Таван бүсгүй, таван өөр улс, таван хүүхэд

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

Таван бүсгүй, таван өөр улс, таван хүүхэд

Таван бүсгүй, таван өөр улс, таван хүүхэд

BBC дэлхийн таван өөр улсад таван эмэгтэйн хүүхэд төрүүлэх гайхалтай агшныг гэрэл зурагт мөнхөлжээ. Тэд “Save the Children” хүмүүнлэгийн байгууллагын тусламжтайгаар эх хүмүүний гайхамшгийг дурандаа буулгасан байна.


КЕНИ

Бельгийн “Magnum Photos” гэрэл зургийн агентлагийн гэрэл зурагчин Бьеки Депоортер Кенийн Бунгомад очиж, гурав дахь хүүхдээ төрүүлэх гэж буй Нелли гэх бүсгүйтэй уулзжээ. Бүсгүй эсэн мэнд амаржсаныхаа дараа охиноо Бьеки хэмээн, зурагчны нэрээр нэрлэсэн байна.
 

Төрөлтийн эхний шат эхэлсэн үед Неллийг мотоциклиор эмнэлэгт хүргэжээ. Алслагдмал зайдуу, хөдөөгийн тосгонд хөл хүнд бүсгүйг шавар шавхай ихтэй, шороон замаар эмнэлэгт хүргэхээс өөр замгүй.

Төрөлт байгалийн жамаар, хэвийн үргэлжилж, эсэн мэнд амаржжээ. Түүнд ямар нэг өвчин намдаалт хэрэглээгүй аж.

“Би бурхандаа залбирсан. Эмч нарын төлөө ч мөн залбирсан. Учир нь эмч нар дэргэд байхад надад айж эмээх зүйл байхгүй” гэж Нелли хожим ярьжээ.
 


 

РУМЫН

Дана Попа бол Лондоны гэрэл зурагчин. Тэрбээр Румыны нийслэл Бухарестад очиж энэхүү зургуудаа авчээ. Зураг дээрх бүсгүйг Роксана гэдэг. Анхны төрөлт. Роксана охин төрүүлж, София гэх нэр хайрлажээ. Бүсгүйн нөхөр түүнийг дөрвөн сартай жирэмсэн байхад нь зуурдаар нас барсан аж.
 

Роксана Бухарест хотын эмнэлэгт дөнгөж төрсөн нярайн хамт амарч байна. Тэр үүрд одсон нөхрөө санан дурссаар…

“Нөхөр маань гэр бүлтэй, үр хүүхэдтэй болохыг маш их хүсч байсан. Хүүхдэд их хайртай байсан л даа. Анх жирэмсэн болсноо мэдээд би ихэд балмагдаж, эмээж байсан. Учир нь бидний хэн хэнийх нь хувьд амьдрал жигдрээгүй байсан хэрэг. Юу болох нь энэ вэ, яагаад гурав, эсвэл зургаан сар хүлээж болсонгүй вэ гэж л бодож байлаа. Тэр маань их тайван, дөлгөөн хүн байсан болохоор над руу хараад, инээмсэглээд, “Зүгээр дээ, хэзээ ч төгс тохирох цаг үе гэж байдаггүй юм” гэж билээ” хэмээн Роксана ярьжээ.
 


 

ГВАТЕМАЛ

Испанийн гэрэл зурагчин Карлота Гуэррэро Гватемалд очиж, хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэж буй 19 настай Женнифер бүсгүйн зургийг авчээ. Женнифер хүү төрүүлж, Даниэл гэж нэрлэсэн байна.
 

Женнифер Гватемалын хоёр дахь том хот болох Кесалтенангод амьдардаг. Тэрбээр умгар, жижиг орон сууцанд эцэг, эхийн хамт аж төрдөг. Ээж нь майя, аав нь латино гаралтай. Түүний том охин нь гурван настай.

Женнифер Кесалтенанго хотын захад оршин Тотоникапан нэртэй улсын эмнэлэгт амаржжээ. Нөхөр нь эмнэлэгт хамт байсан ч төрөх өрөө рүү орохыг хориглодог байна.

Төрөлт найман цаг орчим үргэлжилж, Женнифер байгалийн жам ёсоор эсэн мэнд хүүгээ төрүүлжээ. Хүүхэд нэлээд том байсан тул төрөлтийн үеэр бага зэрэг хүндрэл гарч, эмч нар хярзанг огтолсон байна.

“Хүү маань төрсний дараа хэмжээлшгүй их аз жаргалыг мэдэрсэн” гэж Женнифер ярьжээ.
 


 

БАЛБА

Гэрэл зурагчин Диана Маркосиан Балбад очиж, 25 настай Чоти бүсгүйн зургийг авчээ. Чоти хүү төрүүлж, Ирфан гэж нэрлэсэн байна.
 

Чоти Балбын Банке тойрогт амьдардаг. Тэрбээр “Save the Children” олон улсын байгууллагын тусламжийн эх барих эмнэлэгт амаржиж, гурав дахь хүүхдээ төрүүлсэн нь энэ юм.

Балбад олон эмэгтэй эмнэлгийн тусламж авалгүй, гэртээ амарждаг гэнэ.
 


 

ИХ БРИТАНИ

Гэрэл зурагчин Сиан Дэйви Лондонд амьдардаг, 37 настай Эллен бүсгүйн гэрэл зургийг авчээ. Тэрбээр Алис гэх охин төрүүлсэн байна.
 

Эллен Лондонд нөхөр Эндигийн хамт амьдардаг. Эллен охиноо төрүүлэхээс өмнө нь хоёр ч удаа жирэмсэлсэн боловч энджээ.

Эллен  Вулвич дэх Хатан хааны нэрэмжит эмнэлгийн эх барих төвд амаржсан байна. Бүсгүй өөрөө өвчин намдаах эмээс татгалзаж, байгалийн жамаар өвдөлт мэдэрч төржээ. Эмнэлгийн хангамж, орчин нөхцөл мэдээж сайн.

Эллен үдшийн 23.00 цагт өвдөж эхэлсэн бөгөөд маргааш өдрийн 15.00 цагийн үед төржээ. Төрөх үеэр нөхөр Энди нь хамт байснаас гадна гурван ч сувилагч, эх баригч ээлж солилцсон гэнэ.

Бяцхан Алис дөнгөж төрснийхөө дараа амьсгалахгүй байжээ. Нярайд иллэг хийж, амьсгалуусны дараа Энди охиныхоо хүйг тасалсан гэнэ. Дараа нь Алисыг тусгай эмчилгээний тасаг руу хүргэсэн байна.

Яаралтай тусламжийн эмч нар Алист үзлэг, оношилгоо хийж, хүчилтөрөгчийн дутагдлын улмаас ямар нэг өвчин, эмгэг үүссэн эсэхийг нягталжээ. Азаар охин эрүүл саруул байв.

Эллен, Энди нар эмнэлэгт нэг хоноод, маргааш нь охиноо аваад гэртээ харьжээ.
 

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж