Х.Амгаланбаатар Үндэсний гурван талт хороог хуралдуулахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

Х.Амгаланбаатар Үндэсний гурван талт хороог хуралдуулахыг шаардав

Х.Амгаланбаатар Үндэсний гурван талт хороог хуралдуулахыг шаардав

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн хурлаас тэтгэврийн нас, зарим төрлийн татварыг нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн авч үзэх, өөрчлөх санал зөвлөмж гаргаж УИХ, Засгийн газарт хүргүүлсэн.

Гэтэл УИХ-аас хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын тэтгэврийн насны нэмэгдлийг эргэн авч үзэж өөрчлөхдөө хөдөлмөрийн хэвийн бус хүнд, хортой нөхцөлийг оруулахгүйгээр хуульд өөрчлөлт оруулсан. Мөн даатгуулагчийн шимтгэл төлсөн долоон жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тэтгэвэр бодож байх шийдвэрийг гаргасан байна. Дээрх асуудалтай холбоотойгоор Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2018.03.15/ мэдээлэл хийлээ.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Үндэсний гурван талт хороог хуралдуулах саналаа хөдөлмөр нийгмийн зөвшлийн талууд болох Засгийн газар, МАОЭНХ-д албан ёсоор тавьсан гэдгээ хэллээ.

Үндэсний гурван талт хороогоор Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын тэтгэврийн настай холбогдсон хуулийн заалтыг зөв зүйтэй болгох, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээр, нэмэлт хэлэлцээрт туссан зарим асуудлын хэрэгжилтийг хангах тодруулбал, цалин хөлс, бодит орлогыг нэмэгдүүлэх. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох хуулийн хугацаа болсон тул Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой асуудлыг хэлэлцэх саналаа МҮЭ-ийн холбооноос хүргүүлээд байгаа аж.

Монголын эрчим хүч геологи уул уурхай, үйлдвэрчний холбооны дарга Х.Буянжаргал “Монгол Улсын их хурал энэ оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Үүний дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 77 тоот тушаалд орж байгаа бүх ажил мэргэжлийг хуучин хуулиар нь зохицуулах шийдвэр гаргасан байдаг. Гэтэл хууль батлахдаа зарим зүйлийг нь яагаад хассан бэ гэдэг асуудал. Хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлийг өмнөх хуулиар нь хуульчилж өгсөн. Үүнд хорин жил ажилласан эмэгтэй 45 нас хүрсэн бол, эрэгтэй 50 нас хүрсэн бол газрын дор болон хөдөлмөрийн халуун нөхцөлд ажилласан хүмүүс тэтгэврээ тогтоолгох эрхтэй гэсэн хуулийн заалтаар хуульчилсан нь зөв боловч хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллагсад, хортой нөхцөлд ажиллагсдыг тэтгэвэр авах эрхийн хаачиж байгаа юм. Тиймээс энэ хоёр заалтыг оруулж ирэхийг хүсэж байна. Хуулийн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4-ийн 3-т энэ дөрвөн заалт дөрвүүлээ тусгагдсан байгаа ч хуулиа батлахдаа хоёрын хасаад баталсан байна. Өмнөх хуулиараа хүнд хортой нөхцөлд ажиллаж буй хүн эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэрт гардаг байсан. Одоогийн хуулиараа бол эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах болж байгаа юм. Ингэснээр хүнд хортой нөхцөлд ажиллаж буй хүмүүс тэтгэвэрт гарах хугацаа нь таван жилээр сунгагдаж байна” гэлээ.

С.БААСАНДУЛАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж