Тухайлбал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд УИХ-ын дарга нар Төрийн ордноос шал согтуу гуйвж дайвсаар гарч ирээд олимпоос алтан медаль авлаа гэж бараг агсан тавив аа, ард түмэндээ. Гэтэл энэ явдлыг хүмүүс “Хөөрхий жаахан баярлаа л биз. Хүнтэй л адилхан архи уудаг юм байна. Энгийн сайхан байлаа, яадгийм яадгийм” гэдэг байгаа. Хэрвээ Ж.Буш ингээд шал согтуу гарч ирээд орилсон бол маргааш нь л Цагаан ордных нь гадаа тааралдсан эхний хүн алганы амт үзүүлэх байлаа. УИХ-ын гишүүн, сайд асан У.Хүрэлсүх машинаа согтуугаар жолоодож яваад замын цагдаад баригдчихаж. Тэгээд согтуурхсандаа нөгөө цагдааг зоджээ.
Ийм хэргийн үнэр авсан хэвлэлийнхэн шуугиад эхэлмэгц мань эр “Үнээн үнэн, жаахан балгачихсан явсан юм. Тэгээд тэр цагдаатай эр хүн шиг л ярьсан. Ганц шанаа л өгсөн. Сүртэй юм биш ээ хө” гэж байхад зодуулсан цагдаа “Хүрэлсүх сайд чинь ёстой эр хүн юм билээ. Эрчүүдийн дунд юу болдог вэ, тийм л юм болсон” гэв. Эрчүүд нь эрчүүд л юм биз. Харин төрийн сайд согтуугаар машин жолоодож яваад замын цагдаатай таарч байхад эрүүлжүүлэх юмуу наад зах нь торгох ёстой биш билүү. Цагдаа, сайд хоёрт төрийн хууль хамаагүй гэнэ. Гэтэл тэр Америкт тэрбумтан Парис Хилтон хатагтайг согтуугаар машин жолоодсон гээд хорих ялаар шийтгэчихсэн байдаг. Тэр хатагтай танхай балмадаараа манай Хүрэлсүхээс дутахгүй ч хөрөнгө мөнгө бэл бэнчингээрээ бол дэлхийд дээгүүрт ордог л хүн дээ. Гэвч Америкийн нийгмийн ёс суртахуун нь уруугаа харчихаагүй болохоор хуулийн дагуу л арга хэмжээ авдаг аж. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраа гэж сайхан боловсролтой залуу байлаа.
Авлигад автаж төрийн ажлыг завхруулаагүйнх нь төлөө гэгээн цагаан өдрөөр ажлынх нь байранд хутгалаад алчихав. Алуурчин этгээд нь баахан хүний мөнгө авч Хадгаламж зээлийн хоршоо байгуулаад дампууруулж орхисон нөхөр байлаа. Гэтэл амиа алдсан хөөрхий залуугийн нэр төрийг гутаах оролдлого бий болж, харин нөгөө алуурчинг нь байн байн хэвлэлээр сайшааж сайн хүн байсныг нь дурсаж, шүлэг найргийг нь зарж борлуулан магтаж мандуулах маркетинг хийж эхэлдэг байгаа. Хүмүүс ч түүнийг нь сонирхох бололтой дог шүү. Хүнээ алдсан, хүүгээ алуулсан ар гэрийнхэн нь энэ бүгдийг яаж даваа бол гэж бодсон нь харин хэд юм бол доо. Ядуу хүү хулгай хийчихжээ. Тэгээд нийгмийн сэтгэл зүйг айхтар мэдэрдэг болохоо харуулж “Өлсөөд байхаар нь хулгай хийчихсэн юм” гэв. Хүмүүс хөөрхий хөөрхий “Ядуу хүн хулгай хийгээл биз. Арай шийтгэх гээд байгаа юм биш биздээ.
Ядуу хүн 10 жилийн хорих ял өгөх гэлээ” хэмээн халаглацгаав. Манай улсын эрүүгийн хуульд “Ядуу хүн хулгай хийж болно. Баян хүн болохгүй. Ядуу хүнд 10 жилийн ял өгөхгүй, харин баян хүнд өгч болно” гэсэн хуулийн заалт уг нь байхгүй ээ. Энэ бас л нөгөө ёс суртахууны зааг хэмжээ уруугаа хараад уначихсаны тод жишээ шүү дээ. Өнгөрсөн жил айхтар айхтар авлигын хэрэг дэлгэгдэв ээ, та минь. УИХ-ын гишүүн улсын данстай “Фургон” машин хувьдаа завшчихаж. Тэр нь батлагдаад цагдаагийнхан нэгэнт атгасан ээдрээтэй утасныхаа үзүүрийг алдахгүйг хичээлээ. Тэгтэл хэдэн арван тэрбумаар нь идчихсэн хүмүүс байхад ганц “Фургон” юу юм бэ хэмээн хэвлэл мэдээллийнхэн ч бичиж, нийгэм ч түүнийг нь хүлээн зөвшөөрлөө. Бүр нөгөө шударга шулуунаараа гайхагддаг Ц.Нямдорж чинь ч тэгж хэлсэн юм шүү дээ. Өнөө цагдаа нар нь ч ичиж хэргийг тэгэсхийгээд мартагнуулж дөнгөв. Уг нь “Фургон” ч гэсэн ард түмний татварын мөнгөөр авч байгаа эд зүйл юмсан даа.
Гадаа гудманд сүүлийн дөрвөн жил орилж хаана л жагсаал цуглаан байна, тэнд очиж дүрээ товойлгож явдаг нөхдүүд коммунист намын байр шатаасан хэргээр шоронд хэд хоног хоригдов оо. Сайн эрсийн /Уг нь муу эрсийн суудаг газар. Гэвч манайхан ингэж авгайлдаг/ суудаг газар сууж хулхи нь буусан Магнай, Батзандан нар олигархиудын овоохой гэж муулаад байсан өнөө Ардчилсан намдаа дагаар орж өршөөл эрэв. Юун нөгөө шударга ёсны төлөөх тэмцэл, эрүүл нийгэм. Романтик бодлоо хаяж ах нартаа бүхнийг даатгаад өөрсдөө амь зулбав. Ёс суртахуун үгүй болохоор ичнэ гэдэг ойлголт ч бас нүцгэрчихдэг бололтой. УИХ-ын гишүүн, төрийн сайд болсон нэгэн танил тал найз нөхдийнхөө хүүхдийг төрийн тэтгэлгээр сургуульд явуулах, хэн нэгнийг нь ажилд оруулах гээд албан тушаалаа ашиглана. Тэгсэн хүнийг сайн хүн, сайхан хүн гэж магтана. Нөгөөдөх нь ч “Би найз нөхөд, нутаг нугынханаасаа нүүр буруулж үзээгүй. Бүгдэд нь туслаад л явуулдаг” гэж сайрхана.
Зүй нь тэр этгээд албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгож байгаа авлигын зүйл ангиар хэрэг хийж байгаагаа үл ойлгоно. Нийгэм ч үл ойлгож сайн, сайхнаар бахархаж байна гэж жигтэйхэн. Гэр бүлийн талаар тогтворгүй гэж төрийн томчуудыг шүүмжлэхэд ч бас эсэргүүцэлтэй тулгарах боллоо. Гэр бүл, хайр дурлалын нандин харилцаа энэ нийгэмд хамаагүй гэнэ. Албан тушаал, эд хөрөнгөөрөө түрээ барин айлын танхилхан охиныг жирэмслүүлж, олон бүсгүйчүүдийг уруу татаж байгаа ёс бус харьцааг “хүний хувийн амьдрал, эр хүний хийдэг л зүйл” хэмээн өмөөрөх хандлага давамгайлдаг болжээ. Архичин нэгнээ хээгүй, авгайсаг нэгнээ эр хүн гэлцэх нь өнөөх ёс суртахуун гээч ойлголт чинь хичнээн дор уначихсан байгааг харуулж л байгаа хэрэг шүү. Хавар болж хүчингийн хэрэг ихсэх үеэр цагдаагийнхан “Охид хүүхнүүд хэтэрхий богино банзал өмсөөд орой үдэш их явж байна. Ингээд байхаар хүчингийн хэрэг ихсэлгүй яахав” гэж гэмт этгээдүүдийг өмөөрч бүсгүйчүүдийг буруутгана. Үүнийг нь ч зарим хүн хүлээн зөвшөөрөх аястай. Уг нь нийгмийн хэв журам сахиулна гэж тангараг өргөсөн цагдаа нарын ухаан охидын банзалын урт богиноор хэмжигддэггүй л байлтай. Энэ мэтээс үзэхэд Монголын нийгмийн ёс суртахууны ойлголт уруугаа харчихсан нь мэдрэгдээд байгаа юм. “Совесть” гэдэг үг яагаад монголоор орчуулагддаггүй юм гэхээр монгол хүнд тийм зүйл байдаггүй учраас гэж хариулдаг. Тэгвэл энэ ёс суртахуун гээч зүйл чинь бидэнд уг нь байсан л юм. Харин одоо алга. “Хонх”-ын Цогтсайхан агсан “Шилийн сайн эр баян хүнээс дээрэмдсэн зүйлээ ядуу хүнд тарааж өгдөг гэж шал худлаа. Зүгээр л баян хүнийг өөртэйгөө адилхан ядуу болгох гэсэн хоосон мөрөөдөл” гэж хэлсэн байдаг шиг ёс суртахуунгүй, увайгүй үйлдэл бүрээ ард түмний оюун ухаанд хүчээр тулгаж байсны л хор энэ. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн бичсэнээр бол ихэс дээдэс л увайгүй ичгүүргүй үйлдэл хийчихээд үүнийгээ сайн сайхнаар тайлбарлаад байхаар нийгмийн ёс суртахуун тэртээ доор орчихдог гэсэн нь л үнэний хувьтайдаг шүү.
Л.Мөнхбаясгалан
"Улс төрийн тойм" сонин