сайн биш тул сэтгэлээ бас тайван байлгаа! Биенээс эрхэм юм хаана байх вэ. “Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэдэг үг бий. Лао тайтайгаас эхлээд манай авхайг хайрладаггүй хүн байхгүй шүү… гэхэд, Дай Юйн зүүд санаанд нь зурсхийтэл дотор нь палхийв. Гэнэт нүд нь бүрэлзэж, царай нь барайв. Зы Жюань сандран нулимуурын савыг тосож, Шюэ Янь нуруу цээжийг нь дарлав. Удаж, удаж бөөн цэр ховхорсонд дотор нь нөж харагдана. Шивэгчид царайгаа шаралтал айв. Тэгсгээд Дай Юй тамирдан хэвтэв. Зы Жюань, байдал муу байгааг мэдээд, хүн дууд гэсэн дохиог Шюэ Яньд нүдээрээ өгөв. Түүнийг гарах үед Цүй Мо, Цүй Люй хоёр хадганан хөхрөлдсөөр орж ирэв. Тэд: “Өдийд Линь авхай гадаа гардагсан. Яагаад гарахгүй байна вэ. Манай авхай, гутгаар авхай нар дөтгөөр авхайнд очоод зурсан хүрээлэнгийн зургийг үзээд ярилцаж байна” гэсэнд Шюэ Янь гараар сэжив. Цаадах хоёр нь цочин гайхаад: “Юу болсон бэ” гэж асуув. Шюэ Янь гэртээ сая болсон явдлыг тодорхой ярьж өгөв. Тэр хоёр хэлээ гаргаад:

-Энэ ч тоглоом биш шүү. Лао тайтайд хэлэхгүй яасан юм бэ. Ингэж болохгүй… гэсэнд Шюэ Янь:

-Тэгээд л би одоо явж байна… гэтэл дотроос:

-Гадаа хэн байна. Авхай асууж байна гэсэнд тэд явж оров.

Хөнжлөөр хучуулан хэвтэж байгаа Дай Юй, тэр хоёрыг хараад: “Та нар сандрах хэрэггүй. Хэн та нарт хэлэв” гэсэнд Цүй Мо “Манай авхай, бас Юнь охин тэд нар бүгдээрээ дөтгөөр авхайнд очиж хүрээлэнгийн тухай зурсан зургийг нь үзэж ярилцъя гээд тийш явсан. Биднийг танд хэлээд, залж ир гэж явуулсан юмаа. Авхайн бие тааруу байгааг мэдсэнгүй ээ” гэв. Дай Юй: “Хүндрээд байгаа ч юм алгаа. Бие баахан сулбагар байна. Жаал хэвтвэл зүгээр болно биз. Та нар хамтдаа гутгаар авхай болон Шян Юньд хоолны дараа гойдын ажилгүй бол энд хүрээд ир. Жаал ярьж сууцгаая гэж залаарай. Бао Эр Е танай тэнд алгуу” гэсэнд цаад хоёр нь “Очоогүй” гэв. Цүй Юэ: “Бао Юй сургуульд орсноос хойш Лао е хичээлийг нь өдөр бүр шалгаж үзэж байгаа болохоор яаж урьдын адил дураар явж чадах вэ” гэв. Дай Юйг дуугарахгүй болохоор тэр хоёр ч тэгсгээд гарсаныг үл өгүүлэн өгүүлэх нь:

Тань Чүнь, Шян Юнь нар Ши Чүний зурсан “Да Гуань Юань хүрээлэнгийн зургийг” үзэж, энэ нь илүүдэв. Тэр нь дутагдав. Энэ нь цөөдөж, тэр нь олдож гэх мэтээр шүүн ярилцаж зөндөө удав. Зурагт шүлэг зориулж бичихийг зөвлөж, бас Дай Юйд заавал үзүүл гэхчилэн ярилцаж байтал Цүй Мо, Цүй Люй хоёр царай даран орж ирэв. Шян Юнь:

-Линь авхай яагаад ирсэнгүй вэ гэсэнд, цаадуул нь:

-Урьд шөнө Линь авхайн өвчин дахижээ. Шөнөжин ханиасан гэнэ. Цустай цэр гарсан гэж Шюэ Янь хэлж байна лээ гэцгээв. Тань Чүнь:

-Яана гэнээ, үнэн үү гэсэнд Цүй Люй:

-Яалаа гэж худлаа ярих юм бэ… гэтэл Цүй Мо:

-Бид гэрт нь орлоо, царай нь царай бишээ. Дуу хоолой нь ч суларч гэв. Шян Юнь:

-Тийм их муу байгаа юм бол яагаад ярьж чадаж байгаа юм бэ… гэсэнд Тань Чүнь:

-Чи юунд ийм нэг тэнэг үг хэлж байдаг юм бэ. Үг хэлж чадахгүйдээ хүрсэн бол… гэтэл Ши Чүнь:

-Линь эгч тийм ухаантай хүн байтлаа хэрэг учрыг нэвтэртэл бодолхийлж чадахгүй. Хар хумсын чинээ өчүүхэн юмыг ч үнэн болгочихно. Энэ ертөнцийн хэрэгт үнэн юм юун тийм их арвин байхав… гэтэл Тань Чүнь:

-Тийм бол цөмөөрөө тийшээ очъё. Өвчин нь хүндэрсэн байвал их бэргэнд хэлээд Лао тайтайд айлтгая. Эмч залж үзүүлэхээр арга нь олдоно биз. Явцгаая… гэсэнд Шян Юнь: “Би ч явъя” гэв. Си Чүнь:

-Эгч нар урьдаар очиж бай. Би юмаа янзалчихаад араас чинь мөд очно гэв. Цаадуул нь ч яаран явцгаав. Тэднийг ороод ирмэгц Дай Юй тэсгэлгүй зүрх нь шимширч, хажуугаар нь зүүдээ саналзан: “Лао тайтай хүртэл тийм байхад, эд нарыг юу ярих вэ. Би эднийг залаагүй бол ирэхгүй л улс шүү дээ” гэж дотроо бодовч гадаах байдал дээр юү гэж мэдүүлэх вэ, Зы Жюаниар түшүүлэн өндийгөөд “Сууцгаа” гэв. Тань Чүнь, Шян Юнь хоёр орны хоёр өнцөгт сууж, Дай Юйгийн байдлыг хараад сэтгэл нь зовов. Тань Чүнь ам нээж:

-Эгчийн бие яагаад гэнэт өвдчих вэ гэсэнд:

-Элдэв юм нөлөөлөөгүй л дээ, гэнэт л тамиргүй болчихлоо гэж Дай Юй хэлэв. Түүний ард зогсож байсан Зы Жюань, Шян Юньд сэмхэн нулимуурыг нь заав. Энэ ч яахав, нас бага жаахан хөнгөмсөг зантай хүн болохоор, түүнийг харуут цочиж: “Үүнийг эгч нулимаа юу. Энэ чинь яах нь энэ вэ” гэсэнд Дай Юй түрүүнд нүд нь бүрэлзээд анзаараагүйгээ сая харж сэтгэл нь хүйт даав. Тань Чүнь, Шиян Юний болгоомжлолгүйг хараад яаран:

-Энэ бол уушигны халуун дээш хөөрөөд, бага сага гаргасан төдий ерийн юмаа. Энэ Юнь охин л учир мэдэхгүй болоод айж цочиж байгаа юм гэж тайлбарлав. Энэ үед Шян Юний царай улсхийж, үг алдсандаа гэмшиж суув. Тань Чүнь, Дай Юйгийн тамир тэнхээ муу, ядруу байгааг мэдээд яаран босож:

-Эгч их тайван байж биеэ сувил. Бид дараа ирнэ… гэсэнд Дай Юй: “Би та хоёрынхоо сэтгэлийг зовоочихлоо доо” гэв. Тань Чүнь, Зы Жюаньд:

-Авхайг тун сайн анхаарч бай гэж хэлээд гарах гэтэл гадаа нэг хүний бархирах дуу сонсогдов. Хэний дуу болохыг мэдсүгэй хэмээвээс дараах бүлэгт үзтүгэй!

 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж