“Зөрчлийн хуулийн зөрчлийг арилгая” сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар санаачлан өнөөдөр /2018.03.15/ Төрийн ордонд зохион байгууллаа.
Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш найман сар гаруйн хугацаа өнгөрч буй. Гэвч дээрх хуулийн хэрэгжилттэй холбогдуулан иргэд, төрийн байгууллагуудаас гомдол санал олонтаа ирэх болсон байна.
Тухайлбал, алслагдсан боомтод зөрчил гарахад холбогдогчийг прокурорын хяналтад оруулах шаардлагатай болдог. Энэ тохиолдолд аймгийн төвд хүргэхэд 200-300 км автомашинаар явдаг. Товчхондоо 50 мянган төгрөгийн зөрчлийг шийдвэрлэхийн тулд 500 мянган төгрөгийн зардал гаргах хэмжээний хүндхэн нөхцөлд Зөрчлийн хуулийг хэрэгжүүлж байна гэдгийг Гаалийн байгууллагын холбогдох албан тушаалтан хэллээ.
Мөн зарим хилийн боомтуудын орчимд буудал, хоолны газар байдаггүй аж. Үүнээс болж, зөрчил гаргасан иргэнийг зөрчлийг илрүүлсэн гаалийн байцаагч асуудал нь шийдэгдтэл гэртээ хооллож, байлгахаас аргагүй болдог.
Үүнээс гадна хэрэг бүртгэл хийхэд 40-50 хуудас материал болдог. Эргээд энэ нь зардалгүй байгууллагад нэрмээс болдог байна.
Жолоочийг давхар торгож байгааг яах вэ?
Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч осол гаргасан тохиолдолд даатгалын байгууллага болон Замын цагдаагийн газарт дуудлага өгдөг. Дуудлагын дагуу ирсэн замын цагдаа тухайн жолоочид гаргасан зөрчилд нь тохирсон торгууль тавьдаг.
Харин жолооч ослоос бий болсон хохирлоо барагдуулахын тулд даатгуулсан даатгалын компанидаа хандахад цагдаагийн нотолгоо шаарддаг аж. Шаардлагынх нь дагуу даатгуулагч цагдаа дууддаг. Гэвч цагдаа жолоочид торгууль тавьснаар давхар торгуулдаг болжээ.
Тэр бүү хэл автомашинаа өөрийнхөө гражаас гаргах гэж байгаад гупрээ хагалж, даатгалын байгууллагад хандан хохирлоо төлүүлье гэхэд бас л нотолгоо шаарддаг. Энэ мэтчлэн олон асуудал үүсэж байгааг хэлэлцүүлэгт оролцогсод хөндлөө.
Харин цагдаагийн байгууллагын албан тушаалтны тайлбараар бол хүний амь нас хохирсон эсвэл биед нь гэмтэл учруулаагүй /жижиг хэмжээний зөрчлийг/ бол даатгалын байгууллага тухайн даатгуулагчаас нотолгоо шаардах шаардлагагүй. Хохирлыг нь барагдуулах бүрэн боломжтой. Хуульд энэ чиглэлийн зохицуулалт бүрэн туссан. Харамсалтай нь, энэ зохицуулалтыг даатгалын байгууллагууд хэрэгжүүлдэггүйгээс иргэд давхар торгуулж байгаа тухай гомдлыг тавих болсон аж. Цаашид иргэд ийм асуудлаас гарах гарц нь даатгалын компанитай гэрээ байгуулахдаа энэ асуудлыг зааж өгөх. Өөрөөр хэлбэл, жижиг зөрчлөөс үүдэлтэй хохирлыг нөхөн төлүүлэх бол цагдаагийн нотолгоо шаардахгүйг гэдгийг зааж өгөх нь чухал гэдгийг албаны хүн зөвлөлөө.
Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Зөрчлийн хуулийг хэрэгжүүлж эхэлснээр зарим төрлийн ялангуяа замын хөдөлгөөний дүрмийн зөрчил эрс буурсан. Мөн улс, орон нутгийн төсөвт багагүй орлого төвлөрүүлж байгаа зэрэг эерэг үр дагавар гарч байгаа ч сөрөг үр дагаврууд гарч байна. Тухайлбал, улсын байцаагч нарын ачааллыг эрс нэмэгдүүлж, төрийн албаны хүнд суртлыг ихэсгэж, иргэдэд эдийн засгийн дарамт үзүүлж байгаа, мөн хууль хоорондын зөрчлүүд байсаар байна. Торгуулийн хэмжээг хот, хөдөөд интервальчлах шаардлага ч байна. Иймд эдгээр хүндрэлийг хэрхэн шийдвэрлэж болох вэ гэдэг шийдэл гарц хайж байгаа юм’ гэдгийг энэ үеэр тодотгосон юм.
Г.ДАРЬ