Дорноговь аймгийн Зам-Үүд суманд аав, ээж, эгч, дүү нарынхаа хамт амьдарч байсан найман настай охин алга болсноос хойш гурван сар өнгөрчээ.
Энэ хугацаанд хичээлдээ очихоор сургуулиа зорьж яваад сураг тасарсан Д.Сэржмядаг охиныг харсан, үзсэн хүний сураг гарсангүй, холбоотой мэдээллийн сэжим ч цухуйсангүй. Цагдаагийн байгууллагаас Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа юм.
Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй уг хэргийг шалгаж байсан ажлын хэсгийг татан буулгаж, өөр ажлын хэсэг байгуулсан гэх мэдээлэл нь ташаа болохыг цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн байна. Одоогоор сураггүй алга болсон охиныг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж хайж байгаа аж.
Э.Ариун