Зээл олгохгүй байгаа нь таны эрхийг хамгаалж байгаа нэг хэлбэр

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

Зээл олгохгүй байгаа нь таны эрхийг хамгаалж байгаа нэг хэлбэр

Зээл олгохгүй байгаа нь таны эрхийг хамгаалж байгаа нэг хэлбэр

Өнөөдөр /2018.3.15/ хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдөр. Үүнтэй холбоотойгоор санхүүгийн хэрэглэгчдэд зориулсан нээлттэй өдөрлөг болж байна. “Дүнжин гарав” төвийн “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д болж буй уг өдөрлөг хөл ихтэй байна. Нэг цагийн дотор л 200-аад хүнд  зөвлөгөө өгсөн гэнэ. Эндээс харахад санхүүгийн хэрэглэгч хэмээх ойлголт ямар чухал нь харагдана. Мэргэжилтнийг олны хөлөөс  холтгон, түр “саатуулж”,  санхүүгийн хэрэглэгч гэж хэнийг хэлэх, санхүүгийн аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах талаар тодрууллаа.  


Б.Оргилсайхан: Сар бүрд нь зээлээ төлөөгүй бол мэдээллийн санд бүртгэгддэг

Монголбанкны хууль эрх зүйн газрын мэргэжилтэн Б.Оргилсайхан

Энэ жил Монголбанкны санаачилгаар санхүүгийн бүх хэрэглэгчдийг хамарсан “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”-г анх удаа зарлаад байгаа. Иргэдэд санхүүгийн аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах, гомдол хүсэлтээ хаана гаргах зэрэг зөвлөгөө өгөх тус аян нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл үргэлжилнэ.

-Санхүүгийн хэрэглэгч гэж хэнийг хэлэх вэ?

-Санхүүгийн хэрэглэгч гэдэг нь өөрийн болон гэр бүлийн хэрэгцээндээ санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ авч байгаа хүн. Зарим тохиолдолд олон улсад жижиг болон бичил аж ахуйн нэгжийг санхүүгийн хэрэглэгч хэмээх ойлголтод хамруулдаг.

-Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аяны хүрээнд ямар ажил хийх вэ?

-Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аяныг Монголбанкаас санаачлан хэрэгжүүлж байгаа. Аян хүрээнд санхүүгийн хэрэглэгчийг хамгаалахтай холбоотой төрөл бүрийн мэдээлэл хүргэх. Санхүүгийн хэрэглэгч, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн хоорондын үйл ажиллагааг зохицуулах нь аяны гол зорилго. Санхүүгийн хэрэглэгч мэдээлэл багатай байснаар мэдээллийн тэнцвэргүй байдал бий болдог. Гэтэл санхүүгийн хэрэглэгчийн нөгөө тал буюу санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сан, брокер, теллерийн газар нь эдийн засагч, хуульч зэргээс бүрдсэн багтай байдаг. Цаашид хууль зүйн орчныг сайжруулах үйл ажиллагаа зохион байгуулна. 

-Санхүүгийн тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ?

-Санхүүгийн хэрэглэгчийг мэдлэг, мэдээлэлтэй болгосноор санхүүгийн тогтвортой байдлыг хангана гэж олон улсад үздэг. 2007 онд дэлхий дахинд санхүүгийн хямрал болсон. Үүнээс үүдэн санхүүгийн хэрэглэгчийг мэдлэгжүүлснээр  санхүүгийн тогтвортой байдал хангагдах юм байна гэж үзсэн.  Яагаад гэхээр, санхүүгийн хэрэглэгч нь зээл аваад, тэр нь чанаргүй, муу зээл болсон тохиолдолд банк, санхүүгийн салбарт нөлөөлдөг. Чанаргүй зээл олголт багассанаар банкны үйл ажиллагаа сайжирдаг.

-Өдөрлөгөөр иргэд ихэвчлэн ямар асуулт асууж байна вэ. Үүнд тайлбар өгөхгүй юү?

-“Зээлийн мэдээллийн сан руу миний түүх ордог уу”, “Энэ талаарх мэдээллийг хаанаас авах вэ”, “Боломжоороо төлөөд байгаа мөртлөө муу зээл рүү шилжээд байна” зэрэг асуулт асууж байна. Үүнд тайлбар өгөхөд, зээл авахдаа зээлийн гэрээгээ сайтар судлах хэрэгтэй. Зээлийн гэрээтэй танилцсаны дараа сард хэдэн төгрөг төлөх боломжтойгоо ухамсарлах хэрэгтэй. Үүнийгээ сар бүрд нь төлөөгүй тохиолдолд зээлийн мэдээллийн санд мэдээлэл бүртгэгддэг.

-Зээлийн мэдээллийн санд мэдээлэл орсон бол банкууд зээл олгохгүй байх нь бий. Энэ нь зөв юм уу?

-Зээлийн мэдээллийн сан дахь мэдээлэл нь зээл олгох нэг хүчин зүйл. Муу зээлд орсон, хугацаа хэтрүүлээгүй бол сайн. Түүнээс биш энэ мэдээлэл зээл авахад шууд нөлөөлөөд зээл олгохгүй байна гэсэн үг биш. Аль болох хариуцлагатайгаар зээлээ төлөөд явах нь дахин зээл авахад эергээр нөлөөлнө.  Зээл олгохгүй байгаа нь санхүүгийн хэрэглэгч таны эрхийг хамгаалж байгаа нэг хэлбэр. Таны санхүүгийн боломжид үндэслээд танд үүсэх эрсдэлээс хамгаалж байгаа юм.  Хоёрдугаарт, чанаргүй зээл бий болсноор банканд нөлөөлнө. Манай банк эдгээр асуудлыг нэгтгэн гарын авлага болгон тарааж байгаа.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж