Франц хүмүүс талханд маш их ач холбогдол өгдөг. Энэ улсад талхыг төрлөөс нь хамааран юу гэж нэрлэх тухай болон талх, нарийн боовны газар хэдэн цагт онгойх тухай хууль хүртэл бий.
Тэрхүү хуульд заасны дагуу талх, нарийн боовны газрууд долоо хоногт нэг удаа амрах ёстой ажээ. Харин Францын Обе мужийн бэйкерийн эзэн Седрик 2017 оны зун нэг ч өдөр амралгүй тасралтгүй ажилласны төлөө 3000 еврогоор торгуулсан байна.
Гэвч орон нутгийн иргэд Седрикийг торгохыг эсэргүүцэн, хуулийн заалтад өөрчлөлт оруулахыг шаарджээ. Тэд мөн Францын хувьсгалын үеэс эхтэй франц талх баригчдын дүрмийг сэргээхийг хүсч, цахим сүлжээнд уриалга гаргасан байна. Энэхүү уриалгад 2000 гаруй хүн нэгджээ.
Амралтгүй ажилласан хэмээн торгуулсан бэйкерийн эзэн Седрик ажилдаа дуртай учраас энэ шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Харин Францын Талх, нарийн боов, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн хуулийн дээрх заалтыг өөрчлөх шаардлагагүй гэжээ.
Тэрбээр "Бид ноён Седрик жуулчдын хөл тасардаггүй оргил үеэр амралтгүй, шаргуу ажилласныг ойлгож байна. Гэхдээ энэ хууль бүх талх, нарийн боов үйлдвэрлэгчдэд хамаатай учраас заавал хэрэгжүүлэх ёстой” гэжээ.
Эх сурвалж: CNN