ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сарын 18-нд буюу ирэх ням гаригт болох гэж байна. ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Васильев Максим Викторович болон Монгол судлаач Юрий Николаевич Кручкинтэй ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болон Монгол дахь Орос судлалын талаар цөөн хором ярилцлаа.
–Монгол судлаач Юрий Николаевич Кручкин таны хувьд Монголд 30 жил амьдарч, Монгол дахь Орос судлалын чиглэлд маш үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүн. Таны хувьд өнөөдөр Монгол дахь Орос судлал, орос боловсрол ямар түвшинд байна гэж харж байна вэ?
–Миний охин АНУ-д амьдарч, ажиллаж байна. Жил бүр би охинтойгоо уулзахаар АНУ-ыг зорьдог. Тэр үедээ би АНУ дахь монголчуудтай уулздаг. Миний уулзаж байсан монголчууд нэг л чухал юм хэлээд байна. Тэнд байгаа монголчууд англи хэлийг маш сайн сурсан байна. Гэхдээ тэд орос хэлээр дамжин англи хэл сурсан байдаг. АНУ-д ажиллаж буй олон монголчууд орос хэлийг ашиглан ажил олсон байдаг юм байна лээ. Хүссэн, хүсээгүй орос хэлний хэрэгцээ Монголын нөхцөлд маш их байна. Гол нь чанартай сурах хэрэгтэй.
Гэхдээ байдал тийм ч сайн биш байна. Эдийн засгийн байдал нөлөөлсөн үү үгүй юу сайн мэдэхгүй байна. Магадгүй интернет нөлөөлж байгаа гэж харж байна. Өнөөдөр иргэд интернетийг ашиглан мэдээллийг нэг секундын дотор авч, гадаад үг хэллэгийг орчуулж байна. Энэ маш буруу. Тэр тусмаа монгол хэлтэй хүмүүсийн хувьд гүүгл ашиглан гадаад үг хэллэгийг орчуулах нь буруу. Гүүглийн орчуулга Англиас Орос руу, Оросоос Герман руу байж болох ч дорнын хэл бол өөрийн гэсэн онцлогтой.
Үүнээс гадна, толь бичгүүд ч гэсэн шаардлага хангахгүй байна. Сонирхолтой нэг жишээ хэлэхэд хүмүүсийн сайн мэдэх Баабар Орос-Монгол толь бичиг гаргасан. Тэр номыг хэдэн багш нар хамтраад хэвлүүлсэн юм байна лээ. Би "муу санаа"-тай хүн юм болохоор бүх хуудсыг нь эргүүлж хараад хэдэн зуун алдаа олсон. Үүнийгээ Баабарт хэлсэн чинь тэр хүн ямар ч алдаагүй гэж хэлсэн. Ингэж хэлж байгаа хүнд би ч юу хэлэх вэ дээ. Хэрвээ хүмүүс надад хандвал би редакторлаж өгөөд, баярлалаа гэж хэлэх байсан.
Дашрамд хэлэхэд, гуравдугаар сарын 15-17 хооронд Оросын боловсролын үзэсгэлэн болно. Энэ үеэр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад "Орос-Монгол, Монгол-Орос" толь бичиг тарахаар болсон.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Владивостокийн эдийн засгийн чуулганд оролцсон. Энэ үеэр Ерөнхийлөгчийн орос хэлний орчуулагч олны анхаарлыг татаж, иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Үнэхээр монголчууд орос хэлийг судлах сонирхол нь буурч, орос судлал хаягдаж байна уу?
–Тэр орчуулагчийг би шүүмжлэх хүсэл байхгүй байна. Энэ асуудал бол нэг хүнээс хамаарахгүй, бүх зүйлийг маш сайн бэлтгэх хэрэгтэй. Бодвол хүмүүс сайн бэлтгээгүй байх. Үнэндээ синхроны сайн орчуулагчид Монголд байхгүй. Синхрон орчуулга хийлгэхээр бол ядаж долоо хоногийн өмнө бүх материалаа орчуулагчдаа өгөх хэрэгтэй. Тэд юуны талаар орчуулга хийх гэж байгаагаа мэдэж, уншсан байх хэрэгтэй. Гэхдээ ямар ч хэлний орчуулагч 100 хувь төгс орчуулах боломжгүй. Миний таньдаг, англи, франц, араб хэлний синхрон орчуулагчид НҮБ-д ажилладаг. Хамгийн сайн орчуулагч сайндаа 80-90 хувийг нь дамжуулдаг гэж тэд шударгаар хэлж байна. Түүнээс илүү тэд чадахгүй.
Ер нь орчуулга гээд ярих юм бол Монгол Улсад тийм ч сайн биш гэж хэлмээр байна. Монголын кинотеатруудад би хүүтэйгээ хааяа кино үздэг. Англи хэл дээрх кино монгол хадмалтай гардаг. Заримдаа тэр доогуур нь урсаж байгаа монгол хадмал орчуулга нь шал худлаа байдаг. Үүнээс үзэхэд, зөвхөн орос хэл гэлтгүй англи хэлнээс ч сайн орчуулж чадахгүй байна.
Ганц үг, өгүүлбэрийг буруу орчуулснаас болоод нийгэм, эдийн засагт асар их хохирол учирдаг. Жишээлбэл, нэг байгууллага "шүлхий" гэдэг үгийг буруу орчуулаад ОХУ-аас билүү эсвэл өөр улсаас билүү буруу вакцин захьчихсан тохиолдол гарсан. Дэлхийн түүхэнд нэг, хоёр үгийг буруу орчуулснаас үүдээд онгоцны сүйрэл болж байсан тохиолдол бий. Энэ бол маш аюултай.
-Оросуудад хандах монголчуудын хандлага өнгөрсөн хугацаанд их өөрчлөгдөж байна. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
–Ухаантай хүмүүсийн хандлага хэвээр байна. Би аль болох ухаантай хүмүүстэй харьцахыг хичээдэг. Монголын нөхцөлд Орос оронтой ойр байх хэрэгтэй. Мөнхийн хөршүүд шүү дээ. XX зуунд Орос улс Монгол Улсыг хоёр удаа аварсан. Нэг нь Халх голын дайн. Ирэх жил 80 жилийн ойн тохионо. Хоёрдугаарт, орос эмч нар.
-Ухаантай хүмүүс нь Монголд хэр олон байх юм бэ?
–Олон Монголчууд гадаад руу гарсан. Саяхан би Япон яваад ирсэн. Японд байхад нэг монгол охин надад маш их тусалсан. Тэр охин япон, англи, орос хэлтэй. Ингээд харахаар чадварлаг залуучууд бүгд гадаадад байна.
-Газар нутгаа салгаж аваад, нүүгээд явчихгүйгээс хойш Монгол Улс Орос болон Хятад улстай мөнхийн хөрш байсаар байх болно. Гэхдээ өнөөдөр Орос судлаач гэхээр ахмад настай хүмүүс л байна. Орос хэл сурах сонирхолтой залуучууд ч цөөрч байна?
–Ер нь бол монголчууд Орос, Хятадын туршлагыг сайн судлах хэрэгтэй. Заавал хэрэгжүүлэх албагүй. Жишээлбэл, Эрээн, Замын-үүдийн жишээг харахад бэлэн байна. Монголчуудад боломж бий. Монголын Ерөнхийлөгч Х.Баттулгын төмөр замыг цэргээр бариулах бодлого ерөнхийдөө зөв.
-Тэгэхээр та Ерөнхийлөгч Х.Баттулгын бодлогыг дэмжиж байна уу?
-Яагаад болохгүй гэж. Миний таньдаг оросын төмөр замын офицерууд байдаг. Тэд 2-3 сарын дотор Хятад руу төмөр зам барих боломжийг судалчихсан. Тэр туршлагыг монголчууд судлах хэрэгтэй.
-Монгол дахь Орос судлалын талаар нилээд ярьлаа. Харин Орос дахь Монгол судлал хэр хөгжиж байна гэж та харж байна вэ?
–Гайхуулаад байх зүйл одоохондоо алга. Гэхдээ миний бичсэн нэг ном бий. Тэр номонд Оросын ямар судлаачид Монголыг судалсан талаар тодорхой бичсэн байгаа. Мөн саяхан оросын телевизүүдээр "Золотая Орда" гээд кино гарч эхэллээ. Би тэр киног сайн үзэж чадахгүй байгаа л даа. Гэхдээ иймэрхүү зүйлд шүүмжлэлтэй ханддаг болсон. Мэдээж, түүхээ судлах хэрэгтэй. Гэхдээ алдаа байгаад байна. Жишээлбэл, Чингис хааны үед нэг түшмэл номхон далайн тухай ярьсан байдаг. Гэтэл "Номхон далай" гэдэг үг өөрөө хэзээ гарч ирсэн бэ гэдэг их сонин. Энэ үг XVI зууны үед гарч ирсэн. Иймээс Чингис хааны үед номхон далай гэдэг үгийг мэдэх нэг ч ухаантай хүн байхгүй байсан гэсэн үг шүү дээ.
Оросын эдийн засгийн үр шимийг Монголчууд энэ онд хүртэнэ
-ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2000 оноос хойш төрийн тэргүүнээр ажиллаж байна. Тэрбээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж байна. Энэ нь олны анхаарлыг ихэд татаж байна. Бие даан нэр дэвшснээр бодлогын хувьд ямар нэгэн өөрчлөлт бий юу?
– Ерөнхийлөгч Владимир Путин бие даан нэр дэвших болсон шалтгаан нь тэрбээр аливаа нэг нам, франкцын төлөөлөл бус Оросын нийт ард түмний төлөөлөл гэдэг утгаараа энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшиж байгаа юм.
-ОХУ-ын эдийн засаг өсөлттэй байгаа талаар Оросын хэвлэл мэдээллийнхэн мэдээлж байна. Харин барууны орнууд энэ мэдээллийг үгүйсгэх болсон. Үнэхээр ОХУ-ын эдийн засаг өсч, ядуурал буурч, ард иргэдийнх нь амьжиргаа дээшилсэн үү?
–ОХУ-ын эдийн засаг гэдэг бол маш том эдийн засаг гэдгийг ойлгох хэрэгтэй. ОХУ барууны орнуудын хориг арга хэмжээнд байсан ч эдийн засаг 1.5 хувиас илүү үзүүлэлт 2017 онд ажиглагдсан. Энэ бол маш сайн үзүүлэлт. Одоо бид эдийн засгаа улам илүү өргөжүүлж, хөгжүүлэхийг зорьж байна. ОХУ-ын эдийн засаг өсч байна гэдэг бол Монгол Улсын хувьд сайн мэдээ. Үүний үр шимийг та бүхэн энэ онд хүртэх боломжтой.
Орос-Монголын худалдаа, эдийн засгийн харилцаа өнөөдөр ямар түвшинд байна вэ?
–Орос-Монголын харилцаа бусад хоёр талт харилцааг бодвол маш хурдацтай өргөжиж байна. Тодруулбал, өнгөрсөн жил Орос-Монголын худалдааны эргэлт 46 хувьд хүрсэн. Харин энэ оны эхэнд 52 хувьд хүрлээ. Энэ үзүүлэлт ойрын хэдэн жилдээ ажиглагдаагүй гэж хэлж болно. Энэ оны зургадугаар сарын Орос-Монголын санаачилга арга хэмжээ болохоор төлөвлөгдөж байна. Хоёр талын эдийн засгийн харилцаа өсөлттэй байна. Үүнийг улам бэхжүүлэхийг төлөө ажиллана.
-БНХАУ-ын дарга Си Жиньпин насаараа тус улсыг удирдах боллоо. Удахгүй ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Путин 18 дахь жилдээ Орос орныг удирдах гэж байна. Хятад, Оросын шийдэр ямар нэгэн байдлаар холбоотой байх магадлалтай юу?
–Энэ шийдвэрүүд хоорондоо ямар нэгэн холбоогүй, нөлөө ч байхгүй. Хятадын асуудал бол Хятадын л асуудал. Орос-Хятадын харилцааны хувьд хоёр улс худалдааны эргэлтээ сайжруулахыг эрмэлзэж байна. Өнгөрсөн жил хоёр талын худалдааны эргэлт 36 хувийн өсөлттэй гарсан. Үүнд, мэдээж, Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэр чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Орос-Хятадын харилцаа сайжрах нь хоёр талт болон гурван талт харилцаа болох "Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридор" байгуулах асуудалд маш чухал нөлөөтэй гэж харж байна.
–Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад ОХУ-ын хэчнээн иргэн амьдарч байна вэ?
–Монгол Улсад 2000 гаруй орос иргэн амьдарч байна. Тэдний зарим нь Монгол Улсад өөрийн гэсэн бизнесээ эрхэлж, байнга оршин сууж байна. Иймээс орос иргэдийг гуравдугаар сарын 18-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна.