Их Британид халдлагад өртсөн Оросын экс тагнуул Сергей Скрипал гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

Их Британид халдлагад өртсөн Оросын экс тагнуул Сергей Скрипал гэж хэн бэ?

Их Британид халдлагад өртсөн Оросын экс тагнуул Сергей Скрипал гэж хэн бэ?

Их Британид амьдарч буй Оросын экс тагнуул Сергей Скрипал гуравдугаар сарын 4-нд Солсбери хотод мэдрэлд нөлөөлөх химийн хортой бодисын халдлагад өртсөнөөс болж эмнэлэгт үхэл, амьдралын зааг дээр байгаа ажээ.

Сергей Скрипал 1951 оны зургадугаар сарын 23-нд хуучин ЗХУ-ын Калининград хотод төржээ.

Бие бялдрын хөгжил сайтай  Сергей Зөвлөлийн элитийн агаарын нисэх хүчинд алба хаахаар шалгалт өгч тэнцсэн юм.

1979 онд ЗХУ Афганистанд цэргээ оруулахад Сергей тэнд очсон анхны цэргийн албан хаагчдын нэг байжээ. Цэргийн алба хаасны дараа Сергей Москва дахь Дипломатын академид суралцаж төгсчээ.  Тэр үеэс Сергей өөрийн онцгой ур чадвар, авьяасаар Зөвлөлтийн армийн тагнуулын төв газрын хараанд өртсөнөөр түүний тагнуулч болох зам шулууджээ. Түүний эхний даалгавар нь дипломат ажилтан халхавчийн дор Европт тагнуул хийх байв. Сергей Европт 1980-аад онд нэг удаа сүүлд 1990-ээд оны эхээр бас нэг удаа тусгай даалгавар биелүүлжээ.

Европт тусгай даалгавар биелүүлж байх үедээ Их Британийн тагнуулын Ми-6 албатай хамтран ажиллаж, Зөвлөлтийн тагнуулын нууц мэдээллийг дамжуулсан хэмээн сүүлд ОХУ Сергейг буруутгаж, ялласан юм. ОХУ шүүх Сергейг Зөвлөлтийн тагнуулын халхавчтай нууц ажиллагааг илчилж, үүнийхээ төлөө гадаадын тагнуулын байгууллагаас их хэмжээний мөнгө авсан гэж тогтоосон билээ.

Баривчилгаа

Сергей 1999-2000 оны хооронд тагнуулын байгууллагаас гарчээ.  Найз нөхдийн нь хэлснээр Сергей авлига, хээл хахуулиас залхсан гэв. Үүний дараа тэрбээр Афганистан дахь Зөвлөлтийн зэвсэгт хүчний командлагч Борис Громовын удирдлага дор ажиллах болсон байна. 1989 оны хоёрдугаар сард ЗХУ Афганистанаас цэргээ гаргахад тус улсаас гаргасан юм.

Улс төрийн энэ өөрчлөлт Сергейд хувийн амьдралаа төвхнүүлэх боломж олгосон ажээ. Сергей Калининградын унаган бүсгүй Людмилатай гэрлэсэн юм. Тэд 1974 онд Александр нэртэй хүүтэй болж, 1984 онд Юлия хэмээх охинтой болсон байна. Александр гэрлэж, тусдаа гарсны дараа Юлия тэдний амьдралын цорын ганц баяр баясгалан болжээ.

Гэвч 2004 онд Сергейг гадаадын тагнуулын талд ажилласан хэмээн буруутгасан нь тэдний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн юм. ОХУ-ын Аюулаас хамгаалахын ажилтнууд баривчилгааны үеэр түүний мөрийг мулталсан гэдэг. Түүнийг баривчилсан ажиллагааг сурвалжлахаар телевизийн зураглаачид очсон байжээ.

Олон сар үргэлжилсэн шүүх хурлын талаар Оросын хэвлэлүүд байнга мэдээлж байсан бөгөөд шүүхээс түүнд гадаадын тагнуулын байгууллагад нууц мэдээлэл дамжуулсан хэргээр 13 жилийн ял оноож, ялын дийлэнхийг Молдав дахь хөдөлмөрийн лагерьт эдлүүлсэн.  (Энэ бол “Pussy Riot” хамтлагийн гишүүн 2011 онд хоригдсон газар ажээ.) Тэнд хоригдож байсан хүмүүс шоронгийн нөхцөл тэвчихийн аргагүй хэцүү хэмээн ярьдаг ч Сергей үүнийг даван туулж гарч чаджээ.

Сергей Зөвлөлтийн армийн боксын аварга байсан нь шоронд түүн рүү зориуд илгээсэн овгоруудыг хашраахад тус болдог байсан гэнэ.  Сергейг шоронд хоригдож байх зуур хүү Александр нь ажилгүй болж, эхнэр нь хаяж явсан нь түүнийг эх орноосоо урвасан урвагчийн хүүхэд хэмээн гадуурхсантай холбоотой ажээ.

Их Британи рүү дүрвэсэн нь

2010 онд тагнуул солилцох гэрээний дагуу Сергей гэв гэнэт суллагдсан юм. Шоронд байхдаа зайрмаг идэхийг мөрөөдөж байсан Сергейн шоронгоос суллагдсан даруйдаа хүссэн зүйл нь зайрмаг байжээ. Сергей эхнэр Людмилатай хамт Их Британийн Солсберид суурьшихаар шийдсэн байна. Ял авч, шоронд хоригдож байсан экс тагнуулчийн амьдрал амар хялбар байсангүй.

Их Британийн тагнуул, Ми-6 албаны тусгай ажилтан Ким Пилби хоёр талд ажиллаж байсан нь сүүлд илчлэгдсэн бөгөөд нууц мэдээллүүдийг Зөвлөлтийн тагнуулын байгууллагад дамжуулсан байдаг. Харин Сергейг найз нөхөд нь Зөвлөлтийн талаар хачин, сонин илтгэл тавьж байсан ч түүн дотор Зөвлөлтийн тагнуулын байгууллагын тусгай ажиллагаатай холбоотой мэдээлэл байгаагүй гэжээ.

Харин тэрбээр шинэ суурьшсан улсдаа дасахыг хичээж, орон нутгийн музей ялангуяа цэргийн музейгээр байнга зочилдог байсан гэнэ.  Сергей Орос орныг маш их санаж байсан ч улсыг удирдаж байгаа хүмүүст дургүй болсон юм.

Эхнэр, хүүхдийн үхэл

Людмила хашаандаа сарнай цэцэг ургуулж, харин Сергей зайдас шарж, хөршүүдээ дайлан амар тайван амьдарч байжээ. Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. 2011 онд Людмила хорт хавдартай гэж оношлуулсан юм. Тэрээр 2012 онд нас барсан байна. 2017 оны долдугаар сард хүү Александр нь Санкт-Петрбург хотод найз бүсгүйтэйгээ аяллаар явж байгаад зуурдаар нас баржээ. Гэвч Сергей үүнийг санамсаргүй тохиолдол гэдэгт итгэдэггүй.

Сергей нэгдүгээр зэргийн чихрийн шижин өвчтэй бөгөөд өдөр бүр инсулин хэрэглэдэг байна. 2015 оны зун Юлия Москва руу найз залуутайгаа амьдрахаар явсан боловч аавтайгаа “Skype”-аар байнга холбогддог байв.

Гэвч энэ сарын 4-нд Юлия аавтайгаа уулзахаар Солсберид очиход ийм хэрэг болжээ.  Мэдрэлд нөлөөлөх хорт бодисын халдлагад өртсөн аав, охин хоёр одоо Их Британийн эмнэлэгт үхэл амьдралын зааг дээр байгаа ажээ.  

ОХУ-Их Британийн дипломат харилцаанд сэв суулгах нь тодорхой болсон энэ хэрэгтэй холбогдуулан Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Орост үйлдвэрлэсэн мэдрэлд нөлөөлөх хортой химийн бодис хэрхэн Англид халдлагын хэрэгсэл болсныг тайлбарлахыг Москвагаас шаардсан юм. Гэвч ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров “Оросын экс тагнуул Сергей Скрипал Их Британид химийн бодисын халдлагад өртсөн хэрэгт ОХУ ямар ч хамаагүй” хэмээн мэдэгдэл гаргасан билээ. Үүний дараа Их Британи ОХУ-ын 23 дипломатчийг улсаасаа хөөх шийдвэр гаргасан.

ОХУ-ын Гадаад харилцааны яам Их Британийн энэ үйлдэлд хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж