Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Эмгэнэл

Эмгэнэл

Бидний эрхэм хүн, элбэрэлт ээж, ачит эмээ Санжаагийн Юмжав 2018 оны 3-р сарын 12-ны өдөр насан эцэслэж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Бидний ээж С.Юмжав нь 1942 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд Санжаагийн дунд охин болон мэндэлсэн.

Тэрээр Архангай аймгийн Багшийн сургуулийг дүүргэж улмаар Архангай аймгийн Ерөнхий боловсролын 2-р арван жилийн дунд сургуульд багшилж байгаад гавьяаны амралтад гарсан. Хайрт ээж минь хамт олныхоо дунд нэр хүндтэй, эрдмийн их өргөөнийхөө эзэн нь болсон эрхэм хүмүүн байсан юм. Ээж минь таван хүүхэд төрүүлж өсгөн эх орондоо хэрэгтэй хүмүүс болгон сурган хүмүүжүүлсэн төдийгүй олон арван Монголын үрсийн хайртай багш, үлгэр жишээ сурган хүмүүжүүлэгч хүүхдэд ээлтэй нэгэн байлаа. Ээжийн минь ажилч хичээнгүй, хөдөлмөрч чанар нь үр хүүхэд, шавь нарт нь үеэс үед өвлөгдөн үргэлжлэх болно. Ээж минь төрөлх нутаг, Монгол түмнээ гэсэн халуун сэтгэлтэй, үргэлж олонтойгоо байдаг нэгэн байсан. Ээж минь гавьяаныхаа амралтад гарсан хэдий эх орныхоо хойч үеийн төлөө идэвхтэйгээр хөдөлмөрлөж, Нийслэлийн ахмад багш нарын холбооны Чингэлтэй дүүргийн салбар зөвлөлийн тэргүүн, Чингэлтэй дүүргийн 9-р хорооны ахмадын зөвлөлийн даргаар ажиллаж байсан юм.

Ээжийн минь Монголын мянга мянган хүүхэд багачуудын ирээдүйн төлөө хийсэн гэгээрлийн олон ажлыг төр засаг өндрөөр үнэлж Ардын боловсролын яамны хүндэт жуух, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын хүндэт жуух, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүний идэвхтэн тэмдэг, 5-р Их хурлын төлөөлөгч, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Алтангадас одон, Алдарт эхийн 2-р одон, Улаан загалмайн 11-р Их хурлын төлөөлөгч, Улаан загалмайн Нигүүлсэл мөнгөн медаль, Тэргүүний идэвхтэн тэмдэг, Ардын хувьсгалын 70,80,90 жилийн ойн медалиар тус тус шагнаж байсан юм.

Ээж минь аав ээжийнхээ ачлалт охин, ханийнхаа халамжит түшиг, үр хүүхэд, ач зээ биднийхээ амьд бурхан, энхрий олон шавь нарынхаа үлгэр дууриал, элгэмсэг дотно найз нь байсан юм. Хайрт ээжийн минь гэгээн дүр төрх, сайхан сэтгэл үр хүүхэд, ах дүү, найз нөхөд, шавь нарынх зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай

Үр хүүхэд, ач зээ нараас нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж