Өрөөлийг ч, өөрийгөө ч хүндэлдэггүй үзэгчид

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Өрөөлийг ч, өөрийгөө ч хүндэлдэггүй үзэгчид

Өрөөлийг ч, өөрийгөө ч хүндэлдэггүй үзэгчид

Францын удирдаач Роберто Рессико “Кармен” дуурийг удирдахаар 2011 онд Монголд ирээд “Үзэгчдэд соёл алга” гэх шүүмжлэлийг хэлж билээ. Гэвч монголчууд өнөөдөр ч үзвэр үзэх соёлд суралцаагүй л байна.

Кино, жүжиг алийг нь ч үзсэн цагтаа ирж, суудалдаа суухгүй. Ёс юм шиг 10, 20, 30 минутаар хоцорч ирнэ. Ирсэн хойноо үзэгчдээс сандлынх нь дугаарыг асууж, нааш цааш холхино. Хошин шог, кино үзэхэд гаргадаг үзэгчдийн соёлын тухай бүр ярихаа больё. Харин театрт жүжиг, балет үзэж байгаа үзэгчид нь хүртэл нусаа шорхийтэл нийж, бохь зажилж, боов, талх мэрж, самар чөмж, чихэр сажигнатал идэх нь гэртээ диван дээрээ хэвтээд солонгос киногоо үзэж байгаа аятай л харагддаг.

Цаг баримтлах асуудал үзэгчдэд нь ч, тоглолт зохион байгуулж буй хүмүүст нь ч байдаггүй. Уг нь цагтаа тоглолтоо эхлээд хаалгаа барьчихдаг бол нэг удаадаа мөнгөөрөө шатсан үзэгч дараагийн удаад цагтаа ирдэг соёлд суралцахад нэмэр болох юм. Цагтаа ирсэн нэг үзэгч байлаа ч хүндэтгээд тоглолтоо эхлүүлдэг бол тоглолт эхлэсний дараа бөгсөө нүүрэнд наачих шахаад нааш цаашаа гүйлддэг үзэгчийн тоо цөөрөх биз.

Үзвэр үзэж суух үед үзэгчид гар утасныхаа гэрлийг гялбуулах, бичлэг хийх, чанга чанга хоорондоо ярих, чипс, жигнэмэг шажигнатал идэж, цаасыг нь сандал доороо хаях нь байдаг л үзэгдэл болсон. Үзвэр үзэх гэж ирснээ мэдэхгүй утсаараа сошиал ухаад элдэв хачин контентоо ярьж, хоорондоо баахан инээлдэх бол юу ч биш. Энд тэндгүй гар утас дуугарч, чанга чангаар ярих асуудал бол энүүхэнд.

Арай хийн чимээ намдах нь уу гэтэл хүүхдийн уйлах дуу гарна. Хүүхдээ дагуулж ирээд, уйлуулаад л үзээд байна. Хажууд үзэгчид байгаа нь мөнгөө төлсөн гэх бүдүүлэг үзэгчдэд бол хамаагүй.

Адал явдал үүгээр дуусахгүй. Хүүхэд нь урд суудлаа хөлөөрөө цохиж эхэлнэ. Тэвчээр заагаад чимээгүй суугаад байхаас өөр аргагүй. Өө, бурхан минь үзвэр хурдан дуусаасай гэмээр.

Саяхан кино театрт “Байтаг богд”-ыг үзсэн нэгэн иргэн твиттертээ “’Байтаг богд’ үзлээ. Маш сайхан кино болж, огшиж цийлэгнэж үзлээ. Хойно харин хэдэн банди нар инээж шоолж Гивааныг Диван гэнүү тнг нэртэй нааснн, Алдармаа сда шалдалсангүй г.м-ээр ярилцаж тоглож наргиж үзлээ…Эргэж хараад эрүүг нь хуга цохимоор бв. 90-д оныхон эмгэнэлтэй…” гэж бичсэн байж билээ. Энэ бол бусдыг хүндлэх, хүндэтгэх ёс зүй байхгүйтэй л холбоотой.

Иргэд нь ийм бүдүүлэг байхад энэ улс орон яаж ч хөгжих билээ дээ. Уг нь хөгжсөн орнуудад театрт үзвэр үзэж байгаа үзэгч чимээ л гаргавал хөөгдөөд гардаг. Гар утасны чимээ ч гарах ёсгүй. Франц улсад үзэгч чимээ гаргавал театрт дахин жүжиг үзэх эрхгүй болдог.

Энэ хариуцлагын цаана үзэгчдээс гадна жүжигчдийг хүндлэх хүндлэл оршиж буй. Харин манайд мөнгөө төлсөн нэрийн дор юм бүхэн нь нээлттэй, задгай. Бусад оронд жүжиг эхэлсэн л бол хэн ч орох эрхгүй. Ийм цензурыг театрууд үзэгчиддээ тавих цаг нь болжээ.

Дуурь, драм үзэхээр ирж буй үзэгч стрессээ тайлж, оюуны таашаал авахыг зорьдог. Харин Монголд юун алжаал тайлж, таашаал авах. Харин ч эсрэгээрээ хажуугийн үзэгчдээсээ шалтгаалаад стресстээд гардаг.

Театрууд  ч гэсэн театрууд. Сонгодог тоглолт тоглож байгаа хэрнээ үүдэндээ түргэн хоолны цэг ажиллуулчихдаг. Уг нь өндөр зэрэглэлийн ресторантай, үзэгчдэд үзвэрээ үзэж гарч ирсний дараа тав тухтай хооллох боломжийг бүрдүүлэх хэрэгтэй баймаар. Яг үнэндээ манай театруудын байгаа хандлагад нь үзэгчид тааруулж байгаа гэдгийг анхааруулахад буруудахгүй биз. Театр үзэгчдээ яаж хүндэлнэ, үзэгчид театруудыг тэгж хүндэлнэ. Соёлгүй үзэгч байна гэдэг театрт нь өөрөө соёл алга аа л гэсэн үг шүү дээ.

 Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж