Хөрөнгө оруулагчид алтны салбарыг сонирхож байна

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчид алтны салбарыг сонирхож байна

Хөрөнгө оруулагчид алтны салбарыг сонирхож байна

"Монгол алт-2018" чуулган уулзалт өнөөдөр /2018.03.15/ Улаанбаатарт эхэллээ. Тус хурал өнөөдөр, маргааш үргэлжлэх юм. Энэ удаагийн хурлыг Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо болон Монголын уул уурхайн бирж хамтран алтны салбарт тулгамдаж байгаа бэрхшээл, шийдвэрлэх арга зам болон хөрөнгө оруулалтын талаар ярилцлаа.

Алтны салбарынхан нэгдэж таван жилийн хугацаанд хууль эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсний үр дүнд жилд гурван тонн хүрэхгүй байсан алт олборлолт 2017 оны байдлаар 20 тоннд хүрсэн том амжилттай байна. Тиймээс цаашид алт олборлогчдын зүгээс хайгуулын лицензийн зөвшөөрлийг олгох, аж ахуй нэгжийн орлогын татварын хуульд өөрчлөлт оруулах, “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг төрийн бодлогод тусгах зэрэг саналууд байгааг онцолж байсан юм. Мөн энэ чиглэлд БНХАУ-ын Алтны холбоотой хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бий болгох зэрэг олон тулгамдсан асуудал байгааг хэлж байлаа. Тус хуралд ОХУ, БНХАУ, Араб зэрэг орнуудын  хөрөнгө оруулагчид энэ хуралд оролцож, танилцаж байгаа юм.

Хамгийн сүүлийн мэдээллээр хайгуул 1696, ашиглалтын 1630 буюу нийт 3326 зөвшөөрөл байна. Үүнээс алт нь 550, бусад ашигт малтмалын зөвшөөрөл 1080 байна. Сүүлийн жилүүдэд шороон ордын нөөц багасч байгаа учраас үндсэн ордуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, эхлүүлэх ажлыг хийх ёстой гэдгийг онцолж байлаа. Цаашид дэлхийн зах зээл дээр алтны үнэ тогтвортой, бага зэрэг өсөлттэй байх төлөвтэй байна. Тиймээс татварын орчныг сайжруулах, тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэх, үндсэн ордуудыг ашиглалтад оруулах боломжуудыг Ашигт малтмалын газраас эрэлхийлж байгаа гэдгийг танилцуулж байсан юм.

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Э.Энхбат:

-Одоогоор хайгуулын лиценз олгох ажил түр хугацаагаар зогссон байгаа. Энэ нь Монгол Улсын шороон ордны нөөц нэмэгдэхгүй байгаа учраас хөрөнгө оруулагчдын зүгээс хүлээлтийн байдалтай байна. Саяхан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар алт үйлдвэрлэгчдийн холбооныхонтой уулзаж, тулгамдаж байгаа асуудлаа ярилцсан. Энэ үеэр бидэнд эерэг  мэдээлэл өгсөн. Тиймээс хөрөнгө оруулагчдын зүгээс хөрөнгө оруулахад таатай орчин бий болж эхэлж байгаа учраас өнөөдрийн хуралд хэд хэдэн гадны хөрөнгө оруулагч болон алтны чиглэлээр бизнес эрхлэх сонирхол бүхий төлөөлөл оролцож байна. Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо бусад улс орны ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа төлөөлөлтэй технологи, нөхөн сэргээлтийн туршлагыг судлах зорилготойгоор хамтран ажиллах санамж бичигт мөн гарын үсэг зурлаа.

БНХАУ-ын алтны холбооны гүйцэтгэх захирал Жан Юн Тао:

-Монгол Улс бол манай улстай хөрш буюу газар нутгийн хувьд ойрхон байгаа нь хөрөнгө оруулалт хийхэд таатай нөхцөл гэж харж байна. Ирэх долдугаар сард БНХАУ-ын Алтны холбоо болон Олон улсын алтны холбоотой хамтран алт салбарын томоохон хурал Бээжинд болно. Энэ хурлаар дамжуулан бид хөрөнгө оруулалтын таатай орчин сэргэж, хамтын ажиллагаа өргөжих байх гэж бодож байна. Хөрөнгө оруулахад Монголын Засгийн газар бидэнд ямар боломж олгох вэ гэдэг их чухал байна. Бидний зүгээс тааламжтай боломж олгоно гэж итгэж байна. БНХАУ-аас "Нэг бүс-Нэг зам" төслийн хүрээнд тэр замыг дайрч байгаа улс орнуудын нөөц баялгийг илүү их сонирхож, хөрөнгө оруулах сонирхолтой байгаа гэлээ. Өнөөдөр бид Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран  хоёр улсын харилцааг сайжруулах, олон улсын салбарт энэ салбарыг ярилцах эхлэлийг тавьж, санамж бичигт гарын үсэг зурлаа.  Ер нь бол Монголд хөрөнгө оруулах тал дээр ойлголт бага байгаа учраас хоёр холбоо хамтарч эхний ээлжинд хөрөнгө оруулалтын орчныг бий болгох, мэдээлэл солилцох шаардлагатай байна. Түүнээс гадна хоёр улсын Засгийн газар хоорондын харилцаа таатай байх нь маш чухал.

Монголын ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулах сонирхол маш их байдаг. Ялангуяа гадны хөрөнгө оруулагчдын зүгээс техник, туршлага нь байгаа хөрөнгө татах хоёр том хөрш улсынхаа давуу талыг ашиглах боломжтой гэдгийг хуралд оролцсон төлөөлөгчид онцолж байлаа.  Хурал маргааш олон улс, орон нутгийн хамтын ажиллагаа, алтны дэвшилтэт технологи, инноваци, төсөл зэрэг илтгэлүүдээр үргэлжлэх юм байна.

Ш.ЧИМЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж