Ерөнхий сайдыг танихгүй байхыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдыг танихгүй байхыг хүсч байна

Ерөнхий сайдыг танихгүй байхыг хүсч байна

Улс төрийн салхилаагүй салхийг бий болгох, бүр болохгүй бол “сэнсээр үлээлгээд ч атугай” хаврын улс төр гэгч нийгмийн шизофренийн нянг тараах гэж зүдэрч, задарч яваа тодорхой ашиг сонирхолтой бүлэглэлүүдийн зүгээс өнөөдөр төрд алба хашиж яваа дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нараар “оролдож” эхэллээ. Тодорхой нэр заахгүйгээр “зарим дэд сайдыг” эсвэл “зарим төрийн нарийн бичгийн даргыг” гэхчлэн битүү хатуу, оочин цоочин ганхуулахын цаана улс төрийн тогтворгүй байдал үүсгэх хүсэл сонирхол анзаарагдаж байна. Ингэхдээ албан үүргээ дутуу дулимаг биелүүлсэн эсэх тухай бус ямарваа нэгэн, тэр тусмаа авлигын хэрэгт, батлагдаагүй үндэслэлээр холбогдуулан мэдээлэх нь хардлага төрүүлэх аж.

Эрүүгийн эрх зүйн тулгуур зарчимд тооцогддог “Nullum crimen sine lege” мөн түүний үргэлжлэл болсон “Nulla poen sine lege”-д энэ талаар тодорхой тайлбарласан байдаг. Үүнд, “Гэмт хэрэгт оногдуулах ялыг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд тэрхүү хуулийг бүтээх эрх мэдэл зөвхөн гэрээний үндсэн дээр байгуулагдсан нийгмийг төлөөлөгч болох хууль тогтоогчид хадгалагдах учиртай. Шударга ёсны зарчмын дагуу ямар ч шүүх өөрөө нийгмийн нэг хэсэг атлаа нийгмийн бусад гишүүдэд зориулан ял тогтоож болохгүй. Хуульд зааснаас хатуу болон хуулиар тогтоогүй ял оногдуулсан нь шударга байвч түүнийг ял гэж лав болохгүй” гэсэн түүний философийн гаргалгаа нийгэмд итгэл үнэмшлийг олсны ачаар XVIII зууны Европын хууль тогтоомжид тусгалаа олсон гэдэг. Эрх зүйт ёсны үзэл санааны суурь болсон эрх мэдэл хуваарилах зарчмыг хамгаалан хууль тогтоох, шүүх эрх мэдэл нь гэмт хэрэг, түүнд ногдуулах ялын хүрээнд хэрхэн хэрэгжих ёстойг тодорхойлсон. Энэ тухайд Ч.Беккариа “Нийгмийг бүхэлд нь төлөөлөгч болохынхоо хувьд эрх баригч нь зөвхөн нийтээр дагаж мөрдөх хуулийг л тогтоох ёстой бөгөөд харин өөрөө хэн нэгнийг нийгмийн гэрээ зөрчсөн эсэхийг нь шүүж болохгүй, эс бөгөөс улс орон хоёр хэсэг хуваагдахад хүрнэ. Нэг хэсэг нь эрх баригчаар төлөөлүүлсэн нийгмийн гэрээ зөрчигдсөн гэж үзэгчид, нөгөө нь үүнийг нь эсэргүүцсэн яллагдагчид. Ийм учраас ямар нэгэн гомдол санал илэрхийлэлгүй ердөө л тодорхой хэрэг явдлыг болсон эсэхийг нотлох эсвэл үгүйсгэх гуравдагч хэн нэгэн буюу шүүгч хэрэгтэй болдог” гэснийг жишээ болгоё.

Тэгэхээр хэрэв тухайн албан тушаалтнуудад “асуудал” байгаа бол шалгаж буй байгууллагуудын эцсийн дүгнэлтийг хүлээх, үүнээс урьтаж албан үүргээ хэвийн гүйцэтгэхэд нь саад учруулахгүй байх нь зүйтэй болов уу. Эсвээс “төрийн албаны үйл ажиллагааны зарчим болон улс төрийн үйл ажиллагааны” зааг ялгааг зориуд бүдгэрүүлэх тал руу хэт улайрсан явдал болж байна.

Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулагчид Монголын зүг арайхийн дахин харж эхэллээ. Төрийн тэргүүн хүртэл “Монгол руу хар даа” гэж АНУ-ын Ерөнхийлөгчид захиа бичиж үзэв. “Хөршүүд” маань улс төрийн тогтвортой байдлыг хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх суурь нөхцөл болгож авч үзэж байна. Тэд тэнэгтээ “даргаа суудалд нь удаан залах” гээгүй. БНХАУ-ын дарга “насан туршдаа” улсаа удирдах боллоо гэхэд тэр улс сүйрчихгүй. ОХУ одоогийн Ерөнхийлөгчөө дахин сонгохоор нэгдэж байгаагаа илэрхийлсээр байна. Энэ бүхэн тухайн удирдагчийн бодлого улсыг нь хөгжүүлж чадаад байгаад, мөн амласнаа хугацаанд нь биелүүлж харуулаад байгаагаас гадна хамгийн гол нь удирдагчаараа нэрийн хуудсаа болгож гадаадын улс орнуудтай урт удаан хугацаанд хамтран ажиллах, тогтвортой суурь нөхцөлийг санал болгож байгаа хэрэг юм.

Харин Монголд? Монголд гаднын хөрөнгө оруулагчдыг “шинэ Засгийн газар”, “шинэ бодлого”, “шинэ эрх зүйн орчноор” угтаж таавар таалгах, тэдний оруулах гэж байгаа хөрөнгийг эрсдэлд оруулж дэнсэлдгээрээ “онцгойрч” чадах болжээ. Харамсалтай нь өөрсдийнхөө зохиосон энэ тоглоомд хөрөнгө оруулагчид биш өөрсдөө хожигдох нь элбэг. Тэр тусмаа хөрөнгө оруулалтын түүхийн хуудсанд одоогоор нэрийн хуудас болоод байгаа хамгийн том гэрээ болох Оюутолгойн гэрээгээр шалтаглаж Засгийн газраа огцруулах гэж оролдсон удаа дэндүү олон.

Тухайлбал, 2016 оны эхээр тухайн үеийн Ерөнхий сайдыг огцруулахаар дуулиан дэгдээд байхад Монголын бизнесийн зөвлөл нэгдэж Ерөнхий сайдыг огцруулах шийдвэрийг эсэргүүцсэн шийдвэр гаргаж билээ. Тэр үед Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Жим Двайер “Засгийн газраараа тоглосноор дэлхийн хөрөнгө оруулагчид Монголоос хөндийрнө. Бизнесийн зөвлөлийн нэрийн өмнөөс Монголын Засгийн газраас санхүүгийн дэмжлэг хүсээгүй, хамгийн гол нь тогтвортой байдлыг хүсч байна. Бизнесийн үйл ажиллагаа урьдчилан таах боломжтой үргэлжлэх ёстой гэж үзэж байна” гэсэн мэдэгдэл хийж билээ. Тухайн үед Ерөнхий сайдыг огцруулах шаардлагад Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан явдлыг онцлон холбогдуулж байв.

Өнөөдрийн байдлаар МАН доторх шинэ холбоо, АН дотроос “хөөгдсөн” 116 гишүүнээр эхэлсэн нийгмийн шизофренийн нян хэрхэн үржихийг таашгүй ч эцсийн дүндээ хохирогч нь Монгол байх нь гарцаагүй. Нам цэвэрлэхийн цаана эдийн засгаа улсын хэмжээнд дампууруулах, хөрөнгө оруулагчдыг үргээх, хөгжлийг чөдөрлөх л үр дүн анзаарагдаж байна. Улс орон хөгжиж эхлэхийн хэрээр жирийн иргэд нь улс төрөөс алсардаг, удирдагчаа ч мэдэхээ больдог, хөгжил нь саатваас “Би ч удирдагч байх боломжтой” хэмээн хийрхэл, анархизмыг ардчиллаас ялгах чадваргүй болдог гэдэг. Бид өнөөдөр хаана нь яваагаа үүнээс харж болохоор байна. Хэрэв дээрх афоризм үнэн бол бүгдээрээ улс төрийг, улстөрчдийг мартахсан. Бүр огт танихгүй байх юмсан.  Засгийн газарт ямар нэг халаа сэлгээ хийгдээсэй. Болж өгвөл Засгийн газрыг “одоо нэг солиосой” гэх хүсэл нь хэрвээ баттай үндэслэл шалтгаангүй бол солиорол, өвчин яах аргагүй мөн. Ийм өвчнийг газар авхуулах биш анагаах хэрэгтэй. Үсэрхийлсэн хавдраас ялгаагүй энэ “өвчин” улс орны хэмжээнд аюултай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж