Тавантолгой руу чулуу шидэх нь өрсөлдөгчдөд өгөөш болно

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Тавантолгой руу чулуу шидэх нь өрсөлдөгчдөд өгөөш болно

Тавантолгой руу чулуу шидэх нь өрсөлдөгчдөд өгөөш болно

Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайханыг АТГ шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа. Элчин сайд М.Энхсайхан нь 2014-2016 онд Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын  төсөл дээр ажиллаж байсан. Уг төслийг боловсруулахдаа Монгол Улсын холбогдох хэд хэдэн хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж АТГ шалгаж байгаа гэнэ.

Тавантолгойн төслийн тендерийг Н.Алтанхуягийн Засгийн газар зарлаж, Ч.Сайханбилэгийн засаг ялагчийг тодруулсан байдаг. Ялагчаар Монголын “Энержи ресурс”, Хятадын “Шинхуа”, Японы Сүмитома нар шалгарсан бөгөөд гэрээг үзэглэхийн даваа дээр буцсан билээ. Гэрээг үзэглэхээр хөрөнгө оруулагчид ирсэн өдөр нь тухайн Үеийн УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн төслийг УИХ-д оруулж ирвэл Засгийн газрыг нь огцруулна гэж Ч.Сайханбилэгийг “шантаачилж” байснаас хойш энэ төсөл хэзээ хэрэгжих нь тодорхойгүй хугацаагаар гацсан.

УИХ-ын асан Л.Эрдэнэчимэг гэрээг гацаасандаа баяртай байгаагаа зарлаж, хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Оросын эрх ашигт нийцэхгүй” байгаа гэх үгийг хэлсэн нь тухайн үед багагүй шүүмжлэл дагуулж байсан билээ.  УИХ-ын дарга З.Энхболд хүлээж авахаас татгалзсан Тавантолгойн төслийн гэрээг Засгийн газар эргүүлэн татсан. УИХ-аар хэлэлцэгдээгүй, зөвхөн хэлэлцээ төдийгөөр өнгөрсөн Тавантолгойн гэрээний асуудлаар М.Энхсайханыг шалгаж эхэлсэн нь АТГ-т өгсөн даалгавар байсан уу, аль эсвэл үнэхээр асуудалтай байв уу гэдгийг цаг хугацаа харуулах биз.

Тавантолгойн гэрээний төсөл дээр ажиллаж байхдаа М.Энхсайхан “News.mn” сайтад нэгэнтээ ‘Тавантолгой бол маш том төсөл. Зөвхөн төмөр замын бүтээн байгуулалтад нэг тэрбум доллар зарцуулагдах юм. Ийм их хэмжээний мөнгийг нэг ч компани өөрөө бие дааж гаргадаггүй. Мега төслийн онцлог нь энэ. Тийм учраас энэ том төслийг банк санхүүгийн байгууллага санхүүжүүлэх нь гэдгийг хөрөнгө оруулагчид ч, Монголын Засгийн газар ч, монголчууд ч анхнаасаа ойлгож авах хэрэгтэй. Тэгэхээр бидний хооронд хэлэлцээ хийж, зөрөөтэй асуудал дээрээ ярьж тохиролцох нэг хэрэг. Нөгөө асуудал нь, Монголын Засгийн газар, хөрөнгө оруулагчдын хооронд ярьж тохирсон асуудал болгон банкны шаардлага хангах ёстой. Хэдийгээр одоогоор хоёр тал хоорондоо асуудлаа тохиролцож байгаа боловч эцсийн дүндээ банк мөнгө өгөх үү, үгүй юу гэдгийг шийдэх болохоор банкны шаардлагад тохируулж яаж хоорондоо ярьж тохирох вэ гэдэг том асуудал яригдаж байна. Ер нь төслийг хэрэгжүүлэхэд багагүй бэрхшээлүүд одооноос харагдаж байна. Жишээлбэл, том бүтээн байгуулалт явахад маш олон зөвшөөрөл хэрэг­тэй. Нэгэнт банк, санхүүгийн байгууллагаас хөрөнгө мөнгө хүсч яваа тул банкууд төслийн компаниас тусгай зөвшөөрлүүдээ бүгдийг гартаа хийж авсан байхыг шаарддаг. Тусгай зөвшөөрлүүдээ гаргуулж аваагүй бол банк мөнгө өгөхгүй. Монгол Улс мега төслийн туршлагагүйгээс гадны хөрөнгө оруулагчдад хандахдаа “эхлээд хөрөнгө мөнгөө аваад ир, юу хийхээ дэлгэрэнгүй танилцуул, дараа нь зөвшөөрлөө аваарай” гэж ханддаг. Зарим хуулиндаа энэ баримтлалаа тусгасан байдаг. Жижигхэн төсөлд энэ баримтлал зөв байж магад. Мега төсөлд бол энэ бол амиа хорлосонтой адил юм. Тэгэхээр манай төрийн элдвийн зөвшөөрөл өгдөг газрууд, байгуул­лагууд энэ төслийг мега төслийнх нь онцлогоор том харж, асуудалд түргэн шуурхай хандах шаардлагатай болж байгаа юм. Ер нь бол мегатөслийг шил гэдэг юм. Шил хагарч бутрахад амархан. Нэг сүрхий эр чулуу шидчихвэл шил хагарах амархан шүү. Тавантолгой төсөл цаг хугацаа алдаж бүтэхгүй байх хооронд ОХУ, Мозамбик, Казакстан, Индонез манайтай өрсөлдөх төслүүдээ зөндөө урагшлуулжээ. Энэ төсөл рүү чулуу шидэх нь өрсөлдөгчдөд маань сайхан өгөөш болох байх шүү’ гэсэн ярилцлага өгч байв.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж