Улаан асрын зүүд (81-р бүлэг) | News.MN

Улаан асрын зүүд (81-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (81-р бүлэг)

Улаан асрын зүүд (81-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э


Наян нэгдүгээр бүлэг

ХУВЬ ЗАЯАГАА ШАЛГАЖ ДӨРВӨН САЙХАН ЗАГАСЫГ ГОХДОН, ХАТУУ СУРГААЛИЙГ ХҮЛЭЭЖ, ХОЁР ДАХЬ УДААГАА СУРГУУЛЬД ОРОВ

Өгүүлэх нь: гэртээ ирсэний дараа Ин Чүнийг очиход Шин Фүрэнь тоохгүй байсанд, Ван Фүрэнь түүнийг тэжээж өсгөсний хувьд сэтгэл нь шаналж шүүрс алдав. Энэ үед Бао Юй ирж мэндлэхдээ эхийнхээ нүдэнд нулимсны ор байхыг ажаад сууж чадалгүй зогсов. Тэгтэл эх нь суу гэсэнд ханз ирмэгдэн суулаа. Ван Фүрэнь, хүүгээ юм хэлэх гэж байгааг мэдээд:

-Чи яагаад дуугүй суугаад байгаа юм бэ гэсэнд цаадах нь:

Гойдын ч ярих юмгүй. Харин хоёрдугаар эгчийн байдлыг сонсоод түүний төлөө үнэхээр зовж байна. Хэдий Лао тайтайд хэлээгүй боловч энэ хоёр шөнө унтаж болсонгүй. Манай мэтийн айлын охин, яагаад тэр мэтийн айлд дарлагдаж байна вэ. Хоёрдугаар эгч ядахдаа хүнтэй үг булаалдаж чаддаггүй зөөлөн хүн байтлаа ийм нэг бүсгүй хүний зовлонг мэддэггүй, хүний үнэргүй амьтантай таардаг нь юү вэ дээ гээд нулимс унагахыг завдав. Ван Фүрэнь:

-Энэ бол мөн аргагүй явдлаа. Эртний үгэнд, “Хаданд харвасан сум, харьд өгсөн хүүхэн хоёр адил” гэсэн үг байдаг. Тийм болохоор надад ямар ч арга байхгүй… гэсэнд Бао Юй,

-Би урьд шөнө нэг арга бодлоо. Бид Лао тайтайд мэдүүлж хоёрдугаар эгчийг гэртээ авчраад Зы Лин Жөүд суулгавал тэр үхэл дайрсан Сүн овогтынхонд дарлагдахгүй болж урьдын адил эгч дүү нартайгаа наадаж, идэж ууж тайван болно. Тэд авахаар ирвэл өгөхгүй. Тэгэхээр Лао тайтайд л хэлье гэв. Ван Фүрэний инээд, уур давхцан:

-Чиний солио хөдөлж байна уу. Юү гэж дэмий чалчаад байгаа юм бэ. Энэ ертөнцөд охин болж төрснөөс л хойш харьд очих нь мэдээж. Хүнд нэгэнт очсон хүн, төрхөмдөө байж яаж болно. Ганц түүний заяа л мэдсэн хэрэг. Сайнтай учирвал сайн, муутай учирвал арга байхгүй. “Морьтой холбовол шогшино. Модтой холбовол зогсоно” гэж сонсоогүй юү. Хүн бүхэн, яалаа гэж чиний эгч шиг хааны хатан болж чадах юм. Тэгвэл хоёрдугаар эгч чинь сая хуримаа хийсэн. Нөхөр нь залуу байна. Хүн бүрийн зан адилгүй. Дөнгөж учирмагц таарамжгүй байх явдал бий. Хэдэн жил болохоор зан зангаа мэдэлцэн, үр ачтай болохоороо сайн болно. Чи Лао тайтайд хэрхэвч үг цухуйлгаж болохгүй шүү. Тэгвэл би хүлээхгүй. Хурдан явж хувийн юмаа хий. Энд битгий дураараа чалчаад бай… гэсэнд Бао Юй хариу хэлж чадсангүй. Жаахан сууж байгаад улам урам нь хугараад гарав. Тэрбээр цээжинд багтарсан уураа гаргах газаргүй тул шууд хүрээлэнд очиж, Шяо Шян Гуаньд хүрээд босго алхмагц дуу тавин уйлав. Энэ үед Дай Юй угааж арчиж байтал Бао Юй ийм байдалтай орж ирж ирсэнд хэрдхийн цочоод “Яасан бэ, хэн яачихваа” гэж асуув. Цаадах нь ширээ тэврэн эхэр татан уйлав. Дай Юй дэргэд нь сууж гайхан ширтээд: “Хэн уурлуулав. Эсвэл надад уурласан уу” гэсэнд Бао Юй гараар сэжин “Үгүй, үгүй” гэв. Дай Юй: “Тийм бол юунд сэтгэлээ зовоов” гэтэл цаадах нь:

-Бид бүгдээрээ, энэ мэт хэрэггүй амьдрах юм бол эртхэн үхсэн нь дээр… гэсэнд Дай Юй:

-Энэ чинь юү гэсэн үг вэ. Чи эрүүл байна уу гэв. Бао Юй:

-Би солиороогүй байна. Энэ тухай чамд хэлбэл чи эрхбиш ойлгоно. Чи хоёрдугаар эгч ирээд ярьсныг сонссон биз дээ. Хүн том болоод айлд очдог. Тэгэхдээ тийм айлд очоод тэнд зовлон амсах ёстой юм уу. Бид анх удаа “Хайтан цэцгийн” цуглаан байгуулж, бүгдээр шүлэг уянгалуулж, ямар зэргийн хөөр наргиантай байлаа. Одоо юү болов? Бао эгч гэртээ харьсан. Шян Лин хүртэл энд ирж чадахгүй болоод, хоёрдугаар эгч бас харьд мордоод, анзангаа мэдэх хэдэн хүн цөмөөр бутран салж сүүлдээ энэ байдалд хүрлээ. Би Лао тайтайд хэлээд хоёрдугаар эгчийг авчиръя гэсэнд дайдаа зөвшөөрөхгүй мөртөө намайг тэнэг мунаг, дураараа чалчигч гэхээр нь би юм хэлж чадсангүй. Чи хар! Энэ хэдхэн өдрийн дотор хүрээлэнгийн байдал их өөр болчихлоо. Цааш хэдэн жил болоход ямар болохыг яаж мэдэх вэ. Үүнийг бодох тусам сэтгэл зовно гэв. Дай Юй, аанайхан тонгойж байснаа ханзан дээр очоод, буруу харж хэвтээд ганц ч үг дуугарсангүй. Зы Жюань цай авчирснаа, тэдний байдлыг харан гайхаж зогстол Ши Рэнь орж ирээд: “Өө Бао Юй энд байж. Лао тайтай дуудлаа. Би ч энд байгаа байх гэж бодоод” гэв. Дай Юй, Ши Рэний дууг сонсмогц эргэж хараад: “Суу, суу” гэв. Тэгтэл Дай Юй уйлсан байв. Түүнийг хараад Бао Юй:

-За дүү минь, миний саяын хэлсэн үг дэмий тэнэг үг. Чи түүнд зовох хэрэггүй. Харин биеэ сайн сувилбал дээр. Лао тайтай дээр оччихоод би буцаад ирнээ. Чи тайван байж бай гээд гарав. Ши Рэнь: “За та хоёр минь бас юу болчихов” гэж Дай Юйгээс шивнэн асуув. Дай Юй:

-Тэр хоёрдугаар эгчийнхээ төлөө сэтгэл зовж байгаа юм байна. Би яасан ч үгүй. Нүд загатнахаар нь жаахан нухалчихсан юм гэв. Ши Рэнь юм хэлэлгүй, Бао Юйтэй цуг гараад тэд салав. Бао Юйг Жя Мүгийнд очиход, их ахайтан үдийн нойр авч байх тул хүрээлэндээ буцав.

Тэгээд үдийн нойр авч сэрснийхээ дараа хэсэг зуур уйтгарлан байгаад гар сунган нэг юм авч хавтсыг нээн харвал, Зао Миндигийн “Сархад сөгнөж найрлан дуулсугай. Сав ертөнцөд хэдийхэн сууна вэ” гэсэн мөрүүд байв. Гэнэтхэн зүрх нь шимшрэв. Цааш нь хэдэн хуудас эргүүлсэнээ цааш нь тавьчихаад өөр нэгийг авч үзвэл, Жинь улсын бичиг байсан тул жаахан харж байгаад хамхиж гөлрөн суув. Ши Рэнь цай авчраад “Яасан бэ, номоо үзэхээ болив уу” гэж асуув. Цаадах нь хэлэлгүй, цайнаас нэг балгаад тавьчихав. Ши Рэнь жаахан харж зогсов. Бао Юй гэнэт босоод:

-Юуны бас “Өөрийн зоргоор санаснаа үйлдэх вэ” гэж дүдэгнэсэнд Ши Рэний инээд хүрсэн ч, учрыг нь асуулгүй:

-Чи номоо үзэх дургүй байгаа бол салхинд гарч хүрээлэнгээр жаахан явахгүй юү. Дэмий бухимдаад байвал өвчин олно шүү гэв.

Бао Юй жаахан мэлэрч байснаа, гадагш гарав. Тэгээд Чинь Фан Тинд хүрвэл, хүн амьтангүй эль хуль тул буцаад Хөн Ү Юаньд очвол цэцэг ногоо жигдрэн, сайхан үнэр анхилавч бас л хаалга үүдээ хаасан байв. Эргээд Оу Шян Ше рүү очвол хэдэн хүн хашлага түшин зогсож, хэдэн охин явган сууж ямар нэг юм эрж байх харагдав. Бао Юй сэмхэн явсаар хиймэл уулын ар талд очоод чагнавал, нэг нь “Түүний хөвгүүн гарч ирэх эсэхийг үзье” гэсэн нь Ли Ваний дуу байв. Тэгтэл нэг нь хөхөрч “Уухайс, доош оржээ. Тэр лав гарч ирэхгүй” гэсэн нь Тань Чүнийх байв. Бас нэг нь: “Тийм байна. Эгч битгий хөдөл. Хүлээгээд байвал гарч ирнэ” гэв. Төдөлгүй бас нэг нь: “Гарч ирлээ” гэнэ. Сүүлийн дуунууд нь лав Ли Чи болон Шин Шюянь хоёрынх байв. Бао Юй хэсэг чулуу ус руу шидэв. Цүлхийх чимээгээр нөгөө дөрөв хэрдхийн цочсон дуугаар “Хэн дайсагнаад байна, бид их цочлоо шүү” гэсэнд Бао Юй уулын араас шовсхийн гарч ирээд инээн:

-Та нар ийм сайхан наадаж байж, яагаад намайг дуудахгүй байна вэ гэв. Тань Чүнь:

-Хоёрдугаар ахаас өөр хүн энэ мэт алиалахгүй гэдгийг би мэдэлгүй яахав. Олон үг хэрэггүй. Дуугүй манай загасыг төлж өгөгтүн. Сая нэг загас гарч ирснийг яг сайхан гохдох гэтэл чи үргээсэн гэв. Бао Юй инээж:

-Та нар энд тоглохдоо, намайг дуудаагүй болохоор чинь би торгосон юм гэсэнд цаадуул нь хөхрөлдөв. Бао Юй:

-Цөмөөрөө өнөөдөр загас гохдож хувь заяагаа шалгая. Хэн гохдож чадвал, энэ жил түүний аз хийморь сайн. Гохдож чадахгүй бол энэ жил хийморь нь муу. За хэн урьдаар гохдох вэ гэсэнд Тань Чүнь, Ли Ваньд “Та урьдаар гөхөд” гэв. Цаадах нь загас барих дургүй гэсэнд Тань Чүнь эхлэх болов. Тэгэхдээ, Бао Юй рүү харж, “Хоёрдугаар ах дахиад загас үргээвэл би хүлээхгүй шүү” гэсэнд Цаадах нь: “Би бол түрүүнд та нарыг цочоож тоглосон юм. Одоо бол загас барихаа бодно” гэв.

Тань Чүнь мяндсан утсыг сунган шидээд, хэдэн үг солихын завдал болоогүй байтал навчин загас чангааж байв. Түүнийг татаж ирээд газар хаяхад амьд муриганаж байхаар нь хоёр гараар бариад шаазан лонхонд хийгээд цэвэр усаар тэжээв. Дараа нь Ли Ваньд дэгээгээ өгвөл тэрбээр хэд шидээд, утас хөдөлмөгц татаад ирэхээр л хоосон байв. Сүүлд нь дэгээгээ үзвэл дотогшоо махийчихсан байлаа. Тэгээд Сү Юнийг дуудаж засуулаад өгөөшөө сольж шидвэл, дэмий удсангүй утас нь татагдав. Сандран татаад гаргавал хоёр ямхын хэртэй загас байлаа. Ли Вань инээж Бао Юйг гөхдөх үү гэсэнд, нэгмөсөн гуравдугаар охин дүү, Син охин дүүг гоходсон хойно болъё гэв. Харин Шин Шюянь дуугараагүй байтал Ли Чи: “Бао ах урьдаар гоход” гэв. Энэ үед усан дээр нэг хөөс хөвж гарав. Тань Чүнь: “Харцгаа, өнөөх загаснууд чинь гутгаар охин дүүгийн тэнд оччихжээ. Хурдан гохдоцгоо” гэсэнд Ли Чи, дэгээгээ шидээд удалгүй нэгийг бариад авав. Дараа нь Шин Шюянь шидээд бас нэгийг барьсанд Тань Чүньд: “Одоо Бао Юйд өг” гэв. Бао Юй: “Би одоо Жян Тайгун1 болсугай” гэсээр чулуун зогсоол дээр очиж, нуурын хөвөөнөөс гохдож эхлэв. Усан доторх загас хүний сүүдрээс үргээд цөм зайлжээ. Бао Юй дэгээгээ хаяад удаан зогссонд утас нь ер хөдлөхгүй байлаа. Сая нэг загас усан дээр хөөс үлээтэл, Бао Юй утсаа хөдөлгөтөл өнөөх нь алга болов. Түүнд тачаадаад Бао Юй: “Би адгуу зантай боловч тэр ууртай юм. Загас минь айх юмгүй хүрээд ир. Надад тусал” гэж үглэнэ. Цаадуул нь хөхрөлдөв. Энэ зуур дэгээний нь утас хөдөлсөнд Бао Юй баярлаад хүчээрээ дугтарсанд, мод нь хугарч, утас нь ч тасрав. Дэгээ нь ч алга болов. Тан Чүнь: “Би ийм тэвдүү хүнийг үзээгүй” гэв. Тэднийг ийн шуугилдаж байтал Шө Юэ яаран ирж: “Эр Е чамайг хурдан ир гэж Лао тайтай хэлж байна” гэсэнд бүгд л цочиж: “Юу болоо юм бол” гэцгээв. Тань Чүнь: “Дуудаж яах гэсэн юм бол” гэсэнд цаадах нь: “Би мэдэхгүй. Нэг юм нь эвдрээд Бао Юйгээс асууна гэж байсан. Бас Фөн Жег ч дуудсан байх” гэв. Бао Юй сандран “За бас ямар инж нь хөнөөлд учирсан юм болдоо” гэсэнд Тань Чүнь: “Ямар ч гэсэн ах хурдан оч. Ямар юм болсныг Шө Юэгээр бидэнд хэлүүлээрэй” гээд цөм тэндээс явцгаав.

Сандарсаар яваад Бао Юйг, эмээ дээрээ очиход, Ван Фүрэнь бас ирчихсэн даалуу тоглох гэж байв. Онцын хэрэггүй байж гэж бодоод тайвширтал Жя Мү:

-Уржнан чамайг гэнэт өвдөхөд, нэг солиотой хуушаан, доголон бумба хоёр ирээд засаж өгсөн юм. Тэр удаагийн өвчин биед чинь ямар маягтай санагдсан бэ гэсэнд Бао Юй бодлогошроод:

-Намайг зүв зүгээр зогсож байхад хүн араас модоор цохих шиг болоод, нүд харанхуйлж, гахайн дөрвөн соёо гадагшаа дотогшоо зөрөлдөөд л, гархин хоёр нүд нь гавал дотроо эргэлдээд л, гартаа шийдэм зэвсэг барьсан олон чөтгөр гэр дүүрээд л, ханзан дээр хэвтэхээр толгойг хэдэн давхар цагиргаар шахах шиг болоод л, өвдсөөр байгаад л мэдээ алдуулсан. Харин бие сайн болохын үед гэр дүүрэн алтан гэрэл цацарч орон дээр тустал, олон чөтгөр хуйлран дутааж алга болоод, толгой ч өвдөхөө больчихсон, цээж уужирч гэгээн саруул болоод ирсэн гэв. Жя Мү, Ван Фүрэнь хоёр: “Тийм бол даруй мөн адилавтар юмаа” гэв.

Энэ үед Фөн Же ирээд эхлээд Жя Мүтай, дараа нь Ван Фүрэньтэй мэндлэн золгоод “Буурай эмээ юу асуух гээв” гэв.

-Чи тэр жил, чөтгөрт хорлогдсоноо мартаагүй биз гэж Жя Мүшууд асуув. Фөн Же инээж

-Бүүр түүр санагдаж л байна. Би юм санаснаар болохгүй, ямар нэгэн хүн ноцолдож зууралдаад, намайг хүн албал сайн ч гэх шиг, өртсөн бүхнийг шүүрч учирсан бүхнийг алая гээд л, бие хэдий хүч тамиргүй боловч гараа татаж авч чадахгүй байсан гэв. Жя Мү:

-Сайн болох үедээ бие чинь ямар байв гэсэнд Фөн Же:

-Өө тэр сайн болох үеэр тэнгэрээс нэг хүн баахан юм хэлээд ч байх шиг, тэгэхдээ юү хэлээд байгаа нь мэдэгдээгүй. Мартсан юм уу, яасан юм, бүү мэд гэв. Жя Мү:

-Үүнээс үзвэл, тэр мөн болой. Энэ эгч дүү хоёрын өвчин олсон байдал, нөгөөхийн хэлсэнтэй их адил болжээ. Энэ хөгшин адгуус ийм хар сэтгэлтэй байжээ. Бао Юй түүнийг дэмий хуурай эх гэж таньжээ. Бурхан минь! Хэдий ачийг нь хариулаагүй боловч тэр хуушаан, бумба хоёр Бао Юйн амийг аварчээ гэв. Фөн Же:

-Лао тайтай яагаад бидний өвчнийг санав… гэсэнд Жя Мү: “Би ядраад байна. Чи дайдаагаасаа асуу” гэж хэлэв. Тэгтэл Ван Фүрэнь:

-Сая лао е орж ирээд, Бао Юйгийн хуурай эхийг чөтгөр шулмасын гажуу увьдаст муу амьтан гэлээ. Одоо илэрчээ. Цагдаагийн газарт баригдаж, эрүүгийн яаманд хүргэгдээд, алагдах ял авч гэнэ. Нэгэн хүн түүнтэй заргалдсан юм байх. Нэрийг нь Пань Саньбао гэдэг юм гэнэ. Тэр өөрийнхөө нэг гэрийг барьцаалах пүүсэнд худалдахдаа байрныхаа үнийг хэдэн хувь өсгөсөнд пүүснийхэн зөвшөөрсөнгүй. Пань Саньбао энэ хөгшин адгуусыг мөнгөөр татжээ. Тэр дандаа пүүсэнд очдог тул тэндхийн бүсгүйчүүд цөм түүнтэй сайн болсон байсан гэнэ. Нэг удаа тэр арга хэрэглэсэн гэнэ. Тэгсэн чинь өнөөх хүний гэргий солиороод гэр орноо бусниулсан байна. Өнөөх авгай: “Би энэ өвчнийг засаж чадна” гээд, цаасан морь, цаасан зоос шатааж тахисан чинь нөгөө гэргий нь зүгээр болчихжээ. Тэр бас пүүсний хүүхнүүдээс ч мөнгө салгасан гэнэ. Арваад лан авсан гэсэн байхаа. Түмэн нүдэт тэнгэр харж байгаа юм болохоор тэр хаа зайлах вэ. Нэг өдөр өнөөх авгай пүүсэнд ирээд явахдаа яарч байгаад хавтагаа унагачихаад явжээ. Пүүснийхэн түүнийг нь нээж үзвэл, дотор нь баахан цаасан хүн, үнэрт утлага, үрэл мэтийн юм байсан гэнэ. Энэ чинь хэний юм бол гээд пүүснийхэн гайхаж байжээ. Тэгтэл өнөөх авгай хавтагаа сураад ирсэн гэнэ. Хөгшин адгуус ингээд баригдах нь тэр. Нэгжиж үзвэл, зааны ясаар сийлсэн эр эм хоёр шалдан чөтгөр, хатгамлын улаан зүүнүүд байсан гэнэ. Тэр даруйд нь цагдаад хэлсэнд тэд аваачин байцааж гэнэ. Түүнээс олон ноёд түшмэл их айлын хатад авхай нарын нууц явдлыг мэдэж авчээ. Дараа нь түүний гэрийг нэгжиж үзвэл, олон шавар онгод, согтоож мууруулах хүж зэрэг юм илэрч гэнэ. Ханзныхаа арын нууц зайд долоон одот зул өлгөөд, түүнийхээ доод талд хэдэн өвсөн золиг зассаны заримын толгойд цагираг хийж заримын нь цээжинд хадаас хадаж, заримы нь хүзүүнд оньс дүүжилжээ. Авдарт нь тоймгүй олон цаасан хүн байна гэнэ. Доор нь хэдэн дэвтэр данс байсан гэнэ. Түүндээ, аль айлын хийлгэсэн хараал болсон, хичнээн мөнгө авахаа бичсэн байна. Хүнээс зул хүжний зоос хичнээн авсан нь тоолох аргагүй гэнэ гэж ярив. Фөн Же:

-Бидний өвчин түүнээс болсон байх нээ. Биднийг өвдсөний дараа тэр хөгшин шулам чинь, Зао бага эхнэрээс мөнгө нэхэж хэдэнтээ ирснийг би санаж байна. Намайг хараад царай нь хувьсхийж, нүд нь тахианы хулгайчийнх шиг хялалзаж байсан. Би бол яахав, энэ айлын гэрийн хэргийг хариуцдаг болохоор хүн өш санадаг байж болно. Тэгтэл Бао Юй ямар хүнтэй өшөөтэй байх вэ. Түүнийг яагаад хорлож байгаа юм бэ гэв. Жя Мү:

-Би Бао Юйд анхаараад, Хуань Элийг хайхрахгүй байсан байж мэднээ. Тэр нь та нарт гай болсон байж магадгүй… гэсэнд Ван Фүрэнь:

-Тэр хөгшин зөнөг одоо байцаагдаж байгаа юм бол түүнийг авчирч гэрчлүүлж болохгүй шүү. Гэрчгүй бол бага эхнэр хүлээхгүй нь мэдээж. Ийм юмыг сэдэж гаргавал нэр алдарт маш муухай болно. Хэзээ нэг цагт илэрч болно. Тэгэхдээ, өөрийн хийсэн үйлээ өөрөө л амсах ёстой гээд хая… гэсэнд Жя Мү:

-Зөв, зөв. Гэрчгүй хэргийг тодруулахад маш хэцүү. Бурхан тэнгэр үнэн цагааныг нь ялгана биз. Одоо таны энэ хүү, охин ч өнгөрснийг ярих хэрэггүй. Өнөөдөр чи зүгээр л, дайдаатайгаа оройн хоол идээд яв гээд Юань Ян, Хуба нарыг хоол оруул гэв. Фөн Же инээж:

 

-Буурай эмээ сэтгэлээ зовоож юугаа хийнэ вэ гэснээ эмгэдэд: “Бид энд хамтдаа хоол иднэ”… гэтэл Юй Чуань ирж:

-Лао е, хоол идсэний дараа ирээд, нэг юм олоод аль… гэж байна гэсэнд Жя Мү:

-Чи яв. Цаадах чинь чухал хэрэгтэй байж мэднэ гэж Ван Фүрэньд хэлэв. Тэрбээр яаран хариад, нөхрийнхөө эрж сурсан юмыг олж өгөөд энэ тэрийг ярилцаж байтал Жя Жэн:

-Ин Эрхарьсан уу. Сүн овогтынд ямар шуухан байна гэнэ вэ гэсэнд Ван Фүрэнь:

-Хүргэний харгис хэрцгий нь дэндүү юм гэж охин цээж дүүрэн гомдолтой байна лээ гээд Ин Чүний ярьсныг бүгдийг ярив. Жя Жөн шүүрс алдаад:

-Нийцэхгүйг нь би угаасаа мэдэж байсан юм. Да Лао ег нэгэнт хэлэлцэн тогтсон болохоор надад даанч арга байгаагүй юм. Ин охин баахан ядрах нь дээ гэсэнд цаадах нь:

-Одоо ч яахав шинэдээд байгаа биз. Хожим сайн болох байгаадаа гэж горьдож байна гээд инээд алдав. Жя Жөн:

-Яагаад инээд алдав… гэсэнд, Ван Фүрэнь:

-Бао Юй өглөө босоод, зориуд ирж, нялх хүүхдийн зангаар баахан дэмий юм ярьсныг бодоод инээд хүрсэн юм… гэтэл нөхөр нь:

-Тэр юү гэж байх юм бэ гэв. Ван Фүрэнь түүний хэлснийг цөмийг хэлэв. Жя Жөн хөхөрч:

-Чи Бао Юйг хэлээд, нэг юм санаанд оруулчихлаа. Энэ хүүг хүрээлэнд байнга суулгах нь сайн хэрэг биш байна. Охин хүн өөдгүй байлаа гэхэд, хүний хүн болгож болно. Харин хөвгүүн өөдгүй бол хүний болгож болохгүй. Нэг хүн, надад нэг багш зааж өглөө. Эрдэм, ёс журам нь их сайн, өмнө газрын хүн гэнэ. Би, өмнө газрын багш хүн бол зан ааш номхон дөлгөөн байдаг гэж боддог. Манай хот газрын хүүхэд бол цөм л алиа дэгжин, овоо ч цэцэн сэргэлэн. Бас зориг зүрхтэй болохоор багш нь чангалан сургадаггүй. Ингээд хүүхэд саатуулах мэт байвал талаар хэрэг болно гэж боддог юм. Тиймээс ч настайчууд хөндлөнгөөс багш залах дургүй байдаг. Тэгээд дотроосоо хэрсүү, эрдэмтэй хүнийг залж гэрийн багш болгодог. Наад захын жишээ гэхэд, Рү да е хэдий их эрдэмгүй дунд зэргийн хүн боловч харин энэ хүүхдүүдийг захирч чадах тул, найдварыг хөсөрдүүлэхэд хүрдэггүй. Би бол Бао Юйг хэзээ ч зүгээр суулгаж болохгүй гэж боддог. Түүнд, гэрийн сургуулиар л ном заалгавал дээр байх… гэсэнд Ван Фүрэнь:

-Чиний үг зөв байлгүй яахав. Чамайг гадагш албанд томилогдсоноос хойш бараг л өвчтэй байлаа шүү дээ. Хичээл нь зөндөө саатсан. Одоо харин гэрийн сургуулиар сургавал урьдынхаас илүү сайн болж мэднэ гэв.

Маргааш нь Бао Юй угаан самнаж байтал зарц ирж: “Лао е юм яръя гэж байна” гэв. Бао Юй яаран, хувцсаа өмсөөд Жя Жэнгийн албаны өрөөнд орж, амрыг эрэв.

-За чи ойрын өдрүүдэд ямар ном үзэв. Хичнээн олон хуудас бичлээ ч муу болохгүй. Чиний байдлыг харвал, урьд жилүүдээсээ улам л сул задгай болсон шиг санагдана. Өдөр болгон өвчнөөр шалтаглаад ном харахгүй байгааг чинь хэлээд яахав. Одоо бие чинь зүгээр болсон биз дээ. Миний чихэнд чамайг чинь өдөр болгон хүрээлэнд охид, эгч дүүстэйгээ инээлдэн наадаж, бас бяцхан инж нартай дэмий ярьж гол юмаа орхиод байна гэж сонсогдоод байх юм. Хэдэн мөр шүлэг дуулал зохиовч, тэр нь бас тийм сайн биш. Ямар хэрэг байна вэ, Шалгалтад орох юм бол эх зохиолыг голчилно. Энэ талаар чи юү ч мэдэхгүй. За би чамд хэллээ. Өнөөдрөөс эхлэн шүлэг уянга зохиож болохгүй. Ганцхан багүй зохиолыг сурагтүн. Нэг жилийн дотор ахихгүй бол чи цаашдаа бичиг үзэх хэрэггүй. Би ч чам шиг хөвгүүнтэй байхыг хүсэхгүй… гээд Ли Гүйг дуудуулж ирүүлэв. Түүнийг орж ирмэгц “Маргааш өглөө эрт Бао Юйг даган очиж, үзэх ном бичгийг нь цуглуулан, надад үзүүл гэж Бэй Минд хэл. Би биеэрээ гэрийн сургуульд хүргэнэ” гэснээ, Бао Юйд: “Маргааш өглөө ир. Одоо яв” гэж зандрав.

Бао Юй юү ч хэлэлгүй, жаахан зогсож байгаад хүрээлэн рүү явав. Ши Рэнь, бичгийн гэр рүү явсныг дуулаад сандарч байсан боловч ном бичиг авна гэхийг сонсоод баярлав. Харин Бао Юй, Жя Мүд хэлж, ном үзэхийг нь болиулахыг хүсэж хүн явуулсанд, эмээ нь дуудаж аваачаад “Юу ч гэсэн яваад оч. Эцгийгээ битгий уурлуул. Чамд ямар ч зовлон тохиолдсон би ард чинь байна” гэсэнд Бао Юй аргагүйдээ буцаж ирээд, охидод:

-Маргааш намайг эрт дуудаарай. Лао е намайг гэрийн сургуульд аваачих гээд хүлээж байх юм шүү гэж захив. Ши Рэнь нар “За” гэж хүлээн авав.

Маргааш нь өглөө эрт Ши Рэнь түүнийг дуудаж босгон, угааж самнаад, хувцсыг нь сольж өмсүүлэн нэг охиноор Бэй Минд: “Хоёрдугаар хаалган дээр тосож ав” гэж хэлүүлэв. Бао Юй, Ши Рэнигээр хоёр удаа шаардуулж байж гарч ирээд эцгийнхээ албаны өрөө рүү очив. Тэнд хүрүүт, зарцаас “лао е байна уу” гэж асуусанд цаадах нь: “Зочин ирээд уулзах гээд хүлээж байна” гэтэл Бао Юйн дотор уужрав. Төдөлгүй Жя Жөн гарч ирж Бао Юйг авч тэргэнд суулгаад гэрийн сургууль руу явав. Замдаа, энэ тэрийг анхааруулж сургасаар л байлаа. Хүмүүс Дай Рүд: “лао е ирлээ” гэж хэлүүт угтан гарч ирэв. Жя Жөн дотогш орж Дай Рүгийн мэндийг мэдээд, гарыг нь атгатал цаадах нь Жя Мүгийн бие лагшинг асуув. Бао Юй ч орж ирээд мэндлэв. Дай Рүг суусны дараа Жя Жэн:

-Өнөөдөр би, гуйж, найдаж үүнийг өөрөө хүргэж ирлээ. Энэ хөвүүний нас бага биш болжээ. Одоо хүн болохын үйл ёсыг баахан сурвал, сая нэг насныхаа нэр гавьяаг бүтээхэд тустай болноо. Өнөөдөр бол энэ хүүхэд гэртээ, хүүхдүүдтэй дэмий тоглож наадаж алиалж сууна. Хэдэн мөр шүлэг дуулал оролдовч санааны зоргоор чалчих төдий юм. Сайхан бичиж чадлаа ч гэсэн нэгэн насны гол хэрэгт огт холбогдолгүй, сар, үүл, салхи сүүдрийн төдий юмаа гэв. Дай Рү:

-Энүүний төрсөн төлөв байдал зүгээр шүү. Ой билиг бас болох байтал яагаад ном үзэхгүй, ганцхан тоглоомд шунаж байна вэ. Шүлэг дууллын зүйлийг сурч болохгүй биш. Харин дээжлэн сурсан хойноо оролдоход хождохгүй гэсэнд Жя Жэн:

-Тэгэлгүй яахав. Одоо үүгээр ганцхан ном уншуулж бичиг сургаж, бичүүлж сургахыг хүснэ. Үг авахгүй бол Да е сайтар чандлан сургаарай. Тэгвэл хоосон нэр төдий болж нэг насыг нь талаар сүйтгэхэд хүрэхгүй шүү дээ… гээд босож, нэг гараа нөгөөгөөр нь атган ёсолж, дараа нь хэд гурван үг солилцоод гарч одов. Дай Рү үүдэнд очиж түүнийг үдэхдээ ‘Миний өмнөөс Лао тайтайгийн амрыг эрэгтүн’ гэж хэлэв. Дай Рүг эргээд орж ирэхэд Бао Юй, баруун урьд өнцгийн цонхны дэргэд тавьсан модон ширээнд суугаад ном, дэвтэр, бэхийн зууруул, цаас, бэхээ Бэй Мингээр нэг шургуулгад хийлгэн хадгалуулж байв. Дай Рү:

-Бао Юй чамайг би эртийд өвчтэй гэж сонссон. Одоо зүгээр болсон уу гэж асуусанд цаадах нь: “Илааршсаан” гэв. Дай Рү:

-Одоо чи хичээн сурах цаг болжээ. Эцэг чинь чамайг бүтэлтэй хүн болгохыг их хүсэж байна. Чи урьдаар түрүү үзсэнээ давтан боловсруулаатах. Өдөр болгон, өглөө босоод л ном уншин бичгээ давтаж, хоолныхоо дараа үсэг бичиж, үдийн өмнө зохиол уншиж, утгыг нь тайлж бай гэж захив. Бао Юй: “За” гээд суудалд сууж дөрвөн тийш харж ажиглавал, хуучны Жинь Рунгийн үеийнхнээс хэд нь алга болоод оронд нь хэдэн бядуу хүүхэд нэмэгдсэн харагдана. Гэнэтхэн Чинь Жун санаанд нь орж, одоо өөрт нь хань болж сэтгэлийн үгээ ярилцах хүнгүй болсонд ихэд урамгүй байсан ч дуугарч чадсангүй. Дув дуугүй сууж бичгээ оролдов. Дай Рү, Бао Юйд:

-Өнөөдөр эхний өдөр болохоор чамайг эртхэн хариулна. Маргааш даруй бичиг тайлна. Чи бол тэнэг мунхаг хүн биш. Маргааш урьдаар нэг хоёр хэсэг өгүүлбэр тайлж надад сонсгогтун. Чиний аль хэр сурч боловсорсныг туршиж үзвэл, би сая чиний хэр хэмжээг мэдэж чадна гэсэнд Бао Юйн зүрх түгшив. Маргаашийн утга тайлах нь ямар болохыг дараах бүлэгт үзтүгэй!


Тайлбар:

  1. Жян Тай гун-Эртний домогт, Жиян Тай гүн, Вэй Шүй голд загас гохдохдоо шулуун гохоор гоходдог гэнэ. Тийм учраас “Жиян Тай гүнгийн дэгээнд загас сайн дураараа орно” гэдэг зүйр үг бий болжээ.
 

 

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж