Сэргээш хэрэглэсэн бөхтэй хариуцлага тооцох уу?

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Сэргээш хэрэглэсэн бөхтэй хариуцлага тооцох уу?

Сэргээш хэрэглэсэн бөхтэй хариуцлага тооцох уу?

Үндэсний бөхчүүдтэй холбоотой сэргээшийн асуудал спорт сонирхогчдын дунд дуулиан тариад байгаа. Гэнэтийн шалгалтаар таван бөхөөс сэргээш илэрсэн нь ил болж, зарим нь хориотой бодис эм хэрэглэснээ нүүр номын хуудсаараа дамжуулан хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Бөхчүүд сэргээш хэрэглэсэн гэх асуудал үе, үе дуулиан тарьдаг. Гэвч, тэдэнд тодорхой хариуцлага хүлээлгэж байсан удаагүй юм. Анх УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат сэргээшийн асуудал  холбогдож, түүнээс хойш хэд хэдэн бөхчүүд нэр сонсогдож байсан ч өнөөг хүртэл хэн нэгэн бөх хариуцлага хүлээсэн нь үгүй. Тиймээс сэргээштэй нэр холбогдсон бөхчүүдэд хэн, ямар хариуцлага ногдуулах вэ гэдэг асуулт хариу нэхсээр байна. Одоогоор Монголын Үндэсний бөхийн холбооноос сэргээш хэрэглэсэн гэх бөхчүүдэд ямар хариуцлага ногдуулахыг албан ёсоор мэдээлээгүй байна.

Сэргээш хэрэглэсэн бөхчүүд тайлбар өгөв

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар болон Допингийн эсрэг үндэсний төвөөс хамтран хэрэгжүүлж байгаа “Допингүй эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд 31 бөхөөс 2017 оны арванхоёрдугаар сард шинжилгээ авчээ. Энэхүү шинжилгээг БНСУ-д допингийн итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж, хариуг авсан юм. Допингийн эсрэг үндэсний төвөөс допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрийг зарласан бөгөөд үүнд, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр, улсын начин Э.Даш, улсын гарьд Ө.Бат-Орших нар багтсан. Эдгээр бөх “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн бол нэг бөх “В” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ өгсөн байна.

Энэхүү мэдээллийн дараа ч Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын начин Э.Даш, Аймгийн хурц арслан Б.Номиндалай нар допингийн шинжилгээ илэрсэн асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Эдгээр бөх тамоксифен, ‘triamcinolone acetonide acetate’ үе мөчний тарилга болон харшлийн кеналог тариа хийлгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, бөхчүүдэд хандан бэртэлтэй тамирчид эм, бэлдмэл сонгохдоо болгоомжтой байхыг сануулсан юм.

Сэргээшийн шинжилгээ авахад өмнө нь хэрэглэж байсан эмийн нэрсийг бичихийг шаарддаг аж. Харин үүнд манай бөхчүүд юу ч бичилгүй цагаан цаас өгдөг нь өөрсдийн хариуцлага, хайнга болоод хандлагын асуудалтай нь холбоотой гэж албаны хүн хэлж байна.

ХОРИОТОЙ БОДИС ХЭРЭГЛЭСЭН БОЛ ЖУРМЫН ДАГУУ БАРИЛДАХ ЭРХЭЭ ХАСУУЛНА

Ч.НАСАНБАТ (Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны дарга, их эмч)

  • Бидэнд БСШУСЯ-наас үндэсний бөхөөр хичээллэж буй залуусаас допингийн шинжилгээний сорьц авах чиглэл өгсөн. Шинжилгээг хийхдээ үндэсний баяр наадмаас хойш болсон томоохон барилдаануудыг сонгож, барилдааны үеэр сорьц авсан. “А” сорьцоор сэргээш хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага тооцох асуудлыг Монголын үндэсний бөхийн холбоо өөрсдийн дүрмийн дагуу зохицуулна. Одоогоор таван бөх сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож, нэг нь “В” сорьцын хариуг харахыг хүссэн. Хориотой эм тогтоогдсон нь батлагдсан учраас нэг, хоёр жил байна уу ямартай ч шийтгэл авах байх. Тиймээс үүнийг холбоо дотроо шийднэ. Харин “В” сорьцын хариуг харахыг хүссэн бөхийн тухайд мэдээж дахин хугацаа орно. Хэзээ хариу ирэхийг бид мэдэхгүй.

Д.ДАНЗАН (Монголын Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн)

БӨХЧҮҮД ХОРИОТОЙ ЭМ БЭЛДМЭЛИЙН ТАЛААР ХАМГИЙН САЙН МЭДНЭ

Монголын үндэсний бөхийн холбооны барилдааны дүрмийн дагуу анх 2001, 2002 онд бөхчүүдээс допингийн шинжилгээг авчээ. 2001 оны шинжилгээгээр гараагүй бол 2002 онд анхны тохиолдол бүртгэгдэж байжээ. 2003 онд анхны допингийн эсрэг хууль гарчээ. Энэхүү хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гарч, улмаар допингийн шинжилгээ авах журам гарсан байна. Үүнээс хойш 15 жил өнгөрөхөд зургаан жилд нь допинг гараагүй аж. Сүүлийн жилүүдэд бөхчүүд хориотой бодисын эм бэлдмэл, хор уршгийн талаар ойлголт ихтэй болжээ. Мөн ямар нэгэн байдлаар өвдлөө гэхэд эмчээс хамгийн түрүүнд асууж, заавар авах боломжтой болсон байна. Харин одоо бөхчүүдэд хариуцлагааа ойлгох, ухаарах, үүрэх асуудал дутагдаж байгааг Монголын үндэсний бөхийн холбооноос сануулсаар байгаа. Нэгэнт хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдвол барилдах эрхээ тодорхой хугацаагаар хасуулах журамтай. Мөн байнга хэрэглээд байвал үргүйдэл болохыг  эмч мэргэжилтнүүд сануулдаг. Биеийн тамир, спортын газар, Допингийн эсрэг үндэсний төв хамтран бөхчүүдэд допингийн талаар сургалт явуулахаар бөхчүүд ирдэггүй, үүнээс болж алдаа эндэгдэл гаргадаг талаар албаныхан хэлж байна. Бөхчүүдэд Допингийн эсрэг үндэсний төвөөс жижиг товхимол гарган тараажээ. Мөн www.antidoping.mn цахим хуудсанд хориотой эмийн талаар байнга мэдээлдэг байна.   

Ийнхүү үе, үе үндэсний бөхчүүдтэй холбоотой сэргээшийн дуулиан дэгддэг ч тэгсхийгээд намжаадаг, хэн хэзээ ч хариуцлага тооцдоггүй учраас ийм асуудал байнга яригддаг спорт сонирхогчид шүүмжилдэг. Тиймээс Монголын бөхийн холбоо сэргээш хэрэглэсэн бөхчүүдтэй ямар хариуцлага тооцож байгаагаа ил тод зарлах хэрэгтэй болжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж