Таагүй дуулианд холбогдож, өөрийн хүсэлтээр зодог тайлах шийдвэр гаргасан ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслолын тов хараахан гараагүй байна.
Японы сүмогийн холбооноос 70 дахь ёкозүнагийн зодог тайлах хүндэтгэлийн ёслолыг товлон зарлах учиртай. Уламжлал ёсоор дээд цолтой бөхчүүдийн зодог тайлах ёслолыг 6-12 сарын дараа зохион байгуулдаг. Ёслол Токиод болдог учир тус хотын Кокугикан ордонд зохион байгуулах тэмцээн, арга хэмжээний хуваарьтай нарийн зохицуулдаг аж. Сүмогийн жилийн зургаан башёгийн гурав нь Токиод болдог. Тэгэхээр Токиод болох тав ба есдүгээр сарын башёгийн өмнө, эсвэл дараа ёкозүнагийн зодог тайлах ёслол болох боломжтой ажээ.
Тодруулбал, тавдугаар сарын сүүлч, зургадугаар сарын эхэн үе, эсвэл есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эхээр аль нэг өдөр товлогдох бололтой.
Ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж 2017 оны аравдугаар сарын 26-нд Тоттори хотод өөрөөсөө зиндаа доогуур, нутаг нэгт сүмоч Таканоива А.Баасандоржийг караокены машины удирдлагаар зодож, гэмтээсэн хэрэгт холбогдож, улмаар өөрийн хүсэлтээр зодог тайлах шийдвэр гаргасан билээ.
Сүмогийн ертөнцийг донсолгосон дээрх дуулианы улмаас Харумафүжи нэгэнт зодог тайлах шийдвэр гаргасан тул Японы сүмогийн холбооноос түүнд шийтгэл оноогоогүй юм. Харин Тоттори хотын цагдаагийн газар бусдын биед халдаж, танхайрсан гэх хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлснээр түүнд өнгөрсөн нэгдүгээр сард 500 мянган иений торгууль ногдуулсан билээ.
С.ЦЭЛМЭГ