‘The Voice of Mongolia” шоу найман долоо хоногийн турш үргэлжилсний эцэст өнгөрсөн ням /2018.03.11/ гарагт “blind audition” өндөрлөлөө. Тус шоуны долоо дахь дугаарын содон оролцогчдын нэг Б.Өсөхбаяр байсан юм. Түүний хувьд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн маркетингийн ангийн хоёрдугаар курст суралцдаг. Шүүгчид түүний хоолойг “нарийн мэдрэмжтэй дууллаа”, “гайхамшигтай гоё хоолой байна” гэж ам уралдан ярьцгааж байсан юм. Чадварлаг дуулалт, ухаалаг яриагаараа шүүгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан авьяаслаг оролцогч Б.Өсөхбаярын сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
-Юуны өмнө энэ том шоуны эхний шатандаа амжилттай оролцсонд баяр хүргэе?
-Баярлалаа. Надад үнэхээр сайхан байна. Ийм зүйл болно гэж төсөөлөөгүй байсан.
–Дуулж байхад шүүгчид эхнээсээ эргэж харах мөчийн мэдрэмжээсээ хуваалцвал?
-Ер нь бол анх орохдоо л С.Ононбат шүүгчийг эргүүлэхийг хүсч байсан. Тиймээс түүнийг эргүүлж харуулахын тулд бүх анхаарал С.Ононбат шүүгчийн сандал руу чиглүүлсэн байсан. Гэтэл гэнэт Д.Болд шүүгч эргэж харсан. Дараа нь Ука шүүгч, С.Ононбат шүүгч эргэсэн. Надад маш гоё байсан. Гэнэт дотор баяр дүүрээд ирсэн. Нэг их сэтгэл хангалуун, санаа зовох зүйлгүй болчихсон.
-Хэрэв С.Ононбат шүүгч эргэж хараагүй бол ямар шүүгчийн багт орох байсан бэ?
-Хэрвээ С.Ононбат шүүгч эргэж хараагүй байсан бол би Ука шүүгчийн багт орох байсан.
-Энэ шоунд оролцох шийдвэрээ хэрхэн гаргаж байсан бэ?
-Бараг жилийн өмнө санаандгүй Монгол ТВ-ийн фейсбүүк хуудас дээр тавигдсан “The Voice шоу Монголд удахгүй болно” гэсэн зарыг хараад шууд л энэ шоунд заавал орно гэж шийдсэн. Тэгээд л бүртгүүлсэн. Тэгсэн нэг өдөр намайг яг экологийн шалгалттай байхад телевизээс залгаад намайг шалгаруулалтдаа ирж оролцоорой гэж хэлсэн. Би ч шууд шалгалтаа хаяад гараад гүйчихсэн. Тэгээд урьдчилсан шалгаруулалтдаа оролцоод тэнцсэн гэдэг хариу авсан. Гэхдээ би дараа нь экологийн шалгалтаа нөхөж өгөөд дүнгээ гаргасан л даа. /Инээв/
-Өөрийн тань фейсбүүк хуудсанд байгаа зургууд дунд тайзан дээр алхаж байгаа хэд хэдэн зураг байна. Загвар өмсдөг үү ?
-Тиймээ. 2015 онд санаандгүй байдлаар “Азийн модель” агентлагаас зохиосон загварын шоуны зарыг хараад оролцохоор шийдэж байсан. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, “Азийн модель” агентлагийн хамтран зохион байгуулж байсан “Нийслэлийн шилдэг жентэлмен хөвгүүн”, “Шилдэг гоо охин” шалгаруулах тэмцээн байсан юм. Би тэр тэмцээнд ороод гран при шагнал авсан. Тэрнээс хойш би загвар өмсөж болох юм байна гэдэг итгэлтэй болсон. Тэр тэмцээнд ороод өөрийгөө илүү нээсэн гэхэд болно доо.
-Танай удамд, ойр тойронд урлагийн авьяастай хүмүүс байдаг уу ?
-Байгаа шүү. Манай Ишжанцан өвөө аавыг маань өргөж авсан юм билээ. Харин манай аавын төрсөн аавыг Ренцендорж гэдэг. Манай Ренцендорж өвөө, бас эмээ маань маш сайхан уртын дуу дуулдаг хүмүүс байсан гэсэн. Найр хурим болоход сайхан дуулдаг нутаг усандаа гайхагдсан хүмүүс байсан гэнэ лээ. Бас нагац эмээ маань Өмнөговьд хилийн цэрэгт дуулдаг байсан.
-“Би өөрийгөө И.Батсайхан, Э.Гантуяа нараас ургасан ургамал гэж боддог.Тийм учраас өөрийгөө илүү их усалж ургуулаад бүр дээш ургана” гэж хэлсэн үг тань олон хүний хайрыг татсан. Зарим нэгэнд нь ухаарал хайрласан сайхан үгс байсан. Гэр бүлийнхээ талаар дурдвал?
-Манай ээжийг Эрдэнээгийн Гантуяа гэдэг. Багш мэргэжилтэй. Одоо Сонгинохайрхан дүүргийн 62-р сургуульд менежер хийдэг сайхан эмэгтэй бий. Одоо миний энэ байгаа байдал, яг манай ээжийн надад зааж сургасан хүмүүжил гэж боддог. Ээж маань бүх зүйлийг надад зааж сургаж, надтай хэзээ ч төвөгшөөхгүйгээр ярьж, зөвлөлдөж ирсэн учраас би өдийн зэрэгтэй байгаа байх. Харин аав маань спортын хүн байсан. Тэрнээс гадна их хөдөлмөрч хүн л дээ. Монгол улсын боловсролын их сургуулийн Биеийн тамирын сургуулийг Биеийн тамирын багш, дасгалжуулагчаар төгссөн. Аймгийн заан цолтой. Улсын наадамд хоёр удаа дараалж дөрөв давж байсан. Мэдээж гэр бүлийнхээ ачааг нуруундаа үүрч яваа хүчтэй хүн шүү дээ, манай аав чинь.
-Аав нь “Миний даваагүй тавийн давааг хүү минь урлагаараа давчихлаа” хэмээн баярын нулимс унагаж байсан. Аав нь тэмцээнд орохын өмнө юу гэж зөвлөж байв?
-Манай аав ер нь бол нэг их юм яриад байдаггүй хүн. Тайзан дээр гарахын өмнө аав надад “Миний хүү угаасаа чадна биз дээ. Чи аавдаа одоо өөрийгөө харуулаарай” гэж хэлсэн. Аав маань их эмоци багатай хүн учраас тэрнээс их юм яриагүй. Тэгээд ч тэгж хэлсэн нь л надад хангалттай байсан. Тэр хэлсэн үгс нь аав надад найдаж, итгэж байна гэсэн үг биз дээ. Тэгээд тайзан дээр гарсан. Би өөрөө дөрвөн шүүгчийг эргэж харна гэж бодоогүй. Маш их баяртай байгаа.
-Гэр хороололд өссөн гэхээр зарим хүмүүс сонин байдлаар хүлээж авдаг. Хүний хаана амьдрах, хаана өссөн юу өмссөн нь гол нь биш. Харин юу хийх , юуг бодох, юу хийж бүтээх нь чухал гэж өөрийн зурган дээрээ тайлбар бичсэн байсан. Яагаад ингэж бичих болов?
-Тэгэлгүй яах вэ. Ер нь хүн зөв шударга л байвал хаана, яаж байх нь ямар хамаа байна? Яг түүнтэй адилхан хүний гадаад байдал ч гэсэн бусдад нэг их хамаатай биш шүү дээ. Гэхдээ тэглээ гээд бүр навсайгаад байж болохгүй л дээ. Хэнд ч биеэ зөв авч явах боломж байгаа. Хүн бүр өөрийгөө хүндлээд биеэ зөв авч явах хэрэгтэй. Ер нь бол хүн хайрцагт баригдалгүй өөрийнхөөрөө сэтгэх ёстой гэж боддог. Нүдний далд ч зөв бай гэдэг шиг дүр эсгэхгүйгээр, өөрийгөө хуурахгүйгээр зөв л байх ёстой. Заавал үнэтэй хувцас өмсөөд, мэдлэгтэй хүн шиг, хүний хажууд бэлтэй харагдах гэж хичээх хэрэггүй.
-Дараагийн шатныхаа үзүүлбэрт хэрхэн бэлтгэж байгаа вэ?
-Дараагийн шатанд би ямар дуу дуулах, хэнтэй өрсөлдөж чадвараа сорих, хэнтэй хэр сайн нийцэж сайхан тоглолт гаргахыг С.Ононбат шүүгч шийдэх ёстой. Шүүгч маань яг ямар дуугаар намайг сорихыг би сайн мэдэхгүй байгаа болохоор ямар ч байсан дараагийн шатанд илүү төгс үзүүлбэр үзүүлэхийг л хичээж байна.Тийм учраас одоогоор ерөнхийдөө дуулах чадвар дээрээ нилээд ажиллаж, илүү сайжрах хэрэгтэй байна.
-Хэрвээ энэ шоунд ялбал та яах вэ?
-Мэдээж, энэ шоунд Монголын дуучдыг дэлхийд таниулах цорын ганц хүн л ялагч болох байх. Заавал би байх ёстой гэсэн бодол надад одоохондоо алга. Бүх юм дөнгөж эхэлж байна. Харин ч энэ шоу намайг дэлхийн залуучуудтай хөл нийлүүлэн алхуулж байгаад би маш их бахархаж байна. Энэ нь миний зорилгын нэгээхэн хэсэг шүү дээ. Гэхдээ би ингээд ханаж болохгүй илүү цаашаа зүтгэнэ илүү том юм хийнэ гэж хүсдэг. Би өөрөө ээж ааваасаа ургасан ургамал учраас илүү өндөрт ургамаар байна. Дэлхийн тавцанд гараад аавынхаа нэрийг, Монгол эх орныхоо нэрийг гаргамаар байна.