Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын биеийн байдал хэвийн байна гэв

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын биеийн байдал хэвийн байна гэв

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын биеийн байдал хэвийн байна гэв

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргээр шүүгдэж,  ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар өнөөдөр /2018.03.16/ уулзлаа.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай холбоотой өргөдөл УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд ирсэн байна. Тиймээс Хүний эрхийн дэд хорооны гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар ШШГЕГ-н харъя 429-р цагдан хорих анги болон Эмэгтэйчүүдийн хорих 407-р ангид ажиллаж, С.Зориийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нартай ар гэрийнхнийх нь хүсэлтийн дагуу уулзаж хоригдож буй нөхцөл байдалтай танилцлаа.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “ Хүний эрхийн дэд хорооны хоёр гишүүн энд ирээд ажиллаж байна. Ирэх долоо хоногт олон улсын парламентын чуулган болно. 2001 оноос жил болгон зохион байгуулагдаж буй чуулганд С.Зоригийн хэргийг хоёр жил тутамд авч хэлэлцдэг ба одоогоор бэлтгэл ажлаа хангаж байна. Хорих ангид ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын биеийн байдал, хоригдож буй нөхцөл байдал бүгд хэвийн байна” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай цөөн хором ярилцлаа.

– Ар гэрийнхэн зүгээс Хүний эрхийн дэд хороонд хүсэлт ирүүлсэн гэж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

 -“Хүний эрхийн дэд хороонд Б.Содномдаржаа болон Т.Чимгээгийн хоригдож буй нөхцөл байдалтай очиж танилцаж өгөөч ээ гэдэг хүсэлт ирсэн.

Хорих байрны нөхцөл байдал ямар байгааг бид сая харлаа. Прокурортой уулзаж ярилцлаа. Прокурор ял эдлэх үйл ажиллагаанд хяналт тавьдаг ба хорих байрны нөхцөл байдал ял эдлэгч нарын ахуй байдалд хүний эрхийн талаас нь хяналт тавьж хууль хэрэгжүүлэх үүрэгтэй. Прокурорын санал бодлыг сонсоход энэ асуудлаар харьцангуй зөрчил багатай байна гэж хэлэв.

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзаж хоригдож буй нөхцөл байдлын талаар та нар ярилцсан байх?

-Б.Содномдаржаатай уулзаж нөхцөл байдлыг нь сонслоо. Энэ үеэр Хүний эрхийн дэд хороонд явуулсан өргөдөл гомдлыг Хүний эрхийн дэд хорооны хаалттай хурлаар бид авч хэлэлцэнэ гэдгийг сая дуулгалаа.

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн ихэнх хэсэг нь ил болсон ч зарим материал хаалттай байгаа. Тэгэхээр бид энэ асуудлыг Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар хэлэлцэж ирэх хаврын чуулганы үеэр дахин хэлэлцэх бодолтой байна.

Олон асуудлуудыг тэд ярьсан. Мөрдөн байцаалтын явцад Б.Содномдаржааг эрүүдэн шүүсэн гэсэн гомдол нэлээд байсан. Энэ болгоныг Хүний эрхийн дэд хороо шалгана. Б.Содномдаржаагийн бидэнд ирүүлсэн захидал болон “Өдрийн сонин”-д хэвлэгдсэн захидалд ийм асуудал хэд хэдэн удаа дурдагдсан. Ар гэрийнхэн гишүүдээс ч бас удаа дараа ийм гомдол ирсэн тул бид тэдэнтэй уулзаж хүний эрхийн талаас нь ярилцлаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “Гэмт хэрэг мөрдөн байцаах явцад тухайн хэрэгтэй холбоотой эргэлзээтэй асуудлууд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд яллагдагчийн талд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн үндсэн зарчим байгаа. 

С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн нөхцөл байдлыг харахад маш их эргэлзээ харагдаж байна. Үүнд ганцхан бид биш Монголын ард түмэн эргэлзэж байна. Дээрх  эргэлзээг шийдэхийн тулд Хүний эрхийн дэд хороо ажиллаа хийж тэдэнтэй уулзсан” гэлээ.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж