Роботуудад ажлаа алдахгүйн тулд гурван мэргэжилтэй байх хэрэгтэй | News.MN

Роботуудад ажлаа алдахгүйн тулд гурван мэргэжилтэй байх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Роботуудад ажлаа алдахгүйн тулд гурван мэргэжилтэй байх хэрэгтэй

Роботуудад ажлаа алдахгүйн тулд гурван мэргэжилтэй байх хэрэгтэй

Шинэ эринд эрэлттэй мэргэжил үйлдвэрлэлд нэвтэрлээ

Үйлдвэрийн уртаас урт үргэлжлэх уйтгартай дамжлагыг өдөржин ширтэх “ял”-аас гэтэлгэж, илүү бүтээлч хөдөлмөр, сонирхолтой зүйлд цаг заваа зарцуулах боломжийг хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд олгосон. Масс үйлдвэрлэл эрхлэхийн тулд олон хүн ажиллуулах шаардлагагүй болж, гагцхүү тэднийг орлох роботуудыг хүн өөрөө удирдана. Ойрын 20 жилд бидний хийж буй ажлын тэн хагасыг робот, ямар нэг программ хангамжаар орлуулна гэх таамаг бий. Одоогоор жолоочгүй автомашин, жижиг ачаа илгээмжүүдийг дроноор тээвэрлэж эхэллээ. Тиймээс хүн роботоос илүү чадвартай, дор хаяж гурван мэргэжилтэй байх шаардлага шинэ эринд тулгарлаа. Ийм мэргэжлүүдийн нэг нь мехатроникч. Механик, цахилгааны суурь мэдлэгтэй программ хангамжийн инженерийг ийн нэрлэдэг. Манай улс мехатроникч бэлдээд гурван жил болж байна. Хувийн хэвшлийнхний захиалгаар, “Оюутолгой”, Германы Festo байгууллагын хөрөнгө оруулалтаар Дарханы Уул уурхай, эрчим хүчний политехникийн коллежид бэлтгэж буй аж.

ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга А.Халиунаа “Мехатроникч бэлтгэх тухай 2010 оноос ярьж эхэлсэн бөгөөд гурван жилийн өмнөөс элсэлт авсан” гэв. Орчин үед бүрэн шат дамжлагатай ямар ч үйлдвэрлэл хий, шингэний хослол бүхий автоматжуулалтын тусламжтай явагдах болсон бөгөөд үүн дээр ажилладаг гол мэргэжилтэн нь мехатроникч аж. Хамгийн сүүлд гэхэд Дарханы ган бөмбөлгийн, гурилын үйлдвэрүүд бүрэн автоматжсан байна. “Цаашид компьютерийн удирдлагатай үйлдвэрлэлийн бүхий л шугам дээр энэ мэргэжилтэн хэрэгтэй учраас эрэлт маш өндөр байна” хэмээн Дарханы Уул уурхай, эрчим хүчний политехникийн коллежийн мехатроникийн ангийн багш Б.Пүрэвдорж ярилаа. Аж үйлдвэрийн 4.0 хувьсгалын эринд мэргэжлүүд устаж бас шинээр гарахын зэрэгцээ гибрид болно гэж үзэж буй. Харин мехатроникч бол гибрид мэргэжил юм. ХБНГУ-ын GIZ-ийн шугамаар хэрэгжиж буй “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” төслөөр монголчууд хиймэл оюун ухаан, дижитал эринд эрэлт хэрэгцээтэй мэргэжилтнээ бэлтгэж эхэлж буй нь энэ. Лхагва гарагт болсон “Мэргэжлийн боловсрол, сургалт ба аж үйлдвэрийн 4.0 дэх хувьсгал хэлэлцүүлэг, уулзалт”- ын үеэр ХБНГУ-ын Монгол Улс дахь ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Кристиан Гласс “Монгол Улс одоохондоо нүүрсээ түүхийгээр нь экспортолдог ч цаашдаа боловсруулж, нэмүү өртөг шингээж гаргах, өөр салбаруудыг хөгжүүлэх асуудал маш ихээр тулгамдаж байна. Харин аж үйлдвэрийн 4.0 дэх хувьсгал нь энэ бүхнийг боловсруулах, анхдагч болон хоёрдогч түүхий эдээр илүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой. Өнөөдрийн хэлэлцүүлгээр Монголд ч гэсэн орчин үеийн технологи, автоматжуулалт нэвтрүүлсэн жишээ олон байна. Тиймээс үйлдвэрлэлийн автоматжуулалтыг удаан хугацаанд нэвтрүүлээд явж байгаа орнуудтай харьцуулахад үсэрч хөгжих боломж их байна. Хамгийн гол нь мэргэжлийн боловсрол сургалтад хувийн хэвшлийг оролцоог хангаж байж амжилттай нэвтэрнэ” хэмээв. Лхагва гарагт “Говь” ХК, “Эрэл”, “Оюутолгой” зэрэг үндэсний 11 компанийн төлөөлөл мехатроникийн мэргэжлийн зөвлөл байгуулсан нь аж үйлдвэрийн 4.0 дэх хувьсгал манай эдийн засагт хэдийнэ нөлөөлж эхэлсний илрэл юм. Сонирхуулахад, “Бэст буйдан” компани ч мужаан, эсгүүрийн дамжлагаа автоматжуулсан бөгөөд энэ оноос нано бүрээс хийх гэж буй аж.

Харин “Монгол базальт” компани эрдэст чулууг технологийн аргаар чулуун дулаалгын иж бүрэн систем, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон. Ухаант хүн уурын хөдөлгүүр бүтээдэг болсноос хойш 200 орчим жил үргэлжилж буй үйлдвэржилтийн I, II, III дахь хувьсгалын жам ёсны үргэлжлэл нь хиймэл оюун ухаан, дижиталчлал болж буйг Google-ийг үндэслэгч, Цахиурын хөндийн хамгийн амжилттай бизнесменүүдийн нэг Сергей Бриний энэ жилийн дэлхийн Эдийн засгийн форумын индрээс хэлсэн билээ. Хиймэл оюун ухаанаар тулгуураа хийсэн дижитал эринд нарийн мэргэжлийн боловсон хүчин, инженерүүдийн эрэлт нэмэгдэнэ гэдэгт улс орнууд, үйлдвэрлэгчид, шинийг санаачлагчид санал нэгддэг. Тиймээс математик, хими, физикт тулгуурласан мэргэжлээр хүмүүсийг түлхүү сургах, тэр ч байтугай боловсролын системийг өөрчлөх шаардлага гарах нь тодорхой аж. Гэтэл ийм ирээдүйд Монголыг авч явах боловсон хүчнүүдийг бэлтгэх сургуулиудад таван оюутан тутмын нэг нь суралцаж байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-16 64.119.26.234

UILDVERCHNII EVLELIIN HEREGGUI BOLNO

Avatar

mgl 2018-03-16 43.228.129.77

Мехатроникчийг аль 2000 оноос ШУТИС-ийн МехТС дээр бэлдэж эхэлсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж