Реппер ТулгаТ-ын FB-ээр зочлоорой

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Реппер ТулгаТ-ын FB-ээр зочлоорой

“MTV Video music awards” наадмын
тайзнаа Вандандоржийн Тулгат хэмээх нэгэн Монгол залуу уран бүтээлээ
толилуулахаар болсон. В.Тулгатын facebook хуудсаар нь зочлоорой.

Түүний facebook хуудсандаа бичсэн намтрыг хүргэе.

"Би 1989 оны 7-р сарын 13-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод
төрсөн. Төрөх ёстой хугацаанаасаа өмнө төрсөн учраас инкубаторт хоёр
долоо хоногийн турш байсан. Ийнхүү би гэр бүлийнхээ гурав дахь хүүхэд
буюу хамгийн бага нь болсон юм. 

Би сургуульдаа бүжгийн хичээлд хамрагдаж, "Super Stars" нэртэй хип
хоп бүжгийн хамтлагт хүртэл бүжиглэж байлаа. Удалгүй хэдэн жилийн дараа
манай хамтлаг “Одод болохын хүслэн” тэмцээнд оролцож эхэлсэн юм. Хоёр
жил дараалж орсны дараа, бид мөнгө бас хүрэл медалийн эзэд болж чадсан
юм. Түүнээс хойш удалгүй, надад ах эгч нарыгаа дагаж АНУ руу хилийн дээс
алхах боломж олдсон юм.

2002 оны 1-р сарын 8-нд би анх удаа Оклахома хотын нисэх онгоцны
буудалд газардаж, хязгааргүй боломж бололцооны эх оронд хөл тавьлаа.
Гурван сарын дараа ээж аав хоёр минь Монголоос ирж, бид Аризона мужийн
Феникс хот руу нүүсэн юм. 

Өмнөд Дакота мужийн Рэпид Сити-д ахын маань эхнэр хоёр дахь хүүхдээ
төрүүлсэн болохоор манай гэр бүлийнхэн байнга оршин суух эрхтэй болов.
Санта Моника-д дасаж найзалсан найзуудаа бодохоор би Лос Анжелесыг орхих
хэцүү байсан ч, орхин гарах тэр мөчид би LA-г зүрхнийхээ гүнд шивж
үлдээсэн юм. Удалгүй бид Вашингтон мужийн Сиатл хот руу бид нүүхээр
шийдлээ. 

Эхний нэг сарын хувьд би Лос Анжелесаас ирсэн шинэ сурагч хэвээр
байв. Харин дараа нь бүх зүйл эхэлсэн юм. Өдөр өнгөрөх тусам толгой минь
өвдөх болж, өвчин минь улам бүр нэмэгдэж байсан юм. Хагарах гэж байгаа
мэт өвдөж байсан толгойныхоо өвчнөөс болж би шөнө унтаж байхдаа уйлж
байлаа. Нэг өдөр, би байшингийн минь өмнө зогссон сургуулийн автобуснаас
бараг хоцорч байсан ч угаалгын өрөө орчихоод, түлхүүрээ аваад гарах
гэтэл гэнэт хаалга руу мөргөчихөв. Тухайн үедээ нэг их тоолгүй
сургуульдаа явсан юм. Би ангийнхныхаа хажууд, шүүгээнийхээ хажууд
бүдэрч, бүр ширээгээ ч олохгүй байлаа. Яг тэр үед л надад ямар нэг зүйл
огт болохгүй байгаа нь анх удаа мэдрэгдсэн юм. Ах маань намайг эмнэлэгт
аваачиж, би нарийн шинжилгээ өгөв.

Рентген туяаны аппаратанд харуулсны дараа эмч намайг тархины хорт
хавдартай болсон гэдгийг хэлсэн юм. Энэ хавдар нь “эпэндимома” гэж
нэрлэгддэг бөгөөд залуу хүмүүст ихэвчлэн үүсдэг хорт хавдар байсан юм.
Эмч намайг 5 хоногийн дотор мэс засалд орох хэрэгтэйг хэлэв. Амьдралын
минь энэ мөчийг би хэзээ ч давж гарахааргүй санагдаж байсан ч гэсэн гэр
бүлийнхэн маань эмчийн шийдвэрийг дагахаар шийдсэн юм. Бид Вашингтоны
эрүүл мэндийн төвд ирэхэд би хувь заяаны минь өмнө тулгараад байсан тэр
сорилттой эвлэрч чадахгүй л байлаа. Хэдийгээр маш их айж, сэтгэл минь
зовж байсан ч нэгэнт л давж гарах ёстой даваа гэдгийг ойлгож байсан юм. 

Гэртээ ирээд нэг долоо хоносон ч гэсэн би хавдрыг үлдэгдлийг бүрэн
арилгахын тулд 6 долоо хоногийн турш цацраг туяаны эмчилгээнд хамрагдав.
Дөрөв дэх долоо хоногоос эхэлж үс минь унаж эхэлсэн. Өглөөд дэрэн дээр
унасан үсийг харж сэрдэг байв. Эмч нар надад үс чинь ургана гэж хэлж
байсан боловч хэзээ ч ургаагүй. Би сургууль дээрээ хичээл орж байх үед
малгай өмсөх эрхтэй цорын ганц сурагч байв. Ангийнхан минь намайг байгаа
эсэхийг анзаардаггүй ч байсан юм. Сэтгэлийг минь гуниг гутрал эзэмдэж,
амьдрал минь утгагүй санагдаж, бүх зүйл зогсонги байдалд ороод байлаа.
Үс минь ургахгүй гэдгийг, биеийн минь зүүн талд мэдээ алдаж байгааг үзэн
ядаж байв. Амьдрахаас айж, амиа хорлох бодол хором бүр ухаан санааг
минь эзэмдэж, би амьдрах хүсэлгүй болсон байсан юм.

Тэр нэг өдөр, англи хэлний багш маань сарын шинэ сэдвээр яруу
найргийг сонгосноо зарласан юм. Би өөрийнхөө бодол, мэдрэмж, сэтгэл
хөдлөлийг яруу найргаар илэрхийлэх даалгавартайгаар гэртээ харьлаа.
Бурхны авралаар ангийнхныхаа өмнө гарч шүлгээ уншсаны дараа чөлөөлөгдөх
шиг тэр мэдрэмжийг мэдэрсэн юм. Сэтгэлийг минь зовоож байсан бодлууд
мөрийг минь өргөж, өөрийгөө сул чөлөөтэй болсон гэдгийг мэдэрч байлаа.
Хичээлийн улирал дууссаны дараа би ээжээс Лос Анжелес руу буцаад нүүхийг
гуйв. Азаар ээжийг зөвшөөрүүлж чадлаа. 

Буцаж ирснийхээ дараа би сайн найз Роберт Коллинстой уулзаж түүнд
шүлгүүдээ уншиж өгөв. Харин тэр үед найз минь намайг Вэлфэйр Рекордс
/Welfare Records/ нэртэй биеэ даасан хип хоп уран бүтээлчидтэй
танилцуулав. Би залуустай анх үдийн цайны цагаар хөгжмийн танхимд орж
танилцсан юм. Залуустай хурдан ойлголцож, би л тэр эвлүүлдэг тоглоомны
сүүлчийн хэсэг байсан юм шиг л шууд тэдний нэг болов. Хамтлагийн
продюсер залуу миний багш болж надад хип хоп хөгжмийн гайхамшгийг
мэдрүүлээд зогсохгүй хип хоп хөгжим нь соёл урлаг мөн амьдралын нэг
хэсэг мөн гэдгийг нь ойлгуулж чадсан юм. 

Удалгүй би анхны цомог болох “Амьдралын төлөөх миний зорилго” цомог
дээрээ ажиллаж эхлэв. 2006 онд ахлах сургуулиа төгссөн ч шүлгээ бичсээр,
бичихээ үргэлжлүүлсээр байлаа. 2007 оны зун гэхэд гэр бүлийнхэн минь
намайг сушины тогооч болгохоор сургалтанд суулгаж эхэлсэн. Хоёр сарын
дараа би ангийнхаа шилдэг суралцагч болж төгссөнийхөө дараа шууд ажилд
орсон юм. Тухайн үед цомгийн маань ч ажил дуусч, танидаг хүмүүстээ
цомгоо сонсгоно гэхээс тэсч ядаж байлаа. Гэхдээ цомгийнхоо ажлыг
эхлэхээс өмнө ч тэр, сушины тогоочоор ажиллаж эхлэхээс ч өмнө би Лос
Анжелесын Хүүхдийн эмнэлэгт байнга эмчийн хяналтанд байсан юм.

Хавдар минь бүрэн эдгээгүй, дахин сэргэж байгаа гэдгийг сонссоны
дараа дэлхий орвонгоороо эргэх шиг л болов. Би цомгийнхоо ажлыг
хойшлуулж, бас ажлаасаа ч гэсэн завсарлага авах хэрэгтэй болсон. Илүү их
айж байсан зүйл гэвэл энэ удаад хагалгааны өрөөнөөс гарч ирж чадахгүй
бол яах вэ гэхээс үнэхээр айж байв. Сэтгэл минь өвдөж байсан. Энэ мэдээг
сонссоныхоо дараа илүү их бичиж, илүү их хичээж дуунуудаа бичсээр
байлаа. 2007 оны 9-р сарын 21-нд, би хоёр дахь удаагаа тархины
хагалгаанд орсон юм. Бүхэл бүтэн гурван цагийн дараа надад дахин нэг
удаа амьдрах үнэтэй боломж олдсон юм. Тэр үед миний амьдралын зорилго юу
болохыг би дэндүү ихээр ойлгож байлаа. Хүмүүст дуугаараа, өөрийнхөө
түүхээрээ дамжуулж амьдрал ямар үнэтэй вэ гэдгийг ойлгуулж тэдэнд туслах
нь миний амьдралын зорилго болсон билээ.

Хагалгааны дараа зургаан долоо хоног цацраг идэвхт эмчилгээнд орж,
дараа нь хоёр жилийн турш химийн эмчилгээнд хамрагдсан юм. Надад эхний
цомгоо албан ёсоор бусдад хүргэх боломж хэзээ ч гарч байгаагүй бөгөөд би
одоо хоёр дахь цомог дээрээ ажиллаж байна. 19 настайдаа “Маргаашгүй”
нэртэй Монголын уран сайхны кинонд тоглов. Энэ киноны зохиолыг миний
амьдралаас сэдэвлэсэн бичсэн бөгөөд Монголын кино театруудаар гарсан.

Түүнээс хойш би Монголын поп од Номинжин, хип хоп дуучин Gee зэрэг
олон уран бүтээлчидтэй хамтран ажилласан. Одоо би эмчилгээгээ зогсоож,
бүрэн эдгэрсэн бөгөөд амьдралдаа сэтгэл хангалуун байж, бүх цагаа дуу
хөгжимдөө зориулж байна. Миний энэ түүхийг сонсоод хүмүүс амьдралаа одоо
байгаагаасаа бага ч болов илүү хайрлаасай гэж би хүсч байна. Хүүхдүүд,
өсвөр насныханд боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг ойлгуулахыг би хүсч
байна. Хорт хавдраар өвчилж байсан залуу амжилттай уран бүтээлч болж,
энэ нийгэмд өөрийн байр сууриа олж байгааг харуулахыг би хүсч байна. Би
та нарт Чадна! гэдгийг чинь хэлэхийг хүсч байна. Та нар чадах болно.
Баярлалаа."

Вандандоржийн Тулгат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж