Монгол дахь ёс суртахууны урвуу тогтолцоо

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Монгол дахь ёс суртахууны урвуу тогтолцоо

Ёс суртахуун гэж юусан би­лээ. Социализмын он жи­лүү­­дэд энэ үг утга төгөлдөр байв. Нам, эвлэлийн гишүүд хий­­гээд ажилчин ангийн цэвэр ариун эгнээнд ёс суртахуунгүй этгээд шургалахаас урьдчилан сэргийлж  сонор сэрэмжтэй байц­­гаадаг байлаа. Эхнэрээ ха­рааж загнасан эт­гээдийг Эв­лэлийн үүрийн хур­лаар оруулан зад шүүмжилж, айлын авгай эр­гүүлсэн нөх­рийг намаас хөөх са­нуулга өгч хатуу донгоддог байв. Нам, эвлэлийн гишүүд өөрийн биеэр үлгэрлэх ёстой тул үсээ то­лийтол самнаж есийн тос түрхэн, эвэр рамтай нүдний шил зүүгээд хоолойгоо шахаж ярьдаг байлаа. Одоогийн бид­ний хэллэгээр коммунист имиж бүрдүүлэх гэж ядаж бай­гаа нь тэр л дээ. Өөрөөр хэл­бэл, ёс суртахуун гэдэг үг со­циализм гэдэгтэй утга нэг сон­согддог болсон учраас манайхан жиг­тэйхэн жийрхэж чө­лөөтэй эн­гийн имиж зүүх гэж уралдах боллоо. Үүнээ дагаад нийгмийн сэт­гэл зүй ч гэмтэж аливааг үнэ­лэх мэд­рэмж нь уруугаа хар­чихжээ. Архичин танхай нэгнээ хээгүй гүндүүгүй, худалч зу­сарч бол­гоноо эелдэг найрсаг гэнэ. Архи ууж дампууран ажил тасалдаг бол хамт олонтойгоо найрсаг харилцаатай, идэхдээ идэж уухдаа уудаг сайхан хүн гэгдэнэ. Хэрвээ үүний яг эс­рэгээр архи уудаггүй, ажил тасалдаггүй, оногдсон үүргээ яв цав биелүүлдэг бол амиа хи­чээсэн, муу санаатай, зожиг нэгэн болоод явчихна.

Тухайлбал, Ерөнхийлөгч, Ерөн­хий сайд УИХ-ын дарга нар Төрийн ордноос шал согтуу гуйвж дайвсаар гарч ирээд олимпоос алтан медаль ав­лаа гэж бараг агсан тавив аа, ард түмэндээ. Гэтэл энэ явдлыг хү­мүүс “Хөөрхий жаахан баярлаа л биз. Хүнтэй л адилхан архи уудаг юм байна. Энгийн сайхан байлаа, яадгийм яадгийм” гэдэг байгаа. Хэр­вээ Ж.Буш ингээд шал согтуу гарч ирээд орилсон бол маргааш нь л Цагаан ордных нь гадаа тааралдсан эхний хүн алганы амт үзүүлэх байлаа. УИХ-ын гишүүн, сайд асан У.Хүрэлсүх машинаа согтуугаар жолоодож яваад замын цагдаад баригдчихаж. Тэгээд согтуурхсандаа нөгөө цагдааг зоджээ.

Ийм хэргийн үнэр авсан хэвлэлийнхэн шуугиад эхэлмэгц мань эр “Үнээн үнэн, жаахан бал­га­чихсан явсан юм. Тэгээд тэр цаг­даатай эр хүн шиг л ярьсан. Ганц ша­наа л өгсөн. Сүртэй юм биш ээ хө” гэж байхад зодуулсан цагдаа “Хү­рэлсүх сайд чинь ёстой эр хүн юм билээ. Эрчүүдийн дунд юу болдог вэ, тийм л юм болсон” гэв. Эрчүүд нь эрчүүд л юм биз. Харин төрийн сайд согтуугаар машин жолоодож яваад замын цагдаатай таарч байхад эрүүлжүүлэх юмуу наад зах нь торгох ёстой биш билүү. Цагдаа, сайд хоёрт төрийн хууль хамаагүй гэнэ. Гэтэл тэр Америкт тэрбумтан Парис Хилтон хатагтайг согтуугаар машин жолоодсон гээд хорих ялаар шийтгэчихсэн байдаг. Тэр хатаг­тай танхай балмадаараа манай Хү­рэлсүхээс дутахгүй ч хөрөнгө мөн­гө бэл бэнчингээрээ бол дэлхийд дээ­гүүрт ордог л хүн дээ. Гэвч Аме­рикийн нийгмийн ёс суртахуун нь уруугаа харчихаагүй болохоор хуу­лийн дагуу л арга хэмжээ авдаг аж. Санхүүгийн зохицуулах хо­рооны дарга Д.Бадраа гэж сайхан бо­ловсролтой залуу байлаа.

Авлигад автаж төрийн ажлыг завх­руулаагүйнх нь төлөө гэгээн цагаан өдрөөр ажлынх нь байранд хутгалаад алчихав. Алуурчин этгээд нь баахан хүний мөнгө авч Хадгаламж зээлийн хоршоо байгуулаад дампууруулж ор­хисон нөхөр байлаа. Гэтэл амиа алдсан хөөрхий залуугийн нэр тө­рийг гутаах оролдлого бий болж, ха­рин нөгөө алуурчинг нь байн байн хэв­лэлээр сайшааж сайн хүн байсныг нь дурсаж, шүлэг найргийг нь зарж борлуулан магтаж мандуулах мар­кетинг хийж эхэлдэг байгаа. Хүмүүс ч түүнийг нь сонирхох бололтой дог шүү. Хүнээ алдсан, хүүгээ алуулсан ар гэрийнхэн нь энэ бүгдийг яаж даваа бол гэж бодсон нь харин хэд юм бол доо. Ядуу хүү хулгай хийчихжээ. Тэгээд нийгмийн сэтгэл зүйг айхтар мэдэрдэг болохоо харуулж “Өлсөөд байхаар нь хулгай хийчихсэн юм”  гэв. Хүмүүс хөөрхий хөөрхий “Ядуу хүн хулгай хийгээл биз. Арай шийт­гэх гээд байгаа юм биш биздээ.

 Ядуу хүн 10 жилийн хорих ял өгөх гэлээ” хэмээн халаглацгаав. Манай улсын эрүүгийн хуульд “Ядуу хүн хулгай хийж болно. Баян хүн болохгүй. Ядуу хүнд 10 жи­лийн ял өгөхгүй, харин баян хүнд өгч болно” гэсэн хуулийн заалт уг нь байхгүй ээ. Энэ бас л нөгөө ёс сур­тахууны зааг хэмжээ уруугаа ха­раад уначихсаны тод жишээ шүү дээ. Өнгөрсөн жил айхтар айхтар авлигын хэрэг дэлгэгдэв ээ, та минь. УИХ-ын гишүүн улсын данстай “Фургон” машин хувьдаа завшчихаж. Тэр нь батлагдаад цагдаагийнхан нэ­гэнт атгасан ээдрээтэй утасныхаа үзүүрийг алдахгүйг хичээлээ. Тэгтэл хэдэн арван тэрбумаар нь идчихсэн хүмүүс байхад ганц “Фургон” юу юм бэ хэмээн хэвлэл мэдээллийнхэн ч бичиж, нийгэм ч түүнийг нь хүлээн зөвшөөрлөө. Бүр нөгөө шударга шулуунаараа гайхагддаг Ц.Нямдорж чинь ч тэгж хэлсэн юм шүү дээ. Өнөө цагдаа нар нь ч ичиж хэргийг тэгэсхийгээд мартагнуулж дөнгөв. Уг нь “Фургон” ч гэсэн ард түмний татварын мөнгөөр авч байгаа эд зүйл юмсан даа.

Гадаа гудманд сүүлийн дөрвөн жил орилж хаана л жагсаал цуглаан байна, тэнд очиж дүрээ товойлгож явдаг нөхдүүд коммунист намын байр шатаасан хэргээр шоронд хэд хоног хоригдов оо. Сайн эрсийн /Уг нь муу эрсийн суудаг газар. Гэвч манайхан ингэж авгайлдаг/ суудаг газар сууж хулхи нь буусан Магнай, Батзандан нар олигархиудын овоохой гэж муулаад байсан өнөө Ардчилсан намдаа дагаар орж өршөөл эрэв. Юун нөгөө шударга ёсны төлөөх тэмцэл, эрүүл нийгэм. Романтик бодлоо хаяж ах нартаа бүхнийг даатгаад өөрсдөө амь зулбав. Ёс суртахуун үгүй болохоор ичнэ гэдэг ойлголт ч бас нүцгэрчихдэг бололтой. УИХ-ын гишүүн, төрийн сайд болсон нэгэн танил тал найз нөхдийнхөө хүүхдийг төрийн тэтгэлгээр сургуульд явуулах, хэн нэгнийг нь ажилд оруулах гээд албан тушаалаа ашиглана. Тэгсэн хүнийг сайн хүн, сайхан хүн гэж магтана. Нөгөөдөх нь ч “Би найз нөхөд, нутаг нугынханаасаа нүүр буруулж үзээгүй. Бүгдэд нь туслаад л явуулдаг” гэж сайрхана.

 Зүй нь тэр этгээд албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал ол­гож байгаа авлигын зүйл ангиар хэ­рэг хийж байгаагаа үл ойлгоно. Ний­гэм ч үл ойлгож сайн, сайхнаар ба­хархаж байна гэж жигтэйхэн. Гэр бүлийн талаар тогтворгүй гэж тө­рийн томчуудыг шүүмжлэхэд ч бас эсэргүүцэлтэй тулгарах боллоо. Гэр бүл, хайр дурлалын нандин ха­рилцаа энэ нийгэмд хамаагүй гэнэ. Албан тушаал, эд хөрөнгөөрөө түрээ ба­рин айлын танхилхан охиныг жи­рэмслүүлж, олон бүсгүйчүүдийг уруу татаж байгаа ёс бус харьцааг “хүний хувийн амьдрал, эр хүний хийдэг л зүйл” хэмээн өмөөрөх хандлага да­вамгайлдаг болжээ. Архичин нэгнээ хээгүй, авгайсаг нэгнээ эр хүн гэлцэх нь өнөөх ёс суртахуун гээч ойлголт чинь хичнээн дор уначихсан байгааг харуулж л байгаа хэрэг шүү. Хавар болж хүчингийн хэрэг ихсэх үеэр цагдаагийнхан “Охид хүүхнүүд хэтэрхий богино банзал өмсөөд орой үдэш их явж байна. Ингээд байхаар хүчингийн хэ­рэг ихсэлгүй яахав” гэж гэмт этгээ­дүү­дийг өмөөрч бүсгүйчүүдийг бу­­руут­гана. Үүнийг нь ч зарим хүн хү­­лээн зөвшөөрөх аястай. Уг нь нийг­мийн хэв журам сахиулна гэж тангараг өргөсөн цагдаа нарын ухаан охидын банзалын урт богиноор хэм­жигддэггүй л байлтай. Энэ мэтээс үзэхэд Монголын нийгмийн ёс сур­тахууны ойлголт уруугаа хар­чих­сан нь мэдрэгдээд байгаа юм. “Совесть” гэдэг үг яагаад монголоор орчуулагддаггүй юм гэхээр монгол хүнд тийм зүйл байдаггүй учраас гэж хариулдаг. Тэгвэл энэ ёс суртахуун гээч зүйл чинь бидэнд уг нь байсан л юм. Харин одоо алга. “Хонх”-ын Цогтсайхан агсан “Шилийн сайн эр баян хүнээс дээрэмдсэн зүйлээ ядуу хүнд тарааж өгдөг гэж шал худлаа. Зүгээр л баян хүнийг өөртэйгөө адил­хан ядуу болгох гэсэн хоосон мө­рөөдөл” гэж хэлсэн байдаг шиг ёс сур­тахуунгүй, увайгүй үйлдэл бүрээ ард түмний оюун ухаанд хүчээр тулгаж байсны л хор энэ. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн бичсэнээр бол ихэс дээдэс л увайгүй ичгүүргүй үйлдэл хий­чихээд үүнийгээ сайн сайхнаар тайлбарлаад байхаар нийгмийн ёс сур­тахуун тэртээ доор орчихдог гэсэн нь л үнэний хувьтайдаг шүү.

2008 он.

Л.Мөнхбаясгалан

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж