Литва улстай малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

Литва улстай малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Литва улстай малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Энхбат Литва улсаас БНХАУ-ын Бээжин хотод Хятад улс болон Монгол Улсыг хавсран суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ина Марчиулионитегийг өнөөдөр /2018.03.15/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Энхбат “Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэр бол хүн амын өдөр тутмын хүнсний хэрэгцээг хангаж байдаг гол салбар. Тиймээс ХХААХҮЯ нь салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангахыг зорьж байна” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас “Малын генетик нөөцийн тухай”, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулиуд, “Малын эрүүл мэнд”, “Ноолуур”, “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрүүдийг боловсруулан батлуулж, салбарын хууль эрх зүйн орчин шинэ шатанд гарч байгаа тухай уулзалтад оролцогчдод мэдээлэл өгсөн юм. Тэр дундаа 2018 оны зургадугаар сарын 1-нээс дээр дурдсан хуулиуд хэрэгжиж эхэлснээр малын үүлдэр угсаа, ашиг шимийг нэмэгдүүлж, мал, амьтны эрүүл мэндэд онцгой анхаарч, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал хангагдана гэлээ. Мөн 2019 онд Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даан хөгжүүлсний 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд газар тариалангийн бүс нутгаа тодорхойлж, үрийн бодлогоо шинэчилж байгаа талаараа ч дурдсан. 

Хатагтай Ина Марчиулионитег “Бид Монгол улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр чармайн ажиллаж ирлээ. Одоогоор малын эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтран ажиллаж байна. Цаашид ХХААХҮЯ-тай хамтын ажиллагаагаа улам батжуулан, бэхжүүлэх хүсэлтэй байна” гэдгээ илэрхийллээ. Мөн энэ оны тавдугаар сард Латви улсад болох Ази, Европын олон орны ХАА-н сайд нар оролцсон томоохон уулзалт, үзэсгэлэнд оролцохыг урьсан юм.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Энхбат “Хоёр орны хамтын ажиллагаа тасралтгүй үргэлжлэн хөгжих болно” гээд Латви улсын сүү, сүүн бүтээгдэхүүн, бяслаг үйлдвэрлэх туршлагаас хуваалцах хүсэлтэй буйгаа энэ дашрамд илэрхийллээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж