Өвлийн спортын дэлхийн цомын уралдаанууд өндөрлөх шатандаа ороод байна. Шведийн Оред 2017-2018 оны уулын цанын дэлхийн цомын сүүлчийн гараа болж төрөл тус бүрдээ аваргаа тодруулж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн супер-жи төрлийн энэ улирлын сүүлчийн уралдаан болж дүнгээ гаргалаа.
Тус гараанд Италийн С.Гожа тэргүүлж Германы В.Ребенсбург болон АНУ-ын Л.Вонн нар удаалжээ. Харин тус гараанд 1 мин 09.00 сек-н амжилтаар 6-р байранд шалгарсан Лихтенштейн улсын уулын цанын тамирчин Тина Вайратер супер-жи төрөлд нийлбэр дүнгээр 461 оноогоор энэ улирлын ялагч болж байна. Өдгөө 28 настай Т.Вайратер уулын цанын төрлүүд дундаас супер-жи төрөлд өндөр амжилт үзүүлдэг бөгөөд олимп, дэлхийн аваргаас энэ төрөлдөө медаль хүртэж байсан. Мөн супер-жи төрөлд сүүлийн 2 улирал дарааллан дэлхийн цомыг нийлбэр дүнгээр өнгөлж байна.
Дэлхийн цомын эмэгтэй супер-жи төрлийн эхний 5 тамирчин:
- Т.Вайратер (Лихтенштейн) – 461 оноо
- Л.Гут (Швейцар) – 375 оноо
- А.Вейт (Австри) – 339 оноо
- М.Гисин (Швейцар) – 313 оноо
- С.Гожа (Итали) – 311 оноо
Б.БЯМБАБАЯР