Жендэрийн Үндэсний хорооны ээлжит хуралдаан Төрийн ордонд боллоо. Хуралдааныг Монгол Улсын ерөнхий сайд, Жендэрийн Үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх даргалж, удирдан явууллаа.
Хурлаар Хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2018 оны төлөвлөгөөг батлав. Мөн Хорооны дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, Хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Эрдэмтэн судлаачдын бүлэг байгуулах тухай тогтоолыг баталж Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажилласан салбар зөвлөл хороог шагнаж урамшууллаа.
Хуралдаанд оролцсон хорооны гишүүд 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах саналаа хэлж хорооны дарга, дэд дарга болон нарийн бичгийн дарга нарт асуулт тавьж хариулт авлаа.
Д.Мөнхөө: Аливаа шатны шийдвэр жендэрийн мэдрэмжтэй байх ёстой. Жишээ нь Засгийн газраас жил бүр сайн малчдыг шалгаруулж шагнал гардуулдаг. Түүнийг ганц гэрийн эзэнд биш гэр бүлд нь олгож Сайн малчин гэр бүл шагнал болгох хэрэгтэй. Яагаад гэвэл тэр малчны хажууд гэргий, үр хүүхэд нь байж тэр шагналд хүргэсэн байдаг.
– Эрэгтэйчүүдийн жендэрийн асуудалд анхаараач ээ. Монголын эрэгтэйчүүдийн 20 орчим хувь нь архинд донтох өвчтэй болсон байна. Засгийн газраас Эрэгтэйчүүдийн хөгжлийн бие даасан хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Эцэст нь төрийн удирдлагын шийдвэрт жендэрийн үнэлгээ хийдэг баг ажилуулбал багагүй үр дүн гарна
Ж.Занаа: Монголчуудын гэр бүл, эрэгтэй, эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголтыг арилгахгүйгээр жендэрийн тэгш эрх хэрэгжихгүй.
Я.Пүрэвдорж: Иргэдээ эх орондоо ажиллах боломжоор хангаач ээ. Идэр насны ихэнх эрэгтэйчүүд ажлын байр хайж гадагшаа гарч байна. Үүнийг дагасан гэр бүл салалт гэх мэт сөрөг үзэгдлүүд газар авч байна. Ийм томоохон “нүүдэл”-ийн 97 хувийг эрчүүд эзэлж байгаа нь судалгаагаар тогтоогдсон.
Ц.Цогзолмаа: Жендэрийн Үндэсний хороо нь ХНХЯ-ны харьяанд хэлтсийн статустай ажиллаж байна. Ерөнхий сайд дэргэдээ авч ажлын албаны хэмжээнд ажиллуулах нь зүйтэй. Өдгөө дэлхийн улс орнууд бүх шатандаа жендэрт суурилсан бодлого хэрэгжүүлж байна
П.Оюунчимэг: Жендэрийн хорооны саналаар Эрүүгийн, Зөрчлийн гэх мэт хуулинд тодорхой хэдэн өөрчлөлтүүдийг оруулах боломж байна уу. Ажлын байрны бэлгийн болон бусад дарамтыг шийдвэрлэхэд тодорхойлсон хуулийн заалт байхгүй болчихоод байна. Сумдад хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах байр байгуулах шаардлагатай байна.
Н.Алтанчимэг: 13 аймгийн 20 гаруй суманд биечлэн асуулт, ярилцлага хэлбэрээр судалгаа явуулсан. Гэр бүлд жендэрийн тэгш эрх алдагдаж байгаа хэдэн ноцтой шалтгаан байсны нэн тэргүүнд ерөнхий боловсролын сургуульд хүүхдийг 6 наснаас оруулах явдал болжээ. 6 настай хүүхдээ дагаж эцэг, эхийн хэн нэг нь сумын төвд амьдарснаар гэр бүл нь түр болон бүр хугацаагаар салдаг. Үүнийг дагаж эрчүүдийн архидалт, эрүүл хооллолтын дэглэм алдагдаж, эмэгтэйчүүд нь ажлын байргүй учир ядууралд өртдөг
Б.Долгор: Жендэрийн бодлогодоо цоо шинэ өөрчлөлт хийх цаг болсон. Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн зорилт хэрэгжүүлж байна. Байгаль эх дэлхийн хуулийг өдөр тутмын үйл ажиллагаа, амьдралын хэвшилтэй уялдуулан дагаж мөрдөх шаардлага байна. Иргэдийнхээ амьдралын хэвшлийг, суурь ойлголтыг өөрчлөх шаардлага байна, зэрэг саналыг гаргаж байлаа.
Жендэрийн тэгш эрхийн тухай асуудлыг ихэвчлэн эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн талаархи тохиолдлоор ойлгодог байсан бол энэ нь илүү өргөн хүрээний, нийт иргэдийн тэгш эрхийн тухай гэдгийг олон нийт мэддэг болсон гэж хорооны гишүүд дүгнэж байна.
Жендэрийн Үндэсний хорооны гишүүд эрэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах талаар асуудал хөндөв. Хорооны 2017 оны Үйл ажиллагааны тайланд тусгагдсан баримтууд эрэгтэйчүүдэд анхаарлаа хандуулах шаардлага үүссэнийг илтгэж байна гэв. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрөө 9 жил, тухайн жилд нас барагсдын 60 гаруй хувь нь эрэгтэй, эрчүүд эмэгтэйчүүдээс 5,5 дахин их амиа хорлосон, зам тээврийн осолд өртөх тохиолдол 3,4 дахин их байдаг зэрэг мэдээлэл тайланд тусгагджээ.
Хуралдааны төгсгөлд Жендэрийн Үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх Жендэрийн үндэсний хорооны Ажлын албыг дэргэдээ байгуулах талаар хорооны гишүүдийн саналыг судалж, шийдвэрлэхээ мэдэгдэв. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Жендэрийн Үндэсний хорооны ээлжит хуралдааныг нээж Монгол Улсын ерөнхий сайд, Жендэрийн Үндэсний хорооны дарга У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сайн байцгаана уу
Жендэрийн үндэсний хорооны хуралдаанд оролцож буй нийт эмэгтэйчүүддээ өнгөрсөн ч гэсэн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Жендэрийн үндэсний хороо 2015 оноос хойш хуралдаагүй тул шийдвэрлэх шаардлагатай цөөнгүй асуудлууд хуримтлагдсан байна. Иймд Хорооны хуралдааныг яаралтай зохион байгуулж, хийсэн болон хийх ажлуудаа хэлэлцэж, алдаа, оноогоо дүгнэж, гишүүд та бүгдийн санал, сэтгэгдлийг сонсож, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Бид Анхдугаар Үндсэн хуулиа 1924 онд баталж хүнийг угсаа гарал, хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж байсан хамжлагын харилцааг халж, Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхтэй болохыг Ази тивийн орнууд дотроос хамгийн түрүүнд Монголын төрхуульчилсан юм.
Түүнээс хойш манай улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүс улстөр, нийгэм, соёлын эрхээ ижил тэнцүү эдэлж, эх орныхоо бүтээн байгуулалтад мөр зэрэгцэн хөдөлмөрлөж Монгол улсаа хөгжүүлсэн.
Түүнчлэн Монгол улсын Төрөөс эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны үр дүн гарсаар байна. Үүний нэг жишээ бол Монгол улс эх, хүүхдийн эндэгдлийг бууруулж Мянганы хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлж чадсан 9 дэх орон болсныг НҮБ-аас зарласан.
Монгол Улс 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталж, хуулийг хэрэгжүүлэх үндэсний тогтолцоог бий болгож, чамлахааргүй амжилтад хүрээд байгаа билээ. Гэсэн хэдий ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар 2016 онд хийгдсэн хөндлөнгийн үнэлгээ харуулж байна.
Хууль хэрэгжихгүй байгаа үндсэн шалтгаануудад жендэрийн талаарх олон нийтийн хэвшмэл буруу ойлголт, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт хангалтгүй, хуулиар үүрэг хүлээгчдийн ойлголт, мэдлэг сул байгаа талаар үнэлгээнд дурдсан байна.
Түүнчлэн төрөөс анхаарч, шийдвэрлэх ёстой жендэрийн асуудлууд байгаа болохыг статистик үзүүлэлтүүд харуулж байна. Тухайлбал, 2016 оны байдлаарМонгол хүний дундаж наслалт 69.6, эрэгтэйчүүдийнх 65.6, эмэгтэйчүүдийнх 75.1 байгаа ч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9 жил, тухайн жил нас барагсдын 60 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.
Эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс 5.5 дахин, зам тээврийн осолд өртөх тохиолдол 3.4 дахин өндөр байна. Энэ баримтаас харахад эрэгтэйчүүд рүү чиглэсэн бодлого, үйл ажиллагаа дутмаг байгааг харуулж байна.
Өнөөдөр төрийн албанд ажиллагсдын дотор эмэгтэйчүүд 60 орчим хувийг эзэлж байна.Өөрөөр хэлбэл төр түшиж байгаа эмэгтэйчүүдийн тооэрчүүдээс илүү байна.Сүүлийн жилүүдэд шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэж байгаа ч Засгийн газар, УИХ-ын төвшинд хангалтгүй байна.
Эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн төвшин сүүлийн жилүүдэд эрчимтэй буурч эрэгтэйчүүдийнхээс 1.7 пунктээр доогуур болсон. Гэсэн ч Аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн дундаж цалингийн хэмжээ эрчүүдийнхээс доогуур байсаар байна. Энэхүү зөрүү нь цалингийн хэмжээнээс хамааралтай тэтгэвэр, тэтгэмжид ч нөлөөлж байна.
Гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөг, ажлын байрны бэлгийн дарамтын талаарх хууль, эрх зүйн орчин боловсронгуй болж, Жендэрийн эрх тэгш байдлын талаарх олон нийтийн ойлголт, хандлага нэмэгдэж байгаа нь сайшаалтай.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн хүчирхийлэл 20 хувиар буураад байна. Сайны хажуугаар саар гэгчээр гэр бүлийн хүчирхийлэлд манай олон охид, эмэгтэйчүүд өртсөөр л байна.
Бидний өмнө тулгамдаж байгаа бэрхшээлээс заримыг нь дурдлаа. Эдгээр асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх тал дээр Төр-Засаг, Жендэрийн үндэсний хороо, Иргэний нийгмийн байгууллага, Аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж байж амжилтад хүрнэ.
Хорооны гишүүдээ,
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жендэрийн тэгш байдлыг хангаж, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх”-ээр тусгаж, энэхүү зорилтыг хангах хүрээнд Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тогтвортой хөгжилд хүрэх төрийн бодлогын уялдаа холбоо сайжрах, салбаруудын бодлого жендэрийн мэдрэмжтэй болох, бүх аймаг, дүүрэг жендэрийн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тасаг, кабинет бүх аймаг, дүүрэгт байгуулагдах, жендэрийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголт, хандлага өөрчлөгдөх, төрийн албан хаагчдын жендэрийн мэдрэмж, соёл, манлайлал дээшлэх, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх, жендэрт суурилсан хүчирхийлэл буурах зэрэг эерэг үр дүн гарах юм.
Бидний тавьж буй зорилт, гарч буй шийдвэрийг хэрэгжүүлэхэд Хорооны гишүүд Та бүгдийн хүчин чармайлт, хамтын ажиллагаа туйлын чухал бөгөөд шат шатандаа манлайлж хариуцлагатай, бодит үр дүн гаргаж ажиллахыг хүсч байна.
Холбоотой мэдээ