МАН-ынхан манай, танайгаараа халагдаж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

МАН-ынхан манай, танайгаараа халагдаж байна

МАН-ынхан манай, танайгаараа халагдаж байна

Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш төрийн өндөр албан тушаалтнууд нь өөрийн хүсэлтээр болон өрөөлийн шахалтаар ажлаа өгснөөр хэд хэдэн яамны Төрийн нарийн бичгийн даргын суудал эзгүй байна. Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамд төрийн нарийн бичгийн даргын суудал эзнээ хүлээж буй. Тэгвэл МАН дотор яамдын дэд сайд нартаа сэлгээ хийх асуудал сэм яригдаж эхэлжээ.


Экс төрийн нарийнууд шүүхийн үүд сахиж сууна

У.Хүрэлсүх сайд Засгийн газраа бүрдүүлснээс хойш дөрвөн яамны буюу Ж.Эрдэнэбатын хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Нямааг чөлөөлж, С.Наранцогтыг томилсон. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн бол Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа нарыг ажлаас нь чөлөөлсөн. ЭМЯ, БСШУСЯ-ны яамны төрийн нарийн бичгийн дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн учраас одоо хууль бусаар ажлаас халагдсан гэх үндэслэлээр шүүхэд хандаад байгаа юм. Төрийн захиргааны байгууллагын хамгийн өндөр албан тушаалтан нь буюу яамны гал тогоог баригч нь Төрийн нарийн бичгийн дарга. Хууль бусаар ажлаас халагдсан гэж маргаан үүсгэсэн төрийн захиргааны ажилтны дараагийн хүнийг томилох асуудал нь шүүхийн шийдвэрээс шалтгаална. Хэдийгээр шүүхийн процесс үргэлжилж байгаа ч ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар Улсын нэгдүгээр эмнэлгийн ерөнхий захирал Б.Бямбадорж томилогдоно гэсэн яриа улс төрийн хүрээнээс сонсогдож байна. Харин БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн даргад Ц.Цогзолмаа сайдын зөвлөхийн нэр яригдаж буй гэх. Гэхдээ Д.Очирбат, Ж.Болормаа нарыг хууль бусаар ажлаас халсан нь шүүхээс тогтоогдвол ажлаас халсан хүн нь халагдсан хугацааны цалинг олгох учиртай.

2014-2017 оны хооронд захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай болохыг тогтоосон 194 шүүхийн шийдвэрээр иргэд, аж ахуйн нэгжид учирсан хохиролд 25.1 тэрбум төгрөгийг төсвөөс олгожээ.

Өөрөөр хэлбэл, ажлаас хууль бусаар халагдсан нь шүүхээр тогтоогдвол эргэн ажилдаа орох, ажилгүй байсан хугацааны цалингаа төрөөс нөхөн авна. Түүний дараа буруутай шийдвэр гаргасан этгээд нь өөрөө төрд төлөх хуулийн зохицуулалттай.

Дэд сайдуудын суудал ганхаж эхэллээ

Засгийн газрын 13 яам дэд сайдтай. У.Хүрэлсүх сайдын хувьд дэд сайд нараар оролдохгүй гэсэн яриа байсан ч эхнээсээ ганхаж, зарим нь АТГ-т дуудагдаж болзошгүй тухай МАН дотроос мэдээлж байна. Одоогоор БСШУСЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр ажлаа хүлээлгэж өгөөд буй. Тэрбээр АНУ-д Элчин сайдаар томилогдохоор ийнхүү албан тушаалаа албан ёсоор өгчээ. Түүний оронд дэд сайдаар МАН-ын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Г.Ганбаяр томилогдох нь тодорхой болж байгаа гэх. Тэгвэл бусад яамдын дэд сайд нараас тоотой хэдэн дэд сайд үлдэж, бусдыг нь солхих асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж магадгүй байна. Халаа, сэлгээний сургаар МАН дотор бужигнаж, “33-ын” талынхаа өөр өөрсдийн хүнээ зүтгүүлээд эхэлсэн бололтой.

Ийнхүү МАН-ын хагарал томорч, өмнө нь төрийн албан хаагчид намын харъяаллаасаа болж ажлаасаа халагддаг байсан бол өдгөө фракц, бүлгээсээ шалтгаалаад ажлаас нь шахдаг үзэгдэл Монгол төрд хэвийн үзэгдэл боллоо. 2016-2017 онд төрийн албанаас хууль бусаар ажлаасаа халагдсан гэх өргөдөл гомдол 660 болсон. Энэ бол зөвхөн гомдол гаргасан тоо. Тэгвэл У.Хүрэлсүх сайдын Засгийн газрын үед ажлаас хууль бусаар халагдсан хүний тоо үүнээс давж магадгүй болжээ. Угтаа  Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлд захиргааны байгууллагын албан тушаалтан гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг төр хариуцах үүрэгтэй. Гэхдээ төрийн хохирлыг буруутай этгээд төлөх ёстой заалт үйлчилдэг ч хууль бусаар ажлаас халсныхаа төлөө өнөөдөр татвар төлөгчийн мөнгийг сайд дарга нарын шахааны хүмүүсийн төлөө зарцуулах нь зөв үү гэсэн асуулт тавихад хүрч буй юм. Ийнхүү МАН-ынхан миний, чиний, манай танайхан гэж халаа, сэлгээ хийж хоёр тийшээ харж суух хооронд төрийн ажил цалгардаж, татвар төлөгчдийн мөнгө урссаар.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж