Улс төрд гал асч, эдийн засаг хөлдсөн хэдэн жил ард өнгөрч, энэ өвлийн жавартай хамт ажилгүйдэл, ядуурал арилах ёстой. Ингэж найдахад ч учир бий. 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ялсан нь шинэ цагийн улс төрд содон үйл явдал байлаа. Сонгуулийн өмнөх удаа дараагийн санал асуулгаар америкчуудад хамгийн их үзэн ядагдсан гэгдэж байсан тэрбумтан, бизнесмэн эрхэм дэлхийн хамгийн хүчирхэг улсыг удирдахаар олонхын саналаар сонгогдсон юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд улстөрч биш, менежер хүн улсыг хөгжүүлдэг болохыг тэр популист амлалтуудаар бус, бодит үйлдэл, үр дүнгээр баталсан.
2016 оны сонгуулиас хойш АНУ-д шинээр 2.4 сая ажлын байр бий болсон байна. Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтэй иргэдийн тоо сүүлийн 45 жилийн доод хэмжээнд хүрч буурав. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засагт итгэх итгэл бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр хөрөнгө оруулалт хийж эхлээд байна. “11 сарын өмнө индэр дээр зогсоод америкчуудад амлаж байсан татварын шинэчлэлийг хэрэгжүүлж эхлээд байна. Татвар бууруулах шинэ бодлого Америкийн дундаж давхарга болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хамгийн их дэмжлэг болно… 35 хувь байсан аж ахуйн нэгжийн татварын хэмжээг 21 хувь хүртэл бууруулсан. Ингэснээр АНУ-ын компаниуд дэлхийн бусад компанитай өрсөлдөх боломжтой болно. Тэдгээр компанийн ажилтнуудын жилийн орлого 4000 ам.доллараар нэмэгдэнэ” Энэ мэт иргэд болон бизнес эрхлэгчдийн бэлэнчлэх сэтгэлгээг бус өрсөлдөх чадварыг урт хугацаанд тогтвортой сайжруулж, дэмжихэд чиглэсэн бодлогын шинэчлэлүүдийг бахархалтайгаар зарлаж байлаа. Улстөрчдөөс, бас бидний сонсож дассан тайлангуудаас ялгаатай нь тэр хийх гэж байгаа төлөвлөгөөний тухай бус, эсвэл хэтийн зорилгын тухай биш, өнөөдөр иргэдийн амьдралд бодитоор хэрэгжиж, тусгалаа олсон үр дүнгийн талаар ярьсан юм. Энэ бол түүний ердөө 11 сарын хугацаанд хийсэн ажил.
Х.БАТТУЛГА, ДОНАЛЬД ТРАМП НАР
БИЗНЕСИЙН ТУРШЛАГАТАЙ
ДУНДАЖ ДАВХАРГА, ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС БА ТЭДНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРГИЙН ТАЛААР ИЖИЛ ФИЛОСОФИТОЙ
ХЯМРАЛЫН ҮЕД УЛСЫГ УДИРДАЖ БУЙ
ЯДУУРАЛ, АЖИЛГҮЙДЭЛТЭЙ ТЭМЦЭЖ БУЙ
ТАТВАРЫН БОДЛОГЫН ТАЛААР ИЖИЛ БАЙР СУУРЬТАЙ УЛСТӨРЧ БИШ
Бидэнд ч өндөр хүлээлттэй байх шалтгаан бий. Эдийн засаг төрийн ордон, эсвэл аль нэг яам, агентлагийн нуруун дээр бус баялаг бүтээгч компаниуд, ажилтай, орлоготой байхын тулд өдөр бүр хөдөлмөрлөж буй татвар төлөгч иргэдийн нуруун дээр тогтдогийг ойлгодог Ерөнхийлөгчтэй болсон нь ингэж найдахын учир юм. Х.Баттулга албаа авснаас хойш эхний бүтээн байгуулалтын улирал одоо л эхэлж байна. Газар гэсэхтэй зэрэгцээд мега төслүүдээ хөдөлгөх ёстойг тэр эртнээс анхааруулж, сануулж байсан. Авто зам, төмөр зам, дагуул хотууд гээд 8-10 төслийг хөдөлгөж байж жижиг, дунд үйлдвэрлэл, ажлын байр бий болно гэдгийг ч зөв томъёолсон. Монгол Улсын эдийн засгийн онцлог, цаг агаараас шалтгаалсан бизнес, бүтээн байгуулалтын асар богино мөчлөгтэй. Үүнийг өөрийн туршлагаараа мэдэрч, унаж, босож явсан хүний хувьд эрхэм Ерөнхийлөгч та энэ хаврыг алдаж болохгүйг сайн мэдэж байгаа. Монгол Улс хөгжлийн шийдлээ тодорхойлчихсон. Хийж бүтээх цаг үе нь ч ирээд байна. Харин хараахан үр дүн алга. Дөрөвхөн сарын дараа таны албаа авсны нэг жилийн ой болно. Тэр үед бүтээн байгуулалтын улирал бараг л шувтарчихсан байна. Харин тэр үед та ямар тайлан тавих бол? Хэчнээн төсөл хэрэгжиж, хэчнээн үйлдвэрийн суурь тавигдаж, хэдэн хүн ажилтай болсон байх бол? Ядууралд нэрвэгдсэн нэг сая иргэнээ ядуурлаас гаргаж, 100 гаруй мянган иргэнээ ажилтай болгож, санхүүжилт, захиалгагүй болж зогссон үйлдвэрүүдээ дахин сэргээж, амласан шигээ арилжааны эдийн засгаас үйлдвэрлэлийн эдийн засаг болгож чадах болов уу? Эсвэл Австралид үер болж, Ардчилсан Солонгост дахин хориг тавьж, хаа нэгтээ дайн тулаан болж, алтны үнэ тэнгэрт цойлохыг хүлээсэн хэвээр байх болов уу?
МОНГОЛ ЯЛНА
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжихийн тулд хувьсгал, реформын шинжтэй өөрчлөлтийг нийлэн хийцгээе. Худалдааны эдийн засгаас үйлдвэрлэлийн эдийн засагт шилжихийн тулд үндэсний үйлдвэрлэгчид хүсэл, зорилгоо нэгтгэн ажиллах цаг болсон.
* * *
Зах зээлийн эдийн засгийг өөрчилж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой.
* * *
Улаанбаатарт ажилгүйдэл өндөр байгаа. Доод орлого хоёр сая төгрөг байвал Улаанбаатараас Солонгос гэсэн нүүдэл зогсоно. Энэ хэмжээний цалинг өгөхийн тулд мега төслүүдийг хөдөлгөх ёстой. Дэд бүтцийн томоохон төслүүд гэхэд л төмөр зам, авто зам, шинээр баригдах хотууд гэсэн төсөл, хөтөлбөрүүд бий. Иймэрхүү 8-10 том төсөл бий. Эдгээрийг хэрэгжүүлэхдээ ажлын байр бий болгож, ажилгүй иргэдээ ажилтай болгох ёстой.
* * *
Үйлдвэрлэлийг дэмжих хуулийг 2015 онд баталснаас хойш бодитоор хэрэгжсэнгүй. Энэ хууль болон цуг өөрчлөлт орсон Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлж чадвал сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны 105 тэрбум төгрөг гэхэд л дотоодын хүнс үйлдвэрлэгчдийг дэмжих мөнгө, тэр хэмжээгээр ажлын байр, цалин болж очих болно. Цэргийн дүрэмт хувцас, гутал, томоохон үйлдвэр аж ахуйн нэгжийн ажлын хувцас, сурагчийн дүрэмт хувцас зэрэг дотооддоо үйлдвэрлэж болоод байгаа барааг гадаадаас авсан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй.
* * *
Засгийн газар уул уурхайн өрөөсгөл хамаарал түүнийг дагасан эрсдлийг бууруулж, эдийн засгаа олон тулгууртай болгох, хөдөө аж ахуй, газар тариалангийн экспортыг нэмэгдүүлэхэд анхаарна гэдэг итгэл найдвар бага боловч төрж байна.
* * *
Том үйлдвэрлэл, том төсөл байхгүй бол жижиг, дунд үйлдвэр гэж байхгүй. Том төслүүдийнхээ ханган нийлүүлэлтийг хийж байж л жижиг, дунд үйлдвэрлэл амжилттай хөгждөг жамтай.
* * *
Утааг ажилгүйдэл, ядууралтай хамтад нь харж шийдэх ёстой. Иймээс дагуул хот бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлж иргэдээ байнгын ажилтай, тогтмол орлоготой болгох, хөдөөг хөгжүүлэх, их, дээд сургууль, оюутны дотуур байр, засаг захиргааны зарим нэгж, соёл, шинжлэх ухааны байгууллагуудыг хотоос гаргах шаардлагатай.
АМЕРИК НЭГДҮГЭЭРТ
Дундаж давхаргыг дэмжих, дундаж давхаргад хөрөнгө оруулах, коллежийг үнэ төлбөргүй болгож, илүү олон залууст сурч боловсрох боломж олгох, эсвэл илүү хямд өртгөөр коллежийн өрөө барагдуулах боломжийг санал болгох. Эд бол эдийн засгийг бодитоор дэмжих алхмууд гэдэгт би итгэдэг.
* * *
Бидний мөч ирээд байна. Америк мөрөөдлийг биелүүлж, Америк мөрөөдлөөр амьдарч эхлэхэд үүнээс илүү тохиромжтой цаг гэж үгүй.
* * *
Бид авто зам, гүүр, хурдны зам, төмөр зам, усан зам шинээр барина. Үүнийгээ америк сэтгэл зүрхээр, америк хүний хүч хөдөлмөрөөр, америк хичээл зүтгэлээр хийх болно.
* * *
Би татварыг бууруулна. Эдийн засгаа өсгөнө. Өсгөх өсгөхдөө түүхэнд байгаагүй хурдаар өсгөнө.
* * *
Татварыг бууруулснаар дундаж давхарга, жижиг бизнес эрхлэгчдийн нуруу тэнийх болно.
* * *
Цалин буурч, баялгийн тэгш бус хуваарилалт бий болж байгаа нь Америк улс ажлын байраа гадагш алдаад байгаатай холбоотой. Энэ бол зөвхөн үйлдвэрлэлийн асуудал биш, эдийн засгийг бүхэлд нь хамарсан зүйл.
* * *
Америкчууд сайн сургууль, сайн хөрш, сайн ажил хүсэж байна. Гэтэл дийлэнх тохиолдолд бодит байдал өөр. Улс даяар булшны чулуу мэт тархсан зэвэрсэн үйлдвэрүүд, гэмт хэрэг, гэмт бүлэглэл, хар тамхи. Энэ хядлага яг одоо, яг энд эцэс болно. Өнөөдрөөс эхлээд Америк нэгдүгээрт байх болно.
* * *
Хэрвээ та шаргуу ажилладаг бол, хэрвээ та өөртөө итгэдэг бол, хэрвээ та Америкт итгэдэг бол та юу ч мөрөөдөж болно, та хэн ч болж болно, бид хамтдаа юунд ч хүрч чадна.
* * *
Америкийн хөгжил цэцэглэлтийг сэргээж, Америкийн аугаа их хувь заяаг дахин тунхаглах цорын ганц боломж бидэнд олдоод байна.
* * *
Миний засаг захиргаа улс төр болон эдийн засгийн олон асуудлыг өвлөж авсан. Үнэнийг хэлэхэд би эмх замбараагүй үед Ерөнхийлөгч болсон.
Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин