Якутск нисэх буудалд алтаар “бороо оржээ”

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Якутск нисэх буудалд алтаар “бороо оржээ”

Якутск нисэх буудалд алтаар “бороо оржээ”

Якутск нисэх буудлаас хөөрсөн Оросын тээврийн онгоцны  ачааны хавхлага сайн хаагдаагүйгээс болж  олон сая ам.долларын үнэ бүхий алтан гулдмайнууд  унажээ.

Онгоцны хөөрөх талбайд үнэт метал хөглөрсөн зураг цахим сүлжээнд тавигдсанаар энэ хэрэг олны анхаарлыг татжээ.

ОХУ-ын Мөрдөх шалгах хорооноос өчигдөр (2018.03.15) мэдэгдсэнээр “Нимбус” нислэгийн компанийн Ан-12 онгоц Чукотка мужийн Уул уурхай, геологийн компанийн өмч болох есөн тонн алтыг тээвэрлэж явахад энэ хэрэг гарсан ажээ. Онгоц хөөрөх үед ачааны хавхлага сайн хаагдаагүй байснаас болж тээвэрлэж явсан алтан гулдмайнууд газарт унажээ. Энэ ослын улмаас гэмтэж бэртсэн хүн гараагүй байна.

Якутск нисэх буудлын захиргааны тайлбарлаж буйгаар Ан-12 онгоцонд нислэгийн өмнө ямар нэгэн эвдрэл, гэмтэл байгаагүй гэнэ. Гэвч онгоц хөөрөх үед нислэгийн хөөрөх, буух талбайд ачаа унасан учраас онгоц зэргэлдээх Маган нисэх буудалд ослын буулт хийжээ.

Гэрчүүдийн мэдээлснээр онгоцноос шижир алтнаас гадна цагаан алтан гулдмайнууд бас унасан гэнэ.  ОХУ-ын Дотоод хэргийн сайдын ТАСС агентлагт мэдээлснээр нислэгийн талбайгаас 3.4 тонн 172 ширхэг алтан гулдмай олджээ. “Mash Telegram”-д мэдээлснээр тэдгээр алтан гулдмайнууд ойролцоогоор  21.6 тэрбум рубль (380 сая ам.доллар)-ийн үнэтэй ажээ.

Алтан гулдмайгаар “бороо орсон” зураг цахим сүлжээнд тавигдсаны дараа нэгэн цахим хэрэглэгч “Якутскад байсан ч болоосой” хэмээн бичсэн бол өөр нэг нь “Якутск маш баян муж. Тэнгэрээс алтаар бороо хүртэл орно” гэжээ.

Эх сурвалж: RT

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж